Завиар Форнерис: Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд Монголын Засгийн газраас мэдэгдэл гаргавал зүйтэй

2019 оны 12 сарын 13

Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад хамгийн чухал шийдэл юу байна вэ? гэдэг асуултад Дэлхийн банкны Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан бүсийн ахлах мэргэжилтэн Завиар Форнерис дараах хариултыг өгч байна.

“Нэн тэргүүнд хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Өнгөрсөн жилүүдэд бодлогын тогтворгүй байдлаас болж, хөрөнгө оруулагчдын итгэл ихээр суларсан байгаа. Энэ нь улс төрийн тогтворгүй байдлаас тусдаа бөгөөд Монголын хувьд бодлого эсвэл хууль эрх зүйн өөрчлөлтүүд ямар ч урьдчилсан анхааруулга, үндэслэл тайлбаргүй, хөрөнгө оруулагчдаас санал авалгүйгээр гэнэт гардаг нь хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлж байна. Хууль, зохицуулалт, бодлогын тогтвортой байдал гэдэг нь дотоод болон гадаад хөрөнгө оруулалтын орчинд маш чухал зүйл. Улмаар энэ нь эрх тэгш бөгөөд ил тод хэрэгжих боломжтой байх ёстой.

Өөр улс орнуудад хууль, журамдаа өөрчлөлт оруулдаг ч гэсэн хөрөнгө оруулагч нарыг цочролд оруулахааргүй байдаг. Ингэхийн тулд хууль эсвэл журмын төслийг олон нийтэд, тэр дундаа хувийн секторт танилцуулж, санал авах арга барилаар ажилладаг. Энэ бол тэргүүлэх чиглэл юм.

Хөрөнгө оруулагч нарын итгэлийг сэргээх чиглэлээр хийвэл зохих өөр нэг зүйл бол Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулагчдад хуулийн хүрээнд шударга, эрх тэгш, ил тод хандаж, ялгаварлан гадуурхлыг үл тэвчих зарчмаар ажиллана гэдгээ дахин баталгаажуулсан албан ёсны тунхаглал, эсвэл мэдэгдэл гаргавал зүйтэй. Энэ нь тийм урт байх албагүй бөгөөд хамгийн гол нь энэ чиглэлээр хүчин чармайлт гаргаж байгаагаа илэрхийлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд хэрэг болохуйц байвал зохино.

Бидний хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг дотоодын хөрөнгө оруулалтаас тусад нь ялгаж авч үздэггүй. хоёулаа л улс орны эдийн засагт чухал нөлөөтэй.  Үнэндээ Монголд дотоодын хөрөнгө оруулалт татах боломж илүү байдаг. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалт нь хөгжлийн процессыг сууриар нь эрчимжүүлэх чадалтай байдгаараа онцлог. Түүгээр эдийн засгийн тодорхой секторт шинэ боломжууд болон технологийн дэвшлийг авчрах боломжтой. Гадаадын хөрөнгө оруулалт гэдгийг капитал гэдэг утгаас илүү өргөн хүрээнд ойлгох хэрэгтэй. Энэ нь эдийн засаг болон хувийн секторт ач тусаа өгөх технологи, ноухау, менежментийн ухааныг дагуулж байдаг. Цаашлаад дотоодын компаниудыг гадаад зах зээлтэй холбох түншлэлийг бий болгодог. Том дүр зургаар бол энэ нь тухайн улсын эдийн засгийг олон улсын зах зээлтэй холбох давуу тал юм. Дотоодын зах зээлд оролцогчид энэ боломжоор дутмаг. Тиймээс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дагаж олон зүйл явдаг гэдгийг ойлгох хэрэгтэй”  гэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top