Монгол Улсын 20 компанийн 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн бүхий чингэлэг “Ганц мод” боомтын зүг дөнгөж сая хөдөллөө гэж МҮХАҮТ-аас мэдээллээ. Монголын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг нэгдсэн зохицуулалтаар онлайн худалдааны албан ёсны талбар ашиглан, БНХАУ-ын зах зээлд борлуулах ажлын эхлэл ийнхүү тавигдаж буй аж.
МҮХАҮТ-аас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын худалдааг дэмжих хороотой хамтран хэрэгжүүлж буй “Хил дамнасан цахим худалдаа Е-экспорт” төсөл өнгөрсөн аравдугаар сард нээлтээ хийсэн. Төслийн хүрээнд уул уурхайн бус бараа бүтээгдэхүүнүүд ӨМӨЗО-ны Баяннуур хотын "Хөтао" цахим платформоор дамжуулан БНХАУ-ын зах зээлд борлуулагдах юм.
Уг төслийн нээлтийн үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэхдээ “Бид Хятадын зах зээлд гарна гэж 30 жил ярьсан. Амжилт гаргасан нь ч ашиг олсон нь ч цөөн. Гол асуудал татвар байсан. Хятадад бүтээгдэхүүн зарахын тулд 40 хувийн татвар шууд төлөх босготой. Харин энэ "Хил дамнасан цахим худалдаа E -экспорт” онлайн худалдааны төслийн хүрээнд Баяннуурын гаалиар шууд оруулаад борлуулсны дараа татвар төлнө. Эрсдэлээс хамгаалах маш том боломж” гэж байсан.
Тодотгоход, Баяннуур хотын цахим худалдааны платформ төвүүдийг түшиглэн Монголын бараа бүтээгдэхүүнүүдийг БНХАУ болон цаашлаад Зүүн Азийн орнуудын зах зээлд гаргах төлөвлөгөө байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )