Чанаргүй зээл 1.9 их наяд төгрөг байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 12 сарын 17

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл  энэ оны арваннэгдүгээр сарын эцэст 18.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 34.1  тэрбум буюу  0.2%-иар буурчээ. Харин өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд төгрөг буюу 8.7%-иар өссөн байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 11 дүгээр сарын эцэст 968.5 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 16 тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 5.5 тэрбум төгрөгөөр буурчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.3 хувийг эзэлж, өмнөх сараас 0.1 хувиар өсөж, өмнөх оны мөн үеэс 0.5 хувиар буурсан үзүүлэлттэй.

Иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны аравдугаар сарын эцэст 12.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 20.6  тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.2  их наяд төгрөгөөр өсжээ. Иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдлийн 37.4 хувийг ипотекийн зээл, 26.5 хувийг цалингийн зээл, 13.2 хувийг жижиг дунд үйлдвэрийн зээл, 10.4 хувийг хэрэглээний зээл, 6.5 хувийг тэтгэврийн зээл, 6.0 хувийг бусад зээл тус тус  эзэлж байгаа юм.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл  арваннэгдүгээр сарын эцэст 1.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 10.8 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 149.1 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.

Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.8 пунктээр буурсан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top