Төвбанкнаас хэрэгжүүлэх арга хэмжээ  мөнгөний бодлогоор хязгаарлагдахгүй гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 12 сарын 19

Монголбанкнаас  “Банкны салбарын шинэчлэл” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. Уг хурлыг УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар нээж үг хэллээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлсэн үгэндээ: “Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл “...Эдийн засгийн тогтвортой өсөлтийг дунд хугацаанд хадгалах” гэж тодорхойлсон. Нөгөө талаас үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх ажилд “Банк, санхүүгийн салбарын хууль эрх зүйн шинэтгэл, Банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, Банкны хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг Базелийн стандарттай нийцүүлэн сайжруулах” ажлуудыг хийхээр тусгасан.

Эндээс дүгнэхэд Монголбанкнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь зөвхөн мөнгөний бодлогоор хязгаарлагдахгүй, банк санхүүгийн салбарын аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах, санхүүгийн салбарын үйл ажиллагааг идэвхжүүлэх, бодит секторыг татан оролцуулах чиглэлд бодлогын арга хэрэгслийг тодорхойлж, бусад эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай болж байгааг илтгэж байна.

Иймээс үндсэн чиглэлд тусгагдсан боловч зөвхөн 2020 онд биш, дунд хугацаанд буюу он дамжин хэрэгжих шаардлагатай, өндөр ач холбогдол бүхий зарим ажлуудыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаарх дэлгэрэнгүй хөтөлбөрийг Монголбанкнаас боловсруулж, батлууллаа” гэсэн юм. Уг хөтөлбөр нь Банкны салбарыг чадавхжуулах дунд хугацааны хөтөлбөр” нэртэй  бөгөөд нийт 4 үндсэн зорилтын хүрээнд 2020-2023 онд хэрэгжүүлэх ажлуудыг дэлгэрэнгүй тусгажээ.

Банкны салбарын шинэчлэл онол практикийн бага хурал нь уг хөтөлбөрийн хэрэгжилт дор болж байгаа бөгөөд Банкны салбарын эрх зүйн шинэчлэл, Эрсдэлд суурилсан хяналт шалгалт сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top