“Саарал жагсаалт”-аас гаргах  ХУУЛИЙН ТӨСЛҮҮД-ийг яаралтай хэлэлцэнэ

2019 оны 12 сарын 29

Монгол Улсыг  “Саарал жагсаалт”-аас гаргахын тулд хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон талаар өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан дараах хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн барив. 

 

  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
  •  Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон эдгээр төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүд 

Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ын 2019.10.18-ны өдрийн хурлаар зарласан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалтаас Монгол Улсыг гаргахын тулд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог нэн даруй сайжруулах шаардлага үүссэнтэй холбоотойгоор энэхүү хуулиудын төслийг боловсруулжээ.

Хуулиудад өөрчлөлт орсноор:

 

  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрх зүйн орчин боловсронгуй болох;
  • Монгол Улсын хэмжээнд  мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэгтгэн удирдах, уялдуулан зохицуулах нөхцөл бололцоо сайжирч, үйл ажиллагаа нь өргөжих;
  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр уг зөвлөлийн гишүүн байгууллагууд болон бусад төрийн байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа сайжрахын зэрэгцээ мэдээлэл солилцооны шуурхай байдал хангагдаж, үйл ажиллагааны чадавх дээшлэх;
  • Хуулийн зохицуулалт тодорхой уялдаатай болж, улмаар ФАТФ-ын зөвлөмжид нийцэх;
  • Мөнгө угаахтай холбоотой зарим гэмт хэрэг, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангатгаснаар энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэх зэрэг ач холбогдолтой гэсэн мэдээллийг өгч байна. 

Хуулиудын төслийг УИХ-ын чуулганаар яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэх аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top