Билл Гейтс: Хамгийн их хөрөнгө эзэмшиж байгаа хүмүүс хамгийн ӨНДӨР ТАТВАР төлөх ёстой

2020 оны 01 сарын 04

Дэлхийн тэрбумтнуудын хөрөнгийн өсөлт, бууралт минут секундээр хэмжигдэж байна. Өчигдөр буюу нэгдүгээр сарын 3-ны өдөр Билл Гейтсийн хөрөнгийн хэмжээ “Bloomberg Billionaires Index”-ийн жагсаалтад 114 тэрбум тэрбум гэж тооцогдож байсан бол өнөөдрийн байдлаар 286 сая ам.доллароор буурч, 113 тэрбум руу унажээ. Тэрбээр жагсаалтын хоёрдугаарт буюу “Amazon”-ы  Жеф Бэзосын ард бичигдэж байна.

Сануулахад, Билл Гейтсийн хөрөнгийн хэмжээ  сүүлийн хоёр жилд Жеф Бэзосын ард эрэмбэлэгдэж буй. Харин  өнгөрсөн 11 дүгээр сард  Билл Гейтс  “Bloomberg Billionaires Index”-ийг 110 тэрбум ам.долларын хөрөнгийн хэмжээгээр тэргүүлэн,  Жеф Бэзосын өмнө бичигдсэн ч, энэ амжилтаа удаан хадгалсангүй. Түүний “Microsoft”  компанийн хувьцааны ханш 1.25 хувиар унаж хаагджээ.

Билл Гейтсийн хувьд өөрийн хөрөнгөө  буяны үйлсэд зориулна гэдгээ дэлхий даяар зарласнаас хойш арван жилийн хугацаанд хамгийн өгөөмөр тэрбумтан гэх тодотголтой болсон. Тэгвэл тэрбээр тэрбумтнууд, хамгийн их хөрөнгийг эзэмшиж байгаа баячууд хамгийн өндөр татвар төлөх ёстой гэж бусдыгаа уриалсан мэдэгдлийг хийгээд байна. АНУ-ын муж улсууд, орон нутгийн засаг захиргааны байгууллагууд татвараа илүү ШУДАРГА болгох ёстой, хууль тогтоогчид үл хөдлөх хөрөнгө болон орлогын албан татварыг нэмэгдүүлэх, татвараас зугтах хуулийг цоорхойг хаах ёстой хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.

Тэгвэл Жеф Бэзосын хөрөнгийн хэмжээ өчигдөр 118 тэрбумаар хэмжигдэж байсан ч өнөөдрийн байдлаар 1.33 тэрбум ам.доллароор буурч 116 тэрбумаар хэмжигдэж байгаа юм. “Amazon”-ы  хувьцааны ханш өчигдрийн байдлаар мөн 1.21 хувиар унасан үзүүлэлттэй байна.

 Өнөөдрийн байдлаар Жеф Бэзос,  Билл Гейтс нарын  хөрөнгийн зөрүү гурван тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top