Хэрхэн нөхөртэй болох талаарх 1958 оны зөвлөгөө

2020 оны 01 сарын 05

"McCall’s" бол АНУ-ын эмэгтэйчүүдийн сэтгүүл. Эрүүл мэнд, гоо сайхан, хүүхдийн хүмүүжлийн талаар бичдэг энэ сэтгүүл алс тэртээ 1958 онд яаж нөхөртэй болох талаар эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгч байжээ.

Зөвлөгөө "Өнөөдөр АНУ-д 17-гоос дээш насны ганц бие эмэгтэй 16 сая байна. Тэдний ихэнх нь нөхөр хайж байгаа гэдэгт бид итгэлтэй байна" гэсэн өгүүлбэрээр эхэлжээ. "Нөхөртэй болох 129 арга" хэмээх тус нийтлэлээс хамгийн сонирхолтой аргуудыг танилцуулъя. Өнөө цагт ч тохирохыг хэн ч үгүйсгэхгүй шүү дээ. Туршаад үзнэ үү.
 

Ирээдүйн нөхрөө хаана хайх вэ?

Нохой тэжээж, байн байн салхинд гарга.

Зөв газарт, зөв цагт машинаа эвдэл.

Эрчүүдэд таалагддаг сургууль, дамжаа, курст яв.

Спорт аяллын клубт элс.

Эрэгтэй, эмэгтэй ажилтны тооны харьцаа тэнцвэртэй газарт ажилд ор.

Сонинд гарсан эмгэнэл унш. Тохирох бэлбэсэн эр олдож магадгүй.

Гольфийн спортоор хичээллэж, сургалтад яв.

Амралтын өдрүүдээ нэг газарт биш өөр өөр газарт өнгөрүүлж бай.

Цэцэрлэгт хүрээлэнд суугаад тагтаа тэжээ.

Европоор дугуйтай аялал хий.

Эмнэлэг, эрх зүй, хуулийн салбарт ажилд ор.

Сувилагч, онгоцны үйлчлэгч болбол нөхөртэй болох магадлал маш өндөр.

Найз бүсгүйчүүдийнхээ нөхрүүдээс танилцуулах залуу асуу.

Нөхөр яаж олох вэ

Бүх хүнтэй эелдэг харилц. Тэдэнд ах, хүү байж магадгүй.

Гадаадад төрийн албанд ажилд ор.

Эрэмдэг (яг ингэж бичсэн байгаа) эрчүүдтэй ч нөхөрсөг бай.

Найзууддаа нөхөртэй болмоор байгаагаа нуулгүй хэлж, зарла.

Загасчлал, спортын хэрэгсэл зардаг дэлгүүрт ажилд ор.

Хөлбөмбөгийн тоглолт үзэж, цэнгэлдэх дотуур төөрсөн мэт яв.

Олон эмэгтэйтэй компанид бүү ор.

Онгоц, галт тэрэг, автобусанд эмэгтэй хүний хажууд сууж болохгүй. Эрчүүдийн дэргэд суу.

Төгсөгчдийн уулзалт болгонд оч. Салсан, бэлбэсэрсэн эр байж болох юм.

Сайхан бүсгүйчүүдтэй найзлахаас бүү ай. Тэдэнд хэрэггүй болсон хуучин амрагууд нь байж болох юм.

Байраа байн байн сольж, нүүж бай.

Уран зураг зурж сураад Инженерийн сургуулийн дэргэд суугаад зураг зур.

Хаана явж, яаж олох талаар мэдлэгтэй болсон бол одоо яаж анхаарлыг нь татах талаар зөвлөгөө

Түүний байгаа тасалгаанд орохдоо бүдэр.

Айж болгоомжлох хэрэггүй, өөрөө эхэлж утасд.

Маш их мөнгөтэй бол.

Алчуураа унагаад үз, эртний арга ч одоо болтол үр дүнтэй хэвээр байгаа.

Буланд зогсоод чимээгүй уйл. Тэр чам дээр ирж юуны магад.

Сайхан бялуу хийж сураад ажлынхаа бүх ганц бие эрчүүдийг дайл.

Яаж түүнд сайхан харагдах вэ?

Эрчүүд өөрсдийгөө үнэртэй усны мэргэжилтэн гэж боддог. Ямар ус өөрт нь таарахыг асуу.

Архи согтууруулах ундаа ууж сур. Эхлээд эмэгтэй найзуудтайгаа ууж туршилт хий.

Өндөр өсгийтэй гутал байнга өмс. Гэхдээ чамаас тэр өндөр бол шүү дээ.

Чи сайхан залуу гэж түүнд хэл.

Эрүүл мэндээ бод. Эрчүүд үргэлж өвддөг эмэгтэйд дургүй.

Өвчин, элдэв харшлаа битгий мэдэгд.

Ресторанд хамт орсон бол стейк битгий захиалаарай.

Хамаагүй бүү ярь.

Тамхиа үнсний саванд л унтраа.

Толгойг нь яаж эргүүлэх вэ?

Хямдхан газруудаар явсан даржин болзоо байсан ч хөгжилтэй байлаа гэж хэл. Гэхдээ хэтрүүлж болохгүй.

Тэр гэрт чинь ирэх болбол аав, ээжээ хааш нь ч хамаагүй алга болго.

Аз жаргалтай хосуудтай хамт цэнгэ. Тэр эхнэртэй байх ямар сайхан байдгийг харж аваг.

Ээжид нь төрсөн өдрийн мэнд хүргэсэн ил захидал явуул.

Ээжээс нь түүний дуртай хоолных нь жорыг мэдэж ав.

Эхний болзоон дээр нөхөртэй болмоор байна гэж хэлж болохгүй.

Хэдэн хүүхэдтэй болохыг хүсэж байгаагаа ч нууцал.

Хэрэв тэр загасчин бол загас цэвэрлэж сур.

Хувцсаа ямар үнэтэйг бүү хэл. Ер нь түүнтэй хов ярьж болохгүй.

Хуучин найз залуугийнхаа талаар бүү дурс.

Гэмгүй царайл, гэхдээ хэт гэмгүй биш.

Балиар түүх, онигоо бүү ярь.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ina(108.204.248.75) 2020 оны 01 сарын 05

haha

0  |  0
Top