
Монгол Улсын гадаад худалдааны ашиг 2019 оны эхний 11 сард 1.5 тэрбум долларт хүрч өссөн нь гадаад валютын албан нөөц хуримтлагдахад эерэгээр нөлөөллөө. 2019 оны 11 дүгээр сарын байдлаар гадаад валютын албан нөөц 4 тэрбум ам.долларт хүрэв.
Сануулахад, Мөнгөний бодлогын хорооны 2019 оны сүүлийн шийдвэрийг танилцуулах үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн манай улсын гадаад валютын нөөц оны эцэст 4.2 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцоололтой байгааг хэлж байсан. Энэ нь 8-9 сарын импортын хэрэгцээг хангах хэмжээ. Ер нь импортын 1 жилийн хэрэгцээг хангах хэмжээнд валютын нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа гэсэн юм.
Тэгвэл Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөрийн хүрээнд донор байгууллагуудаас Монгол Улсын Засгийн газарт нийт 200 сая ам.долларын санхүүжилтийг олгосноор гадаад валютын албан нөөц түүхэн дээд хэмжээнд хүрснийг Монголбанк мэдээлж байна.
Тухайлбал, 2019 оны 12 дугаар сард Азийн Хөгжлийн Банк 100 сая ам.доллар, 2020 оны 1 дүгээр сарын 3, 6-ны өдрүүдэд Дэлхийн банкнаас нийт 100 сая ам.доллар орж ирлээ.
Гадаад валютын албан нөөц ийнхүү өсөж байгаа нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн тогтвортой байдлыг хадгалах, дунд хугацаанд төлөгдөхөөр хүлээгдэж буй гадаад өр, төлбөрийг амжилттай шийдвэрлэхэд болон Монгол Улсын зээлжих зэрэглэл тогтвортой хадгалагдах, өсөхөд эерэгээр нөлөөлнө гэж Монголбанк үзэж байна.
Монголбанк цаашид үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хадгалж, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж мэдэгдлээ.
Тодотгоход, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлд Монголбанк бие дааж болон төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, мөнгө угаах - терроризмтой тэмцэх тогтолцоогоо сайжруулах, гадаад өрийн тогтвортой байдлыг хангах, Монгол Улсын валютын нөөцийн хүрэлцээт байдлыг нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, финтекийн зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр тусгасан юм.

Сэтгэгдэл ( 2 )
ЭНЭ ОРЖ ИРСЭН МӨНГӨ ЧИНЬ ТА НАРЫН 2 УДААГИЙН ИНТЕРВЕЦИЙН ЭХ ҮҮСВЭР БАЙНА ШҮҮ ДЭЭ. СҮРЖИГНЭХ ХЭРЭГГҮЙ ДЭЭ. ИРЭХ 7 ХОНОГТ ТА НАР ЗАЛГИЧИХСАН БАЙХ БАЙЛГҮЙ.
naanaasaa xujaa naryn 2 terbumyg ogood bayartai gej xel