АМНАТ-ын өсөлт алт тушаалтыг уруудуулав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 01 сарын 10

Монголбанк 2019 онд 15.2 тонн үнэт металл худалдан авсан нь 2018 оныхоос  6.7 тонн  буюу 30%-иар буурсан үзүүлэлт байгаа юм. Алт нь шууд валютаар арилжаалагддаг учир валютын нөөцийг нэмэгдүүлэх хамгийн чухал үнэт металл гэдгийг тодотгоё.

Монголбанкнаас алт худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд шат дараатай олон арга хэмжээ авч ажилласны үр дүнд алт тушаалт 2018 онд түүхэндээ байгаагүй  өндөр хэмжээнд буюу 21.9 тоннд хүрч байв.

 Ингэхдээ Монголбанк нь Лондонгийн үнэт металлын захын үнээр иргэд, аж ахуйн нэгжүүдээс алтыг худалдан авч байсан нь ч түлхэц болж байж. Харин АМНАТ-ын хувь хэмжээг нэмэгдүүлснээр алт тушаалтын хувь, хэмжээ буурч, 2019 онд нийт 15.2 тонн үнэт металл худалдан авлаа.

Энэ үзүүлэлт нь өмнөх жилүүдтэй харьцуулахад бууралттай тоо ч гэлээ валютын нөөцөд эергээр нөлөөлж, улмаар гадаад валютын нөөцийг мөн л түүхэн дээд хэмжээнд нь буюу 4.2 тэрбум ам.долларт хүргээд байна.

Гадаад валютын нөөц нь аливаа улсын эдийн засгийн дархлаа болж байдаг. Аливаа улс хэр хэмжээгээр гадаад валютын нөөцөө нэмэгдүүлж чадна, төдий хэмжээгээр гаднын болон дотоод сөрөг савлагаанаас эдийн засгаа тогтвортой барих дархлааг бүрдүүлдэг. 


1990-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ (тонн)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top