Өрсөлдөх чадвараа сайжруулж байж л жуулчдын тоог нэмэгдүүлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 10

Гаднаас орж ирсэн валютаас илүү хэмжээний валютыг буцааж гаргадаг эдийн засагтай байхад валютын ханшийн асуудал үргэлж халуун сэдэв байх юм. Тэрчлэн гаднаас валют оруулж ирэх сувгаа нэмэгдүүлэх шаардлага бий. Зөвхөн уул уурхай биш аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, мөнгө олох тухай олон жил ярьж байгаа. Уг салбар валютын орох урсгалыг дэмждэг чухал ач холбогдолтой.

Аялал жуулчлалын салбар 2018 оны байдлаар төсөвт 596 сая орчим ам.доллар буюу 1.5 их наяд гаруй төгрөгийн орлого бүрдүүлж, эдийн засгийн чухал тулгуурын нэг гэдгээ харуулсан. Тэгвэл өнгөрсөн жил буюу 2019 онд Монгол Улсад нийт 577,300 жуулчин ирсэн статистик байна.

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индексээр Монгол Улс 2017 онд 136 улсаас 102 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд найман байр урагшилсан үзүүлэлттэй байгаа юм.

Аялал жуулчлалын салбарыг доош нь татдаг таван үзүүлэлт бий гэж БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан  хэлж байна. Тэрбээр хэлэхдээ “Аялал жуулчлалын олон улсад нээлттэй байдал буюу визийн бодлогоор бид 125 дугаарт буюу сүүлийн аравт ордог. Мөн агаарын тээврийн болон газрын боомтын дэд бүтэц, үйлчилгээний чанар хүртээмж, аялал жуулчлалыг тэргүүлэх бодлогод авч үздэг эсэх гэсэн үзүүлэлтүүд манай салбарын хөгжилд тулгамдаж буй асуудал юм. Эдгээр асуудлаа шийдвэрлэж, бүс нутагт, олон улсад өрсөлдөх чадвараа сайжруулж байж л жуулчдын тоог нэмэгдүүлнэ. Тиймээс БОАЖЯ-аас аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгох хүрээнд Аялал жуулчлалын салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг 2019 оны наймдугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын 333 дугаар тогтоолоор батлуулсан. Уг баримт бичигт дэд бүтэц, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, улирлын хамаарлыг бууруулах зэрэг нарийн асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. Үүнээс гадна үйлчилгээний чанар, газрын боомтуудыг жуулчдад ээлтэй болгох хүрээнд хэд хэдэн ажил хийж эхэлсэн. Агаарын тээврийн урсгал ч овоо нэмэгдсэн” гэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top