Олон улсын валютын сангийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлийб УИХ 776 тэрбум төгрөг буюу 283 сая ам.доллартай тэнцэх хэмжээний тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргасан нь 2017 онд байгуулсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн гэрээний нөхцөлөө зөрчиж байгаа хэрэг хэмээн үзэж буйг Ройтерс агентлаг уламжилсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ оны босгон дээр ард түмэндээ гэнэтийн бэлэг барьж, тэтгэврээ барьцаалан зээл авсан нийт ахмадуудынхаа зээлийн 2019 оны эцсийн байдлаарх үлдэгдлийг тэглэхээр санал нэгдсэн талаар мэдэгдэл хийсэн. Үүний зорилго нь өрийн дарамтад орсон ахмадуудынхаа амьжиргааг дээшлүүлж, өрийн дарамтаас гаргах зорилгоор хэмээн тайлбарласан юм. Ингэхдээ 2018 онд тагнуулын тусгай ажиллагаа явуулан хураан авсан, Хятадын иргэний хөрөнгө оруулалттай байсан Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах замаар санхүүжүүлнэ гэв.
Энэхүү төлөвлөгөөг өнгөрсөн лхагва гарагт Монголын парламент баталгаажуулсан бол Төв банк арилжааны банкуудад тэтгэврийн зээлээ зогсоох үүрэг өгсөн юм. ОУВС-гийн ажлын хэсгийнхний үзэж буйгаар энэхүү амлалт нь ДНБ-нд эзлэх өрийн хэмжээг хоёр хувиар нэмэгдүүлээд зогсохгүй инфляц болон дотоодын төгрөгийн ханшид дарамт учруулж болзошгүй аж. Мөн засаглал, парламентын зохистой хяналтыг алдагдуулж байгаад санаа зовж буйг анхааруулжээ.
Монгол Улс 2017 онд ОУВС-ийн 5.5 тэрбум ам.долларын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан бөгөөд энэ хүрээнд зардлаа бууруулж, татвар хураамжаа нэмэгдүүлэхэд Засгийн газар санал нэгдсэн билээ. Тухайн үед Монгол Улс төсвийн сахилга батаа сахиулахын тулд төсвийн шинэчлэлийг хийж, банк санхүүгийн салбарыг зохицуулах арга хэлбэрээ сайжруулахаа амлаж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )