50 ам.доллароор УРУУДСАН алтны ханш лхагва гарагийн тохирооноос хамаарах нь

2020 оны 01 сарын 13

Өнгөрсөн долоо хоногт 1600 ам.доллар даваад байсан алтны ханш өнөөдөр  1557.21 ам.доллар байна. Ираны тал Ирак дахь АНУ-ын цэргийн хоёр баазад өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт  цохилт өгсөн нь дэлхийн зах зээл дээрх алтны ханшийг 3 орчим  хувиар өсгөж, 1603.35 ам.долларт хүргээд байсан билээ.

 Алт  нь хеж буюу валютын ханшийн өөрчлөлтийн  эрсдэлээс хамгаалах гол хэрэгсэл байдаг учраас нөхцөл байдал хурцдаж болзошгүй үед алтны ханш өсдөг. Тэр ч утгаараа 1600 ам.доллар давж өссөн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн дундуур үүссэн асуудал баасан гараг гэхэд харьцангуй намжаад ирсэн нь ийнхүү шинэ долоо хоногийн таваарын захын ханшаас харагдаж байна.

Гэхдээ шинжээчид АНУ-Ираны асуудал цаашид хэрхэх нь эргээд зах зээлд нөлөө үзүүлнэ гэдгийг сануулж байгаа юм.

Алт төдийгүй металлын захад нөлөөлөх гол асуудлуудын нэг бол  АНУ-Хятадын ойлголцлын асуудал. Энэ долоо хоногт 1-р үе шатны худалдааны тохироог албажуулах эсэх нь хүлээлт үүсгээд байна.

 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлэлцээрийг нэгдүгээр  сарын 15-нд байгуулна гэж мэдэгдсэн.  АНУ-ын зүгээс тариф нэмэхгүйд анхаарах бол Хятадын тал худалдан авалтаа нэмэгдүүлэхэд анхаарахаар тохиролцоод байгаа билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top