ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Германы Канцлер Ангела Меркель нар Москвад хэлэлцээр хийв. Тэд хоёр орны харилцаа, олон улсын тулгамдсан асуудлыг хэлэлцжээ. Мөн Америкийн талаас хориг арга хэмжээ авсан ч “Хойд урсгал-2” хийн хоолойг тавьж дуусгана гэж Төрийн тэргүүнүүд мэдэгдсэн байна. Ойрх Дорнодын нөхцөл байдлын талаар ярихдаа Путин, Меркель нар Сирийн болон Ливийн мөргөлдөөнийг шийдвэрлэхийн тулд тайван замаар яриа хэлэлцээ хийх, түүнчлэн Ирантай цөмийн гэрээгээ хадгалахад шаардлагатай бүх зүйлийг хийх хэрэгтэй байгааг хэлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэлснээр уржигдар болсон уулзалт ашигтай, ач холбогдолтой болсон байна. “Үр дүнтэй, ашигтай хэлэлцээний үеэр улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбар дахь хоёр орны харилцааны чухал асуудлуудыг хөндлөө” гэж тэрбээр мэдэгджээ. Германы Канцлер мөн Москвад хийсэн ажлын айлчлалынхаа үеэр хийсэн хэлэлцээрийг сайшаасан байна. “Москвад урьсанд талархаж байгаагаа илэрхийлэхийг хүсэж байна. Хоёр орны асуудлаар болон олон улсын асуудлаар нарийвчлан, дэлгэрэнгүй ярилцах боломж олгосонд талархаж байгаагаа илэрхийлье. Чухамдаа зарим бэрхшээл, жишээлбэл, Украинтай холбоотой хориг арга хэмжээ авсан ч гэсэн бид маш эрчимтэй эдийн засгийн харилцаатай гэдэгтэй маргах аргагүй” гэж Меркель мэдэгдэв. Орос, Германы удирдагчид Сири, Ливид үүсээд буй нөхцөл байдлын талаар болон АНУ Ираны цөмийн хөтөлбөрийн тухай хамтарсан иж бүрэн төлөвлөгөөнөөс гарсан тухай ярилцжээ. Хэлэлцээний хөтөлбөрт Украины зүүн өмнөд хэсэг дэх маргааныг шийдвэрлэх, мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр Парис хотноо болсон Нормандын форматын дээд хэмжээний уулзалтаар хийсэн хэлэлцээрийн хэрэгжилт зэргийг багтаасан байна. Хэлэлцээг нээж үг хэлэхдээ Путин хамгийн тулгамдсан асуудлыг дэвшүүлэх болно гэж тэмдэглэжээ. Тэрбээр Меркельд хандан “Бид тантай байнга холбоотой байна. Мөн дотоодын болон эдийн засаг, улс төр, олон улсын тулгамдсан асуудлуудыг шийднэ. Бидний урилгыг хүлээн авч, энэ бүх асуудлыг хэлэлцэхээр ирсэнд баярлалаа. Илүү хурц байгаа асуудлуудад бид гол анхаарлаа төвлөрүүлэх болно” гэжээ. Хариуд нь Меркель энэ хэлэлцээрийг тэсэн ядан хүлээж байснаа хэлсэн байна. Яриа, хэлэлцээг тэсэн ядан хүлээж байна. Урьсанд баярлалаа. Москвад ирэх боломж олгосонд талархаж байна. Бие биетэйгээ ярилцах нь илүү чухал гэж би үргэлж боддог юм” гэж Германы Канцлер онцолжээ.
Хоёр талын харилцаа
Орос, Германы хоёр талын харилцааны талаар ярихдаа Путин Москва хүндэтгэл, тэгш байдал, харилцан ашигтай байх зарчмуудыг баримтална гэж тэмдэглэжээ. Тиймээс, Герман улс ОХУ-тай хийдэг худалдааны хэмжээгээр Хятад улсын дараа хоёрдугаарт бичигдэж байгааг цохон тэмдэглэсэн байна. “Өнгөрсөн оны аравдугаар сард Орос, Германы худалдааны эргэлт 43.8 тэрбум ам.доллар болжээ. Орос дахь Германы хөрөнгө оруулалт 20 тэрбум ам.долларт, Холбооны эдийн засагт Оросын хариу хөрөнгө оруулалт есөн тэрбум ам.долларт хүрэв” гэж Путин хэлжээ. Хамтарсан төслүүдийн дунд Оросоос Герман хүртэл баригдаж байгаа “Хойд урсгал-2” хийн хоолойг дурдаад Москва Берлин уг төслийг дэмжиж буйд талархаж байгаагаа хэлсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сэтгүүлчийн асуултад хариулахдаа АНУ Европын компаниудын эсрэг хориг арга хэмжээ авсныг харгалзан хийн хоолойн барилгын ажлыг бүрэн хийж гүйцэтгэж чадна, энэ төсөл хэрэгжиж дуусна гэжээ. “Тийм ээ, бид гаднын түншүүдийн оролцолгүйгээр үүнийг өөрсдөө хийх боломжтой. Энэ бол цаг хугацааны асуудал” гэж Путин хэлээд хийн хоолойг ашиглалтад оруулах ажлыг хэдэн сараар хойшлохыг дуулгасан байна. Хоолойн нээлтийг анх нэгдүгээр сарын 1-нд хийхээр төлөвлөсөн байв. Германы Канцлер ч үүнтэй төстэй байр суурийг илэрхийлжээ. Түүний хэлснээр хий дамжуулах хоолойн барилгын ажлыг заавал дуусгах ёстой аж. “Бид үүнийг эцэслэх хэрэгтэй. Герман болон Европын бусад улс “Хойд урсгал”-аас ашиг хүртэх болно... Бүгд хийн хангамжаа төрөлжүүлэх сонирхолтой байна... Энэ бол маш чухал төсөл” гэж Меркель хэлжээ. Мөн тэрбээр Америкийн хориг арга хэмжээ нь уг төслийг зогсоож чадахгүй гэж үзэж байна. “Энэ төслийг Америкийн хориг арга хэмжээг үл харгалзан хэрэгжүүлж болно гэж би бодож байна. Улс төрийн бүх асуудлыг үл харгалзан гаднаас ирсэн хориг арга хэмжээ нь буруу зам гэж бид үзэж байгаа учир өмнөх шигээ энэ төслийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллах болно гэдгийг дахин хэлэхийг хүсэж байна” хэмээн Ангела Меркель хэлсэн талаар “RT” агентлаг мэдээлсэн байлаа.
Герман улс төрийн утгаараа АНУ-аас ихээхэн хамааралтай байдаг боловч Меркель Вашингтон “Хойд урсгал-2”-т хамаарах асуудлаар Германы үндэсний эрх ашгийг зөрчиж байгааг эсэргүүцэж байна гэж шинжээчид дүгнэв. “Вашингтон, түүний байр суурь, бодлогоос хамааралтай байдлаараа Герман улсад үндэсний ашиг сонирхол байна. Тэднийг үл тоомсорлож байгаа тохиолдолд Ангела Меркель мэдээж Германы ашиг сонирхол, байгалийн хийн төслийн ард байгаа томоохон корпорацуудын ашиг сонирхлыг дагахыг хүсэж байна” гэж Оросын Төрийн думын олон улсын асуудал эрхэлсэн даргын нэгдүгээр орлогч Дмитрий Новиков ярьж байна.
Олон улсын асуудал
Ойрх Дорнодын байдалтай холбоотойгоор олон улсын хэлэлцэх асуудлын нэлээд олон сэдвийг хөнджээ. Путин, Меркель нар Сири, Ливи, Иранд болж буй үйл явдлуудыг ярилцсан байна. Владимир Путин энэ бүс нутагт том мөргөлдөөн гарахгүй гэж найдаж байгаагаа илэрхийлэв. “Энэхүү нөхцөл байдлын хувьд томоохон хэмжээний цэргийн мөргөлдөөн гарахгүй гэж найдаж байна. Дайн дэгдэж байгаа нь яг баттай биш ч энэ нь хүмүүсийг хөнөөж байгаа цэргийн ажиллагаа юм. Энэ бол баримт” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлжээ. Авч буй арга хэмжээний дунд Путин Ливид гал зогсоох тухай хэлэлцээрийг нэрлэв. Өмнө нь ийм санаачилгыг Орос, Турк улсууд гаргаж байсан билээ. Путин Москва маргааныг шийдвэрлэхэд чиглэсэн, НҮБ-ын ивээл дорх хурлыг Берлин хотод хийх санаачилгыг дэмжиж байгааг хэлжээ. ХБНГУ-ын Канцлер гал зогсоно гэж найдаж байгаагаа илэрхийлээд Берлин Ливийн мөргөлдөөнтэй холбоотойгоор Москва, Анкара, Европын холбооны орнуудтай “нягт харилцаа” тогтоож байгааг цохон тэмдэглэв. Хоёр удирдагч Сирийн талаар мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхээс өөр хувилбар олж харахгүй байгаагаа хэлээд тэр дундаа Путин Засгийн газар болон сөрөг хүчний төлөөллийг багтаасан Үндсэн хуулийн хорооны ажилд анхаарал хандуулжээ. “Энэ хороо Женевд хоёр удаа хуралдаж, Сирийн үндсэн хуулийн суурийг боловсруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулсан” гэж Путин онцолсон байна. Ирантай холбоотой хоёр орны байр суурийг Меркель илэрхийлэхдээ “Москва, Берлин хоёулаа цөмийн хэлэлцээрийг хадгалахыг дэмжиж байна” гэжээ. “Бид мэдээж Иранд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцсэн. Цөмийн хэлэлцээрийг хадгалахын тулд бүх зүйлийг хийх хэрэгтэй байна гэдэгт санал нэгдлээ” гэж Канцлер хэлсэн байна. Герман улс Иран цөмийн зэвсэгтэй болох ёсгүй гэж үзэж байгаа бөгөөд мэдээжийн хэрэг төгс биш энэ гэрээг хадгалан хамгаалахын тулд бүх дипломат хэрэгслийг ашиглах болно гэжээ. Энэхүү яриа хэлэлцээ нь Ойрх Дорнод дахь нөхцөл байдал улам хурцадмал байгаа тухай Европын Холбооны түгшүүрийн талаар “Вашингтонд дохио өгөх”-д тусална гэж шинжээчид үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )