Таван сарын өмнөх шийдвэр цуцлагдсанаар БНХАУ манипуляц хийгч биш боллоо

2020 оны 01 сарын 14

АНУ, БНХАУ худалдааны эхний шатны хэлэлцээрийн баримт бичигт  маргааш буюу 15-ны өдөр гарын үсэг зурах  үйл ажиллагаа дэлхийн улс орнуудын анхаарлыг татаж буй. Тэгвэл уг үйл явдлыг угтан АНУ валютын зах зээлд манипуляц  хийгч улс орнуудын жагсаалтаас  БНХАУ-ыг хасах болсныг тус улсын Сангийн сайд Стивен Мнучин мэдэгдлээ. Тэрбээр “БНХАУ хариуцлагын тогтолцоог дэмжихийн зэрэгцээ валютын ханшийн талаарх мэдээллээ ил тод байлгах хатуу үүрэг хүлээж байгаа”  хэмээн хэлсэн байна.

АНУ-ын Сангийн яамнаас гаргадаг худалдааны түнш орнуудын валютын бодлогыг тусгадаг тайланд уг шийдвэр тусгагджээ. Ингэснээр БНХАУ-ыг өөрийн юанийн ханшаа бодлогоор сулруулж, гадаад худалдаанаас илүү өгөөж хүртэх гэж байна гэж үздэг АНУ байр сууриа эргэн харсан үйл явдал боллоо.

Сануулахад, АНУ-ын Сангийн яам  2019 оны наймдугаар сарын 6-ны лхагва гарагт БНХАУ-ыг валютын зах зээлд манипуляц хийгч орнуудын жагсаалтад оруулсан юм. Тухайн үед АНУ дэлхийн улс орнуудыг валютын манипуляц хийгч эсэхийг үнэлэх, тогтоох эрхгүй. Тийм эрх нь ОУВС-д бий гэхчлэн шүүмж дагаж байсан билээ.

АНУ-ын зүгээс БНХАУ-ыг манипуляц хийгч улс орон гэж тодотгохоос өмнөхөн ОУВС-гийн зүгээс юанийн ханш олон улсын валютын ханшийн ерөнхий төлөв байдалд үндсэндээ нийцэж байна гэж үзсэн байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top