Цагтаа дэлхийд зартай дилмэйкер буюу хэлцэгч гэгдэж байсан Карлос Гон өдгөө өөрийгөө санхүүгийн гэмт хэрэгтэн биш гэж нотлохыг оролдсон нэгэн болж харагдаж байгаа билээ. Гэрийн хорионд байсан тэрбээр 2020 он гарахаас хоёр хоногийн өмнө Токиогийн Минато хот дахь гэрээсээ гарч яваа нь камерт үлдсэн байдаг. Гон оргож зугтсанаасаа хойш 10 хоногийн дараа буюу 2020 оны нэгдүгээр сарын 8-нд Ливанаас хэвлэлийн бага хурал хийсэн билээ. Тэгвэл түүнийг Японоос Ливан хүргэж ЗАРДАЛ 14 сая ам.доллароор хэмжигдэнэ гэх мэдээлэл гараад байна. Карлос Гоныг оргуулах үйл ажиллагаанд оролцсон долоон хүн баривчлагдсан гэх мэдээлэл бий. Сүүлийн мэдээллээс үзэхэд 25 хүн оролцсон байж болзошгүй байна.
Сануулахад, Япон Улсын Хууль зүйн сайд Масако Мори Карлос Гоны оргон зугтсан үйлдлийг уучилшгүй хэрэг гэж мэдэгдсэн. Хөгжмийн зэвсгийн хайрцагт нуугдаж Японы хилийг давсан гэх мэдээлэлтэй холбоотой ямар нэг байр суурийг Карлос Гон одоогоор илэрхийлээгүй.
Дилмэйкерийн хувиар “Ниссан моторс” болон “Ренолт”-ыг сэргээн босгосон гэж магтуулж явсан Карлос Гон “Хүн хорвоод ирэхдээ л хэлцэл хийсээр ирдэг. Хоол идэхдээ ээжтэйгээ, хичээл дээр багштайгаа хэлцэж давуу тал болон ялалтыг мэдрэхийг хүсэж эхэлдэг” хэмээн арваад жилийн өмнө хэлж байсан байдаг.
Тэгвэл өнөөдрийн Гон өөрчлөгдсөн байна. Тэрбээр “Ниссан”-д хамтран ажиллаж байсан хуучин ажиллагсад, тэрдундаа гүйцэтгэх захирал асан Хирото Саикаваг өөрийнх нь эсрэг зохион байгуулалттай хуйвалдаан хийсэн гэж үзэж буйгаа албан ёсоор дэлхий нийтийн өмнө мэдэгдлээ.Товчхондоо бол Карлос Гон Японы хууль хүчнийхэнтэй хэлэлцээ хийхийг хүсэхгүй байна.
Карлос Гоны хувьд мэргэжлийн хэлцэгч гэдэг утгаараа дампуурал, сүйрэлд хөтлөх хэлцэлд бол хэзээ ч ширээнд суухгүй биз ээ. Тэртусмаа Японы Хууль зүйн сайд нь түүнийг хэзээ ч уучлахгүй гэсэн байр суурийг илэрхийлж буй ийм үед, за тэгээд Япон, Ливан хоёр улс ялтан солилцох гэрээгүй байхад Гоны хувьд эргэн очихгүй болов уу.
“Bloomberg Billionaires Index”-ийн тооцооллоор Карлос Гоны хөрөнгийн хэмжээ нэг жилийн өмнө баривчлагдсанаас хойш 40 хувиар буурчээ.
Сэтгэгдэл ( 0 )