Инфляцын судалгаанд сонгогдсон хүнсний 100 барааны 45-ынх нь үнэ ӨСЖЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 01 сарын 16

Өнөөдөр /2019.01.16/ Үндэсний статистикийн хорооноос 2019 оны нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийг танилцууллаа. Инфляц буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн талаарх мэдээллийг хүргэе.

Инфляц  2019 оны 12 дугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.6 хувь, өмнөх оны эцсээс 5.2 хувиар өссөн байна.

Өмнөх оны эцсээс 5.2 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.3 хувийн нөлөөллийг үзүүлжээ. Тодруулбал,
 

  • Мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 16 хувь
  • Согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 4.4 хувь
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 3.3 хувь
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 7.1 хувь
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 3.2 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 1.3 хувь 
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.


Харин өмнөх сараас 0.6 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.7 хувиар (сүү, сүүн бүтээгдэхүүн 6.5 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 1 хувь, бусад бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 1.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.


Улсын хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс (өмнөх оны мөн үеэс), хувь, сараар

Инфляцын түвшин 2016 оны 12 дугаар сард 1.3 хувь, 2017 оны 12 дугаар сард 6.4 хувь, 2018 оны 12 дугаар сард 8.1 хувь гарч байсан бол 2019 оны 12 дугаар сард 5.2 хувь болж өмнөх оноос 2.9 пунктээр буурчээ.  Инфляцын жилийн дундаж түвшин 2018 онд 6.8 хувь байсан бол 2019 онд 7.3 хувьд хүрсэн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг судалдаг.

Нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн байдаг бөгөөд энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлдэг. Инфляц 2019 оны 12 дугаар сард 5.2 хувь гарсны 1.9 нэгж буюу 36.2 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Импортын барааны өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс нь 1.2 пунктээр өссөн байна.

Улаанбаатар хотын ИНФЛЯЦ 

 Улаанбаатар хотод инфляц  2019 оны 12 дугаар сард өмнөх сараас 0.6 хувь, өмнөх оны эцсээс 5  хувиар өслөө.

Мах махан бүтээгдэхүүний үнэ 2019 оны 12 дугаар сард өмнөх оны мөн үеэс 16 хувиар өссөн байна. Үүнд үхрийн махны үнэ 17.2 хувь, хонины ястай махны үнэ 14.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Өмнөх оны эцсээс 5 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 8 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 9.1 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 15.7 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 9.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Өмнөх сараас 0.6 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.5 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 1.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

2019 оны 12 дугаар сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 34.9 хувь буюу 120 бараа, үйлчилгээний үнэ өсөж, 6.4 хувь буюу 22 бараа, үйлчилгээний үнэ буурч, 58.7 хувь буюу 202 бараа үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байв. Судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 45 нэрийн барааны үнэ нэмэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top