БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын үйлчилгээний төв /ХНХҮТ/ 2019 оны ажлын үзүүлэлтээрээ Монгол Улсын ХНХ-ын салбарт үйл ажиллагаа явуулж буй Төрийн байгууллагуудаас 97.2 хувийн үзүүлэлтээр тэргүүллээ.
Мөн тус төвийг БНСУ-ын Аж үйлдвэр, Хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, Үндэсний тэтгэврийн хэрэг эрхлэх газрын шагналаар шагнасныг дарга Д.Баярмандахад шинэ оны босгон дээр гардуулан өгсөн бөгөөд энэ шагналыг хүртсэн анхны монгол байгууллага болов.
БНСУ-ын Аж Үйлдвэр, Хүний нөөцийн Хэрэг эрхлэх газраас дээрх шагналыг гардуулахдаа, “БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн тусгай зөвшөөрлийн дагуу тус улсад амьдарч буй монгол иргэдийн оршин суух асуудалд дэмжлэг үзүүлж, Ажил олгогч, ажилчин хоорондын хууль ёсны эрх үүргийг ханган ажиллахад оруулсан хүчин зүтгэлийг үнэлж байна” хэмээн тэмдэглэв.
ХНХҮТ-ийн Нийгмийн даатгалын тасаг 2019 оны Монгол Улсын Нийгмийн даатгалын санд 3 тэрбум 140 сая төгрөг төвлөрүүлсэн, БНСУ-ын Үндэсний тэтгэврийн хэрэг эрхлэх газраас 3 тэрбум 252 сая воныг иргэдэд буцаан олгуулсан бол Хөдөлмөрийн тасгийн хамт олон монгол иргэдэд олгогдоогүй цалин хөлсний маргаан, үйлдвэрийн болон гэнэтийн осолтой холбоотой өргөдөл гомдлыг БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн маргаан шийдэх газар, Хөдөлмөр нийгмийн халамжийн хэрэг эрхлэх газар, холбогдох орон нутгийн Прокурорын газартай нягт хамтран ажиллаж, 2018-2019 онд иргэддээ 2 тэрбум 306 сая 62 мянган вон буюу 5 тэрбум гаруй төгрөгийг олгуулжээ.
Нийгмийн Хамгааллын тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрт хоёр орны иргэд тэтгэврийн даатгалд шимтгэл төлөхөөс харилцан чөлөөлөгдөх хугацаа 60 сар буюу 5 жил байсныг 108 сар буюу 9 жил болгов. БНСУ-д оршин сууж буй монгол иргэдийг эрүүл мэндийн хөнгөлөлттэй үйлчилгээнд хамруулах зорилгоор БНСУ-ын Намгисэ, Бон эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулснаас гадна, сар бүрийн сүүлээр БНСУ-ын АНАМ эмнэлэгтэй хамтран зохион байгуулдаг эмнэлгийн үзлэгт 1373 иргэнийг хамруулж, 203 сая воны төлбөртэй эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлсэн байна.
Мөн монгол иргэдийн хууль бус оршин суух хувийг бууруулах зорилготой “Нутаг буцах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БНСУ-ын их, дээд сургууль, техник мэргэжлийн сургуультай хамтран ажиллаж, гэрээт иргэдийг дээрх сургуулиудад хөнгөлөлттэй нөхцөлөөр сургах, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Солонгосын ААН-үүдэд ажлын байранд зуучлах, орон сууцны зээлийн хөнгөлөлтөд хамруулах ажлыг ч хэрэгжүүлжээ.
ХНХҮТ нь 2020 оныг БНСУ-д оршин сууж буй монгол иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангах жил болгон зарлаж энэ ажлын хүрээнд тус улсын банк, санхүүгийн байгууллага “Пирүбэст” ХХК-тай гэнэтийн ослоос шалтгаалсан эмгэг, бүх төрлийн хавдрын оношилгоо хийлгэхэд шаардлагатай эмчилгээний зардал, холбогдох нөхөн төлбөрийг олгуулах эрүүл мэндийн даатгалд эхний ээлжинд хөдөлмөрийн гэрээт 130 иргэнийг үнэ төлбөргүй хамруулах хамтын ажиллагааг эхэлж санамж бичигт гарын үсэг зураад байна.
Сэтгэгдэл ( 0 )