“Ниссан”-ы зүгээс Карлос Гоныг 3.9 сая еврогоор ЗУГААЦСАН гэж буруутгав

2020 оны 01 сарын 17

“Ниссан Моторс”-ын захирал асан Карлос Гонтой холбоотой ээлжит мэдээллийг BBC дамжууллаа. Өчигдөр “Ниссан”  компаниас  Токиогийн хөрөнгийн биржид ирүүлсэн  компанийн засаглалын тайланд Карлос Гоныг компанийн хөрөнгөнөөс 3.9 сая еврог Версалын ордонд үдэшлэг хийх, Рио-де-Жанейрод  багт наадам зохион байгуулах зэрэг зугаа цэнгээний арга хэмжээнд зориулсан гэж тодотгожээ.

Харин үүнийг Карлос Гоны өмгөөлөгчид үгүйсгэсэн байр суурийг илэрхийлээд байна. “Ниссан” компани Гоныг олон нийтэд зориудаар шударга бус нэгэн болж харагдуулахын тулд ташаа мэдээлэл өгч байна гэж тайлбарлажээ.

Гэрийн хорионд байсан Карлос Гон өнгөрсөн сарын 29-нд Токиогоос зугтааж Ливанд очоод байгаа юм. Тэрбээр энэ сарын 8-нд Ливанаас хэвлэлийн бага хурал хийхдээ “Зугтах шийдвэр гаргах нь амьдралынх нь хамгийн хэцүү шийдвэр байсан” хэмээсэн.

Сануулахад, Карлос Гон 2018 оны арваннэгдүгээр сард авлигын хэргээр баривчлагдсан юм. Түүнийг Японы хуулийн байгууллага “Ниссан” –ы захирлуудын зөвлөлийн гишүүн асан  Грег Келлитэй хамтран хууль бус үйлдлүүд хийсэн гэж буруутгаж байна.  

Уг нь тэрбээр “Ниссан” компанийг санхүүгийн хүндрэлд орсон үед нь удирдаж, өндийлгөж ирсэн ч сүүлийн хоёр жилд гэм буруутай этгээдийн хувиар олон улсын анхаарлын төвд орж ирсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top