ДЭЛХИЙН ТОЙМ: АНУ-аас зэвсэг экспортлох шинэ журам ямар үр дагаварт хүргэх вэ!

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 20

-ЗЭВСЭГ ТЕРРОРИСТУУДЫН ГАРТ ОРОХ АЮУЛТАЙ БАЙНА-

Доналд Трампын засаг захиргаа буу зэвсгийн экспортод тавих хяналтын чиг үүргийг Төрийн депар­таментаас Худалдааны яаманд шилжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Өөрчлөлтүүд хүчин төгөлдөр болбол энэ талаар Конгресст мэдэгдэх шаардлагагүй болно. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ шийдэл нь Америкийн үйлдвэрлэгчдэд ашигтай аж. Үүний зэрэгцээ шинжээчид шинэ дүрмээр явбал зэвсэг халуун цэгүүдэд орж, террористуудын гарт орох магадлал өндөр байгааг хэлж байна.

Цагаан ордны захиргаа буу зэвсэг үйлдвэрлэгчдийн экспортод хяналт тавих дүрмийг өөрчлөхөөр бэлтгэж байгаа аж. Үүний өмнө холбогдох нэмэлт, өөрчлөлтийн төслийг АНУ-ын Засгийн газрын албан ёсны сэтгүүлд урьдчилсан байдлаар нийтэлжээ. Баримт бичгийг албан ёсоор энэ сарын 23-нд хэвлэхээр төлөвлөсөн бөгөөд үүний дараа 45 хоногийн дотор шинэ журам хүчин төгөлдөр болно. Өөрчлөлтийн дагуу винтовыг оролцуулаад жижиг зэвсгийн экспортод хяналт тавих эрхийг Төрийн департаментаас Худалдааны яаманд шилжүүлнэ. Энэхүү нэмэлт өөрчлөлтүүд хүчин төгөлдөр болсны дараа Конгресс гадаадад зэвсэг нийлүүлэх төлөв­лөгөөг мэдэж байх албагүй болох аж. “Reuters” агентлагийн мэдээлснээр эрх баригчдын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь “American Outdoor Brands Corp” (өмнө нь Smith & Wesson Holding корпорац гэж нэрлэдэг байсан) болон “Sturm Ruger & Co” зэрэг Америкийн зэвсэг үйлдвэрлэгчдэд ашиг тусаа өгөхөөс гадна тус улсын зэвсгийн экспортын өсөлтөд нөлөөлнө. Үүний зэрэгцээ эрх баригчдын нийтэлсэн баримт бичигт өөрчлөлт нь галт зэвсэг болон бусад зэвсгийн хяналтыг сулруулахад хүргэхгүй гэдгийг тэмдэглэжээ. Үүний оронд Засгийн газрын агентлагууд “зэвсгийн экспорт, хөдөл­гөөний талаар холбогдох зохи­цуулалтыг үргэлжлүүлэн хангах болно, энэ нь зөвхөн Америкийн зэвсгийн үйлдвэрлэлийн экспортын шаардлагыг дагаж мөрдөх проце­дурын ачаалал, зардлыг бууруулах” тухай юм.

Хяналтыг сулруулах нь

АНУ-ын Буудлагын спортын үндэсний сан иргэний галт зэвсгийн үйлдвэрлэгчид, эзэмшигчдийн эрх ашгийг харгалзан Доналд Трампын засаг захиргааны шийдвэрийг сайшаажээ. Тус байгууллага мэдэг­дэлдээ, одоогийн экспортын хяналтын журам удаан хугацаагаар хоцрогдсон тул Цагаан ордны санал нь АНУ-д илүү олон ажлын байр бий болгох, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тусална гэжээ. Өмнө нь энэ байгууллага шинэ дүрмийг хэрэгжүүлснээр АНУ-ын зэвсгийн гадаад руу нийлүүлэлтийг 20 орчим хувиар нэмэгдүүлэх боломжтой гэсэн билээ. Трампын засаг захиргаанаас зэвсгийн экспортыг хөнгөвчлөх хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай төлөвлөгөөний талаар хэвлэл мэдээллийнхэн 2019 оны арваннэгдүгээр сард олж мэджээ. Үүний дараа эх сурвалжуудаас иш татан “Reuters” агентлаг холбогдох нэмэлт өөрчлөлтийг бэлтгэж байгаа талаар мэдээлсэн байна. Энэхүү санаачилга нь Доналд Трампт биеч­лэн хамааралтай гэдгийг тэмдэглэв.

АНУ-д дээрх санааг дэмжигчид төдийгүй эсэргүүцэгчид ч бий. Тэдний нэг нь Ардчилсан намын сенатор, Гадаад харилцааны хорооны гишүүн Боб Менендес байв. Улстөрч Цагаан ордны шийдвэрийн талаар “Доналд Трампт хагас автомат галт зэвсгийн аюулын талаар тайлбарлах гэж нэг бус удаа оролдсон” гэжээ. Мөн “Одоогийн засаг захиргаа зэвсгийн компаниудын ашгийг ард иргэдийн аюулгүй байдлаас дээш тавьсанд бид дахин гайхаж, дургүйцсэн. Энэхүү болгоомжгүй шийдвэр нь хүний эрхийг зөрчсөн, улс орнуудад үхлийн аюултай зэвсгийг экспортлох үйл явцыг хялбарчлаад зогсохгүй экспортыг Конгрессын хяналтаас хассан” гэж сенатор мэдэгдэлдээ дурджээ. 

Шинжээчдийн тэмдэглэж байгаа­гаар буу зэвсгийн эргэлтийн талаарх сэдэв нь америкчуудад их эмзэг бөгөөд энгийн иргэд рүү гал нээх явдал байнга гарч байгаа юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сард л гэхэд Жерси-Сити хотод буун дуу гарч, зургаан хүн амиа алджээ. АНУ-ын эрх баригчид гадаадад зэвсэг нийлүүлэхийг хялбаршуулахад чиглэсэн нэмэлт, өөрчлөлтийн төслийг нийтэлсэн өдөр Юта мужийн Грантсвилл хотод дахин нэг халдлага болжээ. Америкийн телевизийн сувгуудын мэдээлснээр халдлагын улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, өөр нэг хүн шархаджээ. Америкийн нийгэмд ийм аллага болсны дараа галт зэвсгийн эргэлтийг хязгаарлах шаардлагатай байгаа талаар хэлэлцүүлэг үргэлжлэв. Хамгийн их эсэргүүцлийн жагсаал АНУ-д 2018 онд болсон бөгөөд 19 настай Николас Круз Флорида мужид 17 сурагчийг хагас автомат винтовоор хөнөөсний дараа болсон жагсаал юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ийм эмгэнэлт явдал галт зэвсгийн хяналтын асуудалд америкчуудын ойлголт төдийгүй зэвсгийн экспортод хандах хандлагад нөлөөлжээ. “The Washington Times” сонинд бичсэнчлэн Барак Обамагийн засаг захиргаа гадаадад зэвсэг нийлүүлэх журмыг хөнгөвчлөх зорилготой байсан боловч 20 настай гэмт хэрэг­тэн 20 хүүхэд, гурван том хүний амийг хөнөөсөн Сэнди Хук бага сургуульд болсон явдлын дараа уг төлөвлөгөөг таслан зогсоов.

Зэвсгийн лобби

Зарим шинжээчийн дүгнэлтээр АНУ-ын засаг захиргаа зэвсгийн экспортын асуудалд нөлөө бүхий зэвсгийн лоббины шахалт үзүүлж байгаа аж. Саяхан АНУ-д бас нэгэн буудалцааны хэрэг гарсан ч энэ явдал Цагаан ордныг одоогийн төлөвлөгөөнүүдээсээ татгалзахад хүргэхгүй. Эрх баригчдад дарамт шахалт үзүүлдэг зэвсгийн лобби өнөөдөр АНУ-д хэт их нөлөө үзүүлж байна гэж шинжээч тайлбарлажээ. АНУ-д зэвсгийн болон цэргийн гэсэн хоёр том лобби бүлэг байдаг бөгөөд тэд шаардлагатай шийдвэрүүдээ гаргадаг аж. “Зэвсгийн компаниуд зэвсгийн экспортыг хөнгөвчлөх сонирхолтой байна. Одоо Төрийн департамент гадаадад зэвсэг нийлүүлэхэд нэлээд ноцтой саад тавьж, тэдгээрийг улс төрийн болон цэргийн хүчин зүйл, тодорхой бүс нутаг дахь нөхцөл байдалтай холбож байна. Мэдээжийн хэрэг энэ нь зэвсэг үйлдвэрлэгчдэд ашиггүй бөгөөд Трамп эдгээр хязгаарлалтаас тэднийг чөлөөлөхийг хүсэж байна” гэж “RT” агентлагийн шинжээч бичсэн байлаа. Түүний өгүүлснээр Доналд Трампын байр суурийг америкчуудын тодорхой хэсэг, гол төлөв АНУ-ын Бүгд найрамдах намын консерватив талынхан дэмжиж байгаа аж. Үүнээс гадна зэвсгийн үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх нь ажлын байрны тоо, улсын төсөвт оруулах шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх болно. Энэ нь Цагаан ордны тэргүүний сонгуулийн амлалтын нэг хэсэг байжээ.

Трамп сонгогчдоос дэмжлэг авахын тулд бүх зүйлийг хийж байгаа аж. Үүгээр ч зогсохгүй зэвсгийн нийлүүлэлтэд тавих хяналт сулрах нь сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй нь хэний ч санааг зовоохгүй. Жишээлбэл, зэвсэг террорист байгууллагуудын гарт орж болзошгүй юм. Мэдээжийн хэрэг, өмнө нь тэд янз бүрийн аргаар зэвсэг эзэмшиж байсан, гэхдээ одоо үүнийг хийх нь илүү хялбар байх болно. Шинжээч нар Америкийн зэвсэг одоо дайсагнах үйл ажиллагаа явуулж буй орнууд руу их хэмжээгээр урсах болно гэдгээс болгоомжилж байгаа юм. Үүнээс болж хурцадмал байдал улам нэмэгдэх болно. Цагаан ордон хувийн хэвшлийн компаниудын зэр зэвсгийн экспортыг нэмэгдүүлэх бодолтой байгаагаа тодорхой илэрхийллээ гэж тэд үзэж байна. Америкийн зэвсэг халуун цэгүүдэд очих магадлалтай, энэ нь бараг хяналтгүй болох тул бүс нутагт хурцадмал байдлыг бий болгохын муу дохио юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.9.46.53) 2020 оны 02 сарын 20

Цөмийн зэвсэгийн үйлдвэрлэлээ зогсоо.

0  |  0
Top