Гадаад худалдаа 1.5 тэрбум ам.долларын АШИГТАЙ гарчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 01 сарын 20

Монгол Улс 2019 онд 152 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.7 тэрбум ам.доллароор хэмжигдлээ. Үүнээс экспорт 7.6 тэрбум ам.доллар, импорт 6.1 тэрбум ам.долларт хүрлээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 860.6 сая ам.доллар, үүнээс экспорт 608 сая ам.доллароор, импорт 252.6  сая ам.доллароор тус тус өсжээ.

Манай улсын гадаад худалдааны тэнцэл 2014 оноос эхлэн ашигтай гарч эхэлсэн бөгөөд 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр ашгийн хэмжээ 1.5 тэрбум ам.долларт хүрч өмнөх оноос 355.4 сая ам.доллароор өссөн байна.

Экспорт 2019 оны арванхоёрдугаар сард 564.2 сая ам.долларт, импорт 543.6 сая ам. доллар болж, өмнөх сараас экспорт 37.3 сая ам.доллароор, импорт 24.4 сая ам.доллароор тус тус өсжээ.

Гадаад худалдааны тэнцэл 2019 оны арванхоёрдугаар сард 20.5 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сараас 12.9 сая ам.доллароор өссөн байна.

 

График: Экспорт, импорт, тэнцэл, жилээр, тэрбум ам.доллароор

 

Манай хоёр хөрш улс нь гадаад худалдааны нийт эргэлтэд хамгийн өндөр дүнг эзэлж, БНХАУ-тай 8.9 тэрбум ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64.4 хувийг, нийт экспортын 89.1 хувийг эзэлж байна.

БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний  44.4 хувийг чулуун нүүрс,  26.4 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Их Британид экспортолсон барааны 77.5 хувийг, Сингапурт  экспортолсон барааны 76.7 хувийг, Швейцарт экспортолсон барааны 98.8 хувийг алтны экспорт эзэлж байна.

Импортын гол түнш улсуудын дүнг авч үзвэл: 

 

  • БНХАУ 33.6
  • ОХУ 28.2
  • Япон Улс 9.6
  • АНУ 4.7
  • БНСУ 4.4 хувийг тус тус эзэлж, нийт импортын 80.5 хувийг бүрдүүлж байна.

ОХУ-аас импортолсон барааны 55.8 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Японоос  импортолсон барааны 60.9 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 13.8 хувь нь ачааны тэрэг, үлдсэн хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүнүүд эзэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top