М.П.Сингх: Эдийн засгийн салбарт өргөн боломж нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна

2020 оны 01 сарын 20

“Энэтхэг-Монголын бизнесийн хамтын ажиллагаа” арга хэмжээ  Улаанбаатар хотноо болж байна.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин тус арга хэмжээг нээж “Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр МҮХАҮТ, БНЭУ-ын FICCI, CII болон AssoCham Танхим Шинэ Дели хотноо Монгол-Энэтхэгийн бизнес форумыг зохион байгуулсан. Энэ үеэр Монголын 30 гаруй томоохон аж ахуйн нэгж бизнесээ танилцуулж, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулсан юм. Хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, уул уурхай, газрын тос, мэдээллийн технологи, эмийн үйлдвэрлэл болон аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааны ихээхэн нөөц бололцоо байна. Энэтхэг, Монгол хоёр улсын бизнес хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэн ажиллах нь нэн чухал байна" хэмээв.

Тэгвэл БНЭУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх “Энэхүү арга хэмжээ хоёр улсын худалдаа, эдийн засгийн салбарыг өргөжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Энэтхэг-Монгол хоёр улсын хооронд эмийн үйлдвэрлэл, уул уурхай болон аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж хоёр улсын эдийн засгийн салбарт өргөн боломж нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Тус арга хэмжээнд Энэтхэг улсаас PWC аудит, мэдээллийн технологи, эрүүл мэндийн компани зэрэг олон улсын түвшний байгууллагуудын оролцогчид илтгэл тавьж байна.  Мөн тус улсын  бараа бүтээгдэхүүний дээж эм, эмийн бүтээгдэхүүн, цай, кофе, халуун ногоо, гар урлал, гоёл чимэглэл, Энэтхэг иога болон газрын тосны үйлдвэрийн танилцуулга хийгдэж буй аж.

Монгол Улс 2019 онд Энэтхэг  руу 1.2 сая ам.долларын бараа бүтээгдэхүүний экспорт хийж 37.2 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортоор авчээ. Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа “Монгол Улсын эдийн засгийн төлөв, бизнесийн боломжууд”  сэдэвт илтгэлдээ Монгол Улсаас малын гаралтай түүхий эд, ноос, ноолуур болон бусад дотоодын бүтээгдэхүүнийг экспорт хийж хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжуудыг бий болгож чадна гэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top