Нэг юань 400.42 төгрөгтэй тэнцэв

2020 оны 01 сарын 20

Юанийн ханш  он гарсаар төгрөгийн эсрэг  чангарсан байдалтай байна. Өнөөдөр  нэг юань 400.42 төгрөгтэй тэнцүү байна.  Монголбанкнаас ханштай холбогдуулан дараах байр суурийг илэрхийлж байгаа юм. 

АНУ болон БНХАУ-ын хооронд үүсээд буй худалдааны маргааны Хятад улсад үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Хятадын Ардын Банк юанийн ханшийг сулруулах арга хэмжээг авсантай холбоотойгоор 2019 онд юанийн ам.доллартай харьцах ханш сулрах хандлагатай байлаа. Энэ хандлага Монгол Улсын зах зээлд ч мөн ажиглагдаж байсан бөгөөд 2019 оны эхнээс 3 улирал хүртэл төгрөгийн юаньтай харьцах ханш 2.7 хувиар чангарсан. Харин Монгол Улс ФАТФ-ын МУТС-тэй тэмцэхэд стратегийн дутагдалтай орны жагсаалтад багтсанаас хойш буюу 2019 оны дөрөвдүгээр улиралд дотоодын зах зээлд сөрөг хүлээлт давамгайлснаар төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах болсон. Улмаар 2019 онд төгрөгийн юаньтай харьцах ханш ам.долларын ханшаас арай бага буюу 2.1 хувиар суларсан байна. Түүнчлэн юанийн эрэлтийн ихэнхийг бүрдүүлдэг жижиглэн худалдааны импорт цагаан сарын баярын үеэр нэмэгддэг бөгөөд Монголбанкнаас гадаад валютын захад шаардлагатай тухай бүр оролцон ажиллах зарчмыг баримтлан ажиллаж байна гэв.

Ам.долларын ханшийн тухайд 2019 оны аравдугаар сараас хойш төгрөгийн эсрэг чангарч, Монголбанкнаас өндөр дүнтэй интервенц хийж, валютын захад оролцож байгаа. Өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 2746.22 төгрөгтэй тэнцүү байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top