2019 онд эрдэс бүтээгдэхүүний экспорт 7.62 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 608 сая ам.доллароор буюу 8.7 хувиар өссөн байна. Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.1 хувь буюу нийт экспортын 82.1 хувийг эзэлж байна.
Чулуун нүүрсний экспорт: 3,074.4 сая ам.долларын 36.5 сая тонн чулуун нүүрс экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 288.1 сая ам.доллароор, тоо хэмжээний хувьд 708.6 мянган тонноор тус тус их байна. 2018 онд 1 тонн нүүрсний хилийн дундаж үнэ 77.9 ам.доллар байсан бол 2019 онд 84.3 ам.доллар болж өсчээ. Чулуун нүүрсний 98.2 хувийг БНХАУ руу гаргажээ.
Зэсийн баяжмалын экспорт: 1,403.6 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 33.1 мянган тонноор бага байна. 2018 онд зэсийн баяжмалын экспортын дундаж үнэ 1,400.5 ам.доллар байсан бол 2019 онд 1,279.5 болж 121.1 ам.доллароор багассан бөгөөд үнийн дүнгээр 1,795.9 сая ам.доллар болж өмнөх оноос 216.3 сая ам.доллароор буурчээ.
Төмрийн хүдрийн экспорт: 8,448.8 мянган тонн буюу 576.6 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 999.8 мянган тонноор, үнийн дүн нь 234.4 сая ам.доллароор тус тус өсжээ. 1 тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 68.2 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 22.3 ам.доллароор өссөн байна.
Хайлуур жоншны экспорт: 205.3 сая ам.долларын 699.4 мянган тонн жонш экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 144.2 мянган тонноор, үнийн дүнгээр 15.4 сая ам.доллароор тус тус өссөн байна. Хайлуур жоншны экспортын дундаж үнэ 293.5 ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 48.5 ам.доллароор буурчээ. Хайлуур жоншны 23.8 хувийг ОХУ руу, 76.1 хувийг БНХАУ руу тус тус экспортолжээ.
Цайрын баяжмалын экспорт: 134.8 мянган тонн цайрын баяжмалын 1 тонныг дунджаар 1,402.3 ам.доллароор экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 194.0 ам.доллароор буурчээ. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 189 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 8.8 сая ам.доллароор буурчээ.
Молибдений баяжмалын экспорт: 49 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 0.9 сая ам.доллароор буурсан байна. 1 тонны экспортын хилийн дундаж үнэ 8,332.6 ам.доллароос 8,614.5 ам.долларт хүрч, 281.9 ам.доллароор өссөн байна. 2019 онд 5,689.5 тонныг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 303.8 тонноор бага байна. Молибдений баяжмалын 68.4 хувийг БНХАУ руу, 14.9 хувийг Вьетнам руу, 13.4 хувийг БНСУ руу тус тус гаргасан байна.
Алтны экспорт: 9,069.5 кг алт экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 5,637.6 кг-аар их байна. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 42,104.9 ам.доллар байсан бол 2019 онд 46,132.3 ам.доллар болж 4,027.3 ам.доллароор өсжээ. Алтны экспорт үнийн дүнгээр 418.4 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 273.9 сая ам.доллароор өсжээ.
Сэтгэгдэл ( 1 )
bolohgui ym yaj baigaa ym boldoo