Азийн хөгжлийн банк 3 сая ам.долларын буцалтгүй ТУСЛАМЖ үзүүлнэ

2020 оны 01 сарын 22

 

Азийн хөгжлийн банкнаас  /АХБ/ Монгол Улсад 3 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болж байна. Орчны эрүүл ахуйг сайжруулах зорилгоор нийслэлийн дүүргүүдэд хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой буцалтгүй тусламжийн гэрээнд өнөөдөр /2020.01.22/ Монгол Улсын Засгийн газар болон АХБ гарын үсэг зурлаа.

АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран “Хаягдал хүнс  хотыг бохирдуулаад зогсохгүй нийгмийн эрүүл мэндэд ноцтой эрсдэлийг дагуулдаг.  Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх энэхүү буцалтгүй тусламжийн хүрээнд хаягдал хүнс дахин боловсруулах иргэдийн оролцоонд суурилсан тогтолцоог нэвтрүүлснээр Улаанбаатар хотын амьдрах орчныг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулах юм. Энэхүү төсөл нь хатуу хог хаягдлын менежментийн чиглэлээр хэрэгжиж буй Монгол Улсын бодлого, үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ АХБ-ны 2030 он хүртэлх урт хугацааны стратегид  тусгагдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдтэй нийцэж байгаа” гэв.

Улаанбаатар хотод жилд дунджаар 1.2 сая тонн хатуу хог хаягдал бий болдгоос 20 орчим хувийг нь дахин боловсруулдаг. Харин хүнсний хог хаягдал голдуу албан болон албан бус хогийн цэгүүдэд булагддаг байна. Хүнсний энэ их хаягдал хөрс, газрын доорх усыг бохирдуулаад зогсохгүй хотын иргэдийн эрүүл мэндэд, тэр дундаа цэвэр, бохир ус болон нийтийн аж ахуйн бусад үйлчилгээ хомс гэр хорооллын оршин суугчдын эрүүл мэндэд ноцтой эрсдэлийг учруулж байгаа гэж АХБ үзэж байна. 

Түүнчлэн “Улаанбаатар хотын оршин суугчдын оролцоонд суурилсан хүнсний хаягдлыг дахин боловсуулах төсөл”-ийн хүрээнд хүнсний хаягдлыг дахин боловсруулах өнөөгийн практикт тулгуурлан хаягдал цуглуулах, ялзмаг боловсруулах боломжит хувилбаруудыг иргэдийн оролцоотойгоор тодорхойлох аж. Хүнсний хаягдлыг дахин боловсруулах өргөн цар хүрээтэй болон бага хэмжээний үйл ажиллагааг төслийн хүрээнд турших бөгөөд оновчтой хэрэгжсэн төслүүдийг хот даяар хэрэгжүүлэн, хаягдал хүнсийг дахин боловсруулахын ач холбогдлыг олон нийтэд ойлгуулан таниулах ажлуудыг гүйцэтгэнэ гэж мэдэгдлээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top