“Төв банк зах зээлээс 2.3 тэрбум ам.доллар худалдаж авсан”

2020 оны 01 сарын 27

Өнөөдөр өглөөний 08:00 цагийн байдлаар Монголбанкны албан ханшаар нэг ам.доллар 2749.37 төгрөгтэй, нэг юань 396.35 төгрөгтэй тэнцүү байна.

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн цаашдын төлөвийн талаар хэлэхдээ:

“Өнгөрсөн хугацаанд төгрөгийн ханшийг сулруулахад нөлөөлж байсан гадаад болон дотоод эдийн засгийн хүчин зүйлс харьцангуй эерэг чиглэлд өөрчлөгдөөд байна. Гадаад эдийн засаг талаас авч үзвэл АНУ, БНХАУ-ын хооронд үүссэн худалдааны маргаан намжих бодит нөхцөл үүсэж, хоёр улс хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Мөн 2020 онд зэс, нүүрс гэх мэт манай улсын голлох экспортын барааны үнэ буурах дарамт бага, дэлхийн эдийн засаг 2020 онд 2019 оныг бодвол харьцангуй өндөр өсөлттэй байх зэрэг эерэг төсөөллийг ОУВС, Дэлхийн банк зэрэг байгууллагууд гаргаад байна.

Дотоод эдийн засаг талаас Монгол Улсын гадаад худалдаанд гарч буй эерэг өөрчлөлтүүд 2020 онд хадгалагдах, эдийн засгийн идэвхжил 2019 онтой ойролцоо байх, инфляц төв банкны зорилтот түвшинд хадгалагдах төлөвтэй байна. Үүнээс гадна 2020 онд Монголбанк Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгах, Засгийн газар гадаад өрөө дахин санхүүжүүлэх чиглэлээр ажилласнаар гадаад валютын дотоодын зах харьцангуй тогтвортой байна хэмээн харж байна” гэв.

Ам.доллар орж ирэх урсгал эерэг үзүүлэлттэй байхад төгрөгийн ханш суларч буй шалтгааныг тэрбээр тайлбарлалаа.

“Гаалийн Ерөнхий газраас зарлаж буй гадаад худалдааны статистик нь Монгол Улсын хилээр орж, гарч буй барааны статистик тул уг статистик нь шууд гадаад валютын орлого зарлагыг илэрхийлдэггүй. Жишээлбэл, нефть экспортлогчид бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу экспортлосон бүтээгдэхүүний үнийн дүнгээс тодорхой хэсгийг хөрөнгө оруулагч талд төлдөг. Харин нүүрсний экспортын хувьд улсын хил хүртэл нүүрсийг тээвэрлэж буй гаднын компаниуд тээврийн үйлчилгээний хөлс нүүрсний экспортын үнэд шингэсэн байдаг. Үүнээс гадна төрөл бүрийн үйлчилгээний зардал, гадаад зээл, бондын үндсэн болон хүүгийн төлбөр гэх мэт гүйлгээ гаалийн статистикт тусдаггүй.

Харин Монголчуудын гадаад эдийн засагтай хийж буй бүх төрлийн гүйлгээг хамруулсан тайлан нь төлбөрийн тэнцлийн тайлан байдаг. Төлбөрийн тэнцлийн тайланд дээр дурдсан гаалийн статистик дахь гүйлгээнүүдийг тусад нь бүртгэдэг учир гадаад валютын орлого, зарлагын гүйлгээ нь төлбөрийн тэнцэл дэх урсгал дансны бүтцээс маш тодорхой харагддаг. Хэдийгээр гаалийн статистикаар гадаад худалдааны тэнцэл 2019 онд 1.5 тэрбум ам.доллартай тэнцүү байгаа ч Монгол Улсын урсгал данс эхний 11 сарын байдлаар эсрэгээрээ 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай байна. Урсгал дансны байнга өндөр хэмжээний алдагдалтай байдаг нь ийнхүү төгрөгийн ханш суларч байгаагийн үндсэн шалтгаан юм” гэж байна.

Мөн тэрбээр “Төрөөс 2019 онд мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн 1.2-д “Эдийн засгийн дархлааг дэмжих, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хүрээнд гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэж заасан байгаа. Ингэхдээ төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид огцом хэлбэлзэл үүсгэхгүй байх зарчмыг баримтална гэж заасан. Монголбанкны хувьд дотоодын зах зээлээс гадаад валют худалдан авах замаар гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхэд одоогоор хүндрэлтэй байна. Иймд эхний ээлжинд  Монгол Улсын гадаад худалдааны төвлөрлөөс үүдэлтэйгээр ханшид үүсдэг байсан хэлбэлзлийг арилгах талаар Засгийн газартай хамтран ажилласан. Тодруулбал манай улсын гадаад валютын нийлүүлэлтийг бүрдүүлдэг аж ахуйн нэгжийн дунд төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж багагүй жин эзэлдэг. Иймд ядаж эдгээр аж ахуйн нэгжийн валютын орлогыг Монголбанк худалдан авч, үүнийгээ хэлбэлзэл үүсгэхгүйгээр захад нийлүүлэх нь зүйтэй гэж үзсэний дагуу тэгдгээрээс гадаад валют худалдан авч байгаа юм. Өнгөрсөн онд бид зах зээлээс 2.3 тэрбум ам.долларыг худалдан авч, эргүүлээд 2.9 тэрбум ам.долларыг захад нийлүүлсэн байна. Тодруулбал, Монголбанк дээр дурдсан аж ахуйн нэгжүүдээс авсан валютаа захад нийлүүлж, нэмээд Монголбанкнаас 0.6 тэрбум ам.долларыг захад нийлүүлсэн” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top