Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явцтай холбоотойгоор Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.02.10/ 16:00 цагт хаалттай хуралдаан зарлаад байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын нэг нь нүүрсний тээврийг зогсоож, хилийн боомтыг хаах саналыг хэлэлцэх юм.
Нүүрсний экспорт улсын төсөвт орлого төвлөрүүлдэг гол эх үүсвэр байдаг. Энэ 2020 онд Монгол Улс 42 сая тонн нүүрс экспортолж, 1.5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэх тооцоололтой. Өнгөрсөн 2019 онд мөн л 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байсан ч зургаа орчим сая тонныг дутуу борлуулсан. Энэ он гарсаар коронавирусийн тархалт газар авч байгаа нь ийнхүү нүүрсний экспортын хэмжээг тодорхой хугацаанд бууруулахаар нөхцөл байдлыг бий болголоо.
Нүүрс олборлогч, экспортлогч төр, хувийн хэвшлийн хоёр гол компани болох “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК-ийн олборлолт, экспортын нөхцөл байдлыг тодрууллаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тухайд одоогоор олборлолт, экспорт хэвийн байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт 2055 тэвш нүүрс буюу хоногт 300 машин нүүрс экспортод гаргажээ. Ерөнхийдөө өмнөд хөршийн эрэлт, манай нийлүүлэлтийг харахад оны сүүлээс экспортын хэмжээ буурч, шинэ оны гуравдугаар сараас өсөлт ажиглагддаг.
Тэгвэл энэ удаад коронавирусийн дэгдэлтийн улмаас хоёрдугаар сарын экспортод тасалдал үүсэж магадгүй байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 онд 16.1 сая тонн нүүрс олборлож, оны сүүлийн өдөр гэхэд 13.7 сая тонн нүүрс экспортолсон. Тэгэхээр 12 сарын дунджаар тооцвол сард 1.1 сая тонн нүүрс экспортод гаргасан гэсэн үг.
“Энержи Ресурс” ХХК-ийн тухайд Хонконгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй учраас олборлолт, экспортын мэдээллийг албан ёсоор тайлангаар дамжуулж хүргэдэг. Тиймээс урьдчилсан байдлаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Улсын онцгой комиссын шийдвэрийн хүлээлтийн талаар ч ямар нэг байр суурь илэрхийлэх боломжгүй гэлээ.
Тус компанийн нүүрс олборлолт, борлуулалтын дунджийг 2019 оны эхний хагасын санхүүгийн мэдээлэлд тулгуурлаж харъя. Зургаан сарын хугацаанд тус компани нийт 4 сая тонн нүүрс олборлож, 2.5 сая тонн баяжуулсан нүүрсэн бүтээгдэхүүн экспортолсон.
Борлуулалтын орлого нь 2018 оны мөн үеийнхээс 20 орчим хувиар өсөж, 325.6 сая ам.доллар буюу 2019 оны тухайн үеийн ханшаар 870 орчим тэрбум төгрөгт хүрсэн байгаа юм.
Тэгэхээр улирлаар тооцох юм бол 2 сая орчим сая тонныг олборлож, 1.25 сая орчим тонныг нь экспортод гаргасан гэсэн үг.
Улсын онцгой комисс нүүрсний тээврийг ирэх сарын 2-ныг хүртэл зогсоовол “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК-ийн ЭКСПОРТ нийлээд 1.5 сая тонноор тасалдах магадлалтай байна.
Сануулахад, Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян "Экспортын татан авалт буурсан болон орон нутгийн удирдлага, иргэдээс гарч буй саналыг үндэслэн нүүрс, зэсийн баяжмалын тээвэрлэлтийг түр зогсоох хүртэл арга хэмжээг авч өгөх асуудлыг Улсын Онцгой комисст уламжлах боллоо. Энэ бол байх ёстой зүйл. Учир нь хил залгаа улсад хөл хорио тогтоосны дээр хил гараад хоол унд ч байхгүй, жолооч нар эрүүл мэндээ хамгаалах ямар ч баталгаагүй, олон хоног тээвэрлэлт хийж байгаа учраас ядрах, дархлаа сулрах, энэ нь вирус тээж ирэх эрсдэл болох гээд олон хүчин зүйл байна. Тиймээс Засгийн газрын тогтоол хэрэгжиж дуустал буюу гуравдугаар сарын 2-н хүртэл тээвэрлэлтийг зогсоох санал хэлэлцүүлэх боллоо" гэсэн мэдээллийг орон нутгийн хэвлэлд өгсөн байсан.
Харин Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар "Хилийн боомт хаах асуудал аймаг дангаараа шийддэг асуудал биш. Холбогдох хууль тогтоомж, хоёр улсын хооронд байгуулсан хилийн дэглэм, гэрээ хэлэлцээрийн дагуу Засгийн газар хооронд дипломат шугамаар хэлэлцэгдэж шийдэгдэх асуудал. Тиймээс аймгийн Онцгой комиссоос журмын дагуу боомтын үйл ажиллагааг түр хаах саналыг Улсын онцгой комисст албан ёсоор хүргүүлсэн. Мөн урьдчилан сэргийлэхэд шаардлагатай төсөв хөрөнгийн тооцоог хийж шийдвэрлүүлэхээр боллоо" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )