Ч.Хүрэлбаатар, Б.Лхагвасүрэн нар ЭРСДЭЛИЙГ даван туулах асуудлыг хэлэлцэнэ

2020 оны 02 сарын 13

Коронавирусийн халдварын тархалт дэлхийн улс орнуудад улам бүр нэмэгдэж байгаа учраас төрөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч байгаа. Энэ хүрээнд эдийн засгийн салбарт тодорхой хэмжээнд удаашрал үүсэхээр байгааг эдийн засагчид хэлж буй. Түүнчлэн улс төрийн нам хүчин, нэр бүхий гишүүдийн зүгээс хөл хорио тогтоосон хугацаанд зээл, түрээсийн төлбөрийг хойшлуулах гэхчлэн зохицуулалт хийх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж буй.

Тэгвэл Засгийн газраас Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг хуралдуулах чиглэл өгөөд байна. Шинэ вирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээс хамаарсан эдийн засгийн эрсдэлийн хэрхэн бууруулах вэ, даван туулах вэ гэдэг асуудлыг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хэлэлцэнэ гэсэн үг.

Тодотгоход, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн Сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирал багтдаг.

Тус зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь түүний ээлжит болон ээлжит бус хуралдаан бөгөөд ээлжит хуралдааныг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулдаг.

Монголбанкан дахь Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн Ажлын алба нь санхүүгийн системийн эрсдэлийн үнэлгээ хийх, зөвлөлийн гишүүн байгууллагуудаас хэрэгжүүлж буй макро эдийн засгийн болон санхүүгийн бодлогуудын харилцан уялдааг сайжруулах, системийн эрсдэлийг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд  танилцуулж шийдвэрлүүлэх, Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын тайланг хагас жил тутам нэгтгэн боловсруулж олон нийтэд хүргэх үндсэн чиг үүрэг бүхий байнгын үйл ажиллагаатай нэгж юм.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 27-2 дугаар зүйл. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл

1. Монгол Улсын санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангахтай холбоотойгоор тогтолцооны шинжтэй эрсдэлийг илрүүлэх, хянах, бууруулах талаар хэлэлцэж, гишүүдийн үйл ажиллагааг уялдуулах чиг үүрэг бүхий Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл ажиллана.

2. Зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал орно.

5. Зөвлөл нь дараах асуудлыг хэлэлцэнэ:

1/ Хууль тогтоомжийн хүрээнд харилцан солилцох мэдээ, мэдээлэл;

2/ Санхүүгийн тогтолцооны тогтвортой, тэнцвэрт байдалд нөлөөлж болзошгүй эрсдэлтэй, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд хамтарсан дүн, шинжилгээ хийх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох;

3/ Хямралаас сэргийлэх, хямралыг даван туулах үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний хэрэгжилт, зохион байгуулалт;

4/ Банкийг дахин хөрөнгөжүүлэх асуудал, түүний нөхцөл;

5/ Хуульд заасан бусад.

6. Зөвлөлийн ажлын албаны үүргийг Монголбанк хэрэгжүүлнэ гэж заасан байдаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(139.5.218.142) 2020 оны 02 сарын 13

Далим гаргалгүй шийдээрэй.

0  |  0
Top