Монголын эдийн засгийн өсөлт ирэх гурван жилд зургаан хувьд хүрэхгүй гэсэн таамаглалыг Дэлхийн банкны шинжээчид хийж байна.
Энэ онд 5.3 хувиар өсөх тооцоолол байгаа бол 2022 онд 5.8 хувийн өсөлттэй гарч магадгүй гэж буй юм. 2016 оны хүндхэн нөхцөл байдлыг даван туулж өнөөдрийг хүрч буйтай жишиж бодохоор таван хувь давсан өсөлт гэдэг бол чамлах тоо биш ээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт тогтвортой байх нь эдийн засгийн салбарууд нэг нэгнээ тэтгэх, дэмнэх боломжийг олгодог учраас өсөлтөө хадгалахын сацуу өгөөжийг нь УДИРДАХ чухал гэдгийг өнгөрсөн олон жилүүдийн нөхцөл байдал харуулсаар ирсэн.
Хэрэв эрх баригчид төсөв, мөнгөний зөв бодлого барихгүй бол эдийн засаг тооцооллоос алдуурдаг гэдгийг дөрөвхөн жилийн өмнөх жишээн дээрээ тулгуурлаж харах хэрэгтэй. За мөн өнгөрсөн гучин жилийн тэн хагасыг ОУВС-гийн хөтөлбөр дор өнгөрөөсөн гэдгээ нухацтай эргэн харах ёстой.
Дэлхийн банкны шинжээчид тайландаа манай улсын эдийн засгийн өсөлтийг сүүлийн жилүүдийн өндөр түвшнөөс бага зэрэг саарахаар байгаа ч дунд хугацааны төлөв өөдрөг хэвээр байна гэсэн байна лээ.
Тэгвэл Дэлхийн банкны Монгол Улс хариуцсан Менежер Андрей Михнев дунд хугацааны төлөв өөдрөг байх нь гээд тайвширч болохгүйг сануулсан. Тэрбээр "Дунд хугацааны эдийн засгийн төлөв эерэг байгаа ч төсвийн нэгдмэл бодлогоо үргэлжлүүлж, гадаад валютын интервенцээ зохистой түвшинд байлгах замаар валютын нөөцийг улам нэмэгдүүлэх зэрэг нь бодлого боловсруулагчдын хувьд эн тэргүүний хоёр чухал бодлогын зорилт хэвээр байхаар байна. Засгийн газраас 2020 онд эдийн засгийн реформоо үргэлжлүүлэх нь зах зээлийн хэтийн төлөв, гадаадын шууд хөрөнгө оруулалтад чухал үүрэг гүйцэтгэнэ" гэв.
2016 оноос хойш эдийн засаг сэргэж 2018 онд 7.2 хувийн өсөлттэй гарсан суурь нөхцлүүдийг харахад төсвийнгүйцэтгэлд эерэг өөрчлөлтүүд гарч, макро эдийн засгийн бодлогын уялдаа сайжирч, түүхий эдийн үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдсан, хувийн хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэнтэй холбогдож байгаа.
Харин 2019 онд эдийн засгийн өсөлт саарч, жилийн дүнгээр 5.1 хувьтай гарсан. 2020-2021 онд дунджаар 5.6 хувьд хүрэх боломжтой гэж Дэлхийн банк үзэж байна. Эдийн засгийн өсөлтөд уул уурхай, боловсруулах салбаруудын хөрөнгө оруулалт, хувийн хэрэглээний өсөлтийг гол нөлөө үзүүлнэ гэж тооцжээ.
Мөн Засгийн газрын зүгээс төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зардлаа эрэмбэлж, үр ашгийг нь сайжруулах замаар дунд хугацаанд өрийг бууруулах зорилготой төсвийн нэгдмэл бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж харж буй аж. Ингэж хүлээхийн сацуу эдийн засгийн хэтийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй дотоод, гадаад томоохон эрсдэлүүд бийг сануулж байна.
Эдийн засагт нөлөөлж болзошгүй ЭРСДЭЛҮҮД
Сэтгэгдэл ( 1 )
Дийлэнхи нь хэзээ ч эдийн засагч нөлөөлөхгүй зүйлс байна.