Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд зааснаар хадгаламж, зээлийн хоршоод бүх гишүүдийн ээлжит хурлаа санхүүгийн жил дууссанаас хойш дараа оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн дотор зарлан хуралдуулах үүрэгтэй. Ээлжит хурлын зар болон хэлэлцэх асуудлын жагсаалтыг хурал хуралдахаас 30-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд хүргэх ёстой байдаг.
Гэвч коронавирустэй холбоотойгоор онцгой нөхцөл байдал үүссэн тул хадгаламж, зээлийн хоршоод хуульд заасан хугацаанд бүх гишүүдийн ээлжит хурлыг гишүүдийг биеэр оролцуулан зарлан хуралдуулах боломжгүй болжээ.
Иймд үүсээд буй нөхцөл байдалд нийцүүлэн гишүүдийг нэг дор олноор цугларуулалгүйгээр бүх гишүүдийн хурлыг цахим хэрэгсэл, онлайн орчинд зайны технологийг ашиглан хуралдуулах, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцоог хангаж хуралдуулах зэргээр өөрийн хоршооны онцлогт тохируулан боломжтой хэлбэрээр зохион байгуулах нь зүйтэй гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д "Гишүүн нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бүх гишүүдийн хуралд биечлэн оролцох боломжгүй бол саналаа бичгээр ирүүлж болно" гэж заасны дагуу гишүүд саналаа бичгээр өгөх хэлбэрээр хуралд оролцох эрхээ хэрэгжүүлэх боломжтой аж.
Сэтгэгдэл ( 0 )