Орчлон ертөнц дэх бидний ганцаардал

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 01

Одон орон судлал бол орчин үеийн шинжлэх ухааны нүүр царай гэж ОХУ-ын П.К.Штернбергийн нэрэмжит Одон орон судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, одон орны физикч Сергей Попов үзэж байна. Өнөөдөр физик, хими болон шинжлэх ухааны олон салбар орчлон ертөнцийн талаарх бидний мэдлэгийг баяжуулж, Нобелийн шагнал хүртэхээс гадна поп соёлын нэгэн хэсэг болж буй одон орны судалгаан дээр түшиглэж байна. Одон орны физикч Сергей Попов орчлон ертөнцөд бид ганцаараа юу, амьдралтай гараг олох найдварыг хосоо олох боломжтой хэрхэн харьцуулж болох зэрэг одон орон судлалын сэдвээр сонирхолтой лекц уншдаг. Түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг https://theoryandpractice.ru нийтэлснийг хөрвүүлэн хүргэж байна.

-Орчин цагийн шинжлэх ухаанд одон орны физик ямар байр суурь эзэлдэг вэ?

-Цаг хугацааны явцад одон орон судлалын үндсэн агуулга өөрчлөгдөж ирсэн. XIX зууны сүүлээс одон орны физик одон орон судлалын үндсэн бөгөөд давамгайлах хэсэг болсон бөгөөд өдгөө энэ хоёр ухаан бараг утга нэг болоод байна. Өнөөдөр одон орон судлал хамгийн аз жаргалтай үеийг туулж байна. Одон орны дуран авай болон бусад мэдрэмжтэй багаж хэрэгсэл боловсронгуй болж байгаа үед ийм байсаар л байх болно. Гэхдээ копьютерийн хүчин чадал хэзээ нэгэн цагт дээд цэгт хүрэхтэй адил энэ үе хэзээ нэг цагт төгсөнө. Учир нь хэдэн жил тутам асар их хүчин чадалтай багаж төхөөрөмжийг бүтээхэд улам бүр хүнд болно. Тэр үед одон орон судлалын оронд биологи, сэтгэл судлал эсвэл өөр нэг шинжлэх ухаан гарч ирэх байх.

-Өнөөдөр хувийн хэвшил сансар судлалын салбарт түрэн орж ирж байна. Төрийн бус сансрын санаачилгууд одон орон судлалд ямар нөлөө үзүүлэх бол. Эрдэмтдийн хувьд сансар илүү хямд, хүртээмжтэй болох болов уу?

-Гайхамшиг тохиохгүй. Өнөө үед нэг кг ачааг Дэлхийн тойрог замд хүргэхэд олон мянган ам.доллар төлж байна. Энэ үнэ нэг мянган ам.доллар болж уналаа гэж бодоход хүчтэй өөрчлөлт гарахгүй л болов уу. Сансар хэзээд өндөр өртөгтэй байх болно. Тиймээс бид бүгд Ангараг руу нисэх цаг ирнэ гэж хоосон мөрөөдөх хэрэггүй. Бид хаашаа ч нисэхгүй. Учир нь зургаан тэрбум хүнийг өөр гараг руу илгээх нөөц, эх үүсвэр Дэлхий дээр байхгүй. Шим мандал ийм ачааллыг даахгүй. Ямар нэгэн үсрэлт хийдэггүй л юм бол.

-Сүүлийн үед нарны аймгаас гадна орших гарагсын талаар их ярих болж. Энэ чиглэлээр ямар судалгаанууд голлож байна?

-Өдгөө Дэлхийн тойрог замд эдгээр гарагийг судлахад зориулсан тусгай аппарат байхгүй байна. Гэхдээ газар дээр том том дуран авай ажиллаж байгаа. Тэдний тусламжтай Бархасбадь мэтийн томоохон гарагсыг хайгаад зогсохгүй агаар мандлын химийн бүтцийг судалж байгаа нь илүү сонирхолтой. Нэмж 20 мянган биетийг шалгах хэрэгтэй байна. Тэдний дунд маш сонирхолтой гарагс байж магадгүй.

-Сонирхолтой гэдэг нь?

-Жишээ нь нэг одыг тойрон эргэдэг хос гараг байдаг. Тэдний тойрог зам маш ойр атал шинж чанар нь тэс өөр. Нэг нь аварга мөсөн биет, нөгөө нь жижигхэн чулуун гараг. Ямар учраас гэдгийг тайлбарлах сонин. Одоо цагт 30 метр дуран авайг бүтээж байна. Тэдний тусламжтай үзэгддэггүй шахам нарны аймгаас гадна оршин гарагсын спектрийг гаргаж авах боломжтой. Ингэснээр энэ чиглэлийн судалгаа мэдэгдэхүйц урагшлах юм. Ямар ч байсан Дэлхийн тойрог замд нарны аймгаас гадна орших гарагсыг судлахад зориулсан шинэ хиймэл дагуул гарч ирнэ. Тэр үед нар шиг оддын бүсэд Дэлхий шиг олон тооны гарагсыг илрүүлэх боломжтой болно. Зарчмын хувьд судалгааны багаж хэрэгслийн нэг үеийн дараа бид дор хаяж агаар мандалтай гараг нээнэ гэсэн хүлээлт бий.

-Нарны аймгаас гадна орших гарагсыг нээснээр орчлон ертөнц дээр бид ганцаараа биш гэсэн санаанд ойртож ирсэн гэж үзэж болох уу?

-Энэ бол хүнд асуулт. Та насны хайраа хайж байна гэж бод. Нэгэн том арга хэмжээн дээр ирээд олон хүнтэй таарах ч удаан хайсны эцэст тохирох хүн олдохгүй. Энэ нь танд өөдрөг сэтгэгдэл төрүүлэх үү эсвэл гутрах уу? Олон тооны гарагс байдаг ч манай гарагийн тэнгэрт харийнхны хөлөг онгоц сүлэлдэн нисэхгүй байна гэдэг нь технологийн соёл иргэншил хэлбэрийн ухамсарт амьдрал хэтэрхий ховор гэдгийг илтгэж байх шиг. Одоогийн байдлаар орчлон ертөнц дээр бидний ганцаардмал байдал шинжлэх ухаанаар ажиглагдаж буй баримт юм.

-Хэрэв эрлийн хүрээг нарны аймгийн хэмжээнд хумивал ирээдүй бий юу?

-Нарны аймагт амьдрал илрүүлэх боломж бүх цаг үед өөрчлөгдөж ирсэн. Хоёр зуун жилийн өмнө бид сарны оршин суугчдын талаар ярьдаг байсан. Учир нь сар бидэнд ойр. Хожим нь Ангараг гараг анхаарлын төвд орж ирсэн. Сүүлд нь Бархасбадийн дагуул болох Европ гарч ирсэн. Европ хэмээх дагуул мөсөн бүрхүүлтэй бөгөөд энэ бүрхүүлийн доор усан далай байдаг гэж бид таамагладаг. Гэтэл энэ бүрхүүл маш зузаан тул доор нь далай бий эсэхийг бид мэдэхгүй. Европыг судлах нь нэлээн хүнд даалгавар. Үүний тулд дагуул руу өрөмдлөгийн төхөөрөмж илгээх хэрэгтэй. Энэ нь шинжлэх ухааны зөгнөл биш төдийгүй технологийн хувьд боломжтой ч маш өндөр өртөгтэй даалгавар. Харин өдгөө Санчир гарагийн дагуул Энселадус анхаарлын төвд байна. Тэнд байгалийн усан оргилуур харагддаг. Тэнд өрөмдлөг хэрэггүй. Аягатай очоод л тэр уснаас авахад боллоо. Магадгүй энэ одоогийн байдлаар хамгийн сонирхолтой бай. Дээрээс нь саяхан Энселадус дээр далай буйг нотлох баримт олдсон. Энэ нь тэнд амьдрал байх боломжийг эрс нэмэгдүүлж байна. Гэхдээ тэр далайд ухаалаг далайн гахай сэлдэг гэж бодохгүй байна. Ухаант биш ч гэсэн өндөр зохион байгуулалттай амьд амьтан байхгүй л болов уу. Бид нян, хөх ногоон замаг зэрэг  амьдралын хамгийн энгийн хэлбэрийн тухай ярьж байгаа юм.

-Ойрын үед шинжлэх ухааны том нээлт хийх болов уу?

-Тийм бас үгүй. Нэг талаас, суурь физиктэй нягт холбоотой бөгөөд орчлон ертөнцийн тухай бидний төсөөлөл үнэн зөвийг баталсан нээлт одоогоор харагдахгүй л байна. Гэхдээ бүх хүний сонирхлыг баталгаатай татах зүйлс бий. Сансрын дуран авай тэнгэрээс унах мэт гамшиг тохиохгүй л бол ойрын ирээдүйд, тухайлбал 10-20 жилийн дараа өөр гараг дээр Дэлхийнхтэй төстэй амьдрал бий эсэхийг мэдэх болно.

-Ногоон өнгөтэй бяцхан харийнхан!

-Үүнийг харин амлаж чадахгүй нь. Гэхдээ хэрэв бид нарны аймгаас гадна орших гарагсын агаар мандалд 10-20 хувийн хүчил төрөгч буйг баттай нотолж чадвал тэнд хүчил төрөгчийн энэ түвшинг дэмжих чадвартай амьдрал байна гэсэн үг. Харин хувьслын аль түвшинд вэ гэдэг бол өөр асуудал юм.

-Бид яагаад дэлхийтэй төстэй амьдралыг хайдаг юм бэ? Бүгд бидний замаар явах албагүй шүү дээ?

-Энэ асуултад хариулахдаа би детектив зохиолын баатраар жишээ авдаг. Шив шинэхэн шархтай цогцос олсон мөрдөгч сүх, хутга хайж эхэлдэг. Хэрэв аллагыг харь гарагийн аргаар үйлдсэн бол түүний дедуктив чадвар энд тусгүй. Тэр юу хайхаа мэдэхгүй. Үүнтэй адил нарны аймгаас гадна орших гарагс дээр бид ус, хүчил төрөгч зэрэг мэддэг зүйлээ олохыг чармайдаг. Эдгээр зүйл бидний тулах цэг юм. Гэхдээ шууд бус шалтгаан бий. Биохимид ашиглагддаг үндсэн бодисууд орчлон ертөнцөд маш түгээмэл байдаг. Байгаль өөрөө энгийн замыг сонгох нь элбэг. Тиймээс амьдрал буй олон зуун гарагсаас 99 дээр нь манай Дэлхийтэй төстэй амьдрал байж л таарна.

-Та орчлон ертөнцийн хууль, цаг хугацааны болон орон зайн итгэхийн аргагүй алслал зэрэг энгийн хүнийг айдаст автуулах зүйлсийн тухай бодож, судлахад өөрийн амьдралаа зориулж байна. Танд өөрөө шагайж харахаас айдаг тийм ёроолгүй “ангал” бий юу?

-Байхгүй л болов уу. Гэхдээ сэтгэл түгшээсэн зүйлс байдаг. Жишээ нь, мэдлэг улам бүр хүнд болж, түүнийг эзэмшихэд илүү их цаг хугацаа шаардаж байна. Өөрөөр хэлбэл бидний оюун ухааны боломж гэгддэг тэр зүйлийн хязгаар холгүй байна гэсэн үг. Харин цаашдын хөгжлийг томоохон өөрчлөлт, хиймэл оюун ухаан, хүний оюун ухааны хослол тодорхойлно. Нөгөө талаас, би хүүхэд байхаас л энэ бодолтой амьдарч ирсэн. 13 настай байхдаа сэтгэлд тамгалагдан үлдсэн нэгэн таамгийг лекцийн үеэр сонсож байв. Тэр нь биологийн нэгэн төрлийн хувьд хүнийг орлох төрлийг хүн өөрөө бүтээхээрээ бусдаас ялгаатай гэсэн таамаг. Тиймээс зарим чухал зүйлсийг бид ойлгож чадахгүй нь үнэн. Зүгээр л ухаан хүрэхгүй. Гэхдээ үүнийг чадах тэр төрлийг бүтээх боломж асар их.
 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top