АНУ-ын хотууд юуны учир эсэргүүцлийн давлагаанд автав

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 02

АНУ-ын Миннеаполис хотын хар арьст иргэд, цагдаагийн хооронд үүсээд буй хурцадмал байдал Жорж Флойдын үхлээс эхлээгүй, олон жилийн туршид даамжирсан нөхцөл байдлын илрэл. Өнгөрсөн тавдугаар сарын 25-нд олон нийтийн сүлжээнд Африк гаралтай Жорж Флойд гэгчийг цагдаа нар баривчлахдаа түүний гарыг гавлан, хүзүүн дээр нь найман минут 46 секундийн турш өвдөглөх үед тэрээр "Амьсгалж чадахгүй байна" хэмээн орилж буй дүрс бичлэг цацагдсан. Хуурамч мөнгөн дэвсгэрт ашигласан хэрэгт сэжиглэгдэж байсан Флойд ухаан алдаж, хотын нэгэн эмнэлэгт нас барсан хэрэг гарсан. Баривчлагаанд оролцсон дөрвөн цагдааг ажлаас халсан бөгөөд хэрэг үйлдсэн цагдаагийн ажилтан Дерек Шовиний эсрэг гуравдугаар зэргийн хүн амины эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Холбооны мөрдөх товчоо хэргийг шалгаж эхэлжээ. Хууль хүчнийхний эл хэрцгий үйлдэлд эгдүүцсэн Миннеаполис хотын оршин суугчдын жагсаал хүрээгээ тэлж тус улсын 50 гаруй хотыг хамарч, эмх замбараагүй байдал болж өргөжив. Хууль сахиулагчид жагсагчдыг тараах зорилгоор нулимс асгаруулагч хий, резинэн сум ашиглаж байгаа бөгөөд Үндэсний гвардийн таван мянган алба хаагчдыг дайчилжээ.

Нэмж хоёр мянган алба хаагчийг дайчлахад бэлдэж буй аж. Америкчуудын эсэргүүцлийн жагсаалыг дэмжин Европын Герман, Их Британи улс, Шинэ Зеландад олон мянган иргэн гудамжиндаа гарч, Жорж Флойдын амийг нэхэн жагсав. Шинжээчид АНУ-д үүсээд буй нөхцөл байдал улам хурцдаж, ойрын хэдэн хоног намжихгүй гэж үзэж байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан 40 гаруй хотод хөл хорио тогтоогоод байна. Эсэргүүцлийн жагсаал Цагаан ордны өмнө өрнөх үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг Аюулгүй албаныхан газар доорх хонгилд түр орогнуулсан тухай мэдээлэв. Жагсаал цуглаан эхэлснээс хойш хууль хүчнийхэн нийт 4100 хүнийг баривчилсан байна. Майамид цагдаа нар жагсагчидтай хамт өвдөг сөхрөн, амиа алдсан Жорж Флойдын дурсгалыг хүндэтгэсэн.

Газар авсан тэгш бус байдал

Миннеаполис хотын хүн амын 20 орчим хувийг хар арьстнууд эзэлдэг. 2009-2019 оны хооронд тус хотод цагдаагийнхны галт зэвсэг хэрэглэсэн ажиллагааны 60 хувь нь хар арьстнуудын эсрэг чиглэсэн байжээ. Америкчууд хууль хүчнийхний эсрэг анх удаа тэмцэж буй нь энэ биш. 2016 онд жагсаал цуглааны голомт болоод буй газраас 15 км-ийн зайд Филандо Кастиль гэгч хар арьст нэгэн цагдаад буудуулж амь насаа алдсан хэрэг гарч байв. 2017 онд Миннеаполис хотын цагдаагийн алба хаагч мөн л хүн амины хэрэгт холбогдож байсан бол 2015 онд 24 настай Жамар Кларч гэгч залуу цагдаад буудуулж амиа алдсан. Эл гурван хэрэгтэй холбогдуулан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байв. Харин энэ удаад нөхцөл байдал өдөр ирэх тусам хурцдаж, газар зүйн хувьд тэлсээр байна. Өмнө нь ийм төрлийн эсэргүүцлийн жагсаалд гол төлөв өнгөт арьстнууд оролцдог байсан бол өдгөө маш олон тооны цагаан арьстан, испани хэлээр ярьдаг иргэд гудамжинд гарчээ.

Либерал бодлого, улстөрчдөөрөө алдартай Миннеаполис хот олон жилийн туршид нийгэм, эдийн засгийн тэгш бус байдал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцсээр иржээ. Энэ үзэгдэл “Миннесотагийн парадокс” гэх нэр аваад буй. Ихэр хотууд гэгддэг  Миннеаполис, Сент Пол хотын хүн амын ихэнх хувийг цагаан арьстнууд эзэлдэг. Өнгөт арьстнууд хотуудын хойд хэсэгт оршин суудаг. Энэ нь ХХ зууны эхэн үеэс эхтэй арьс өнгөний үзлийн дэвэргэсэн бодлогоос улбаатай. Тухайн үед хар арьстнуудад тус хотуудын тодорхой дүүргүүдэд байшин худалдан авах эрхгүй байв. Цар тахал дэгдэхээс өмнө тус хотын хар арьст хүн амын 10 хувь нь ажилгүй байсан бол цагаан арьст хүн амын хувьд энэ үзүүлэлт дөрвөн хувьтай байжээ. Энэ ялгаа тус улсын дундаж үзүүлэлтээс хамгийн их. 2016 онд цагаан арьст гэр бүлийн жилийн дундаж орлого 76 мянган ам.доллартой тэнцэж байсан бол хар арьст гэр бүл жилд 32 мянган ам.долларын орлоготой байжээ. Ихэр хотуудын хар арьст оршин суугчдын 32 хувь нь амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой бол цагаан арьст хүн амын 6.5 хувь нь ядуу амьдардаг байна. Түүнчлэн, 2018 онд замын цагдаагийн зогсоосон жолоочдын 55 хувь нь хар арьстнууд байжээ.

Сонгуульд нөлөөлөх үү

Эсэргүүцлийн жагсаал нэг мужаас бусад муж руу хүрээгээ тэлэх үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Канаверал хошуун дахь сансрын буудалд “SpaceX” компанийн “Crew Dragon” сансрын хөлөг хөөргөх үйл явцад оролцов. Тэрбээр Жон Кеннедигийн нэрэмжит сансрын төвд хэлсэн үгэндээ Жорж Флойдын үхэлтэй холбоотой хэргийг талаар дурджээ. Трамп Жорж Флойдын үхэл нь ноцтой эмгэнэл гээд түүний засаг захиргаа хүчирхийлэл, эмх замбараагүй байдлын эсрэг үргэлж тэмцэх болно гэж мэдэгдсэн байна.

“Бид тайван жагсаал цуглаан хийх хүний эрхийг хүндэтгэн, тэднийг уриалга, шаардлагыг үргэлж сонсдог. Гэхдээ өдгөө АНУ-ын хотуудад болж буй явдал хэв журам, хууль эрх зүйн хэм хэмжээтэй холбоогүй” гэж Цагаан ордны тэргүүн мэдэгдсэн байна. Тэрбээр Миннеаполис хотын захирагч, Бүгд найрамдах намын төлөөлөгч нөхцөл байдлыг шийдвэрлэж чадаагүй тул тус хотод Үндэсний гвардийг оруулсан гэж тодруулаад энэ нь Ардчилсан намын нэр хүндийг ихээхэн унагаж байна гэж өрсөлдөгчдөө буруутгав. Трамп нөхцөл байдлыг ашиглан, Миннеаполис хотын захирагч, Ардчилсан намыг буруутгаж байна гэж шинжээчид онцолжээ.

Трампын хувьд хар арьстнуудыг дэмжих гэж яарахгүй. Учир нь тэд түүнийг дэмждэг сонгогчдын цөм биш гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ болж буй үйл явдлыг үл ойшоох нь нөхцөл байдлыг Цагааны ордны эсрэг чиглүүлэх эрсдэлтэй. Америкчуудын хувьд аливаа эмгэнэлт үйл явдлын үед Ерөнхийлөгч нь тэдний талд хамт зогсож байх нь чухал. Энд арьс өнгө чухал биш. Тиймээс Ерөнхийлөгч Доналд Трамп буруу алхам хийвэл ирэх сонгуулийн дүнд нөлөөлөх аюултай гэж шинжээчид сэрэмжлүүлжээ. Тэдний үзэж буйгаар, АНУ-д үүсээд буй эсэргүүцлийн хөдөлгөөн удаан үргэлжлэх хэдий ч илүү хурц хэлбэрт шилжихгүй гэжээ. Трамп жагсаалыг хатуу аргаар дарснаар галыг өөртөө дуудах болно. Тэртээ тэргүй түүний өрсөлдөгчид нөхцөл байдлыг дэвэргэж буй.  Ерөнхийлөгчид нэр дэвшигч Жо Байден тэргүүтэй ардчилсан намынхан жагсаал цуглааныг үргэлжлүүлэхийг уриалаад байгаа. Учир нь хар арьст сонгогчид Ардчилсан намыг дэмждэг. Тиймээс ийм нөхцөл байдалд Доналд Трамд болгоомжтой хандаж, илүү ширүүн хариу арга хэмжээ авахгүй байх нь илүү ашигтай гэж шинжээчид үзэж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zaluu(147.147.106.31) 2020 оны 06 сарын 06

HARUUD TSAGAACHAD AMERIKAAS JVAACHDEE HEN TEDNIIG BARISAN YM BE JVAHGUI GEEDL IIM YMAAR DALIMDUULAN BARHIRCH BUIG HARDAA

0  |  0
zochin(68.226.67.57) 2020 оны 06 сарын 03

Hun durst BABUUN sarmagchinguud uursduu hogiin shaarnuud Uursduus n dandaa boldog um daa Bi hamt hajuud n amidarch baigaagiin huvid sain medne Adgiin hun durstuud dee Babuun aash avirtai Bi bol hohi n l gej harj baigaa

1  |  1
Top