Энэ жил улсын хэмжээнд 512 мянган га талбайд тариалалт хийсэн. Өнөөдрийн байдлаар ургац хураалт 40 хувьтай байна. Энэ талаар улсын ургацын комисс мэдээлэл хийлээ.
“Энэ жилийн ургацын урьдчилсан балансын хувьд улаан буудай 487 мянган тонн, төмс 237 мянган тонныг хурааж авна. Энэ нь дотоодын хэрэгцээг 100 хувь хангана. Мөн тосны ургамал 32.8 мянган тонн, тэжээл 109.4 мянган тонныг хурааж авах төлөвтэй байна” гэж Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат мэдээллээ.
Ургац хураалтын хувьд 7-10 хоногт цаг агаар хэвийн байвал ургацаа хураан авахад хүндрэл учрахгүй. Харин ажиллах хүчний хувьд хууль зүйн сургууль, хөдөө аж ахуйн их сургууль бусад коллежуудаас оюутан гаргаж аймгуудын хөдөө аж ахуй газруудаар дамжуулан оюутан сурагчдаас ажиллах хүч авах боломжтой юм байна.
Энэ жилийн хувьд хөдөө аж ахуйг дэмжих сангаас ургац хураалтын түлшний нөөцөд туслалцаа үзүүлэх бол ногоочдод вокзалын хажуу талын 1000 машины зогсоолыг хүнсний бөөний худалдаа хийх зориулалтаар тохижуулах бэлтгэл ажил хангаад байна.
Хөдөө аж ахуйг дэмжих санг түшиглэн 142 мянган тонн улаан буудай хадгалах боломжтой бөгөөд улсын хэмжээнд 512 мянган тонн улаан буудайг хадгалах агуулах байгаа аж.
Дотооддоо хүндрэлтэй байгаа үед ургацаа бүрэн авахын тулд хүн хүч хэрэгтэй байгааг аймгийн хүнс хөдөө аж ахуйн дарга нар хэлж байлаа. Энэ жилийн хувьд газар нойтон байгаа учраас бага зэрэг жиндэж хүйтэрвэл төмс хөрсөндөө хөлдөх магадлал их байгаа юм байна.
Ч.Нандинцэцэг
Сэтгэгдэл ( 0 )