ОЛОН ӨНГӨ: Дусал хөлс ч үнэлэгдэх ёстой

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 03

Замын түгжрэл дунд богино долгионы радио шиг хань гэж үгүй. Тэр үед танин мэдэхгүйн төрлийн хөнгөн нэвтрүүлэг явж байвал өдрийн ачааллыг ч мартуулж дөнгөдөг шидтэй дуу авианы эд бол радио. Сонсогчидтой шууд утсаар холбогддог нэгэн нэвтрүүлгийн үеэр хуурах, хууртагдагдах тухай товчхон яриа өрнөв өө. Удалгүй монголчуудын дунд нийтлэг байдаг мөнгө зээлэх, зээлдүүлэх эдийн засгийн харилцааны талаар иргэний индэр, үзэл бодлын талбар болж хувирав.

Холбогдсон сонсогчдын туршлагаар бол Монголоос бусад оронд найз нөхөд, ах дүү, амраг садан хооронд мөнгө зээлнэ, зээлдүүлнэ гэсэн ойлголт ер байдаггүй аж. Эртний тогтсон Европ, хурдтай өндөр хөлжсөн Азид ч тэр ойр дотны нэгнээсээ мөнгө зээлэх талаар асуувал нүд нь орой дээрээ гардаг талаар ганц хоёр хүн сонирхуулав.

Үндсэндээ гаднын орнуудад эдийн засгийн хувьд бие дааж байж бие хүн болж төлөвшдөг талаарх ойлголт л доо. Нөгөө талаар ах дүү, амраг саднаа гудамжид гуйлга гуйсан ч санхүүгээр өрөвдөж энэрдэгггүй, манайхаар бол хүнлэг бус харилцаатай байдаг нь хүн өөрийнхөө амьдралыг өөрөө аваад явах ёстой гэсэн санаа.

Бас дусал хөлсийг ч шударгаар үнэлдэг учраас та ч гэсэн бусдын адил хөлсөө урсаг, толгойгоо ажлуул гэдэг амьдралын хатуу хуулийг хүн бүр нь ухамсарладаг гэх зэрэг манайхны тархинд төдийлөн суугаагүй мэдээллийг замын түгжрэлд авч болж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top