НОБЕЛ 2020 | Шагналтнууд хэрхэн тодордог вэ?

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 06

Дэлхийд нэр хүнд, цар хүрээгээрээ тэргүүлдэг Нобелийн шагналын долоо хоног эхэллээ. Өчигдөр анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорсон. Энэ жил америкийн хоёр, британийн нэг эрдэмтэн гепатит C вирусыг нээснийхээ төлөө ийнхүү тус нэр хүндтэй шагналыг хүртсэн юм. Та бүхэнд Нобелийн шагнал гардуулах журмыг товч хүргэе.
 


Хэн Нобел хүртдэг вэ?

Шведийн аж үйлдвэрийн хувьсгалын түүчээ Альфред Нобел гэрээслэлдээ “өөрийн зохион бүтээсэн нээлтээрээ улс үндэстэн, цаашлаад дэлхий дахинд энх байдал цогцлооход бүхий л хүч бололцоогоо дайчлан ажилласан нэгэнд олгоно” гэж заасан байдаг. Тэсрэх бодис зохион бүтээснийхээ төлөө чамлахааргүй их хөрөнгөтэй болсон ч олон хүний амь насыг авч одсон учраас тэр ийнхүү нүглээ наминчлахын тулд энэ гэрээсллийг хожим хойчид үлдээжээ.

Нобелийн шагналд дэлхийн аль ч улс орны албан байгууллага, хувь хүн нэр дэвших боломжтой. Сайд, парламентын гишүүд, төрийн тэргүнүүд бүр цаашлаад түүхийн багш, нийгмийн шинжлэх ухааны зүтгэлтнүүд ч энэ шагналыг хүртэж болно.

Шагнал олгох шийдвэрийг хэн гаргадаг вэ?

Норвегийн Нобелийн хорооны таван гишүүнийг парламентын чуулганаар хэлэлцэн томилдог. Өнгөрсөн түүхээс харахад ихэнх тохиолдолд чөлөөндөө гарсан улстөрчид Нобелийн хорооны гишүүн болдог. Гэвч бүгд биш. Тал хувь нь нэр хүндтэй хуульч, хүлээн зөвшөөрөгдсөн акедемич ч бий.

Мэдээж хэрэг Норвегийн парламентын чуулганаар хэлэлцдэг учраас хэн олонх болсон, цөөнх болсноос шалтгаалан Нобелийн хорооны хүчний харьцаа тодорхойлогдоно.

Хэрхэн шагнал олгодог вэ?

Шагнал гардуулснаас хойш нэр дэвшүүлэх процесс үргэлжлэх бөгөөд нэгдүгээр сарын 31-ний өдөр нэр дэвшүүлэхийг албан ёсоор зогсоодог. Үүний дараа Шведийн Нобелийн шагнал гардуулах хороо хуралдаж нэр дэвшсэн хүмүүсийг эхний байдлаар хэлэлцэж заримыг нь хасна.

Гэхдээ зүгээр нэг хэлэлцэхгүй. Салбар бүрийн мэргэжилтнүүдийг оролцуулж дэвшүүлсэн санаа, бүтээсэн бүтээл, нээлтүүдийн үнэ цэнийг хэлэлцээд улмаар шалгаруулдаг. Энэ мэтчилэн аравдугаар сард Нобелийн хороо эцсийн шийд гаргах хүртэл сар бүр нэг удаа хуралддаг байна. Аравдугаар сард болох эцсийн хуралдаан дээр Нобелийн шагнал гардах эрхмүүдийн нэр албан ёсоор тодорхой болдог.

Нобелийн хорооны гишүүд тухайн салбарт шагнал гардах хүн дээр ямар нэгэн санал зөрөлдвөл олонхийн саналаар шийддэг байна. Хамгийн сүүлд 1994 онд Нобелийн хорооныхон хүчтэй маргалдаж байжээ. Учир нь тухайн жилд Газын зурваст энх байдал цогцлоох үйлсэд Палестинийн удирдагч Яссер Арафат, Израилын талаас Шимон Перес, Ицхак Рабин нар дээр санал зөрөлдсөн учир гурвууланд нь Нобелийн энх тайвны шагнал гардуулжээ.
 


Хэрхэн нэр дэвшдэг вэ?

Нэр дэвшүүлэх процесс нууц байсаар ирсэн. Гэхдээ 50 жилийн өмнөөс Нобелийн шагналд нэрээ дэвшүүлсэн хэн нэгэн өөрийгөө нээлттэй зарлах болжээ. Норвегийн Нобелийн зөвлөлийн гаргасан судалгаагаар жил бүр 211 хувь хүн, 107 албан байгууллага нэр дэвшүүлсэн өргөдлөө Нобелийн хороонд ирүүлдэг байна. Энэ жилийн хувьд Нобелийн энх тайвны шагналд Fridays for Future байгууллагаас цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунберг, Европын хүний эрхийн шүүхээс Жулиан Ассанж, Эдуард Сноуден, Челси Мэннинг, Хонконгийн иргэд Саудын хүний эрхийн төлөө тэмцэгч Лужан аль-Хатлулыг дэвшүүлжээ.

Нобелийн шагналыг дагалддаг зүйлс

Нобелийн дүр бүхий алтан медаль, диплом, 10 сая Швед крон буюу 1.10 сая ам.доллар дагалддаг.

Нобелийн шагналыг хүртсэн эрдэмтэд шагналынхаа мөнгийг дараагийн судалгааны ажлаа санхүүжүүлэхэд зарцуулдаг бол овжин зарим нь хөрөнгө оруулах замаар шагналынхаа мөнгийг улам нэмэгдүүлдэг. Бүр зарим нь гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулдаг.

Нобелийн энх тайвны шагналыг 1984 онд хүртсэн Өмнөд Африкын хамба лам Десмонд Түтү өөрийн намтартаа “Нобелийн шагнал бол хоёр иртэй сэлэм л гэсэн үг. Нэг өдөр би хэн ч биш байсан бол дараа өдөр нь бүхнийг чадагч болсон лугаа адил” гэсэн нь бий.

Шагнал гардуулах ёслол

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдөр буюу Альфред Нобелийг тэнгэрт дэвшсэн өдөр тусгайлсан гала ёслол болдог.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан энэ жилийн Нобелийн шагнал гардуулах ёслол цөөн зочдын хүрээнд болно. Осло хотын их сургуулийн их танхимд болох ёслолд ердөө 100 хүн оролцоно.


Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top