Нийслэл хот маань олон асуудалтай. Агаар, хөрсний бохирдол, замын түгжрэл, ажилгүйдэл гээд хөвөрнө. Энэ дунд хэдэн монголчууд амьдрах гээд чадахаараа л хичээж яваа.
Төрийн үйлчилгээ авна гэдэг бол хүнд суртлыг тэвчээртэйгээр даван туулахыг хэлдэг юм. Ямар сайндаа “Ажил хөөцөлдөнө” гэж ярьдаг болох вэ дээ. Бүр тодорхой хэлбэл төрийн түшмэл, албан тушаалтныг хүлээнэ гэсэн үг. Татвар, газрын асуудлаар төрийн байгууллагын хаалга манах ч дүүрчээ. Банкинд орсон ч урд нь 40, 50 хүний дараалалтай байх энүүхэнд. Гэтэл автомашины зогсоол гэж юм хотод бараг алга. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргээд, оруулж өглөө гэхэд машинаа хаана тавих вэ. Автобусны хүрэлцээ нь ямар, гэр нь бүх зүйлсээсээ хэр хол бэ гээд нуршаад байвал өчнөөн юм бий.
Тиймээс ч арга ядсан зарим нь машинаа дэл сул тавиад гүйхээрээ явж байгаа харагддаг. Хотын хөгжил, нийгмийн байдал ямар ч байсан хэнбугай ч хууль, журмыг дагах учиртай. Гэхдээ машин ачдаг нөхөд маань журам сахиулахаас илүүтэй орлогод шунасан байдлаар ажиллаад байна. Хотод тэдний байгуулсан журмын хашаа ч нэлээд нэмэгдсэн байна лээ.
Машин ачихдаа зарлаж байгаа юм алга. Бүр дөнгөж өргөж зүүгээд булан тойрч эзнийг нь төөрүүлсэн хойноо бууж бэхлээд цааш явж байгаатай таарлаа. “Эзнийг нь таньдаг юм дуудъя” гэж машиныг нь саатуулсан хүнийг тонгорч унагаагаад явж байна. Ийм дээрэмчин байдлаар ажиллаж болох уу. Цагдаатай явахаа больчихсон уу.
Хотод амьдрах гэдэг бол зохицон амьдрахын нэр. Зөв шаардлагыг дуулгавартай биелүүлэх учиртай. Машин ачилтын гэх нөхөд ч аваад зугтахыг урьтал болгох биш ном журмаараа ажиллах ёстой биш үү.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )