Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод уртын харайлтын улирал дуусаж, уран гулгалтын сарууд эхэлж байна. Харин хотын дарга сэтэртэй болгон сонгуульд дайчлагдсан болохоор айсуй өвлийн хальтиргаанд санаа чилээх хүн олдохгүй нь. Гудамжаар л нэг дагуултай нь дагуулаа цувуулан, даргатай нь даргаа бараадан сайн сайхан орчин бий болгосноо гайхуулцгааж байгаа. Гэвч тэд цалин авдаг үндсэн ажлаа хаясан, ер нь Монголд өвөл болдгийг умартсан байдалтай.
Тоо баримтаас харахад, анхны цас орсон даруйд хотын гудамжинд хальтирч унасны улмаас Гэмтлийн эмнэлэгт өдөр бүр 100 ханддаг гэсэн харамсалтай мэдээ бий. Үүнээс гадна авто зам мөстсөний гайгаар хэдэн зуугаар тоологдох иргэн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирдог гэж бодож байна. Энэ бүх эрсдэлийг хаах үүрэг хүлээж, төсвөөс цалинждаг албан хаагчид орон нутгийн сонгуульд хүч нэмэрлэхдээ, фотошопоор засвар хийсэн ах, эгч нарын зурагтай самбарын хамгаалагч болон хувираад байгаа. Тангараг өргөсөн төрийн албан хаагчид түмний албыг даргын хаянаасаа дорд үзэж буй хэрэг л дээ. Ямар сайндаа л хотын удирдлагуудын шуурхай хуралдаан дээр ганц дарга өөрөө өөртэйгөө ярих вэ.
Хотын даргын үүрэг гүйцэтгэгч хүн хоосон сандал ширээ загнасан шигээ шараа болсон. Төрийн албаны тангараг мартагдаж, даргын нэр төр ч дүүрч. Эцсийн дүнд нь энэ муу хотын иргэд бид л эрүүл мэнд, эд хөрөнгө, цаашлаад амь насаараа хохироод үлддэг дүр зураг давтагдана шүү. Харин зам, талбайн мөсийг хөөрхий тохижилт үйлчилгээний хэд нүцгэн гараараа малтаж таараа даа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )