АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн эрдэмтэд Францын одон орон судлаачидтай хамтран Дэлхийн ван гарагийн экваторын харанхуй бүс дэх Ктулху бүс нутгийн гэрэл зургаас уул, өндөрлөг газруудын орой дээр метан цасан бүрхүүл илрүүлжээ. Их хэмжээний цасны нөөц маш өвөрмөц байдлаар бий болсон бөгөөд Дэлхий дээрх үзэгдлээс тэс өөр гэж одон орон судлаачид онцолжээ.
“Nature Communications” сэтгүүлд бичсэнээр, Дэлхийн вангийн уулсын орой дээрх цас агаарын урсгал хөрөх явцад бий болсон бус Дэлхийн вангийн тэгш газраас олон км-ийн өндөрлөгт их хэмжээний метан хуримтлагдан улмаар уулын орой дээр нягтарсны үр дүнд бий болжээ.
2006 оны нэгдүгээр сард НАСА агентлагийн хөөргөсөн “New Horizons” сансрын хөлөг 2015 оны долоодугаар сард Дэлхийн ван гараг орчимд хүрч, одой гарагаас 13 мянган км зайд нисэхдээ олон тооны гэрэл зураг авч, Дэлхий рүү илгээжээ. Эдгээр гэрэл зураг дээр хүн төрөлхтөн Дэлхийн вангийн алдарт “зүрх”-ийг анх удаа харснаас гадна мөсөн гол, галт уул илрүүлсэн билээ. “New Horizons” сансрын хөлөг дээр байрлуулсан “LORRI” камерын авсан гэрэл зургийг судалсны эцэст эрдэмтэд хоёр жилийн өмнө одой гарагийн ноён оргилуудын энгэрт олон тооны цагаан толбо байхыг анзаарсан байна. Хожим нь эрдэмтэд тэдгээрийн бүтцийг судалсны үндсэн дээр гол төлөв метанаас бүрдсэнийг нь тогтоожээ. Эхэндээ эрдэмтэд эдгээрийг метан мөс гэж үзэж байсан бол Танги Бертранд тэргүүтэй эрдэмтэд Дэлхийн вангийн экваторын уулсын энгэр болон орой зөвхөн мөс төдийгүй метан цасаар хучигдсан болохыг тогтоосон байна.
Сэтгэгдэл ( 1 )
PZDA CHINI LATIN NEREER NI NERLEECHEE,DELHII VAN GEJ YAMAR BAAS NI BAIDIIN YAMAR CHI NEEGEE YU