Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
УЛААН ҮСТ ЧӨТГӨР ЛИНЬ ГУАНЬ СҮМД СОГТОВ
ЧАО ТЯНЬ ВАН ДҮН ШИ ЦҮНЬ ХОТНОО ЖУРАМТНЫГ ОЛОВ
Өгүүлэх нь, Лэй Хэн, Линь Гуань сүм улаан үст хүнийг барьж, Дүн Ши Цүнь хот дарга Чао овогт даргын гэрт урьдаар хоол идэж сүүлд хотын яамнаа буцъя хэмээн явав. Энэ Дүн Ши Цүнь хотын даргын овог Чао нэр Гай тус хотын тэргүүн баялаг аж. Газар бүрийн сайн эрс лүгээ нийлдэг болой. Ямар ч хүн түүний гэрт ирвээс асран тэтгэж явах цагт мөнхүү замын хүнс өгмүй. Энэ хүний сурсан нь жад шийдмийг боловсон сурчээ. Юн Чэн Сянь хотын гадна Дүн Ши Цүнь, Ши Цүнь хэмээх хоёр бага хотын дунд нэгэн их нуур буй. Угаас Ши Ши цүнь буй. Дүн Ши Цүнь үгүй буй. Ши Ши Цүньд чөтгөр үймлэх тул урьд түүгээр нэгэн увдист хүн өнгөрөхөд тус газрын хүн нар тэрхүү газрыг тайван болгож, арга асуусан тэнд нэгэн суварга босгожээ. Энэхүү учрыг ч Гай хүнээс сонсож энэхүү суваргыг тэврэн авчирч өөрийн нутагт тавьсанд олон хүн ч Гайг суваргат махаранз хэмээн цол өргөжээ. Үүнийг Лэй Хэн мэдэх тул мөн тэр айлын үүдэнд ирж хаалгыг дуудсанд Чао Гай даруй босож хаалга тайлж дотогш оруулав. Баригдсан хүнийг үүдний гэрт дүүжлэв. Лэй Хэн дотогш гэрт орсонд цай боов идүүлж, Чао Гай асууруун: - Лэй Хэн дарга ямар хэргээр энд ирэв. Лэй Хэн хариу өгүүлрүүн: - манай харъяат ноёноос Жү Түн манай хоёр хүн нь хулгай бариулахаар гаргасанд би нэгэн муу хүнийг олж бариад орой болсон тул танай энд ирж эрхмийн гэрийг зовоов бүү муу санагтун хэмээсэнд Чао Гай гайгүй хэмээн хэлж зарц нартаа өгүүлрүүн: - хурдан архи зууш бэлтгэгтүн хэмээн хэлж бас асууруун: - та нар сая нэгэн бага хулгайг барив хэмээмүй. Тэр ямар хүн Лэй Хэн өгүүлрүүн: - согтуугаар унтаж бүхий нэгэн нүцгэн хулгайг барьсан танай харъяат газар тул эрхэм танд мэдэгдэе хэмээн ирсэн бүлгээ хэмээв. Түүнээс архи ууж, будаа идэж байтал Чао Гай бодов. Эд нарт баригдсан нь хэн болов хэмээн санаж бүр гадна гарч тэр хүний дэргэд ирж үзвээс тас хар биетэй, биенд үс ургасан, шар сахалтай нэгэн хүн ажгуу.
Чао Гай асууруун: - чи хааш хүн буй, яахин ийнхүү баригдав хэмээсэнд, тэр хүн өгүүлрүүн: - би хол газраас ирсэн буй, чам лугаа уулзахаар ирээд харин энэ хүнд хулгай хэмээн баригдав хэмээсэнд Чао Гай өгүүлрүүн: - чи над шүтэж ирсэн болбоос би чамайг аварбаас зохимуй. Чи намайг нагац хэмээн дуудагтун. Тэр цагт би Лэй Хэнд учирлан хэлж чамайг арга бодож аварсугай хэмээн захиж буцаж гэртээ ирээд Лэй Хэнгийн хамт мөн ууж байтал тэнгэр гэгээрсэнд Лэй Хэн өгүүлрүүн: - үүр цайв. Бид явсугай хэмээсэнд Чао Гай өгүүлрүүн: - эрхэм дарга хүлээсэн алба чухал тул хожим энд ирвээс доорд гэрт морилж, цай зооглохыг хүсмүй хэмээв. Лэй Хэн өгүүлрүүн: - энэ газар ирвээс эрхгүй ирмүй хэмээн хэлж их үүдний ойр ирж дүүжилсэн хүнийг буулгаж авчрахуйд Чао Гай өгүүлрүүн: - юун ийм урт биетэй эр буй. Лэй Хэн өгүүлрүүн: - Линь Гуань сүмд согтуу унтах байн баригдсан нь энэ хүн болой хэмээн хэлж барахын урьд тэр хүн нагац авгай амин аврах болов уу хэмээн бархирахад, Чао Гай зоримогоор түүний дэргэд очиж үзээд өгүүлрүүн: - Энэ нь Ван Сань бус буюу хэмээсэнд тэр өгүүлрүүн: - би даруй мөн хэмээв. Үүнд Лэй Хэн асууруун: - Энэ хүн таны ямар төрөл буй хэмээсэнд Чао Гай өгүүлрүүн: - энэ нь миний зээ хөвгүүн, дөрөв таван насны үед хүнд үрчлүүлсний хойно, арван хэдэн насанд нэгэн удаа ирснээс хойш ер үзэгдсэнгүй, сонсвоос сайн хүн лүгээ нийлж сайн замаар явдаггүй хэмээмүй хэмээсэнд, тэр хүн өгүүлрүүн: - би эдүгээ хүртэл хулгай хийсэнгүй билээ хэмээхэд Чай Гай хуурмагаар уурлаж, цэргийн хүнийг бялуугаар булаан авч тэрхүү хүнийг учиргүй занчихуйд, тэр хүн уйлан өгүүлрүүн: - нагац авгай намайг занчихыг өнгөрүүлэх болов уу, би урьд нэгэн удаа ирснээс хойш одоо энэ удаад тань лугаа уулзахаар ирээд нэгэн хундага архи уусанд ихэд согтож, аймшиггүй ирж чадсангүй. Тэрхүү сүмд унтаж байтал эд нар хөөрхий намайг зэргээр занчиж бариад энд авчрав хэмээсэнд, Чао Гай худал хэмээн дэмий л занчихуйд, Лэй Хэн нар харин улбар ядаж, даруй хоригловч Чао Гай үл мэдэгчнээр ихэд зэмлэн өгүүлрүүн: - чи архи уух дуртай болбоос бэлхэн манай гэрт ирж ууваас барав, гадуур явж архи уун, сүмд согтуу хэвтэж албаны хүнд баригдаж, ийнхүү явах нь ичгүй буюу хэмээн нэн занчих байдал үзүүлэхэд Лэй Хэн цэргүүд арга барагдан даруй урагш ирж хориглон гуйн өгүүлрүүн: - бид танай зээг таньсангүй, барьж хүлсэн нь ихэд буруу болов. Таны зээ мөний тул одоо танд тушаан өгсүгэй. Эс таньснаар ийнхүү болов. Занчихыг байх болов уу, бид одоо буцсугай хэмээн гуйв. Үүнд Чао Гай өгүүлрүүн: - эрхмүүд эс гуйсан аваас энэ мууг занчиж алах билээ. Та бүхэн гэртээ морилж, бага сууж, цай ууж, жич буцваас мөн оройтох юун буй хэмээн гэртээ оруулж, анир тавин суулгаж, цай барьсны хойно, арван лан мөнгө гаргаж Лэй Хэнд барьж өгүүлрүүн: - эрхэм дарга ядуу гэрт өөд болж ирсэн тул энэхүү бага мөнгийг хоосон сэтгэл болгон өргөмүй. Бага хэмээн чамлаваас хураамжлан авах ажаамуу хэмээн барьсанд Лэй Хэн өгүүлрүүн: - тийм ёс үгүй хэмээн огт хүлээн авахгүй, Чао Гай өгүүлрүүн: - эс аваас магад бага хэмээжээ хэмээсэнд Лэй Хэн аргагүй хүлээн авч өгүүлрүүн: - үүнээс хойш эрхмийн ачийг сүслэн хариулсугай хэмээв.
Чао Гай тэрхүү хүлэгдсэн хүнийг оруулж ирүүлээд Лэй Хэний амрыг ирүүлж танилцуулав. Чао Гай мөн сул мөнгө авч хорин цэргийн хүн нарт шагнан өгч, хотын зах хүртэл үдэж гаргав. Түүнээс Чао Гай тэрхүү хүн лүгээ гэртээ ирээд, түүнд хувцас өмсгөн суулгаж асууруун: - Чиний нэр овог хэн, гэр нутаг хаа буй хэмээн асуусанд, тэр хүн өгүүлрүүн: - миний овог Лю нэр Тан, Лу Жоугийн хүн, миний жажуурт улаан үс буй тул хүн намайг улаан үст чөтгөр хэмээн цол өгчээ. Би энд ирсэн учир болбоос танд дээрмийн мэдээ хүргэж ирэхээр яваад, бага архи ууж согтоод, унтаж байн тэдгээр хүн нарт баригдаж, энд хүрэгдэн ирээд, зол мэт танд уулзаж, амийг гарсан тул одоо би танд ачийг хариулж мөргөсүгэй хэмээн олонтаа мөргөв. Үүнд Чао Гай дахин асууруун: - Чи сая над мэдээ хүргэхээр ирсэн хэмээгч юуны мэдээ буй. Лю Тан өгүүлрүүн ах чиний журамтай санаа, баатар нэр газар оронд алдаршсан тул Шаньдун мужийн олон сайн эрс цөм таныг магтан гаргаж хэлэлцэх тул, би сая сонсвоос Да Мин Фү хотын Лян Жүн Шүгийн газраас гурван түмэн лан мөнгөний сайн эдлэл, эрдэнийн зүйлийг гаргаж, Дунжин хотноо түүний хадам эцгийн газарт хүргэх хэмээн сонссон тул үүний мэдээ урьдаар танд хэлж, эртхэнээс зөвлөлдөн тогтож, их ашиг олбоос сайн болов уу хэмээн санаж ирэхээр яваад ийн болов хэмээв хэмээсэн Чао Гай өгүүлрүүн: - энэ явдлыг дахин хэлэлцье. Чи эдүгээ биеэ амарч, нэгэн өдөр өнжигтүн хэмээхүйд Лю Тан нэгэн байшинд очиж унтсаны хойно дотноо бодруун: - Энэ Лэй Хэн намайг согтуу унтаж бүхийд гэнэдүүлэн барьж авчраад нэгэн шөнө дүүжилсэн энэ өшөө яахин зүгээр өнгөрүүлж болмуй хэмээн санаж даруй босож, нэгэн сэлэм барьж, гүйн гарч, хотын баруун хаалгаар гаран Лэй Хэний хойноос агнаж барааг харваас Лэй хэн цэргээ дагуулж алгуураар явмуй. Үүнд Лю Тан их дуунаар хашхиран өгүүлрүүн: - Лэй Хэн чи алгуур явж болохгүй, намайг хүлээгтүн хэмээн дуудваас Лэй Хэн хойш эргэж үзвээс, тэр өдрийн баригдаж Чао Гайгийн гэрт үлдсэн хүн ажгуу. Хүлээн байтал тэр хүн ирээд өгүүлрүүн: - Лэй Хэн чи зүгээр унтаж байсан хүнийг барьж авчраад, албаны сүрээр айлган, миний нагац ахын арван лан мөнгө ашиглан авч, зүгээр шингээе хэмээх буюу.
Тэрхүү мөнгийг зүсэм тоогоор буцааваас барав. Үгүй болбоос би чамайг хэрхэвч хялбараар үл өнгөрүүлэхээс гадна, уг мөнгийг хоёр хувь болгож авмуй хэмээн зам хөндлөн зогсохуйд, Лэй хэн ихэд уур хүрч хараан өгүүлрүүн: - хулгайчийн яс нохой сэтгэлт өчүүхэн боол чи ийм болбоос Чао Гайг эрхгүй хэрэгт оруулмуй. Одоо Чао намайг эрхбиш залхаамуй хэмээн занаж сэлмээ тайлан ирэхэд Лю Тан тачигнатал инээн хүлээн авч хоёул тавин хэдэн удаа зөрөлдөн хэн хэнийг дийлсэнгүй байтал Лэй Хэний дагуулсан цэрэг амь тавин байлдая хэмээн урагш орохын хэрд Лю Тан нэн хүчирхэн байлдаж бүхүйд замын ойрх нэгэн айлаас хоёр гартаа муна барьсан нэгэн хүн гарч ирээд өгүүлрүүн: - та хоёр одоо байлдахаа байтугай. Би үзвээс та хоёр хэн хэнээ дийлэх бус хэмээхүйд, үзвээс энэ хүн бичгийн хүний байдалтай, даруй ойр ирээд гуулин мунаар хоёр тийш нэг нэг түлхэж зогсоов. Үүнд тэр хоёр түр зогсож сайтар нягтлан үзвээс, тэр хүн хар өнгийн торгон дээл өмсөж, шар задгай бүс ороож, тэргүүндээ суулганы хэлбэртэй малгай, зүс байдал ухаан эрдэм төгөлдөр, нүд хөмсөг зэргээс өөр бөгөөд хөөмөг адил төржээ. Энэ нь Ү Юн сяншэн хэмээгч Жи Дуо Шин хэмээн цол өгчээ. Энэ нь түгээмэл бодлогот гэсэн үг болой.
Энэ хүн асууруун: - та хоёр ямар хэрэгт ийнхүү занчилдмуй хэмээн асуусанд Лэй Хэн өгүүлрүүн: - та мэдэхгүй нь зөв, энэ боол нь хулгайч хүн, манд баригдаж Чао Гай үүний амийг аварч манд арван лан мөнгө барилга өгснийг нь харин буцааж авах хэмээн ирээд над лугаа занчилдмуй хэмээсэнд Ү Юн сяншэн Лю Танд өгүүлрүүн: - чиний нагац дуртайяа бэлэг болгон өгсөн юмыг чи харин аймшиггүй эгүүлэн авах болбоос чиний нагацын нүүрт ичингүйрэл болмуй. Чи үл авбаас барав. Би чиний нагац лугаа сайхан ханилсан тул хожим би чиний нагацад хэлсүгэй. Чи зүгээр буцагтун хэмээсэнд Лю Тан өгүүлрүүн: - миний нагац дуртайяа өгсөн бус, энэ албадаж авсан тул би хэрхэвч эгүүлэн агнаж авмуй хэмээв. Лэй Хэн өгүүлрүүн: - Чао Гай над өгснөөс бус, чи над өгсөн бус. Лю Тан өгүүлрүүн: - чи зүгээр хүнийг хулгайч хэмээн бариад эцэст мөнгө мэхлэн авсан бус буюу.
Чи эс өгвөөс миний энэ сэлэм чамайг амьд явуулахгүй хэмээсэнд Лэй Хэн чамаас авсангүй тул өгөх ёс үгүй хэмээн хоёул мөн дахин занчилдахад, Ү Юн мөн хориглон салгав. Цэргийн хүн нар өгүүлрүүн: - Чао Гай ирэв хэмээхүйд, эргэж үзвээс Чао Гай үнэхээр хүрч ирээд Лю Танг хараан өгүүлрүүн: - адгуус чи яахин ийм ёс хэмээн Лю Танг хараасанд, Лэй Хэн өгүүлрүүн: - чи зээ хөвгүүнээ явуулж барьсан мөнгөө нэхэмжилсэн тул мөнгийг чамд тушаан өгсүгэй хэмээсэнд Чао Гай өгүүлрүүн: - энэ малыг энд ирснийг би үнэхээр мэдсэнгүй, эрхэм дарга миний нүүрийг санаваас үүнийг сул өнгөрүүлмүй хэмээн гуйн хэлэхэд Лэй Хэн өгүүлрүүн: - үүний худал хэлж ирснийг би мэдэх билээ. Харин бас таныг зовоож эдий хол ирүүлжээ хэмээхүйд Ү Юн сяншэн өгүүлрүүн: - Чао Гай чи ирсэн болбоос их хэрэг гарах билээ. Чиний энэ зээ чадал бага бус, би эс ирж хориглосон аваас Лэй Хэн хэрхэвч хор олох болой. Чиний зээ хаанаас ирсэн болой. Би урьд огт үзсэнгүй болой хэмээв. Чао Гай өгүүлрүүн: - би энэ хэргийг зөвлөхөөр таныг залах хэмээж байтал энэ адгуус гэрт үгүй. Гэрийн хүнээс асуувал харин сэлэм барьж ирэв хэмээхийг сонсоод хойноос агнаж ирэв. Эрхэм сяншэн хориглон зогсоосон нь сайн болой. Эрхэм сяншэнг залж манай хотонд очсугай хэмээн хэлсэн сяншэн яаран гэртээ орж, хувцасыг арилжиж өмсөөд, үүдээ оньсолж, Чао Гай, Лю Тан, Ү Юн гурвуул гэртээ харьж ирэв. Ү Юн асууруун: - Энэ нь ямар хүн. Чао Гай өгүүлрүүн: - энэ нь газар газар нэр үлдээсэн сайн хүн, над нэгэн мэдээ хүргэж ирсэн хүн. Сонсвоос Да Мин Фү хотын Лян Жүн Шү гурван түмэн лангийн нарийн эд үнэтэй юмыг Дунжин хотонд суух түүний хадам эцгийн гэрт бэлэг хүргэмүй гэнэм. Энэ Лю Тан хэмээгч над мэдээ хүргэж ирснээс гадна, миний өчигдөр шөнө долоон од миний гэрийн дээр унаж, бас нэгэн од цагаан гэрэл болон нисч одов хэмээн зүүдлээд энэ өглөө эрхэм сяншэнг залж энэ зүүдийг тайлуулъя хэмээсэн билээ хэмээн өгүүлэхэд Ү Юн сяншэн өгүүлрүүн: - энэ зүүд маш сайн, би их төлөвийг мэдэв. Энэ хэргийг хийхүйд долоон найман сайн эр болбоос даруй хүрмүй. Олон хүн болбоос тусгүй хэмээсэнд Чао Гай өгүүлрүүн: - миний зүүдэнд нийлүүлэн өгүүлэх буюу хэмээсэнд Ү Юн сяншэн өгүүлрүүн: - тийм бус энэ зүүд маш хэцүү. Хойд зүгээс таныг түших хүн ирмүй зээ хэмээн нэлээд бодлого бодож хуруугаа дарж үзээд, за за болмуй хэмээв. Чао Гай өгүүлрүүн: - сяншэнгийн дотор зузаан ханилсан хүн буй аваас одоо очиж залсугай. Хэрэг бүтсэний хойно адил хуваан авсугай хэмээв. Ү Юн өгүүлрүүн: - Дүн Ши Жуанд ёс журмын ах дүү дээрэм хиймүй. Ши Шие Цүньгийн дотор загас барих онгоц, зэмсний онгоц болмуй. Ү Юн сяншэн өгүүлрүүн: - тэнгэрийн аман нээж, мөрөн голыг урвуулж, далайг хутгах хүн ирмүй хэмээв. Ямар хүн ирэхийг дараах бүлэгт үзэгтүн.
Сэтгэгдэл ( 0 )