Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
Ү ЮН СЯНШЭН ГУРВАН РУАНЬ ОВОГТЫГ ОРУУЛЖ АВАВ
ҮН СУНЬ ШЭН ДОЛООН ОДНЫ ЖУРМЫГ ХҮЛЭЭВ
Өгүүлэх нь: Ү Шүэ Жю энэ нь Ү Юн сяншэн болой. Энэ Ү Юн сяншэн өгүүлрүүн: - би эдүгээ бодож олов. Буцалгасан ус, шатаасан галаас айхгүй гурван хүн буй. Энэ гурван хүнээс олбоос энэ хэргийг бүтээж чадахгүй хэмээв. Чао Гай асууруун: - энэ хүний овог хэн, хаа буй хэмээсэнд Ү Юн өгүүлрүүн: - энэ гурвуул ах дүү Лян Шань Фүгийн хажууд Ши Шие Цүньд суумуй. Загас барьж аж төрмүй. Юм тохиолдвоос мөн дээрэм хиймүй. Ахын цол газар зогссон тайсуй Руань Шяо Эл, хоёрдугаар амин таслагч Эл Лан Руань Шяо Ү, гуравдугаар амьд эрлэг Руань Шяо Чи хэмээмүй. Энэ гурав нэгэн эхээс төрсөн ах дүү болой. Би бага насан энэ гурвуул лугаа айл суухад эдэн нар ном үзсэнгүй боловч ёс журмыг сайн мэдмүй. Энэ хэдэн жил над лугаа эс уулзсан боловч энэ гурвыг олвоос их хэрэг даруй бүтмүй хэмээв. Чао Гай өгүүлрүүн: - эдний нэрийг би мөн сонссон, зүс уулзсангүй. Энэ гурвыг хүн илгээж залж ирсүгэй хэмээсэнд Ү Юн сяншэн өгүүлрүүн: - бус хүнийг илгээвээс ирэхгүй, би мөн биеэр очвоос авчирч чадмуй. Би уран үгээр хэлэлцэж тэднийг даруй залж ирсүгэй. Хэрэг бүтээхүйд эрт завдваас сайн.
Би мөн энэ шөнө гурван жингийн цагт явж, маргааш үдийн өмнө ирье хэмээхүйд Чао Гай ихэд баярлан, даруй будаа архи бэлтгэж, ихэд найрлахад Ү Юн өгүүлрүүн: - Бээжин, Дунжин д олон очсон боловч энэхүү Цай Тай Шигийн төрсөн өдөрт хүргэх бэлэг чухам аль замаар явахыг Лю Тан чамайг зарж, Бээжин илгээе. Чи чухам аль замаар явахыг сайтар магадлаж мэдээд, даруй нааш хэл хүргэж иртүгэй хэмээхүйд Лю Тан: - би мөн энэ шөнө явсугай хэмээсэнд Ү Юн сяншэн өгүүлрүүн: - эдүгээ мөн дөч гаруй хоногийн чөлөө буй. Би өөрийн Руань овгийн ах дүү гурвыг залж ирсний сүүлд чи жич очсугай хэмээв. Түүнээс Ү Юн сяншэн тэр шөнө гурван жингийн цагт ганцаар явж Ши Ше цүнь-д хүрч ирээд, Руань овгийн гэрийг мэдэх тул Ү Юн шулуун явж, үүдэнд хүрч, хоёрдугаар ах гэрт байна уу хэмээхүйд, Руань Эл сонсоод гүйн хүрч ирээд, тэргүүндээ уранхай малгай, биендээ хуучин дээл өмсөж, хөл нүцгэнээр сандран гарч, Ү Юнг үзээд асууруун: - Эрхэм ах аль зүгийн салхинд хийсч, энд ирэв хэмээхүйд Ү Юн өгүүлрүүн: - Өчүүхэн хэргийн учир энд ирэв хэмээхэд. Руань Эл өгүүлрүүн: - ямар хэрэг боловч хэлтүгэй хэмээхүйд Ү Юн өгүүлрүүн: - би эндээс явсаар хоёр жил илүү болж, нэгэн баялаг гэрт үүд харах хүн болов. Эдүгээ нэгэн их хурим бүхий тул загас хэрэглэмүй, үүнд нэгэн загас арван хэдэн жин хүрэх алтан өнгөт ли юй хэмээх загас хэрэглэх тул би энд ирэв хэмээхүйд Руань Эл өгүүлрүүн: - бид гэрт орж гурван хундага архи уусугай.
Ү Юн сяншэн өгүүлрүүн: - би мөн ах дүү нар лугаа гурван хундага архи уух хэмээн санасан билээ хэмээн хэмээсэнд: - тийм болбоос энэ усан цаад талд нэгэн архины пүүс буй. Тэнд очиж архидсугай хэмээн хэлэлцэж хамт онгоц сууж явтал зэгэсэн өвсний дотроос Руань Шяо Чи онгоцоор гарч ирээд, наран халхлан малгай өмсөж, усны хувцас өмсөж, нааш ирээд нүүр уулзаж, баясгалан царай, сул үг хэлэлцэн бүгдээр онгоц сууж архины пүүсний үүдэнд хүрч, Руань Эл хөгшин эжий хэмээн дуудаж асууруун: - миний тавдугаар ах хаа одсон хэмээхүйд, дотроос эмгэн өгүүлрүүн: - зодвоос хүчин хүрэхгүй, сургаваас үг сонсохгүй өдөр бүр зоос наадмуй. Сая бас хүрч ирээд миний толгойд хатгасан сүлбээрийг аваад явав хэмээсэнд Руань Шяо Чи инээн цааш явсанд Руань Эл өгүүлрүүн: - Ах зоос наадаж алдахаар үл барам, би эдүгээ наадаж алдаад, аливаа хувцасыг бодож өгөөд, чармай нүцгэн явж буй хэмээн өгүүлэхийг Ү Юн сонсоод дотроо сэтгэрүүн: - та нар ийм болбоос миний аргад оров хэмээн бодож, хамт явж архины пүүсэнд ирвээс Руань Шяо Ү гартаа хоёр хэлхээ зоос барьсаар ирж, ёслон уулзаж, малгай хазгай өмсөж, дан дээл нөмөрч, өвчүүгээ ил гаргаж, цамцанд задгай алчуур бүсэлж, баахан согтуу байдал буй.
Үүнд Ү Юн сяншэн өгүүлрүүн: - Ү ах та сайн уу хэмээхүйд, Руань Шяо Ү өгүүлрүүн: - эрхэм сяншэнээс салсаар ихэд удав. Эдүгээ олон үг хэрэг, хамт явж архи ууя хэмээн гурван онгоц хөлөглөж харвах мэт явж усан тэнгийн дотор хүрч онгоцыг уяж, архины пүүсэнд орж, ах дүү гурвуул Ү Юн ах этгээдэд ёслон суулгаж, хүндэн архи барихад Ү Юн чингэж болохгүй хэмээн дөрвөн хүн зэрэгцэн суусны хойно, архины хүнийг дуудаж, даруй хоёр хувин архи авчруулан, ногоо тавьж, дөрвөн их аяга авчирч, архи ууж, үхрийн мах арван жин авчирч, ихэд идэж уухын дунд, Ү Юн сяншэн өгүүлрүүн: - энэ өдөр олон нөхдийг ихэд зовоов. Энэ ачийг дүү би хожим хариулсугай хэмээв. Түүнээс нэлээд удаан найралж, мах идэх нь тэдний ах дүү гурвуул чоно адил зажилж, барс адил залгимуй. Руань Шао Ү Ү Юнгээс асууруун: - та энд ямар хэрэгтэй ирсэн буй хэмээхүйд, Ү Юн өгүүлрүүн: - би эдүгээ нэгэн баялаг айлд бичиг зааж буй тул над хэдэн ли юй хэмээх загас авахаар ирэв хэмээхэд Руань Шяо Ү өгүүлрүүн: - эрхэм сяншэн энд ирсэн тул дөрвөн таван жингийн загасыг бид хэдийг сэтгэлээр хүргэвээс зохимуй хэмээхүйд Ү Юн өгүүлрүүн: - мөнгө бэлэг өгмүй би, эрхгүй арван дөрвөн таван жин загас авмуй хэмээхүйд, Руань Шяо Эл өгүүлрүүн: - тэдий бүдүүн загас хаанаас олдмуй хэмээхүйд Ү Юн т ийм болбоос хожим болъё хэмээгээд, дотроо сэтгэрүүн: - мин ий ирсэн хэргийг энд хэлэлцэж болохгүй, мөн энэ гурвын гэрт очиж хэлэлцвээс зохимуй хэмээн эрхэм нөхөр бид эдүгээ танай гэрт очиж хэлэлцсүгэй хэмээн өгүүлээд архины зоосыг би өгсүгэй хэмээн архины зоосыг Ү Юн өгч бас өгүүлрүүн: - эндээс нэгэн хувин архи авч мөн хотоос тахиа ба хонины мах авч бид дөрвүүл энэ шөн согттол архи ууваас ямар буй. Ах та ийнхүү архи уусугай хэмээвээс ах чи зоос гаргах ёс буй буюу.
Тэр ёсоор бид бэлдвээс зохимуй хэмээхүйд Ү Юн өгүүлрүүн: - миний үгийг эс дагаваас би даруй явсугай хэмээхэд тэ гурав тийм болбоос мөн сяншэнгийн үгээр болъё хэмээхүйд Ү Юн даруй нэгэн лан мөнгө гаргаж, архи мах авахуулж, дөрвүүл хамт явж гэртээ харив. Шөнө лаа дэн шатааж, дараагаар нэгэн тахиа алж, архи зууш ногоог бэлтгэж ширээн дээр тавьж цөм сууцгааж, архи уухайд Ү Юн өгүүлрүүн: - таны энд бүдүүн загас байхгүй болов уу, Лян Шань Фү-д буй болбоос авчирч өгөхгүй буюу хэмээхүйд Руань Шяо Эл өгүүлрүүн: - Лян Шань Фү нь манай амийг зуухын хөрөнгө болох газар буй. Түүнээс гадна тэрхүү уулын хүн хэцүү, ойр хавийн газраас загас бариулахыг зогсоосон буй хэмээхүйд Ү Юн өгүүлрүүн: - энэ учрыг би үл мэдмүй. Энэ газрыг ямар хүн эзэлсэн буй би огт мэдэхгүй тул би олж сонсохыг хүсмүй хэмээхүйд Руань Шяо Чи Ван Луньгийн зэрэг хэдэн хүний эрсийг нэг нэгээр хэлж өгсөнд Ү Юн эдгээр үгийг сонсоод хариу өгүүлрүүн: - ийн болбоос албан газар мэдүүлж байцаан бариулахгүй юунд ийнхүү сул дураар явуулмуй хэмээхүйд албан яамны газраас цэрэг ирэвч талаар. Эд нар лугаа тэнцэж чадахгүй хэмээхүйд Ү Юн өгүүлрүүн: - тийм болбоос тэд нарыг ер захирах газар олдохгүй буюу хэмээхүйд Руань Шяо Ү өгүүлрүүн: - тэжээсэн цэрэг, хураасан алт мөнгө элбэг дэлбэг тул тэд үнэхээр дураар газрыг эзэлжээ.
Манай ах дүү гурав хэдий их тэнхээ чадалтай бий боловч тэдний адил аж төрөхөд үл дурламуй хэмээхүйд Ү Юн өгүүлрүүн: - тийм дээрэмчин нарыг дууриаж юу хиймүй хэмээв. Руань Шяо Ү өгүүлрүүн: - энэ цагт тэнгэр мэт их хэрэг үүсгэвч ял хэлэлцэх газар үгүй болсон. Хэрвээ нэгэн өөд татах хүн буй аваас бид мөн нэгэн хамт явж, энэ мэт аж төрөе хэмээн санамуй хэмээхүйд Ү Юн өгүүлрүүн: - ийм болбоос би эрхмүүдэд нэгэн зам зааваас та гурав мөн дагах буюу хэмээхүйд тэд нар зэргээр өгүүлрүүн: - бид айх явдал манд үгүй, галд харайж орох боловч буцах учиргүй хэмээхэд Ү Юн өгүүлрүүн: - та гурав Лян Шань Фүд очиж тэдгээр хулгай нарыг барьж чадах буюу. Руань Шяо Чи өгүүлрүүн: - барихад маш хялбар, гагцхүү бусад хүн нэгэн намын нөхдөө барив хэмээн хэлэхээс аймуй хэмээв. Ү Юн өгүүлрүүн: - тийм болбоос та нар тэдэн лүгээ хамт очиж нийлж сууваас ямар хэмээхүйд Руань Шяо Чи өгүүлрүүн: - бид хэдэн нөхөрлөе хэмээсэнд тэдний санаа муу хэмээн сонссон тул, бид нийлж нөхөрлөх сэтгэл үгүй болов. Бид тэдэн лүгээ нийлэхийг байж, ах лугаа адил нэгэн сайн сэтгэлт хүн олдвоос даруй нөхөрлөх нь магад хэмээхүйд Ү Юн өгүүлрүүн: - энэ Шаньдун мужид сайн эрс бүгд хичнээн буй хэмээхүйд Руань Шао Эл өгүүлрүүн: - сонсвоос сайн эрс олон буй хэмээвч бид уулзсангүй хэмээхүйд Ү Юн өгүүлрүүн: - Дүн Ши Цүньд нэр гарсан Чао Гай хэмээгчийг үзсэн буюу хэмээхүйд, Руань Шяо Ү өгүүлрүүн: - суваргат махаранз хэмээн цол авсан тийм нэгэн хүн буй хэмээн сонссон, эдүгээ хүртэл нүүр уулзсангүй хэмээхүйд Ү Юн өгүүлрүүн: - ийм нэгэн алдар бүхий сайн эр байтал та юунд очиж уулзахгүй хэмээхүйд Руань Шяо Чи өгүүлрүүн: - манд тусгайлсан хэрэг үгүй тул бид уулзсангүй хэмээв. Ү Юн өгүүлрүүн: - энэ хоёр жилд би тэнд сууж, Чао Гайгийн тэнд хотонд хүүхдэд бичиг зааж байх тул, Чао Гай лугаа танилцсан тул над хэлж илгээсэн нь энэ үе нэгэн их ашиг буй бөгөөд намайг илгээж гурван эрхмийг залсан билээ.
Гурван нөхөр энэ зүйлийн хэрэгт хүчин тусалж, тэнд очоод тэрхүү ашгаас адил хуваан авбаас зохих мэт боловч танай санаа дурлах ба үгүй үл мэдмүй хэмээсэнд Руань Шяо Ү өгүүлрүүн: - энэ хэргийг үйлдэж болохгүй, бид очиж энэ хэргийг эс бүтээвээс Чао Гайгийн нэрд хор болохоос гадна, газар орны сайн эрс харин маныг муу хэлэх болмуй хэмээсэнд Ү Юн өгүүлрүүн: - танай гурвын санаа мөн гагцхүү Чао Гай танай гурвуулын нэрийг сонсож, энэ хэргийг хамт санаа нэгдэж бүтээе хэмээн намайг явуулсан бүлгээ хэмээхүйд, Руань Шяо Ү өгүүлрүүн: - Чао Гай эрхэм сяншэнийг энэ хэргийн тухай зарж илгээснийг сая мэдэв. Бид хэрвээ энэ явдал яваад үхвээс яамуй хэмээхүйд Ү Юн аливааг нуулгүй өгүүлрүүн: - Да Мин Фү-гийн сайд Лян Жүн Шү энэ зургаан арван таванд түүний хадам эцэг Цай Тай Шигийн төрсөн өдөр болоход гурван түмэн лангийн хүнд бэлэг хүргүүлэх чимээг Лю Тан сайн эрс Чао Гайд хэлж илгээснээр Чао Гай над хэлж гуйн та бүхнийг залсан билээ. Иймийн тул би загас авах хэмээн нэрийдэж ирсэн болой. Энэ ашгийг нэгэнт олсонд нэгэн насны аж төрөхийн хөрөнгө гэж болмуй хэмээсэнд Руань Шяо Чи энэ үгийг сонсоод бүгдээр босон харайж дэвхцэн өгүүлрүүн: - за сайн сайн, бид нэгэн насны хоол олов. Энэ даруй миний санаанд нийлэв, хэзээ очмуй хэмээсэнд Ү Юн өгүүлрүүн: - маргааш өглөө хамт мордсугай хэмээв.
Түүнээс нэгэн шөнө хонож, эрт босоод будаа идэж, дөрвүүл хамт явж Дүн Ши Цүньд хүрч ирэв. Хот дотор орж Чао Гайгийн үүдэнд очиж үзвээс Чао Гай Лю Тан хоёр их хаалганы гадна зогсож хүлээн буй. Чао Гай эдний барааг холоос үзээд эдпний ах дүү сайн эр хэмээн сонссон нь худал үгүй ажгуу хэмээн ихэд баярлав. Түүнээс бүгдээр нүүр учирч ёслолцон, хүрээнд оруулж, гэрт орсны хойно зэргээр сууцгааж, цай ууж, даруй хуримын ширээ засаж, хонь гахай алж, элдэв зүйлийн зууш ногоо бэлтгэж, архи ууцгааж, дундуур шөнө болтол их л найрлав. Маргааш эрт босч, дээд гэрт их ширээний дээр тахил тахиж, зул хүж барьж, алтан зоос, шар цаас шатааж тэнгэрийг тахиж мөргөн тангараглаж өгүүлрүүн: - манай зургаан хүн харилцан муу сэтгэл бариваас тэнгэр газар яллатугай хэмээн амалдаж мөргөцгөөв.
Мөн тэнд, мөн архи ууж найрлан байтал нэгэн зарц хүн орж ирээд Чао Гайд мэдүүлрүүн: - үүдний гадна нэгэн даоши хүн ирж танд уулзах хэмээмүй. Чао Гай сонсоод зандран өгүүлрүүн: - лав нэгэн будаа бадарлах даоши буйза, чи нэг бага сага будаа өгөөд явуулбаас барав. Үүнийг над мэдүүлэх юун хэмээсэнд тэр зарц өгүүлрүүн: - би мөн нэг шэн будаа өгсөнд тэр авахгүй, эрхбиш танай гэрийн дарга лугаа уулзмуй хэмээн огт явахгүй тул сая мэдүүлмүй. Чао Гай өгүүлрүүн: - тийм болбоос тэр будаа бага хэмээн чамлах нь болой. Чи гарч дахин хоёр гурван дөү будаа нэмэн өгч учрыг хэлж явуулагтун. Би очихгүй хэмээсэнд тэр хүн мөн удсангүй дахин орж ирээд мэдүүлрүүн: - Өчүүхэн хүн түүнд будаа өгсөн, тэр авахгүй эрх биш дарга лугаа уулзмуй хэмээгээд ер явахгүй. Үүнийг хэрхвээс зохимуй хэмээн асуусанд Чао Гай өгүүлрүүн: - надтай уулзах ямар чухал хэрэг буй, чи дахин таван зургаан дөү будаа өгч намайг урхи ууж, нөхөд лүгээ найрлан буй. Энэ удаа уулзах чөлөөгүй, хожим болъё хэмээн өгүүлж илгээвээс барав. За гарагтун, байн байн ирж бүү нуршигтун хэмээсэнд, тэр хүн өгүүлрүүн: - би мөн энэ зэрэг үг хичнээн удаа учирлан хэлэвч тэр би юу өгөвч авахгүй, таны гэрийн эзэн даргатай нүүр уулзах чухал хэрэг буй хэмээн өгсөн будааг авсангүй. Эрхбиш орж мэдүүл хэмээн дэмий л авирлан, өчүүхэн хүн нар яахин хориглож хэлэвч юунай хэрэгсмүй. Чао Гай уур хүрч өгүүлрүүн: - хүн үг мэдэхгүй боол чи хурдан гарч түүнд миний хэлсэн үгийг хэлж, будаа өгч явуул. Би олон үг хэлэлцэх чөлөөгүй хэмээсэнд тэр хүн аргагүй гарч явсан хойно, бас дараагаар нэгэн хүн гүйсээр ирж мэдүүлрүүн: - тэрхүү даоши их л уурсаж, манай гэрийн арав гаруй хүнийг нэгмөсөн занчиж унагаав хэмээн мэдүүлсэнд, Чао Гай даруй гайхаж өгүүлрүүн: - ах дүү та бүхэн түр намайг хүлээгтүн, бүү хөдөлтүгэй, би гарч тэр хүн лүгээ уулзаад даруй буцаж ирмүй хэмээгээд яаран их үүднээ гарч үзвээс, тэр даоши бие өндөр найман тохой илүү, хүчин чийрэг, тэнхлүү эрэмгий ургамал мод мэт эрсхийн зогсож, бүгд зарцнуудыг занчин унагааж, амандаа дүрсгүй боолчуудыг занчиж албаас зохимуй хэмээн өгүүлмүй.
Үүнд Чао Гай урагш алхаж дэргэд нь хүрээд ёслон өгүүлрүүн: - эрхэм даоши уураа дарагтун, хэрэв бадар гуйваас зохисоор өгсүгэй, бүү ёсгүй аашлагтун, тэр хүн хариу ёслон өгүүлрүүн: - эрхэм гацааны даргад ёслохыг алдаж буруу болов, бүү муу санагтун хэмээхүйд, Чао Гай асууруун: - эрхэм та намайг энэхүү гацааны дарга хэмээн яахин танимуй. Тэр хүн өгүүлрүүн: - өчүүхэн даоши би аливаа хүний зүсийг үзээд, цэцэн мөн бишийг ялган таних нүд буй. Энэ удаа энд ирсэн нь огт будаа хоол бадарлах хэмээн ирсэн бус. Чао дарга таны их алдар нэрийг хэдий сонсож, бас нэгэн чухал хэргийг баяр мэдүүлэе хэмээн ирсэнд танай гэрийн хүн нар үүдийг хөндөлдөж оруулахгүй дэмий маргаж байтал, эрхмийн бие гарч ирсэн тул, гэрт орж хэлэлцвээс ямар буй. Чао Гай түүний байдлыг үзвээс зүгээр сул ард лугаа огт адилтгаж болохгүй тул, даруй хөнгөмсгөөр найр тавин өгүүлрүүн: - эрхэм даоши доод гэрт бууж, цай зооглож, сургах үг буй болбоос өгүүлэхийг хүсэх байна хэмээн дотогш залж, нэгэн бага гэрт оруулж, хамт сууж цай ууж барсны хойно, Чао Гай асууруун: - сяншэний дээд овог нэр хэн буй, орон нутаг хаа, ядуу гэрт өөд болж ирсэн нь хэрэв сургах үг буй болбоос даруй айлдах болов уу. Тэр хүн инээн өгүүлрүүн: - ядуу даоши миний овог Гүн, нэр Сунь Шэн. Даошигийн цол И Чин хэмээмүй. Су Жоу хотын хүн бага цагаас бумбын сургуульд явж, газар орныг тойрон хэсэж, сэлүүцэн явмуй. Сурсан эрдэм асар их үгүй, салхи ирүүлэх, бороо оруулах, үүл нүүлгэх зэргийн бага чадал буй. Эдүгээ сонсвоос Да Мин Фү хотын Лян Жүн Шү сайд арван түмэн лан шахам хүнд бэлгийн юм төхөөрч, Дунжин хотны Цай тайшигийн төрсөн өдрийн баярт хүргэмүй хэмээн сонсч, энэхүү баярын мэдээг бусад хүнд хэлсэнгүй. Алдар ихт Бао Жэн дарга танаа мэдүүлж, энэ мэт ихээхэн ашгийг дэгжлэх болов уу хэмээн тусгайлан мэдээ хүргэж ирсэн бүлгээ хэмээсэнд Чао Гай түүний увдис бүхий ба басхүү тэдний урьд зөвлөн бүхий дээрмийн мэдээг нэгэн адил хүргэн ирснийг сонсч, ихэд баярлан байтал, хажуугаас нэгэн хүн гэнэт гарч ирээд их дуунаар зандран өгүүлрүүн: - та нар ямар их зүрхтэй ард буй. Аймшиггүй энэ мэт дээрмийн хэрэг үүсгэж хэлэлцмүй хэмээн шууд ойр ирэхүйд Гүн Сунь Шэн ихэд хэрдхийн айн, энэ нь ямар хүн ирснийг дараах бүлэгт үзэгтүн.
Сэтгэгдэл ( 0 )