Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ЧЯНЬ ПО ЭЛ СОГТОЖ ТАН НЮ ЭЛИЙГ ЗАНЧИВ
СУН ЖЯН ХИЛЭНЛЭЖ ЯНЬ ПО ШИГ АЛАВ
Өгүүлэх нь, Сун Жян хүн дуудсанд зогсож үзвээс тэр нь Чянь По эм ажгуу. Тэр эм өгүүлрүүн: - эрхэм дүү Сун Жян чиний биеийг мөрөөдөн санасаар өдөр нэлээд удав. Өчүүхэн миний гэрт бууж болох буюу хэмээсэнд Сун Жян хариу өгүүлрүүн: - Эдүгээ би алба хэрэг үлэмж болоод чөлөө олдохгүй тул эс бууж чадав хэмээхүйд Чянь По эм түүнд чи энэ өдөр эс буумагц үл болох болой.
Эхэн цагаас эдүгээ хүртэл энэ эр эмийн хэргийг дааж чиний биеийг энэ хүүхэн лүгээ хамтруулан суулгасан буй. Эрхбиш энэ өдөр очмуй. Эс очвоос үл болмуй хэмэгээд Сун Жянг ханцуйгаас ноцохуйд Сун Жян өгүүлрүүн: - би энэ хэрхэвч үл очмуй хэмээхүйд эм Чянь По Эл чи энэ өдөр эс очвоос хожим чиний бие лүгээ тохиолдох нь түмэн бэрх. Чи над лугаа хамт миний гэрт очсугай хэмээхэд Сун Жян угаас шударга баатар хүн тул эм Чянь По Элийн үгнээс давсангүй түүнийг дагалдан тэдний гэрт очсоны хойно Сун Жян Чянь По Эл хоёр нэгэн ширээ хавсран цай ууж байтал эм Чянь По Эл өгүүлрүүн: - Сун Жян чи над лугаа эс учирсан бөгөөс үл ирэх байна, завсар тохиолдож ирсэн тул чиний авааль гэргийг дуудаж учруулан таны хоёр хүнийг цэнгэлдүүлэн жаргуулсугай хэмээн эм Янь По Шиг дуудмагц эм Янь По Ши урьдын эр Сун Жянг үл анхааран, түүний нууц янаг нөхөр Жан Вэнь Юань ирсэн буй за хэмээн маш баярлан, нүүр гарыг угаан, биеийг цэвэрлэн, хувцасыг өмсөөд, сандран мэндрэн гүйн хүрч ирээд үзвээс тэр нь гайхал хуучин нөхөр Сун Жян мөн тул эм Янь По Ши яаран дутаан одов. Тэндээс эмгэн Чянь По Эл тэр эм Янь По Шигийн хойноос дуудахуйд тэр өгүүлрүүн: - энэ Сун Жян зүй нь миний ирснийг санаж, миний урьдаас угтваас зохих бүлгээ. Би үл очмуй хэмээтүгэй. Эмгэн Чянь По Эл арга барагдаж Сун Жянд гуйн өгүүлрүүн: - эрхэм дүү миний сэтгэлийг бодож энэ дээд давхарлаг гэрт очиж, эм Янь По Ши лугаа учирваас ямар буй хэмээхүйд Сун Жян нэгэн үе бодож бага уурссан боловч эм Янь По Ши лугаа дээд давхарлагт давж очоод эм Чянь По Элийн дэргэд суумагц тэр нь угийн санаа салсан хүн тул үг дуунгүй байхуйд эм Янь По Ши өгүүлрүүн: - охин Чянь По Эл чи юутай зориг хатуу хүн билээ. Энэ Сун Жян энэ өдөр би үл тохиолдох ахул манай гэрт ирэх нь бэрх. Арай чармайн энэ тэр хэмээн хууран авчрахуйд чи энэ мэт нохойн сэтгэл гаргаж болох буюу. Чи хурдан босож ийм тийм хэмээн хэдэн үг хэлэлцэж Сун Жянг тайтгаруулбаас зохимуй хэмээхүйд эм Чянь По Эл өгүүлрүүн: - энэ Сун Жян хэдий миний ёстой эр боловч энэ завсар үг дуунгүй шууд орхин явсан нь зальхай журамгүй нөхөр бүлгээ. Би үүнлүгээ юун хэлэлцмүй хэмээн хэлж барахын урьд Сун Жян тэр үгийг сонсоод маш хилэнлэж, түүний дэргэд бүхий нэгэн сандлыг авч өөр газар шилжин суув. Тэндээс Чянь По Эл дотроо их бухимдан, хүүхэн Янь По Шид уурсаж, мөн нэг ширээг авч Сун Жянгийн дэргэд тавиад хүүхнийг чирчиж босоод өгүүлрүүн: - архийг нэрж найрлахуйд ус үгүй болбоос үл бүтмүй амрагийг нийлэхүйд хооронд засах зууч үгүй болбоос үл бүтмүй хэмээжээ. Иймийн тул хөгшин би хэдий хоосон атугай хэдэн хундага архи буй билээ.
Түүнийг авчирч та хоёрын эв талыг засаж барья. Чи нь бага хүн тул ичих магадгүй, бүү зовогтун хэмээгээд тэр хоёрыг давхарлаг дээр орхиж, гэрийн үүдийг гаднаас цоочилж буугаад хэдэн чянь мөнгө авч их зээлэнд очоод архины зууш, тахиа, нугас зэргийн жимс төхөөрч архины хамт давхарлагийн дээр гарч үзвээс Сун Жян толгой унжуулан үг дуунгүй Янь По Ши бус тийш хандаж, мөн үг дуунгүй байхад эмгэн Чянь По Эл ихэд зовниж, тэр авчирсан архи жимс тэргүүтнийг ширээн дээр тавьж, хүүхэн Янь По Шид өгүүлрүүн: - чи нь нэгэн цагт яа сы Сун Жянгийн гэргий болсон нь энэ нас ба эцэст нэгэн хамт дансад тодорхойгоор үл барам, гагцхүү энэ Сун Жянгийн хүчээр нэр олж, гэрээ алдаршаад, одоо үүнийг нүдний үзүүрээр үзэх дур үл хүрэх нь ёс бус, басхүү дээрээс тэнгэр үл таалмуй. Хүүхэн чи босч нэгэн хундага архийг ая тал бодож бариад, ийм тийм хэдэн үг хэлэлцвээс болох болой хэмээхүйд хүүхэн маш уурсан энэ Сун Жянд архи барих нь миний толгой өвдмүй, хэрхэвч барьж хүндлэн чадахгүй хэмээхүйд эмгэн Чняь По Эл хуурмаг инээдээр инээн өгүүлрүүн: - Сун Жянг дуудан ирсэн нь цөм миний буруу болсон бүлгээ. Хүүхэн чи архи барьж үл чадах ахул хөгшин би арга үгүй архи барья хэмээж нэгэн хундага архийг Сун Жянд бариад ийн өгүүлрүүн: - яа сы Сун лаоеэ бүү хилэнлэн ундууцаарай. Энэ нь өчүүхэн мунхаг хөгшин миний хийсэн явдал болой. Энэ өдөр нарийн үгийг хэмнэж дараа учран нарийн хэрэг бүхнийг дэлгэрэнгүйеэ хүүрнэн тоочъё хэмээгээд Сун Жянд архийг шаардан бариад, басхүү хүүхэн Янь По Шиг дуудаж өгүүлрүүн: - хүүхэн чи урьд гэмгүй явсан нөхөр Сун Жян, эх болсон хөгшин эм миний сэтгэлийг бодож нэгэн цаг босч архиас бага уугтун хэмээхүйд, хүүхэн Янь По Ши потроо сэтгэрүүн: - энэ хөгшин эмийн санааг үзвэл, эрхбиш Сун Жян бид хоёрыг эвлүүлэх ажгуу.
Сун Жян болбоос миний нүдэнд үзэх дургүй, бөөлжис цутгах хүн тул яахин үүнийг барагдаж нэгэн хамт архи уумуй. Эс ууваас Сун Жян энэхүү архиндаа согтуурч энэ шөнө эрхбиш над лугаа дэр нэгдэх хэмээн уурсах буй за. Юу боловч нэгэн удаа нэгэн хундага архийг хүлээн авч ууваас барав хэмээн санаж, нэгэн хундага архи уув.
Тэндээс тэр хөгшин эм Чянь По Эл ихэд баярлан архи засан хөгжим бэлтгэн найрлахаар завдаж бүхийд нөхөр гэргий хоёр мөн анхны дуу чимээгүй хоёр тийш харж бүхийд эмгэн бачимдан өгүүлрүүн: - та нь нэгэн насны холбоо болсон эр эм бөгөөд энэ өдөр ийнхүү удтал үг дуу гарах нь учир хийх зэргээр согтууран хэлэхүйд Сун Жян өгүүлрүүн: - энэ ирсэн нь гагцхүү хөгшин чиний сэтгэлийг бодож ирсэн билээ хэмээхүйд хүүхэн өгүүлрүүн: - эх нэн олон үг бүү өгүүлэн согтогтун, Сун Жян чиний сэтгэл бодсоноос өөр намайг өвсөн чинээ бодсон хүн бус хэмээн ийн тийн харилцан хэлэлцэж буйг бүү өгүүлэн, өгүүлэх нь: Юнь Чэн Сянь хотын хүн нэр Тан Ню Эл энэ хүн угаас гар хоосон хүн тул Сун Жянгаас мөнгө зээлэн авч, бага сага наймаа үйлдэж амь зуудаг билээ. Гагцхүү нэгэн өдөр пай наадмын газар одож наадан зоос алдаад наймааг хурааж, дахин Сун Жянг эрж, түүний гэрт ирвээс үгүй. Зээлэн дээр сураглаваас мөн үл олдох тул хааш очсоныг мэдэхгүй гайхан бодож, гэнэт энэ Сун Жян Янь По Ши эмийн хүрээлэнгийн ихэд хорхойтсон их улаан шуумд очсон байх хэмээн бодож очоод Янь По Шигийн гэрийн хаалганы завсраар нуун үзвээс тэр гурав архи ууж найрлан жаргаж буйг мэдээд, сэтгэл нь хөдөлж шууд дотогш оров. Үзэхүл Сун Жян ихэд согтсон байдалтай. Үүнд бүгдийг амар мэндийг асуугаад нэгэн хажууд зогсон буй атал Сун Жян өгүүлрүүн: - эрхэм нөхөр энэ өдөр ямар хэргээр миний хойноос ирсэн учир юу хэмээн асуухад Тан Ню ЭЛ өгүүлрүүн: - өчүүхэн нөхөр миний ирсэн учир болбоос энэ өдөр харъяат ноён танхим сууж хэрэг байцаах бөгөөд танай биеийг эрүүлэн хэд хэдэн явуулавч ер олдохгүй тул энд буй байна хэмээн санаж би ирэв хэмээхүйд Сун Жян дотроо машид баярлаад энэ хүн ирсэн нь миний хэрэг бүтэв хэмээн Тан Ню Эл лугаа архи ууж, амаар хэлбээс сэжиг бүхий хэрэг, үл хэлбээс бүтэхгүй болов уу хэмээн санаж, нүдний булангаар гэргий Янь По Шигийн зүг дохимогц Тан Ню Эл сэргэлэн хүн тул эл учрыг мэдэж, архи уун дуусгаад, давхарлаг гэрээс бууж яамандаа харьсугай хэмээхүйд Чянь По Эл эмгэн өгүүлрүүн: - эрхэм Сун яа сы чи энэ хүний үгийг бүү үнэмшигтүн. Үүний худал хэлэхийг урин Башигармаа хувилгааныг сүх барьж мод цавчихаас илүү би тодорхой мэднэ. Сун Жян бүү явагтун. Энэ шөнө эрхбиш архидан жаргая, энэ аргыг Тан Ню Эл мэхэлсэн хэрэг. Чи төрж гарсан гурван настай нялхасыг хуурах нь хялбар, төв журмыг хөгшин намайг хуурах нь бэрх хэмээхүйд Тан Ню Эл өгүүлрүүн: - хөгшин чи үз, би хэдий зальхай хуурамч боловч миний хоёр нүд усан шилэнгээс нэн хурц. Хүний битүүлэг хэргийг үл мэдэх нь үгүй. Хүнийг хорловоос хорсол нь барагдах цаг буй. Хүсэл шунахыг санаваас нэмэгдэхээс хоргодох цаг үгүй хэмээжээ хэмээн өгүүлэх завсар эмгэн Чянь По Эл яаран уур нь тэсэн ядаж Тан Ню Элийг өндөр давхарлагаас түлхэн унагааж өгүүлрүүн: - чи нь аль газрын ямар хүн, улсын аж төрөх явдлыг алдагдуулан тасалбаас нэгэн гэрийн их багыг хүйс тэмтрэн төхөөрсөн лүгээ адил хэмээжээ хэмээн дахин занчихуйд Тан Ню Эл өндөр дуунаар өгүүлрүүн: - зальхай хулгай эм энэ өдөр чиний энэ хэргийг үл өгүүлье, дараа өдөр дахин эргэж эл учир явдлыг эс нээн хэлбээс өчүүхэн миний цээжинд үл багтах билээ хэмээгээд явсны дараа Чянь По Эл Сун Жянд өгүүлрүүн: - энэ өдрийн ирэгч энэ хүн нь угаас хөрөнгө ядуу гар хоосон нэгэн, олны өмнө хойно явж зүсэр зальхай аргыг хэрэглэж, хүнээс юм гуйгч ард, түүний үгийг бүү итгэ. Шөнө орой болов, эртхэн энэдээ унтсугай хэмээж, Сун Жянд нойрсохын хундага барьж доод гэртээ буув.
Тэндээс Сун Жян ийн сэтгэрүүн: - энэхүү гэрийн хөгшин залуу хоёр эмийн байдал төлөвийг үзвэл сэтгэл нь үнэн худлыг лавтайяа мэдэх бэрх. Дээр Жан Вэнь Юань лугаа нэмэн нийлж, сэтгэл нэгдсэн лав мөн боловч арга буюу энэ өдрийн ийнхүү сүслэхийг санаж эндээ унтаад эм Янь По Шиг бага тэнслэн үзсүгэй хэмээж сандал дээр давж суутал эм Янь По Ши гэнэт шүүрс алдаж, орны дээр буруу тийш хандан хэвтэв. Үүнийг Сун Жян үзээд ихэд гомдож дотроо сэтгэрүүн: - зальхай эм над лугаа эр эмийн журмыг нэгмөсөн орхисон хүн ажээ. Арга буюу явсугай хэмээвээс шөнө орой болсон байсугай хэмээвээс энэхүү эмийн байдал нь ийм хэмээн дотроо зангидаад Янь По Ши эмийн орны дэргэд дуул хувцасыг тайлж, хөлд нь хэвтэв. Үүнд Сун Жян ихэд уурсаж, басхүү дотроо ийн өвгөдийн үгэнд баяр цэнгэл жаргал гэхүйд шөнийг охор хэмээн гомдмуй, буян үйлдэхүйд шөнийг урт хэмээн гомдмуй хэмээжээ. Энэ шөнийг яахин өнгөрүүлмүй хэмээн бодоод аргагүй нэгэн шөнө нойргүй, үүр цайлгаж босоод дээл хувцасыг өмсөөд зальхай Янь По Шиг нэлээн хараад өндөр давхарлагаас буумагц зальхай эм Янь По Ши мөн босч Сун Жянгийн хойноос хараан өгүүлрүүн: - зальхай хулгай яа сы ямар нүүрээр манай энэ гэрт ирэв хэмээх зэрэг оло нүгээр нүүрэнд гал түлсэн адил хараахуйд Сун Жян эм хүн лүгээ хэрэлдэн занчилдах нь зүй бус хэрэг хэмээж бодоод шууд гадагш гаран явахад эмгэн Чянь По Эл энэ чимээг сонсож босоод Сун Жянг ийн тийн хэмээн ятган хэлж үдээд явуулав.
Тэндээс Сун Жян тэр гэрээс гараад хаш очихыг бодож, гэнэт яамандаа харьсугай хэмээн явтал урьд таних Ван овогт идэх юм худалдах хүн лүгээ тохиолдохуйд Ван овогт өгүүлрүүн: - Сун ах энэ өглөө ийм эрт хааш ямар хэргээр очоод буцаж яваа буй хэмээхүйд Сун Жян өгүүлрүүн: - урьд шөнө Янь По Ши эмийн гэрт бага архидаж, хөгшин залуу эмсийн байдал төлөвийг үзэж ирэв хэмээн хэлмэгц Ван овогт тийм бөгөөс архи бага зохимжгүй царай нь барайсан байна. Энэхүү эм ба архинаас ууж дотроо уужим болоод харьсугай хэмээхүй Сун Жян гэнэт дотроо сэтгэрүүн: - энэ Ван овогтын эм архинаас урьд нэлээд уусан бүлгээ. Үүнд бие нөгчсөний хойно нэгэн сайн авдар өгье хэмээн ам алдсан учир буй билээ. Одоо энэ Ван овогтод авч өгсүгэй хэмээж урьд Чао Гайгийн тусалсан алтнаас бага авсан тул түүнийг өгөх хэмээж өврөө уудалж үзвээс тэрхүү алтыг Янь По Шигийн гэрт орхиж маржчээ хэмээгээд даруй Янь По Шигийн гэрийн зүг яваад ийн сэтгэрүүн: - аль нь бага хэрэг, захиа бичиг нь чухал. Дээр Янь По Ши мөн үсэг төсөөлөх хүн, хэрэв түүний гэрт орвоос их хэрэг задрах болмуй хэмээж явахад Ван овогт хориглон өгүүлрүүн: - яа сы лаоеэ өчүүхэн над туслах хэмээн бүү яар. Аажмаар очиж явагтун хэмээгч үл болмуй хэмээн Янь По Шигийн гэрт хүрч ирэв. Үүнийг үл өгүүлэн, өгүүлэх нь зальхай эм Янь По Ши Сун Жянг явсаны хойно, дараа шатаасан зулны гэрэлд харж үзвээс Сун Жян бүсэлж явсан бүсийг орхиж, түүнийг авч тайлбаас дотроос нэлээд хэсэг алт, нэгэн боолттой захиа баймуй.
Түүнийг авч үзээд ихэд баярлан ийн сэтгэрүүн: - энэ зальхай хулгай Сун Жянгийн алт ба бүсийг янаг Жан Вэнь Юаньдаа өгөөд тэнгэрийн эдлэлээр цэнгэн жаргая хэмээж алтыг ширээн дээр тавьж, захиа бичгийг нээн үзвээс Чао Гай хэмээх нэр бичсэн ажгуу. Үүнд зальхай эм тэсгэлгүй баярлан сэтгэрүүн: - Сун Жян чи нь үлгэрлэвээс худгаас ус татах хувин усанд орох лугаа адил миний гарт баригдав хэмээн баярлан атал Сун Жян гэнэт дахин орж ирэхийг Янь По Ши мэдээд өгүүлрүүн: - чи нь бас юун хэмээн эргэж ирэв хэмээхэд Сун Жян өгүүлрүүн: - би танай гэрт авч явсан алт арван ланг бүсний хамтаар мартсан тул түүний авахаар ирэв хэмээхэд Янь По Ши өгүүлрүүн: - манай гэрт тийм юм орхисонгүй атал чи хэнээр наадам болгож худал үг зохион ирэв хэмээхэд Сун Жян эм Янь По Шид өгүүлрүүн: - анхан хэвтэхэд бүхлээр унтсан хүн билээ. Одоо дээл хувцасыг тайлж унтсаныг тайлж үзвэл эрхбиш чи авсан хэмээгч эм Янь По Ши хөмсгөө атируулан, нүдээ бүлтийлгэн хараан өгүүлрүүн: - Сун Жян чи намайг хулгай болгох хэмээн санаж буй нь илэрхий хэмээж ихэд авирлахуйд Сун өгүүлрүүн: - үүнд уурлах хэрэг юун, тэрхүү алт юмыг надад гаргаж өгвөөс барав хэмээхэд Янь По Ши өгүүлрүүн: - Сун Жян чи Лян Шань Фү уулын Чао Гай лугаа нам нөхөрлөн дээрэм хийсэн хулгай мөн, өөрийн биетэ адил намайг хулгай болгож болох буюу хэмээн өндөр дуугаар бархирахад Сун Жянгийн зүрх хагарах мэт айн эмээж эм Янь По Шиг аргадан гуйж өгүүлсэн үг нь, сайн эм чамайг эгч мэт санаж, эгнэгт элбэрэн тэтгэе. Ийнхүү үгийг гадаа хүн сонсвоос муухай хэрэг болмуй хэмээн гуйхад эм Янь По Ши өгүүлрүүн: - энэ мэт хэргээ мэдэж гэмшвээс надад хэлэх гурван зүйл үг буй.
Түүнийг чи хүлээвээс би чиний алт ба Чао Гайгийн захиаг бүрнээ чиний гарт тушаан өгсүгэй хэмээхэд Сун Жян гурван зүйл байтугай гучин зүйл хэрэг ч хүлээж болмуй, чухамхүү ямар гурван зүйл буй асуумагц зальхай эм Янь По Ши өгүүлрүүн: - Сун Жян чи болбоос анх намайг худалдан авч гэргий болон авах тухайд батлан бичсэн гэрээ бичгийг эгүүлэн өгөхөөс гадна миний янаг нөхөр Жан Вэнь Юань лугаа эр эм болгоё хэмээх ба бас энэхүү гэрт үүнээс хойш эргэж үл ирэх хэмээж батлах бичиг бичих нэгэн зүйл, хоёр зүйл нь энэхүү орон хашаа ба миний өмсөж зүүсэн эдлэл зэргийг хожим нэхэн тэмцэхгүй батлах бичиг, гурван зүйл нь Лян Шань Фү уулын Чао Гайгаас бэлэг болгон хүргэж ирсэн алт нэгэн зуун ланг бүрнээ тооны ёсоор миний гарт тушааваас чиний арван лан алт ба захиаг эгүүлэн өгье хэмээхэд Сун Жян өгүүлрүүн: - гурван зүйлийн хэргээс хоёрыг дуртайяа хүлээе, нэгийг нь хүлээх бэрх, тэр учир юу хэмээвээс Чао Гайгаас ирсэн нэгэн зуун лан алт боловч миний хүлээн авсан алт арван лан, бусдыг эгүүлэн хүргүүлсэн хэмээхэд эм Янь По Ши өгүүлрүүн: - аливаа албаны хүн мөнгө зоосыг үзвээс олсыг цусанд дэвтээсэн адил хэмээх бөгөөтөл чи төдий чинээ их алтыг бэлэг болгон хүргэж ирэхүйд бүгдийг эс хүлээн авсан хэмээх нь цөм худал, эртний өгүүлсэн нь муур махан үзвээс үл идэх нь ёсгүй. Эрлэг хаан нүгэлт чөтгөрийг үзвээс эгүүлэн буцаах нь ёсгүй хэмээжээ. Чи хэнийг хуурмаглан хэлмүй.
Зүгээр зуун лан алтаа надад хүргэж ирвээс барав хэмээгч. Сун жян өгүүлрүүн: - Янь По Ши чи надад гурван өдрийн хугацаа тавьж өгөгтүн, би өөрийн гэр орныг үнэ олгон худалдаад чамд зуун лан алтыг гүйцэтгэн өгье, чи түргэн тэрхүү захиаг надад гаргаж өгмүй хэмээхүйд зальхай эм Янь По Ши хариу өгүүлрүүн: - Сун Жян чи нь үнэхээр зальхай хүн, нялх хүүхдийг хуурах мэт санамуй. Үхсэн хүний хүүрийг оршуулах авдар авсны хойно үнэ зоосыг нэхвээс шударга төлөхгүй хэмээсэн лүгээ адил болжээ. Чи үнэхээр орон хашаагаа худалдаад алтыг тоо ёсоор тушааваас баруун зүүн гараар сольж авахаас бус одоо чамд өгөхгүй хэмээн хэлэхэд Сун Жян ихэд уурсаж Янь По Шигийн өврийг уудлан үзвээс Сун Жянгийн бүс хэвээр гарсан тул Сун Жян нь ихэд хүчилж ноцолдон байж, захиа бүсийг авах хэмээн эм Янь По Шиг хутга барин айлгахад зальхай эм мөн үл өгөх тул Сун Жян санаа шулуудаж, эм Янь По Шигийн бие толгойг салган орхив.
Тэндээс Сун Жян өөрийн алт ба захиаг авч дээд давхарлагаас бууж ирмэгц эмгэн Чянь По Эл лүгээ нүүр тулгаран учрахад эмгэн өгүүлрүүн: - Сун Жян чи дахин буцаж ирээд одоо удалгүй буцах нь учир юу хэмээхэд Сун Жян эл учрыг Чянь По Элд хэлмэгц эмгэн яаран санд мэнд дээд гэрт орж хүүхэн Янь По Шиг үзвээс үнэхээр түүнийг алжээ. Үүнд эмгэн бууж ирээд Сун Жянг бариад өгүүлрүүн: - чи нь хүүхэн Янь По Шиг алсан ялт хүн тул чам лугаа яамны газар очиж зарга хийсүгэй хэмээн нэгэн цагт уурссан боловч нэгд түүний нөхөр, хоёрт Янь По Эл болбоос ёстой авааль эм, дээр Янь По Эл үнэхээр зальхай хэрэг хийснийг эмгэн би нүдээр үзсэн атал Сун Жянд буруу өгч үл болох билээ хэмээн эрэгцүүлэн санаж Сун Жянд өгүүлрүүн: - яа сы дарга чи сонс, би чамд нэгэн үг хэлсүгэй. Энэ хүүхэн Янь По Шигийн элдэв хийсэн зальхай явдлыг чи бид хоёр цөм тодорхой мэдэх бишүү, иймийн тул чиний үүнийг алах нь зөв. Одоо үүний хүүр ясыг нэгэн тийш зайлуулан далд оршуулбаас сайн. Түүний гадна өчүүхэн эмгэн би бие ганцаар болов. Одоо хэрхэн амь зуух буюу хэмээн өгүүлмэгц Сун Жян өгүүлрүүн: - эмгэн чи тийн бөгөөс бүү зовогтун, энэ хэрэг Янь По Шигийн хүүрийг оршуулах нэгэн авдар худалдан авч далд оршуулъя. Чиний эмгэн биеийг би тэжээн тэтгэе хэмээн хэлэлцэн тогтоод авдар худалдан авахаар хоёул зээл яван яамны ойр ирмэгц, эмгэн Чянь По Эл угийн хэлэлцэн тогтсоныг няцаж нохой сэтгэл төрж, Сун Жянгийн ханцуйгаас чанга ноцон бахиран өгүүлрүүн: - урьд шөнө хүүхэн Янь По Шигийн амийг бусниулан, алтыг дээрэмдсэн хулгай Сун яа сы энэ билээ. Хурдан түргэнээр баригтун хэмээхэд яамны ард гарч ирээд зэргээр үзвээс дарга Сун яа сы нэгэн эмгэнтэй хоёул баймуй.
Үүнд тэдгээр албаын ард эмгэнээс асууруун: - энэ Сун овогт манай яамны тэргүүн дарга бөгөөд хүн номхон, зан дөлгөөн, явдал шударга хүнийг юунд хүн алав хэмээн зоргоор дэмий бахирав хэмээн хэлэлцэн байтал Сун Жянгийн хуучин танил Тан Ню Эл гэнэт хүрч ирээд үзвээс Сун Жяныг урьд шөнийн архи ууж байсан эмгэн ханцуйгаас нь бариад хүн алсан хэмээн дуу гарч баймуй. Бас түүний дэргэд яамны албаны хүн нар олноор байхыг Тан Ню Эл үзэж сэтгэл нь уярч, ах Сун Жянг тавиулахыг бодож, эмгэнийг нэгэн хэдэн удаа нударгалан занчиж, ухааныг муужруулан газар унагаав. Тэндээс Сун Жянг тэрхүү ирсэн албаны хүн нар барья хэмээн санавч түүн лүгээ нэгэн яаманд алба хаах тэргүүн дарга бөгөөд бас түүний зан ааль онц номхон, эвтэй сайныг бодож барьж чадсангүй тул Сун жян оргон зайлав. Тэндээс тэдгээр албаны хүн нар Тан Ню Элийг эмгэнийг ямар учир занчиж унагаан ялтныг тавиулав гэх зэрэг цуугин бүхийд эмгэн гэнэт сэхээрч босоод харваас Сун Жян үгүй. Тан Ню Элийг албаны улс барьж бүхийд эмгэн өгүүлрүүн: - Сун Жянг нэгэнт тавин оргуулсан энэ зальхай хулгай Тан Ню Элийг барих нь ёс. Үүн лүгээ эгнэгт гомдол барагдахгүй хэмээн бархирахад албаны хүн нар Тан Ню Элийг Юнь Чэн Сянь хэмээх яамнаа чирэн аваачив. Энэ нь үлгэрлэвээс буян үйлдэхэд хамааран туслалцая хэмээх хүн хаа буй, нүгэл үйлдэхэд дурлан шунаж зовлонг өөрөө ирмүй хүн буй. Бас цаасны дээл өмсөж, түймрийн галыг сөнөөе хэмээж, их галд орж, өөрийн биеийг түлж сүйтгэв хэмээх лүгээ адил болжээ.
Тэндээс энэхүү хөөрхий шударга эр Тан Ню Эл зовлонгоос чухам яахин гэтэлж гарахыг хойд бүлэг дээр үзэгтүн.
Сэтгэгдэл ( 1 )
Bartai notsolddog hujaagch yostoi medehguim bn