Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ЧЯНЬ ПО ЭЛ ЮНЬ ЧЭН СЯНЬ ЯАМНЫГ ТҮЙВЭЭВ
ЯА СЫ ДАРГА ЖҮ ТУН ЖУРМААР СУН ЖЯНГ ТАВИВ
Өгүүлэх нь, Тан Ню Элийг олон албаны хүн бариад Юнь Чэн Сянь яамны хаалга хүрч ирээд, хүн алагч ялтныг барив хэмээн их дуунаар цуугин бархиралдахад харъяат ноён энэ чимээг сонсож дотоод гэрээс гарч, танхим сууж, тэдгээрийг дуудан, учрыг асууваас эмгэн Чянь По Эл сөгдөн мэдүүлрүүн: - өчүүхэн би энэ хотод суудаг бэлэвсэн эмгэн, гэр ядуу учир нэг бага охиныг худалдан авч хөгшин биеийг сувилуулах ба гэр орон гал голомтыг тэнхрүүлэхээр үрчлэн тэжээгээд насанд хүрсний хойно Сун яа сыд гэргий болгон өгсөн нь юу болсныг мэдэхгүй энэ өнгөрөгч шөнө миний хүүхэн Янь По Шигийн амийг хорлож сүйтгэв. Түүнээс Сун яа сы-г барьж, ноёнд мэдүүлэн хэргээн шийтгүүлье хэмээн явтал энэ зальхай хулгай Тан Ню Эл хэмээгч зам тохиолдож эмгэн намайг ухаан мэдрэлгүй болтол занчиж, ялт Сун Жянг оргуулав.
Эдүгээ өчүүхэн миний хүүхнийг энэхүү Тан Ню Элээс нэхмүй хэмээн машид бухимдан мэдүүлэхэд ноён өгүүлрүүн: - Тан Ню Эл чи энэхүү эмгэний мэдүүлэхийг сонсов уу, энэ бүгд үнэн үү хэмээн ширээ дэлдэн мэдүүлэгтүн хэмээн зандрахад Тан Ню Эл мөргөн мэдүүлрүүн: - өчүүхэн боол энэ хотод суудаг ядуулаг ард, архи ногоо худалдаж, амь зуудаг билээ. Эндэх ноёны харъяат Сун яа сы дарга лугаа энгийн танилцсан тул энэ өдөр энэхүү эмгэн лүгээ зээлний газар цуугин бүхийд энэ хоёрыг салгаж, учрыг асууя хэмээн хоёр тийш салгасан нь үнэн. Тэндээс Сун яа сы тэр чөлөөнд хааш одсоныг мэдэхгүй хэмээн мэдүүлэхэд, ноён өгүүлрүүн: - би учрыг тодорхой мэдэв. Эмгэн чи нэгэн өргөдөл бичиж, өргөн мэдүүлэх нь зүйтэй. Энэ болбоос хүний аминд холбогдсон чухал хүнд хэмээхэд, эмгэн даруй өргөдөл бичиг бичиж, өргөн мэдүүлснийг үл өгүүлэн, өгүүлэх нь харъяат ноён тэрхүү өргөдөл бичгийг үзээд даруй албаны хүн ба шархач гаргаж, үхсэн хүүхэн Янь По Шигийн яс шинжүүлж үзвээс, тэрхүү хүүхнийг хүн шархалж, бие толгойг салгасан нь цөм үнэн хэмээх зэргээр шинжин үзээд хүүрий нь хэвээр авдарт агуулав.
Тэндээс ноён дотроо ийн сэтгэрүүн: - би нь Сун яа сы лүгээ маш найрамдалтай. Дээр миний хайртай нэгэн дарга тул Сун яа сыгийн оронд энэ Тан Ню Элийг ял хүлээлгэн өчиг авбаас барав хэмээн бодож байтал албаны хүн шархачнаар ирээд хүүхэн Янь По Шигийн ясыг үзсэн хуудсыг барьж, өргөн мэдүүлэхэд ноён даруй танхим сууж, ялт Тан Ню Эл, эмгэн Чянь По Эл хоёрыг гарган байцаан шүүе хэмээтэл үхдэл хүүхнийг нууж нөхцөн байсан гайхал Жан Вэнь Юань болбоос тэр яамны тэргүүлэгч нэгэн шообин ажгуу. Тэр хүрч ирээд ноёнд ийн мэдүүлрүүн: - ноён, энэ хүнийг хорлосон муу зэвсэг нь үзвээс Сун Жян яа сыгийн биенд авч явсан хутга даруй мөн тул энэхүү Тан Ню Элийг дэмий шүүж яахин. Үүнийг агтлан авч хориод Сун Жянг барьсны хойно эдгээрийг ам нүүр учруулан шүүн тодорхойлбоос усан дотор чулуу усаа ширгэсний хойно ил үзэгдэх лүгээ адил болов хэмээн дахин давтан мэдүүлэхэд аргагүй болж ийн сэтгэрүүн: - энэхүү Сун Жянг гаргаж, Тан Ню Элийг ял хүлээлгээд эцэст болгоё хэмээн санасан билээ. Энэ гайхал Жан Вэнь Юань шообин эл учрыг дахин давтан мэдүүлэхэд энэ хэргийг дарж үл болох болов хэмээн бодоод даруй Сун Жянг эрж барих, бас түүний эцэг Сун тайгүн, дүү Сун Чин нарыг зарлан ирүүлэх зэргээр пяо бичиг бичиж гурван гавшгай албаны хүн гаргаж илгээв. Тэндээс тэдгээр албаны хүн нар явж, Сун Жя Жуан хэмээх хотонд хүрч Сун тайгүн өвгөний гэрт очоод мэндийг мэдэж цай уусны хойно, харъяат ноёны тушаасан Сун Жян яа сыгийн хийсэн хэргийг түр хийтэл хэлмэгц, өвгөн өгүүлрүүн: - эрхэм мэргэн дүү нар миний үгийг сонс, би болбоос эцэг өвгөдөөс авч энэ хотод сууж, тариалангаар амь зуудаг Сун овог мөн хэмээвч өвгөн надад төрсөн хөвгүүн хоёр билээ.
Энэ Сун Жян нь хар багаас зальхай хэрэг үйлдэх ба элдэв юу явдлаар явж, гэр хөрөнгийг сүйтгэж бүрэлгэхийн хэр өчүүхэн өвгөн би арга бодож, урьд тушаалын ноёнд эл учраа гаргаж, өргөдөл өргөн мэдүүлж, Сун Жянг энэ гэрээс тусгаарлан гаргаж, өмчийг нэгэнтээ өгч Юнь Чэн Сянь хотын харъяат хүн бус хэмээн батлах бичиг бичиж хадгалуулсан билээ. Иймийн тул өвгөн надад огт хамаарах газар үгүй хэмээн батлах бичгийг үзүүлсэнд тэр бичгийг тэдгээр албаны хүн нар нэгэн хувь хуулж буулган аваад даруй яамандаа харьж ирээд, эдгээр учрыг ноёндоо мэдүүлээд, батлах бичгийг өргөсөнд ноён тэрхүү бат бичгийг үзээд, урьд тушаалын ноён нэгэнтээ тусгаарлан тамга дарсан батлах бичиг өгсөөр атал энэхүү өвгөн Сун тайгүн хөвгүүн Сун Чин нарыг бариулах нь зүйд үл нийлэлцмүй. Иймийн тул Сун Жянг нийтээр зарлаж бариулваас зохимуй хэмээхэд гайхал Жан Вэнь Юань шообин энэ үгийг сонсоод эмгэн Чянь По Элд ийн тийн хэмээн зааж өгөөд, эмгэний биеийг дахин яамнаа очиж хилсгүй учраа тоочин бахирагтун хэмээн үсийг задлан явуулсанд эмгэн танхим дээр шууд хүрч ирээд бахиран мэдүүлрүүн: - харъяат ноён хилс үгүй алагдсан хүүхний амийг зальхай хулгай Сун Жянгаас төлүүлэн шийтгэвээс зохих билээ.
Юунд түүний ургийн эцэг хөвгүүдийн уран үгэнд хууртаж, ялт Сун Жянг эс бариулав. Сун Жян эдүгээ мөн тэр гэрт хэрхэвч буй тул өвгөн Сун овогт түүний дүү Сун Чин нарыг барьж авчран шүүвээс энэ хэрэгэ нэгд нэгнээр тодорхой болохоос гадна, өчүүхэн эмгэн хэрхэвч гомдол барагдах газар үгүй хэмээн мэдүүлэхэд ноён хилэнлэж зандран өгүүлрүүн: - энэ Сун овогтод гурван жилийн өмнө урьд тушаалын ноён нэгэнтээ өмч тусгаарлан Юнь Чэн Сянь хотод хамаарахгүй болгоон тамга дарсан батлах бичиг өгснийг үзсээр атал чи хэнийг худал хэмээн санамуй хэмээн зандрахад эмгэн дахин урагш давшиж уйлан мэдүүлрүүн: - энэ Сун Жян урьд журам хадгалсан ёстой хүн, эцэг дүүгээс өмч тусгаарласан хэмээх огт худлыг ээн хотын их бага цөм мэднэ. Энэ Сун овогт өвгөн хөвгүүн хоёрыг эс авчирч над лугаа эсэх аман нүүрэн учруулан шүүвээс өчүүхэн би дээд яаманд очиж бахиран мэдүүлэхээс өөр аргагүй хэмээн мөргөн мэдүүлэхэд ноён өгүүлрүүн: - эмгэн чи энэ хэргийг худал хэмээж болох буюу.
Тамгатай батлах бичиг байсаар бөгөөтөл худал болгож болохгүй хэмээн ихэд зандрахад хажуугаас Жан Вэнь Юань шообин мэдүүлрүүн: - харъяат орны ноён та сонс, энэ эмгэн Чянь По Элийн хүүхэн Янь По Шиг хорлосон нь лав Сун Жян тул түүний ургийн эцэг өвгөн, дүү Сун овогт нарыг ноцож мэдүүлсээр атал энэ хэргийг дарж болох буюу. Тэр ч байтугай энэ эмгэний охины дотор дээд яаманд бахиран мэдүүлэх хэмээмүй. Энэ нь хэрэв дээд яамнаа хүрвээс ноён танд буруу ирэхээс гадна таны гар доор алба хаагч шообин бид олон яахин тэсмүй. Энэ болбоос энгийн хулгай худлыг аар саар зэрэг хэрэг лүгээ адил бус. Хүний аминд холбогдсон чухал хэрэг. Ноён та дотроо сайтар болгоомжлогтун хэмээн мэдүүлэхэд ноён хэдийнэ учрыг мэдсэн боловч мугуйдаар Тан Ню Элийг ял хүлээлгэх хэмээсэн билээ. Эдүгээ тус үгүй болов хэмээн сэтгээд даруй яа и Лэй Хэн Жү Түн хоёрыг сонгон гаргаж дөчин цэрэг дагуулан, тамгатай бичиг бариулж Сун Жя Жуан хотны өвгөн Сун овогт гэрийн хамт нэгжин байцаахаар гаргав.
Тэндээс удалгүй тэдгээр хүн нар тэр хотод очив. Түүнийг өвгөн Сун овогт үзээд угтан гэртээ оруулаад, цай барьсныг хоёр яа и албаны хүн өгүүлрүүн: - өвгөн Сун тайгүн чиний их хөвгүүн Сун Жян одоо чухам хаа буйг хэлж өг хэмээхэд өвгөн Сун тайгүн өгүүлрүүн: - албаны эрхэм хоёр дүү энэ яаманд сууж мөн ч нэлээд он удсан атал миний хөвгүүн Сун Жянг өмч тусгаарлан гаргаж, батлах бичиг хийж өгснийг одоо юунд та хоёр мартав хэмээхэд хоёр яа и өгүүлрүүн: - хэдий тийм боловч манай харъяат ноён тушаасны чанд чухал дээр басхүү гэрч болгон дөчин цэрэг дагуулан ирсэн тул үл нэгжих нь ёсгүй. Албаны тушаал дагаж эрхбиш нэгжин үзвээс манд хариад ноёнд айлтгах үг буй хэмээн тэр гэрийг нэгжив.
Тэндээс тэр албаны хүн нарт өвгөн өгүүлрүүн: - эрхэм дүү нар энэ гэрт хэрхэвч байхгүй. Та бүгд нэгжвээс нэгжигтүн хэмээн хэлэх завсраа Лэй Хэн сэлмээ ардаа үүрч, шууд өвгөний дотоод гэрийн бурханы ширээний доогуур сэлмээр хатгаж үзвээс нэгэн хөндлөн банз мод баймуй. Түүнийг авч хаяад харваас нэгэн их төмөр гинж гарав. Тэр төмөр дээрээс хүчээр татахад цаанаас нэгэн хүн их дуугаар хашхирахад гаргаж үзвээс тэр нь Сун Жян ажгуу. Үүнд Лэй Хэн өгүүлрүүн: - эрхэм сайн нөхөр Сун Жян чи нь багаас эдүгээ хүртэл бид лүгээ эв найрнаас ах дүү хэмээн харилцан янаг амрагаар нөхөрлөсөн журмыг юунд бүхэн мартах буюу хэмээн өгүүлээд нөхөр яа и Жү Түнг дуудаж гурвуул сэмээр энэ үгийг өгүүлэлцээд басхүү Жан Вэнь Юань, эмгэн Чянь По Эл нар яаманд яахин буйг Сун Жянд нэгд нэгнээр хэлээд түүнийг бас оргон зайлуулах арга зөвлөв.
Тэндээс Сун Жян өгүүлрүүн: - эрхэм нөхөр та нар үнэхээр журам бодож намайг тавин явуулах ахул надад очих гурван газар буй. Нэгдүгээр нь Цан Жоу хотын Хэн Хай Жүнь хэмээх зээлэнд суух Чай Жинь хэмээх хуучин хуучин танил нэгэн хүн буй. Хоёрдугаар очих газар нь Чин Жоугийн Чин Фэн Жай зээлэнд суух Шяо Ли Гуан хэмээх хүн. Би гуравдугаар очих газар нь Бай Ху Шань хэмээх цагаан барсын ууланд суух Кун Тайгүн. Энэ нь миний чухам очих газар Кун тайгүн болбоос хоёр хөвгүүнтэй. Их хөвгүүн цол нь Мао Тоу Шин үүнийг орчуулбаас усан одны тэргүүн, нэр нь Күн Мин, бага хөвгүүн нь цол нь Ду Хуо Шин үүнийг орчуулбаас гал одон хэмээмүй.
Нэр нь Күн Лян, энэ хоёр үргэлж надлугаа учирдаг билээ. Эдүгээ би энэ гурвын алинд очвоос зохих буй хэмээхүйд Лэй Хэн өгүүлрүүн: - мэргэн нөхөр аль нь атугай болох байна. Эртхэн зайлваас зохих буй за хэмээхүйд Сун Жян тэдэнд хариу ёслон мөргөөд, явах замын хүнс тэргүүтнийг бэлтгэхийг үл өгүүлэн, өгүүлэх нь: гадаад үүд хороог тойрон сахисан дөчин цэргүүд энэ яа и нар нэлээд эрт дотоод гэрт орсон өдий болтол үл гарч ирэх нь ямар учир хэмээн гайхалцан байтал Лэй Хэн нар гарч ирээд олон цэрэгт өгүүлрүүн: - эдний дотоод гэрийг бүрмөсөн нэгживч Сун Жянг огт олсонгүй хэмээн хэлэхүйд олон цэрэг тийм бөгөөс эцэг хөвгүүнийг бариваас зохих бүлгээ хэмээжихүйд хоёр яа и арга барагдаж тус тус гайхалдан байхад өвгөн Сун тайгүн хэдийнэ учрыг тодорхой мэдсэн боловч үл мэдэгчнээр өгүүлрүүн: - мэргэн дүү нар манай гэр орныг нэгэнт нэгжиж Сун Жянг эс олов. Эдүгээ гэрт морилон орж цай зооглогтун хэмээн хоёр яа и ба цэргийн ардыг цөм дээд гэрт оруулан архи ногоо бэлтгэж ширээ засан найр тавихыг юу өгүүлмүй.
Өгүүлэх нь, өвгөн Сун тайгүн дотроо ихэд айсан боловч амандаа ариун үг хэлж урьдын батлах бичгийг дахин гаргаж тэдэнд үзүүлэв. Тэд авч үзээд хоёр яа и юу өгүүлэх буй. Гагцхүү цэргийн ардыг дагуулан гэрч болгон ирээд эднийг аманд аятай зууш үл зооглуулах болбол өвгөний бие Сун Чин хөвгүүн нарыг барьж үл аваачих ахул болохгүй хэмээн хоёул зөвлөөд өвгөнд сэмхэнээр өгүүлрүүн: - өвгөн чи нь эртний хуучин хүн, түүний дээр чиний хөвгүүн Сун Жян-тай бид үнэхээр зузаан журмаар ханилсныг юун өгүүлэх. Бид хоёр нь бага гайгүй, гагцхүү энэ цэргийн ард хэцүү хэмээхүйд өвгөн санд мэнд босч цэргийн ардад нэгэн цаг дараалан хундага барьж тал зассаны дараа өвгөн биеэр мөнгө хорин лан гаргаж, хоёр яа и-д барьсанд тэр хоёр хүлээн аваад олон цэргүүдэд тус тус хуваан шагнахуйд цэргүүд амаа цагаан цалингаар бөглүүлсэн тул тэр хоёр яа и-гийн үгээс давж болох буюу. Тэндээс өвгөн Сун тайгүнгээс батлах бичгийг дахин сийрүүлэн аваад яамандаа эгэж иртэл харъяат ноён даруй танхимд сууж яа и-г Сун тайгүнгийн гэрт яахин очсон, Сун Жянг яахин нэгжсэн зэргийг нэгд нэгнээр байцаан асуухад тэр хоёр урьд нэгэнт зөвлөн тогтосоноороо мэдүүлэхээс өөр юу юу хэмээн хэлэлцэн тогтсоныг ноёндоо мэдүүлэхийг сонсогтун. Тэнгэр мэт ноён миний өчүүхэн боол яа и нар бид худал айлтган мэдүүлж чадахгүй.
Ноён таны тушаалаар цэрэг дагуулан Сун Жя Жуан хэмээх хотыг өвгөн Сун тайгүний гэрийн хамт бүслүүлэн авч ялт Сун Жянг айл дараалан нэгжээд түүнээс өөрийн гэрийг нэгжвээс огт үгүй тул түүний эцэг Сун тайгүн, Сун Чин нарыг барьж авчиръя хэмээх ахул өвгөн Сун тайгүний бие өвдөж энд ирэх байтугай эрлэгт очих замаа хөөж буйг гагцхүү бидэн хоёр ч атугай олон цэрэг тэд хотын их бага цөм мэдэх билээ. Хөвгүүн Сун Чинг барья хэмээвээс тэр гэрээс гарсаар нэгэн сар илүү болов. Хааш очсоныг мэдэхгүй хэмээх тул аргагүй түүний урьд өмч тусгаарласан бичгийн дахин сийрүүлж авчрав хэмээн шууд зоригоор мэдүүлэхэд энэ үгийг ноён сонсч маш баярлан өгүүлрүүн: - тийм бөгөөс арга буюу. Дээд фү гуань лаоеэд бичиг мэдүүлээд Сун Жянг нийтээр бариулая.
Нэгэнтэйгүүр харъяат яамнаас чадалтай яа и томилон гаргаж бариулах хэмээн зөвлөлдөн бүхийг бүү өгүүлэн, өгүүлэх нь: энэ Сун Жян лугаа энэхүү хотын ноён ба олон худалдаа наймаа гүйлгэгч цөм найртай сайн тул энэ үгийг сонсоод олон бүхнээр гайхал шуудав. Жан Вэнь Юань-аас зэргээр эцэг хөвгүүн нарыг барьж, ял олгохыг байсугай хэмээн тус тус гуйсанд Жан Вэнь Юань аргагүй олныг бодож дотроо ийн сэтгэрүүн: - Сун Жян болбоос бас урьд над лугаа мөн журмаар нөхөрлөсөн сайн нөхөр билээ. Гагцхүү энэ үхсэн зальхай эмийн засдаг занд оршиж нөхрийн журмыг тасалсан хэрэг. Одоо зальхай эм нэгэнт үхэж барагдав. Сун овогтын лугаа юуны өшөө өвөрлөж болох буюу. Нэгд олон хүн гуйх тал хэцүү аргагүй Жү Түн яа и-г дуудаж өгүүлрүүн: - чи энэ эмгэн Чянь По Элийг ийн тийнхүү хэмээн ятгаж тайтгаруулан басхүү түүнд амь тэжээх зоос мөнгө өгье хэмээн ухуулагтун хэмээснээр тэр яа и Жан Вэнь Юань-ий үгийг дагаж, эмгэн Чянь По Элийн дэргэд хүрч ирээд ийн өгүүлрүүн: - эмгэн чи одоо энд удтал хүлээн суувч юуны тус.
Эртхэн гэртээ харьж амраар суу. Чиний өстэй зальхай ялт Сун Жянг хэдэн удаа албаны хүн ба цэрэг гаргаж нэгжин байцаалгасныг чи нүдээр үзэв үү, одоо чиний хэргийг дээд яамнаа мэдүүлж, Сун Жянг нийтээр зарлаж бариулахаар бичиг явуулав. Чи одоо буцагтун. Би чамд зоос мөнгө өгч буцаая хэмээхэд эмгэн Чянь По Эл зоос мөнгийг чихэнд сонссон нь юутай сайхан хэмээн бодовч амандаа басхүү үл явах ба ийн тийн хэмээн ярвиг гарган буйд Жү Түн нэлээд мөнгө зоосыг өгсөнд эмгэн хүлээн аваад гэртээ харив. Үүнийг үл өгүүлэн, өгүүлэх нь: тэндээс Жү Түн хүн зарж, хувинаас нэлээд мөнгө гаргаж фү-гийн яамнаа бичгийг довтолгов. Удалгүй тэр хүн хүрч бичгийг бариад шообингийн зэрэг албаны улсад дээр доор тус тусын хувь хэмээн бэлэг болгон мөнгийг гаргаж бариад өгүүлрүүн: - ялт Сун Жянгийн хэргийг эндэх яаман бэлхнээ урьдаас мэдсэнийг юун өгүүлэх, гуйх нь манай яаманд бичиг дахин эгүүлэх ялтыг тулгаж бариулахыг бага алгуурлаж, өршөөхийг хүсмүй хэмээх зэрэг илч бичиг явуулсныг бүү өгүүлэн, өгүүлэх нь: шударга эр Тан Ню Эл гянданд хоригдож, нэлээд өдөр сууж буй атал сайн мэдээ сэм сонсогдов. Юу сонсогдохыг ноён ба шообин, яа и, Жү Түн нарын хэлэлуэхүүнийг сонсогтун.
Тэндээс Жү Түн Жан Вэнь Юань хоёр зөвлөн өгүүлрүүн: - Сун Жянгийн хэргийг нэгэнтээ дээр доор ба заалдсан этгээдийг цөм мухарлав. Эдүгээ Тан Ню Эл хэмээх сайн эрийн амийг яахин гаргах буй хэмээн зөвлөлдөхөд Жан Вэнь Юань өгүүлрүүн: - үүний амийг гаргаж болно, ноёнд бид хоёр сонсгоё. Тан Ню Эл болбоос дэмий зээлийн замд хөндөлдөж, Сун Жянг гаргасан хүн болохоос бус чухамхүү ялт Сун Жян билээ. Арга буюу энэ хэрэгт нэгэнт холбогдсон тул үүнийг ял хүлээлгээд урьд хорин цавчирга занчиж, хожим таван зуун газар цөлөх ял унагаж шийтгэсний хойно үүнийг цөлөх ялыг зольж болох арга буй хэмээн ноёндоо айлтгасанд ноён нь маш сайн, энэ ял даруй нийлцмүй хэмээж зөвлөв. Тэндээс энэ Сун Жян өөрийн гэрийн бурханы доор нэгэн нүхнээс гарсан учир болбоос урьд Сүн хааны үед албан хаагч ардыг амь гаргах хэмээн ийнхүү нүх ухаж нуусан бүлгээ. Үүнийг үлгэрлэж Сун Жян гэрийн бурханы доор нууж байгаад амь гарч алдуулав. Энэ сул үгийг бүү өгүүлье, өгүүлэх нь, Сун Жян, Жү Түн, Лэй Хэн хоёроос салж захиаг дотроо зангидаад төрсөн дүү Сун Чингийн хамтаар бус тийш явахаар юмаа бэлтгээд өвгөн эцэгтээ мөргөн мэдүүлрүүн: - хөвгүүн чинь сайн нөхөр Жү Тин нарын хүчээр амь гарсан тул Жү Тинд биднийг явсны хойно мөнгө туслан өршөөхийг мэдээрэй хэмээн захихад өвгөн эцэг түүнийг бүү хэл чамаас илүүгээр мэднэ.
Шөнө орой болов, одоо явах хэрэгтэй замд хүнд сэжиглэгдэв хичээгтүн хэмээн хариу ёслолцоод эцэг хөвгүүн салж явав. Тэндээс хоёр хөвгүүн нь зам хөөн явсаар нэгэн газар бууж ах Сун Жян өгүүлрүүн: - дүү бид хоёр эдүгээ яваад ямар газар очвоос сайн болов хэмээхүйд дүү өгүүлрүүн: - дам хүнээс сонсвоос Цан Жоу хотын Хэн Хай Жүнь хэмээн зээлэнд суух Чай Жинь да рэнь их буянтай хүн хэмээн сонслоо. Тэр хүн нь жоу улсын хааны төрөл хүн хэмээлцдэг. Түүнд очиж гуйн сөгдвөөс болох байна хэмээхүйд ах Сун Жян өгүүлрүүн: - мэргэн дүүгийн хэлсэн нь миний дотор бодсон лугаа яв цав нийлэлцжээ. Гагцхүү урьд танилцаагүй хэмээн хэлэлцэн явж Цан хотын замд оров.
Тэндээс тэр хоёр ус гаталж, уул давж алсалсан хол явсан тул ихэд зүдрэн явж армай чармайн Цан Жоугийн зах тулгаран хүрч ирээд Чай да рэнь-ийг хүнээс сураглан асууваас Чай да рэнь гэрт үгүй, бусдаас газрын шүй нэхэхээр явсан хэмээхүйд Сун Жян өгүүлрүүн: - Чай да рэньгийн очсон газар чухам хичнээн хол буй хэмээхүйд тэр хүн дотроо сэтгэрүүн: - энэ хоёр хүн Чай да рэньг сураглах нь юун учир билээ, учрыг асууя хэмээн бодоод тэр хоёрын нэр овог, хаа суудаг, аль хотын хүн зэргийг асуухад Сун Жян өгүүлрүүн: - өчүүхэн хүн Юнь Чэн Сянь хотын хүн, нэр Сун Жян хэмээдэг, эдүгээ бидүүд нутгаас зориглон гарсан учир болбоос энэ хотын Чай да рэнь лүгээ урьд энгийн танилцсаны дээр түүнээс гуйх нэгэн чухал хэрэг буй билээ хэмээхүйл тэр хүн өгүүлрүүн: - эрхэм нөхрийг урьд жүс үзсэнгүй боловч алдарыг сонсов. Тиймийн тул энэ хотын Чай да рэнь эдүгээ гэрт эзгүй, тэр эндээс дөчин газрын эцэс зүүн хотод очиж газрын шүй нэхэхээр явсан нь буцаж ирээгүй.
Эрхэм яа сы дарга учиръя хэмээвээс өчүүхэн би биеэр дагуулан явж Чай да рэнь лүгээ учруулая хэмээхүйд Сун Жян ихэд баярлаж, тийм бөгөөс эрхэм нөхөр зам удирдагтун, өршөөгтүн, хожим ах дүү бид хоёр хариу барья хэмээгээд гурвуулан хамтаар зүүн хотын зүг явж удалгүй хүрээд, тэр хүн Сун Жян нарыг хотын захад хүлээлгэж өөрөө хотод орж Чай да рэнь лүгээ учирч, Сун Жян нарын ирсэн эл учрыг хэлсэнд Чай да рэнь энэ үгийг сонсмогц яаран тосож гараад Сун Жян нарыг суух гэртээ оруулж сөгдөн өгүүлрүүн: - дээд эрхэм нөхөр ахыг морилон ирэхийг урьдаас үл мэдэх тул угтсангүй бурууг уучлаарай. Энэ өдөр өчүүхэн над лугаа уулзахаар ирсэн нь тэнгэрийн салхинаас буугаад ирсэн лугаа адил. Өчүүхэн би эрхэм нөхөр яа сы да рэнь нь таныг мөрөөдөн санасаар маш удаж, урьд шөнө шатаасан зулын гол дээш дэгдэж, бас энэ өглөө шаазгай шувуу донгодон үг өгүүлэх нь бас сайн ёр хэмээн санаж ахул харин та гэнэт морилон ирэв хэмээн хариу ёслоод Сун Жянг гараас нь түшиж, дотоод гэрт аваачиж зочид зочлох ширээ бэлтгэж, найр тавихаар завдав.
Тэндээс Чай да рэнь өгүүлрүүн: - Сун да рэнь энэхүү таныг дагаж яваа хүн хэн буй хэмээхүйд Сун Жян өөрийн төрсөн дүү Сун Чин мөн хэмээхүйд Чай да рэнь үл таних тул ёс алдав хэмээж Сун Чингийн амрыг эрж, бүгдээр архи бэлтгэн найрлан сууж буй ахул Чай да рэнь асууруун: - эрхэм нөхөр Сун яа сы даргыг сонсвоос, Юнь Чэн Сянь хотын яамны их албаны хүн болж хэмээн нэр алдаршсан нь эдүгээ энд өчүүхэн миний өвсөн мэт хороонд чухамхүү ямар санаагаар ирснээ мунхаг нөхөр надад нээн хэлмүү хэмээн өгүүлэхэд Сун Жян уг нутагтаа байх цагт ямар хэрэг хийсэн ба босож гарсан учрыг нээн тоочоод, одоо уул нутагт багтан сууж үл чадах учир энд Чай да рэньгийн хажууд бараа болон явж амьдрахын аргы эрсэн учраа хэлэхэд Чай да рэнь өгүүлрүүн: - тийм бөгөөс ах нөхөр сэтгэлээ уужим тавьж амраар суугтун. Манай энэ хотод өчүүхэн миний биеийг байсан цагт аливаа газрын албаны хүн ба цэрэг ирж үл чадмуй хэмээхээс гадна нэгэн муу хэрэг хийж хүн алсан гэх ч байтугай эзэн хааны цалин дээрэмдсэн ял хийвч өчүүхэн төдий сэтгэл цочих газаргүй хэмээгээд архийг ах дүү хоёрт шаардан бариад тэр хоёрын өмсөж явсан дээл хувцасыг сольж, нүүр гарыг нь угаан энэ шөнө дүлэн найр тавих хэмээн дахин өөр нэгэн их сонгодог байшинг цэвэрлэж, арван хэдэн зарцаар аливаа ширээний хэрэглэл тэргүтэн бас архи ногоо төхөөрч бэлтгэсэн нь үлгэрлэвээс баялаг ард хөвгүүндээ эм авч, найр тавих лугаа адил болжээ.
Тэндээс тэр гурвуул тэр шөнө архи уун найрласныг өгүүлж яанам, өгүүлэх нь, Сун Жян тэр шөнө Чай да рэньгийн ёс ёсолж хүндэлсэн, бас хэлсэн үгэнд баярлаж, архийг ихэд ууж согтоод, гадагш гарч шээх хэмээн зүүн талын их саравчинд хүрвээс тэр саравчны дотор нэгэн хувин гал тавьсан нэгэн сайн эр бололтой хүн хэвтэж байхыг Сун Жян үзээд яаран тэр галыг түүний нүүр дээр цацаж хаясанд тэр хүн дээш босон чи нь ямар хүн, яахин мний дэргэд ирж, галыг нүүрт цацаж хаяв хэмээн Сун Жян лугаа шуугихад тэндээс нэгэн зарц дэнлүү барьж ирээд өгүүлрүүн: - чи юунд энэ Сун лаоеэг барьж үл тавимуй. Энэ нь манай Чай да рэньгийн гол зүрхний журмаар ханилсан сайн нөхөр, чи хурдан тавигтун хэмээхэд, тэр сайн эр үл тавьмагц Чай да рэнь өөрөө басхүү хоёр гурван зарцын хамтаар ирж Сун Жян энэ хоёр ямар учир хэрэлдэн бүхийг асууваас сайн эр өгүүлрүүн: - энэ ямар хүн буй, учиргүй миний дэргэд ирж хувинтай галаар миний нүүрийг түлэв хэмээхүйд Чай да рэнь өгүүлрүүн: - чи үүнийг таних буюу. Энэ болбоос миний журмаар нөхөрлөсөн шударга эр Сун Жян хэмээгч бүлгээ хэмээн хэлэхэд сайн эр дотроо сэтгэрүн, энэ Чай да рэнь урьд мөн над лугаа журмаар ханилсан сайн нөхөр хэмээн би санадаг билээ.
Үүнийг үзвэл хүнд мянган өдрийн сайн сэтгэл үгүй, цэцэгт зуун өдрийн улаан үгүй хэмээх лүгээ адил болжээ хэмээн сэтгээд ийн өгүүлрүүн: - Чай да рэнь ах энэ хүнийг урьд зүс эс таних боловч хүнэс дам сонсвол энэ Сун Жяэ хэмээгч тэнгэрийн хур орох улгаа адил хүн хэмээлцэхийг сонслоо. Энэ нь Юнь Чэн Сянь хотын Сун Жян бус буюу хэмээхүйд Чай да рэнь өгүүлрүүн: - сайн эр чи нүдний өмнө Сун Жян лугаа учраад ёс үл хэлэх нь юу. Энэ лав Сун Жян хэмээхүйд тэр сайн эр өгүүлрүүн: - энэ хүн Сун Жян лав мөн бөгөөс би басхүү ёслох хэрэгтэй хэмээгээд санд мэнд Сун Жянгийн зүг сөгдөн ийн хэмээн өгүүлрүүн: - мунхаг дүүгийн нүдний цэцгий эс арилсан тул эрхэм баатар нөхрийг үл таньж, тийнхүү бурагуй загнав. Одоо тэнгэр мэт ах өчүүхэн намайг өршөөж буруу ялыг уучлах болов уу хэмээн сөгдөн мөргөхөд Сун Жян нь тэр хүний хоёр гараас татаж босгоод өгүүлрүүн: - эрхэм дүү чи намайг үл таних нь үнэн зүй, үүнд юуны буруу зөв гэнэм хэмээн хэлэлцэн буй атал Чай да гуань рэнь өгүүлрүүн: - энэ хүн болбоос ууланд явдаг зэрлэг хүн, бие өвдөж миний гэрт ирээд хэдэн өдөр болов. Мөн ч миний танилцсан сайн эр. Үүний нэгэн удаа хашхирахуйд уул нурах, ус ширгэх, хүний зүрх хагарах тийм их эр бүлгээ хэмээлцээд дотоод гэртээ орж хэдэн өдөр найрлан суув.
Үүнийг үл өгүүлэн, өгүүлэх нь: энэ сайн эрийн нэр дээд бүлэгт гарсангүй тул дараа бүлэгт хэн нэртэй хүн болох, эдгээр ах дүү хоёр юу болохыг хойд бүлэгт тодорхой үзэгтүн.
Сэтгэгдэл ( 0 )