Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ХЭН ХАЙ ЖҮН ХОТЫН ЧАЙ ЖИНЬ ДА РЭНЬ ХЭМЭЭХ ХҮН ЗОЧИД ЗАЛАХ ГЭР БЭЛТГЭЖ,
Ү СУН САЙН ЭР ЖИН ЯН ГАН ХЭМЭЭХ УУЛЫН НУРУУ ДАВЖ, ДОГШИН БАРСЫГ АЛАВ
Өгүүлэх нь: тэндээс энэ дөрвүүл архи ууж найрлан суухын завсарт Сун Жян өгүүлрүүн: - энэ эрхэм нөхөр лүгээ эдүгээ танилцав. Үүний нэр алдар хэн гэдэг, аль хотын хүн буй хэмээн асуухад Чай да рэнь өгүүлрүүн: - энэ хүн Чин Хө Сянь хотын хүн, нэр Ү Сун хэмээмүй. Ах дүү хоёул, энэ нь дараах дүү хэмээхүйд Сун Жян өгүүлрүүн: -тийм бөгөөс Ү Сун чи уг нутгаас хэдийд яахин гарсан, одоо энд ямар хэргээр суудаг зэргийг Ү Сун-с асуумагц Ү Сун өгүүлрүүн: - Сун да рэнь чи сонс, өчүүхэн дүү би уг нутагт байхдаа олон ах дүү ба энгийн хүн нар лугаа ямагт хэрэлдэн занчилдаж, төлөв үгүй хүн билээ. Нэгэн өдөр айл суух хүнийг занчиж алаад, түүнээс айж босч гараад Чай да рэнь ахын гэр нуун сууж баймуй хэмээхэд Сун Жян өгүүлрүүн: - чиний байдлыг үзвээс үнэхээр сайн эр ажгуу. Одоо бид цөм нэгэн журмын ах дүү тул арга буюу би чамд хэдэн лан мөнгө гаргаж өгье, чи үүгээр дээл хувцас хийж өмсөгтүн хэмээх үгийг Чай да рэнь сонсоод ийн өгүүлрүүн: - энэ Ү Сун нь мөн миний танилцсан сайн нөхөр, гагцхүү зан нь хурц олон хүн лүгээ эв тал үгүй, манай гэрт ирээд нэгэн жил болов. Хөөн явуулъя хэмээвээс нөхрийн журам хэцүү, эс явуулбаас манай гэрийн зарцаас эхлэн энэ хотын хүн нарыг айлган занчих ба бас архи ууж, агсамнан загнах нь даанч тэсэхүйеэ бэрх тул үүнд бага нүүр өгсөн тэр бүлгээ. Түүнээс бус би юунд үүн лүгээ журмыг эвдэж, доор үзэх буюу хэмээгээд нэгэн авдар дотроос торго дурдан зэргийн эдлэл гаргаж Сун Жян, Сун Чин, Ү Сун нарыг дураар сонгож, аваад тус тус шинэ хувцас хийгтүн хэмээн тушаав.
Тэндээс Ү Сун өгүүлрүүн: - ах нарын хайр хишигт нэлээд өдөр жаргав. Эдүгээ би орон нутаг, ах Ү Лан-г санах нь маш хэцүү тул би одоо буцсугай. Хожим ах нар лугаа учиръя хэмээн өгүүлэхэд Сун Жян өгүүлрүүн: - дүү чи энд баахан хэдэн өдөр сууваас ямар болов хэмээхэд Ү Сун өгүүлрүүн: - болохгүй, хэрхэвч бцая хэмээн явахаар завдахад Чай да рэнь хэдэн лан мөнгө өгч, дээлийг сольж өмсөөд, ёс ёсолж, Ү Сунд архи барьж үдэв.
Тэндээс Ү Сун Чай да рэньгийн гэрээс гараад явъя хэмээтэл Сун Жян өгүүлрүүн: - эрхэм дүү түр хүлээж байгтун, би чамд хэдэн лан мөнгө өгье, басхүү чамайг хол газар явах тул ах дүү бид хоёр хамтран явж, газрын дунд хүргэе хэмээхэд Ү Сун өгүүлрүүн: - Сун ах нар бүү сэтгэл зовогтун, эдүгээ би нутаг газрын замыг мэдмүй, би ганцаар явсугай хэмээхэд Чай да рэнь аргагүй гэртээ хүнгүй тул буцав. Тэндээс Сун Жян ах дүү хоёр Ү Сунг үдэж, таван зуу шахам газар очтол ойр нэгэн хоолны дянь пүүс харагдав. Үүнийг тэр гурав үзээд энэхүү пүүсэнд орж, архи ууж, хоол идсүгэй хэмээн зөвлөөд пүүсний буудалд оров.
Тэндээс пүүсний зарц нар архи ногоо бэлдүүлж, нэгэн шөнө найрлаад, маргааш өглөө босч, будаа идээд, одоо явах цаг болсны тулд Ү Сун өгүүлрүүн: - эрхэм ах Сун Жян таныг мөн ийм журамтай хэмээхийг сонслоо. Үүнийг үзвээс үнэхээр журмын ах дүү бололцвоос зохимуй хэмээж Сун Жян, Сун Чин хоёрт архи барьж, тангараглан мөргөөд, журмаар ах дүү бололцов. Үүнд Сун Жян нэн ч баярлаж, Ү Сунд дахин мөнгө арван лан өгч, замын хүнс болгогтун хэмээхэд Ү Сун үл хүлээхэд аргагүй Сун Жян албадан өгч, архи бариад ёслолцон гарч явав. Энэ Ү Сун тэндээс гэр зүгээ харив. Үүн Сун Жян, Сун Чин нар Чай да рэньгийн гэрт эгэж ирэхээр зам явтал тавин газрын эцэс Чай да рэнь өөрөө морь унаж, басхүү хоёр эмээлтэй морь хөтөлж, ах дүү хоёрыг угтан ирэв.
Тэндээс энэ гурвуул гэртээ харьж ирээд Ү Сунг яахин үэж, пүүсэнд бууж архи уусан ба журмын ах дүү болсныг үл өгүүлэн өгүүлэх нь: сайн эр Ү Сун ганцаар зам салж яваад, дотроо ийн сэтгэрүүн: - энэ Сун Жян ахыг олон хүн хорон ус лугаа адил зантай хүн хэмээлцдэг билээ. Үүнийг үзвэл огт худал ажгуу. Шударга баатар эр мөн байнам хэмээн санаж яваад Ян Гү Сянь хотын захад хүрч ирэв. Тэндээс тэр хотын дэргэд нэгэн их хоолны газар нээсэн пүүс баймуй. Үүнийг Ү Сун үзээд ийн сэтгэрүүн: - нэгд, гэдэс өлсөж, хоёрт зам явж зүдрэв. Энд бууж баахан архи уун, хоол идсүгэй хэмээгээд тэр дпүүсний ойр нь очвоос тэр пүүсний их хаалганы дээр нэгэн цагаан дарцаг, түүний дээр таван үсэг бичгийн үг нь энэхүү өмнөх их нурууг давах хүн буй аваас архийг гурван шаазан хундага ууж болохгүй хэмээн бичжээ. Үүнд Ү Сун дотогш ороод архи ууж, хоол идэх хэмээн пүүсний зарцыг дуудаж, нэгэн шаазан архи авчруулаад түүнийг нэгмөсөн залгиж, бас нэгэн шаазан авчрагтун хэмээн авчруулан мөн урьд адил залгилж дуусаад хоол идмүй хэмээхүйд, манай энд чанасан үхрийн бэлэн мах буй, гийчин түүнээс идвээс ямар хэмээхэд, мах болбоос нэн ч хүчтэй, улам сайн, чи гурван жин үхрийн махыг бас нэгэн шаазан архины хамт авчрагтун хэмээхэд, тэр пүүсний тэргүүлэгч өгүүлрүүн: - архи одоо үгүй, мах идвээс чиний гэдсэнд хүрэх мах бий хэмээхэд Ү Сун хилэнлэж, ширээгээ дэлдэн өгүүлрүүн: - дахин гурван шаазан архи халуулж авчрагтун хэмээсэнд тэргүүлэгч өгүүлрүүн: - манай пүүсний архи аливаа хүн гурван шаазан ууваас ухаан мэдрэлгүй болдогоос гадна, энэхүү их хаалганы дээр бичсэн таван үсгийг эрхэм зочид үзэв үү хэмээхэд, Ү Сун улам уур хүрч, их дүрэм үзүүлэхэд пүүсний тэргүүлэгч аргагүй айх тул дахин гурван шаазан архи халуулж, мах хоёр жингийн хамт авчран өгөв. Ү Сун түүнийг ууж бараад, ам нь халж, зүрх овойж, нэгэн хэсэг мөнгө гаргаж, пүүс тэргүүлэгчид өгөөд өгүүлрүүн: - дяний данжаад үүнийг дансалж үзэгтүн, миний уусан зургаан шаазан архи, мах таван жингийн үнэд гүйцэх буюу хэмээн өгсөнд тэр мөнгийг авч данслан үзвээс архи махны үнийг суутгаад бас зоос хариулан өгмүй хэмээхэд Ү Сун өгүүлрүүн: - зоос хариулан авах ёсгүй, архи халуулж уумуй хэмээхэд пүүсний тэргүүлэгч хэрхэвч одоо архи өгөхгүй хэмээн хэлэхэд Ү Сун өгүүлрүүн: - чи над архи эс өгвөөс чиний энэ өвсөн гэрийг үнсэн товрог болгон сүйтгэмүй хэмээн зэргээр сүр гарган бага хашхирсанд тэр пүүсний их бага цөм зүрх нь хагарах адил муужрахад, олон цөм гайхалдан, аргагүй үлсэн мөнгөний үнэд зургаан шаазан архи дахин халуулж, аргадан өгөв.
Ү Сун тэр архийг ууж, шууд явмагц архины пүүсний тэргүүлэгч хойноос нь дуудаж ийн өгүүлрүүн: - эрхэм зочин чи энэ уулын нурууг энэ өдөр хэрхэвч давж болохгүй. Учир юу хэмээвээс, энэ ууланд нэгэн их галзуу барс буй. Үүнийг давъя хэмээвээс могой, морь, хонь ийм гурван цагт тэр барс хэвтшиндээ байдаг. Энэ чөлөөг үзэж, олон хүн жагсан гарахаас бус өөр цаг ба ганцаар хүн хэрхэвч явж болохгүй хэмээхэд Ү Сун энэ үгийг сонсож, маш уур нь хүрч шүдээ хавиран өгүүлрүүн: - энэ ууланд нэгэн барс байтугай арван барсаас айх эр бус, чи олон үг бүү хэл хэмээн шууд яваад, Жин Ян Ган хэмээх их нурууны бэлд хүрч иртэл тэнд нэгэн хальсыг авсан цагаан мод ургасан баймуй. Түүний дээр гурван шугам бичиг бичжээ. Тэр бичгийг Ү Сун үзвэл бичгийн үг нь, энэ Жин Ян Ган хэмээх их нуруунд нэгэн галзуу барс хүн амьтны зам тосч хорлосон нь маш олон. Иймийн тул үүгээр явах хүн үдийн гурван цагийг хэрэглэж, үлэмж олноор явбаас амь сугаран гарах бүлгээ. Бусад цагт хичнээн хүн жагсавч тусгүй хэмээн бичсэнийг Ү Сун үзээд дотроо ийн сэтгэрүүн: - энэ нь архины пүүсний овлол байна. Олон хүнийг өдөр саатуулан мөнгө зоос олохын эрхээр өөрийн үүд ба энэ модонд бичсэн ажгуу хэмээн бодоод юу ч болов явж үзсүгэй хэмээгээд нурууны дээр гарав.
Тэндээс тэр нурууны дээр уулыг тайх нэгэн хуучин сүм баймуй. Ү Сун түүний дэргэд очоод шинжлэн үзвээс хаалганы хажууд нэгэн тамгатай ухуулах бичиг наалдуулжээ. Тэр бичгийг үзвээс үг нь Ян Гү Сянь-ий яамнаас ухуулах бичиг гаргасны учир, эдүгээ харъяат хотын ойрх Жин Ян Ган хэмээх их ууланд ойрын хэдэн жил аль газраас ирснийг мэдэхгүй галзуу барс үлэмж болоод зам явагчдыг хорлон идэх ба хотын олон хүн хол ойр явах аргагүй болов. Үүнд сайн гөрөөчин нарыг сонгон бүлэглэн мордуулавч мөн амь хорлогдох тул холын гийчин, худалдааны ард энэ замаар явах болбоос гурван цаг эрхлэгтүн. Бусад цаг явбаас хэрхэвч амь гарах нь бэрх хэмээн бичиг наалдуулсныг Ү Сун үзэв.
Тэндээс сайн эр Ү Сун энэ бичгийг үзээд даруй буцаж архины пүүсэнд очвоос намайг баатар эр бус хэмээн ичээх тул юу ч болов явъя хэмээгээд гартаа нэгэн бялуу шийдэм барьж, эсгий малгай авч наадан цааш явмагц нэгэн хэсэг ой шугуй модон баймуй. Түүний дотор нэгэн дөрвөлжин хэсэг хөх чулуу буй. Үүнийг Ү Сун үзээд уусан архи улмаар дэгдэж согтууран, түр амарч явъя хэмээн бялуугаа тавьж, тэр чулууны дээр гарч унтав. Гэнэт сэрчигнэх салхин дэгдэж, их дуун гармагц Ү Сун босон харайн үзвээс, ув улаан нүдтэй, амаа ангайсан нэгэн цагаан барс ирэхэд Ү Сун даруй шийдэм бялуугаа авч чулууны дэргэд зогсмогц, тэр барс биеэ суниаж, газар малтан давшлаад, шууд Ү Сунг залгихаар ирэхэд Ү Сун бие зайлж, мултран гармагц барс дахин эргэж, Ү Сунг дайрахад Ү Сун мөн бие мултран хоёр удаа зайлав. Тэндээс Ү Сун ихэд айж, хар хөлс нь ус цутгасан адил дуслан буйд тэр барс дахин уур нь хүрч, Ү Сунд давшлан ирээд түүний хоёр мөрөн дээр хоёр хөлөө тавьмагц Ү Сун мөн баатар эр тул уур нь хүрч тэр барсыг хүчээр боолзуурдан авч ихэд ноцолдов.
Тэндээс тэр ууланд нэгэн их нуур буй. Түүний хажууд нэгэн их шавар буй ажгуу. Энэ барс Ү Сун хоёр ноцолдсоор тэр шаврын дэргэд хүрээд Ү Сунгийн уур хүч улмаар нэмэгдэж тэр галзуу барсыг хоёр чихэн дээрээс барьж, толгойг доош дараад, хөл нүдийг нь хөлөөр өшиглөж сохлоод, барсыг шаварт хутгаж шигтгэж, шийдмээр хэд хэдэн удаа занчсанд барсын ам хамраас цус цувран үхэв.
Үүнд Ү Сун сэтгэл нь тайтгарч, ийн сэтгэрүүн: - энэ бас сайн үхэж болоогүй хэмээн бас хэдэн бялуу дахин шагнаад дээш татаж үзвээс амьсгал үгүй болж, үүнийг алсан нь үнэхээр сайн ажгуу.
Би үүрэн аваачиж, хотын олон хүнд үзүүлбээс сайн эс яахин байгтун хэмээн бодоод тэр чулууны дээр дахин ирж суугаад, нэлээд амран, цааш хоёр газрын хэр явтал барсын арьс нөмөрсөн хоёр гөрөөчин ирэв. Үүнийг Ү Сун үзээд ийн сэтгэрүүн: - жинхэнэ барсаас үл айсан билээ. Эд нараас юун айх буй хэмээн сэтгэж байтал тэр хоёр ирээд ийн өгүүлрүүн: - чи нь юун хүн, энэ уулыг яахин гэтэлж ирэв. Чиний ганц бие байтугай бид хичнээнээр цэрэглэн ирэвч энэ уулын галзуу барсаас айгаад зайлдаг бүлгээ. Аргагүй харъяат ноёны тушаалаар барсыг сөнөөх хэмээн энэ уулын захад явмуй. Чи тэр барсыг үзэв үү хэмээхэд Ү Сун өгүүлрүүн: - таны энэ хотын уулын өчүүхэн барс миний биед халдах байтугай миний нэгэн их хашхиран бархирахыг сонсвоос тэр галзуу зугтан зайлмуй. Энэ барсыг алав хэмээхэд тэр хоёр гөрөөч огт үнэмшсэнгүйд Ү Сун өгүүлрүүн: - та хоёр эс үнэмшвээс миний биед наалдсан цус ба шийдэм бялууг үзэгтүн хэмээн бүрнээ үзүүлсэнд, тэр хоёр гөрөөч, нөхөд гөрөөчинд энэ хүн гайхал галзуу барсыг алав гэнэм хэмээхэд тэд бас үл үнэмлэхүйд Ү Сун өгүүлрүүн: - та бүгд худал хэмээвээс миний биеийг дагалдан очиж алсан барсыг үз хэмээн дагуулан, мөнөө алсан барсын дэргэд ирцгээж үзвээс үнэхээр алжээ. Үүнд олон гөрөөч нар Ү Сунг баатар эр хэмээн магтахыг өгүүлэх юун.
Тэндээс тэр гөрөөчин нар үхсэн барсыг дамнаж, уулнаас Ү Сунг гавьяа хүртээмүй хэмээн дагуулан бууж ирэхийг үл өгүүлэн, өгүүлэх нь: Ү Сун архины омгоор аймшигт барсын уулнаа ганц биеэр давж явсныг тэр хотын их бага цөмөөр гайхалцан чимээ чагнаж суутал, зам явах хар нүүрт хүн уулын барсыг алав хэмээн сянь-ий ноёнд мэдээ ирмэгц ноён даруй баярлан өөрөө нэгэн сүйх тэргэнд сууж Ү Сунг залах хэмээн нэгэн жууз дамнуулж, уулнаа угтан ирж хүлээв.
Тэндээс Ү Сун олон гөрөөч нар лугаа алсан барсыг дамнаж, уулнаас бууж ирэх лүгээ ноён тосч, ёслон өгүүлрүүн: - эрхэм баатар сайн эр, юутай гайхмашиг, юутай гавьяа, энэ үлгэрлэвээс дэлхий дахины гамшиг зовлонг арилгах ариун бодисатва бурханаас нэн ч илүү хэмээн магтаад, Ү Сунг жуузад суулгаж хотод ирэв. Үүнийг тэр хотын их бага олон цөм сонсоод барс алсан хүнийг үзмүй хэмээн цугларсны хэдэн түмэн хүн зээл багтахгүй чихэлдэн яаманд орж ирэв.
Тэндээс сянь-ий ноён даруй танхим сууж, тэр алсан барсыг авчруулан үзвээс үнэхээр их амьтан, үүнийг алагч Ү Сун хэмээгч эрийн дээд баатар эр тул ёслон архи барьж, харъяат хотын зэрэг хэргэмтнээс эхлэн дээр доор нийлж бүгдээс нэгэн мянган хэлхээс зоосыг шагнал болгон гаргуулахаар цугласан олон хүнд зарлан тушаав. Үүнд ноён тушаах ч байтугай бид өөрснөө дуртайяа мөнгө зоос барих хүсэлтэй хэмээн зэргээр бархиралдахад Ү Сун өгүүлрүүн: - энэ нь өчүүхэн миний эрэлхэг хүчээр олонд тусалсан ач билээ. Үүнд зоос мөнгө хэмээх юу. Харин өчүүхэн миний санаанд энэ барсыг алах хэмээн олон гөрөөч эндэгдсэн ба зүдэрсэн нь олон гэнэм. Иймийн тул эдэнд шагнаваас зохимуй хэмээхэд ноён мөн ёсоор болгож тэрхүү зоосыг гөрөөч нарт шагнасанд олон гөрөөч нар Ү Сунд ёслон мөргөж ерөөв.
Тэндээс ноён Ү Сунг хэрхэвч нэгэн тушаал өгч баярлуулбаас үл болмуй хэмээн явган цэргийн даамал болгож, тамгатай бичиг гарт нь тушаав. Үүнийг үл өгүүлэн, өгүүлэх нь: тэр хотын гадаад дахь олон хүн сонсож Ү Сунд баяр өргөх хэмээн архи ногоо дамнуулан ирж, хэдэн өдөр найрлав. Тэндээс Ү Сун нэлээд хэдэн хоног болсны хойно, ийн сэтгэрүүн: - би нь уг нутагтаа буцаж яваа билээ. Энэ хотод яахин алба дагнаж сууж болмуй хэмээн бодоод нэгэн өдөр гадагш гаран явж байтал хойноос нь нэгэн хүн дуудаж өгүүлрүүн: - Ү Сун чи эдүгээ энд гавьяа олж, ихэд нэр алдаршиж, эд мөнгөөр элбэг болоод одоо намайг үл таних ажгуу хэмээн дуудахад Ү Сун хойш харж үзвээс хоосон ажгуу.
Энэ дуудсан нь хоосон бус, чухам ямар хүн яахин хошигнон дуудсаныг хойд бүлэгт үзэгтүн.
Сэтгэгдэл ( 0 )