Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 27 дугаар бүлэг

2020 оны 12 сарын 26

Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

Ү СУН СҮРЭЭР АНЬ ПИН ЖАЙ ХОТЫГ ДАРЛАХ ШИ ВАНЬ НАНЬ ЖУРМААР

КУАЙ ХУО ЛИНЬ ХЭМЭЭХ ХОТЫГ БУЛААН АВАХ

Өгүүлэх нь, Жан Чин Ү Сунд ийн өгүүлрүүн: - ах та үгүй бөгөөс манай гэрт над лугаа хавсран суугтун, үгүй бөгөөс манай хоёр ах Эл Лин Шань уулын Бао Жү Сы сүмд очиж, тэд лүгээ хавсран сууваас ямар хэмээхэд, Ү Сун өгүүлрүүн: - тэр нь гайгүй, гагцхүү миний дагуулж явсан хоёр цэргийн хүн намайг замд хөтөлсөн ба аливаа хэрэгт тусалсан нь үнэхээр ач их. Иймийн тул энэ хоёрын амийг аварч, эм цутгаж амь оруулбаас барав хэмээхэд Жан Чин аргагүй Ү Сунгийн үгийг дагаж, тэр хоёрын амь аврах эмийг эхнэрээр авчруулж, усанд зуурч цутгасанд тэр хоёр нэгэн цаг унтаад сэргэсэн лүгээ адил болж босон ирэв. Үүнд энэ хоёр цэрэг өгүүлрүүн: - эдний пүүсний архи үнэхээр хатуу бэрх, маш их согтов. Бид хоёр буцахдаа их архи уусугай хэмээхэд Ү Сун, Жан Чин, эхнэр гурав харилцан ихэд инээлдэн байхад энэ хоёр үзээд учрыг мэдсэнгүй.

Тэндээс Жан Чин гэрийн хүүхдийг дуудаж, усан үзмийн хүрээлэнд ширээ бэлтгэж, тахиа нугасны мах чанаж, архи халааж, бүгд таван хүн дараалан ширээн дээр сууж архи ууж байтал Жан Чин өгүүлрүүн: - Ү ах урьд миний амийг оруулсан хуушааны барьж явсан сэлмийг энэ шөнө үзэгтүн. Тэр сэлэм нь гурван жил үйлдсэн таван зүйлийн сэлэм. Үнээр баатар эрийн сэлэм. Түүнийг манай хоёр ахын уул эзэлж, булаан авсан нь тэр хоёроос үл аймуй хэмээхэд Ү Сун мөн өөрийн бие урьд сайн эрс лүгээ нөхөрлөн явсан ба Сун Жян, Сун Чин хэмээх хоёр сайн эр эдүгээ Чай да гуан рэнь хэмээх ноён нь эрт одоо, тэр хоёр уг нутгаас хүн алж оргож гарсан учрыг хэлэлцэхийг хоёр яа и сонсоод маш айн ширээнээс шилжиж, ухаан нь баларч, газар сөгдөн мөргөхөд тэр Ү Сун, Жан Чин хоёр өгүүлрүүн: - та хоёр айн цочих хэрэггүй, танай хоёрыг бид хорлохгүй бүү зовогтун хэмээхэд тэр хоёр машид байрлан байтал Ү Сун өгүүлрүүн: - хоёр эрхэм цэрэг та хоёр надад үнэхээр ачтай Мэн Жоу хотод хүрсэн хойно бэлэг барья хэмээн тэр шөнө найрлаж, маргааш нь явах хэмээвээс Жан Чин юунд явуулмуй, бас хэдэн өдөр жаргаад явбаас сайн хэмээгээд үл явуулмагц Ү Сун аргагүй гурван өдөр өнжиж, одоо явсугай хэмээхэд Жан Чин хүж барьж, ах дүү бололцвоос зохимуй, ах миний үгэнд орох буюу хэмээхэд Ү Сун харилцан ёслолцож, хүж барьж ах дүү бололцов. Маргааш нь явах ёслол хийгээд төмөр дээсээ хүзүүндээ зүүж ёслоод, архи барин Жан Чин өгүүлрүүн: - ах Ү Сун та хожим учрах бишүү, би нь хоосон бусын төдий замын хүнс болгож, хэрэглэх мөнгө өгсүгэй хэмээн арван лан мөнгө өгснийг Ү Сун юунд хүлээн авмуй. Хоёр цэрэгт мөнгө гурав гурав лан өгснийг хүлээн аваад тус тус ёслоод явав. Үүнийг үл өгүүлэн, өгүүлэх нь: Ү Сун тэндээс гарч цэргийн хүн гурвуул хамт тэндээс явж, Мэн Жоу хотноо ирж, яамны үүд тулан ирэв. Үүнд хоёр цэргийн хүн Ү Сунг дагах бичгийн хамт яаманд тушаасныг ноён хүлээн авч, бичгийг үзээд Ү Сунг цэргийн хорооны гянданд хорив. Тэр ноён хүлээн авсан бичгийн хариуг хийж, тамга дараад хоёр цэргийн хүнд тушаан өгч хойш буцаав. Ү Сун цэргийн хорооны газар хүрч үзвээс нэгэн их пайз байгуулжээ. Дээр гурван үсэг бичжээ. Үүнийг Ү Сун үзвээс тэр пайзны бичгийн үг нь Ань Пин Жай хэмээх гурван үсэг. Үүнийг үзээд цэргийн хүнийг дагаж нэгэн байшинд ганцаар биеийг хадгалж хорив. Энэ цэргийн хорооны Ань Пин Жай хэмээх зээлэнд ял хийж гянданд хоригдсон арван хэдэн хүн буй. Үүний дотроос нэгэн ялт ирж, ийн өгүүлрүүн: - чи нь ямар хэрэг хийсэн хүн, яахин энд ирэв хэмээсэнд Ү Сун халдсан хэргээ цөмийг хэлсэнд тэр хүн өгүүлрүүн: - бид нь нэгэн адил хэрэг хийсэн ялтан билээ. Гагцхүү энэ цэргийн дарга нэгэн хэцүү хүн бий. Тэр нь хахууль мөнгө өгвөөс хөнгөн агталж, сул байлгахаас гадна мөнгө бага өгвөөс чанга агтлах тийм нэгэн хүн бий. Эрхэм нөхөр мөнгө ихтэй болбоос түүнд мөнгө хахуульдах хэрэгтэй хэмээхэд Ү Сун өгүүлрүүн: - эрхэм нөхрийн хэлэх зөв, туулай үхэхэд үнэг уйлав хэмээх лүгээ адил надад бага мөнгө бий боловч тэдгээр албаны хүн аятай үг хэлж гуйваас мөнгө өгч болмуй. Ая тал үгүй айлган дарлах болбоос нэгэн зоос ч үл өгөх хэмээхэд, тэдгээр ялтан өгүүлрүүн: - сайн эр арга буюу бид нь байшингийн баганын доор баригдсан нь үлгэрлэвээс доор нь байсан хүн толгойг бөхийж, буруугаа ирснийг хүлээмүй хэмээн хэлэлцэн байтал гяндангийн хаалгыг тайлж, цэргийн хүн эдгээр ялтан оготно муур үзсэн адил тус тус гяндандаа тархав.

Тэдгээр албаны хүн орж ирээд ийн өгүүлрүүн: - саяын хүргэгдэж ирсэн Ү Сун хэмээгч аль буй хэмээхэд, Ү Сун өгүүлрүүн: - өчүүхэн хүн билээ хэмээхэд, тэдгээр цэргийн дарга нар өгүүлрүүн: - чи нь Жин Ян Ган уулын барс алаад, Ян Гү Сянь хотод гавьяа олгосон сайн эр боловч эдүгээ бидний гарт оров. Бие амар жаргалаар сууя хэмээвээс буянаа амлагтун хэмээхэд Ү Сун тэр үгийг сонсож уур нь хүрч, ийн өгүүлрүүн: - та нь надаас мөнгө зоос авах хэмээвээс нэг ч зоос үгүй, бусад лугаа адил дарлах хэмээвээс миний хийсэн ял хааны ял, та нарын ял бус хэмээн хэрэлдэхэд гяндангийн ялтан хориглон өгүүлрүүн: - Ү Сун чи сайн эр бүлгээ, ийм үг хэлж яахим, хэдэн лан мөнгө гаргаж өгвөөс барав хэмээхийг Ү Сун мөнгө зоос хэрхэвч өгөхгүй, харъяат ноён миний ялыг шийтгэхээс бус та нар шийтгэхгүй.

Хэрвээ мөнгө авна хэмээвээс ноёноо дуудаж ирэгтүн хэмээхэд тэдгээр албаны хүн нар уур нь хүрч, Ү Сунг яаманд авчрав. Үүнд ноён танхим сууж, Ү Сунг сөгтгөөн ийн өгүүлрүүн: - үүний хүзүүн дэх төмөр дээс авагтун хэмээгээд Ү Сунд өгүүлрүүн: - тайзу Ү Да хааны тогтоосон дүрмийг чи мэдэх буюу. Үүнийг урьдаар зуун банз сайтар занчигтун хэмээсэнд нохой яа и нар Ү Сунг чирч буулган занчихад, Ү Сун өгүүлрүүн: - та нь нэгэн зуун банз занчихад, би нь хөдөлж хүчлэх эр бус. Жин Ян Ган ууланд барс алсан сайн эр болоод хэдэн зуу банзыг үл хүлээх нь эр бус. Бүү олноор хөдлөгтүн, би нь ер хөдлөх хүн биш, занчваас занчигтун хэмээн их дуунаар бахирахад цэргийн ард Ү Сунг даруй занчъя хэмээгээд өгүүлрүүн: - Ү Сун чи нь бүү ийм их үг хэлэгтүн, чиний энэ өчүүхэн бие энэ манай газрын цаазыг хүлээж яахан тэсмүй хэмээхэд Ү Сун тэдгээр нохой мэт цэргүүдийг элдвээр хараахад, тэдгээр тэсэн ядан ноёны занчсугай хэмээхийг хүлээн байтал ноёны дэргэд зогссон нэгэн хүн буй. Үзвээс нас нь гуч шахам, зургаан чы илүү биетэй, царай нь цагаан, сахал нь гурван салаа, толгойдоо цагаан эсгийн малгай өмссөн бас нэгэн сайн эр. Тэр хүн ноёны чихэнд сэмхэнээр өгүүлрүүн: - ноён энэ хүнийг энэ мэт доромжлон занчиж болохгүйн дээр хэрэв олноор муучилбаас хэрэг бус болохоос гадна их явдал гармуй. Үүнийг үзвээс үнэхээр баатар эр мөн. Басхүү амнаас гарах үгийг сонс, иймийн тул Ү Сунг хайрлаваас зохимуй хэмээн сэмхэнээр ноёндоо хэлсэнд, ноён энэ үгийг сонсоод Ү Сунгийн баатрыг мэдэж, ийн өгүүлрүүн: - энэ зальхай хулгай замд хүндэд өвчин тохиолдсон байна. Чи хүн дээрэмдэж явсан уу, сайн эрстэй нийлж явсан уу хэмээхэд Ү Сун өгүүлрүүн: - зам тосч, хүн дээрэмдсэн хэрэг үгүй. Жин Ян Ган уулын догшин барсыг алсан, бас хэдэн сайн эрс лүгээ архидан найрлаж, ах дүү болсон нь үнэн хэмээн бахирахад ноён ба тэдгээр нохой мэт цэргүүд ихэд инээлдэв.

Тэндээс ноён энэ үгийг сонсоод ийн өгүүлрүүн: - энэ хулгай Ү Сунг энэ удаа зүрхний өвчин туссаныг эдгээсэн хойно дахин асууж, шүүж байцаая. Үүнийг түр гянданд хоригтун хэмээхэд цэргийн ард цөм гайхалцан, арга буюу ноёны тушаал тул Ү Сунг гянданд аваачин хорив. Үүнд мөнөө гяндангийн олон ялтан Ү Сунг үзээд өгүүлрүүн: - ноён чамайг занчив уу, юу хэмээн тушаав хэмээхэд Ү Сун өгүүлрүүн: - занчсангүй, миний биеийг өвчтэй хэмээж эдгээсэн хойно дахин шүүх гэнэм хэмээсэнд тэдгээр ялтан өгүүлрүүн: - ноёны тэр тушаал худал, одоо чамайг алахаар тогтсон байх. Энэ орой эрхбиш чи амь алдах билээ хэмээхэд Ү Сун өгүүлрүүн: - амь алдах нь энгийн хэрэг, чухам яахин алах буй хэмээхэд тэдгээр ялтан өгүүлрүүн: - нэгэн зүйл алах нь чиний биеийг хүлж, чийрсээр ороогоод есөн сүвийг чинь бөглөж, их худагт толгойгоор чинь хиймүй. Хоёр зүйл, алах биеийг чинь баглаж, ус цутгаад, дээрээс нэгэн их шар шуудайд элсийг дүүргээд дарж алах. Энэ хоёр хэцүү, бусад нь гайгүй хэмээн хэлэлцэн байтал гянлдангийн дотор нэгэн цэргийн хүн нэгэн их багварт агуулсан юм авчирч, шинэ ирсэн ялт Ү Дү Тоу ноён Ү Сун хэмээгч аль буй хэмээхэд Ү Сун машид айсны дээр, энэ ялтын хэлэх нь одоо болж хэмээн санаж байтал тэр цэргийн хүн Ү Сунгийн дэргэд нь ирээд, тэрхүү багварыг нээж өгүүлрүүн: - манай ноён чамд хишиг буулгаж, эдгээр мантуу нэгэн таваг, архи нэгэн их аяга, мах нэгэн тавгийг хүргүүлэв хэмээхэд Ү Сун дотроо машид сэжиглэн, эс хүлээн авч идвээс сайн эр бус, хүлээн авч идвээс даруй амь алдах хэрэг хэмээн бодоод, юу ч болов бүрмөсөн идээд учраа олсугай хэмээж, ноёны хишиг мөргөв хэмээн цөмийг идэж ууж дуусав. Удалгүй басхүү цэргийн хүн нэгэн их багвар юм авчраад өгүүлрүүн: - манай ноён оройн будаа танд хүргэв хэмээгээд тосонд чанасан загас, тахиа нугас хэдэн таваг, ногоо нэгэн лонх архи гаргаж өгсөнд Ү Сун нэн ч ихэд сэжиглэж, дотроо сэтгэрүүн: - энэ нь үлгэрлэвээс үхэх хүн амаар будаа идүүлэв хэмээх лүгээ адил болжээ. Нэгэнт өдөр ийнхүү будаа шагнасан нь идэж цадаад, үхвээс цатгалан чөтгөр, өлсөж үхвээс өлөн чөтгөр хэмээдэг билээ хэмээгээд архийг ууж, будаа мах ногоог идээд, одоо үхэх цаг болж, наран орой болов хэмээн сэтгэл зовон байтал бас хэдэн цэргийн хүн нэгэн их ган хувинд ус хийж, бас нэгэн сул ган хувинг авчрав. Үүнийг Ү Сун үзээд биенд ус цутгаж, шуудайтай элсээр дарж алах хэмээх нь энэ болов хэмээн сэтгэж байтал тэдгээр цэргүүд: - Ү Да лаоеэ манай ноён энэхүү усаар таны биеийг угаан цэвэрлээд, орон дэвсгэрийг сайтар бэлтгэн засаж, жаргалаар нойрсуулагтун хэмээн тушаав хэмээсэнд Ү Сун амь дуусав хэмээн бодоод, аргагүй биеийг угааж дууссаны хойно, шинэ дэвсгэр, цэвэрхэн дэр тавьж, тэр цэргийн ардууд үүдийг цоожилж гарав. Үүнд Ү Сун тэр ноёны уг санааг яахин мэдмүй. Хожим мэдмүй. Одоо энэ шөнө ямар цагт үхмүй хэмээн бодоод, нойр нь хүрсэнгүй нэгэн шөнө өнгөрөв.

Маргааш нь Ү Сун босоод гайхан байтал хэдэн цэргийн хүн хүрч ирээд, нүүр угаах ус ба уух цайг бэлтгэн өгөөд, тэдгээрийн дотроос нэгэн дарга бололтой хүн өгүүлрүүн: - Ү да рэнь ах чи одоо энэ гянданд сууж юу хиймүй, нэгд цэргийн хүний хөлийг зовоох, хоёрт манай сэтгэл түвдэхгүй тул бидний дуганы байшингийн дэргэд бэлтгэсэн нэгэн цэвэрхэн байшин бий. Тэр дотор суугтун хэмээхэд Ү Сун: - за хэмээн хүлээж, гяндангаас гараад тэр байшинд орж үзвээс шинэ будгаар будсан, элдэв зүйл хогшил тавьсан нь үнэхээр нэгэн цэвэрхэн байшин. Үүнд Ү Сун дотроо сэтгэрүүн: - би нь нэгэнтээ цөлөгдөж ирсэн ялтан бөгөөд даруй цааз дагуулан шийтгэх билээ. Гяндангаас гаргаж, ийм цэвэрхэн оронд суулгасан нь тэнгэрийн орон лугаа адил боловч эднийг ямар санаа эдүгээ хүртэл үл мэдмүй хэмээн сэжиглэн сууж байтал, нэгэн цэргийн хүн багварт урьд адил элдэв зүйлийн жимс тэргүүтнийг архи ногооны хамт авчирчээ. Энэ нь сайн эр Ү Сунгийн шударга баатрыг хүн байтугай тэнгэр чивэл толилох тул Ү Сунг аргадаж ах дүү бололцох хэмээн ийнхүү ёсолсон хэрэг. Үүнийг бүү өгүүлэн, өгүүлэх нь: Тэр ноён Ү Сунд өдөр бүр идээ будаа жимсийг идүүлж, гурван өдөр болсны хойно Ү Сун өөрийн суух байшингаас гарч, сэтгэлээ сэргээх хэмээн явтал нэгэн газар олон ялтан хүн биендээ бага төмөр дээс зүүж, шавар ба элдэв зүйлийн үйлдвэр хийж, маш зовлон үзэж байхыг Ү Сун үзээд асууруун: - та нар нь ямар ял хийсэн ард ийм их халуун цаг энэ мэт үйлдвэр хийж зовлон эдэлмүй хэмээхэд тэдгээр ялтан өгүүлрүүн: - авгай бидний энэ зовлон нь тэнгэрийн жаргал, биднээс илүү зовлон эдэлсэн олон ялтан гянданд биендээ наян жин төмөр дээс зүүгээд, хав харанхуй нүхэнд сууж баймуй. Тэдгээрийг та үзэв үү хэмээхэд Ү Сун дотроо би бас ялтан билээ хэмээн нэлээд сэтгээд тэд нараас салаад явж байтал, нэгэн сүм баймуй. Түүний өмнө нь нэгэн чулуун сангийн тавиур дэргэд нь дөрвөлжин зассан сайхан хөх чулуу байхад тэр дээр нь сууж, өөрийн биеийг өдөр бүр энэ мэт хүндлэхийг гайхан байгаад даруй суусан байшиндаа харьж ирээд энэ биеийг хүндлэх учрыг энэ өдөр эрхбиш цэргийн хүнээс асууж, учрыг сонсъё хэмээн бодож байтал урьд ёсоор нэгэн цэргийн дарга архи будаа бэлтгэн авчирсанд Ү Сун өгүүлрүүн: - эрхэм дүү түр баахан суу, би чамаас нэгэн үг асууя, чи үл харам санаа ахул тэнэг надад хэлж өгмүй хэмээгээд ийн асууруун: - өчүүхэн би болбоос цөлөгдөж ирсэн ялтан бүлгээ. Зүй нь гянданд хоригдож, ял хүлээн сууваас зохих билээ. Үүнд надад өдөр бүр ийнхүү тэнгэрийн суудлаар суулгаж, намайг зочлох нь ямар учир буй, эрхэм дүү надад хэлж хайрлагтун хэмээхэд, тэр цэргийн дарга өгүүлрүүн: - манай ноён бидэнд тушаасан нь ямар учрыг тодорхойлон хэлсэнгүй, танд гурван сар биеийг угаах ус, гэдсэнд идэх нарийн сайн архи будаа бэлтгэж, аль эрхээр байлгагтун, өчүүхэн төдий зовоовоос бидний биеийг хүнд шийтгэмүй хэмээсэн билээ. Энэ юу болох нь гурван сар дотор мэдэгдмүй хэмээхүйд Ү Сун аргагүй хуучин хэвээр сайн боловч нарийн учрыг сонсохгүй болбоос энэ будаа одоо идэхийг байсугай. Энэ нь үлгэрлэвээс гахайг тэжээж таргалсны хойно алж идэх, шавар лянхуаг дотор тэжээсэн хорхой лугаа адил хэмээн сэтгээд тэр цэргийн хүнд өгүүлрүүн: - эрхэм дүү чи сонс, би нь хол газрын хүн бөгөөд надад энэ Мэн Жоу хотноо тийм ах дүү ба ер үгүй бөгөөтөл миний ялт биеийг энэ мэт сүслэх нь ёс бус. Эрхбиш учир буй. Үүний учрыг чи яавч мэднэ. Надад учрыг эс хэлбээс энэ хишгийг хүлээн авч одоо идэхгүй хэмээн хэлсэнд тэр цэргийн дарга аргагүй өгүүлрүүн: - эрт өдөр манай ноён танхим сууж таны биеийг занчин шүүх хэмээж байтал түүний дэргэд нэгэн өндөр биетэй, гурван салаа сахалтай, толгойдоо эсгий малгай өмссөн хүн байсныг та мэдсэн буюу хэмээхүйд Ү Сун өгүүлрүүн: - тэр нь миний аминд орсон хүн, түүнийг би үзсэн, тэр хүн ноёны чихэнд хэдэн үг хэлсэн, юу хэлснийг би мэдэхгүй, тэр хүн хэн гэгч буй. Нэр овог нь хэн гэдэг хэмээхүйд цэргийн дарга тэр хүний нэр нь Ши Нань, манай хотын хүн. Түүнд цол өгсөн нь барс нүдэт баатар хэмээдэг. Манай ноёны хөвгүүн хэмээхүйд Ү Сун тэр хүн баатар эр буюу хэмээсэнд үнэхээр баатар билээ хэмээгч тийм бөгөөс чи тэр хүнийг над лугаа одоо даруй учруулагтун эс учруулбаас энэ архи будааг би идэхгүй хэмээхүйд тэр цэрэг өгүүлрүүн: - манай ноёны хөвгүүн гурван сар болохоос нааш учир хэлж болохгүй хэмээн тушаасан атал би яахин түүнийг урьж чадмуй хэмээхүйд Ү Сун тийм бөгөөс би энэ будаа үл идмүй хэмээн яахин хилэнлэж, хоёр хөлөө газар дэвхцэн бахирахад тэр цэргийн хүн машид айж, Ши Эньтэй учрах хэмээн Ү Сунгийн дэргэдээс гарсныг бүү өгүүлэн, өгүүлэх нь: энэ цэргийн хүн урьд ноёны захисан захиа, одоо юу хэмээн хэлж, Ши Энь ноёнд учрах буюу, эс учирваас Ү Сун хүлээхгүй, учирваас ноён хүлээхгүй хэмээн ихэд айн бодол бодсоор гэнэт нэгэн ухаан олж Ши Энь ноёны үүд орж, ноёнд ийн айлтгав. - Энэ өдөр юу болсныг мэдэхгүй санаа цөлөгдөж ирсэн Ү Сун будаа архиа үл идэх уух.

Би нь цөлөгдөж ирсэн хүн тул намайг ийн хүндлэх нь ёс бус хэмээн ихэд хашхиран бахирахад өчүүхэн цэргүүд бидний толгой өвдөх, зүрх хагарах мэт болов. Тийм тул аргагүй энэ учрыг ноён танд сонсгохоор ирэв. Одоо яахин энэ баатар эрийг намхруулах билээ хэмээгээд мөргөхөд Ши Энь яаран гарч, Ү Сунгийн дэргэд ирж сөгдөн өгүүлрүүн: - эрхэм ах Ү Ду Тоу та нь сайн баатар эр хэмээгчийг өчүүхэн дүү би тэнгэрийн аянга чихэнд сонссон адил бусдаас сонсов. Иймийн тул ах чам лугаа учиръя хэмээн эртний санасан боловч хувь доройгийн эрхээр газар хол болоод чадсангүй байтал, цул тохиолдож, тэнгэрээс бууж ирсэн лүгээ адил болов. Үүнд дүү нь ахын биеийг баахан амарч байлгаад, аажим учиръя хэмээсэн билээ. Өөр учир огт үгүй хэмээгээд мөргөсөнд Ү Сун хариу ёслон ийн өгүүлрүүн: - эрт өдөр ноён танхим сууж занчих хэмээтэл та хориглон өгүүлж, мунхаг ахын амийг түр уучилсан хүн нь та буюу. Би нь нэгэнтээ цөлөх хэрэг хийсэн ялт бүлгээ, би биеийг ял хүлээлгэвээс зохих билээ. Юунд энэ мэт сүсэлмүй хэмээхэд Ши Энь өгүүлрүүн: - ах та сонс,өчүүхэн дүү нь мөн ч нэгэн сайн эр хэмээн алдаршсан боловч ахын нэгэн гарт үгүй буй. Иймийн тул ахаас гуйх нэгэн чухал хэрэг буй.

Түүнийг аажмаар хэлье хэмээснээс гадна, ахын хол газраас бие алжааж, замд зөрчсөн учир бие тэнхрэхийг хүлээв. Гагцхүү миний гар доор зарах цэргийн хүн тэнэг болоод ахад миний биеийг илрүүлжээ. Үүнд одоо нуух юун. Хоёул баахан архидаж, хоол идсэний хойно хэлэлцье хэмээн будаа архийг бэлтгэж ирээд хоёул ширээн дээр сууж, Ү Сун: - эрхэм дүү чи нь нэгд сайн эр, хоёрт бичгийн хүн гэнэм. Эсвээс над лугаа үзэлцэх хэмээн санамуу, эсвээс бийрээр шархлая хэмээн санамуу хэмээхэд Ши Энь өгүүлрүүн: - би мунхаг дүү нь тийм чадал санаа огт үгүй бүлгээ хэмээхэд Ү Сун тийм болбоос танай энэ урьд байгч сүмийн дэргэд нэгэн их дөрвөлжин чулууг би үзэв. Түүний дэргэд хоёул бага зугаацахаар очиж, баахан сууж хэлэлцвээс ямар хэмээхэд Ши Энь өгүүлрүүн: - ах тэр чулуу нь хүнд нь таван зуун жин бий. Та түүнийг хөдөлгөж чадах буюу хэмээсэнд Ү Сун өгүүлрүүн: - өчүүхэн ах Жин Ян Ган уулын галзуу барсыг хоёр өшиглөж, гурав нударгалж алсан билээ. Энэ чулууг би хөдөлгөж чадах эсэхийг дүү үзэгтүн хэмээгээд хоёул гарч тэр чулууны дэргэд ирснийг мөнөө ялтан үзэж, тэр хоёрт ёслон мөргөв.

Тэндээс Ү Сун өгүүлрүүн: - дүү чи үзэгтүн, би энэ чулууг хөдөлгөж чадах буюу үгүй буюу хэмээгээд нэгэн гараар дээш авч үзсэнийг тэр Ши Энь, олон ялтан үзээд гайхалдан байтал Ү Сун өгүүлрүүн: - энэ нь чулуу бөгөөтөл хөвөн адил хөнгөн ажгуу. Үүнээр би баахан наадах хэмээн өргөн авч наадсан нь хүний нүд харах аргагүй байтал нэгэн тийш хол хаяад газар буусан нь зургаан чы далд орсныг цөм үзээд, маш магтан гайхалцав. Үүнд Ү Сун тэр чулууг дахины газраас булга татан авсан нь нэгэн ширхэг өвсийг сугалсан адил аваад дахин наадахад тэдгээр ялтан хол зугатан гарав. Ү Сун энэ чулууг мөн хуучин хэвээр тэр газар нь тавиад дээр нь сууж бүхийд Ши Энь, ялтан нар яаран ирж, тэнгэрийн баатар хувилгаан биеэр мөн хэмээн магтан мөргөөд Ү Сунг залж байшиндаа ирээд, архи барьсанд Ү Сун өгүүлрүүн: - эрхэм дүү мунхаг ахаа нэгэн хэрэгт зарах хэмээсэн билээ

 Одоо ахдаа хэлэгтүн хэмээсэнд Ши Энь өгүүлрүүн: - ах чиний бие бага амарсан атал би одоо яахин хэрэгт зарж болно. Та түр бас хэдэн өдөр бие амрагтун хэмээсэнд Ү Сун өгүүлрүүн: - дүү чи одоо түргэн хэл, чиний хэргийг эс бүтээвээс сайн эр нэрийг байж, эм хүн адил болъё хэмээсэнд Ши Энь өгүүлрүүн: -тийм бөгөөс би эцэг ноёноо дуудан ирж, бид гурав архидан сууж, аажим хэлэлцье хэмээхэд Ү Сун өгүүлрүүн: - эрхэм дүү чи бүү ийм зан гарга, үүнд одоо хэлэх үг, эцгийг хүлээе хэмээхэд Ши Энь хоёр гараар гэдсээ илбэн: - ах энэ үг учиртай хэмээхэд Ү Сун хүн алах нь нүд цавчих зуур, барс нь сүрээр билээ. Үлгэрлэвээс, атгасан гараар үүл татаж аянга дугаргах, хөлөөр салхи хөдөлгөж хур оруулах лугаа адил хэмээжээ. Энэ Ү Сунг Ши Энь ямар хэргээр хаа зарахыг хойд бүлэгт үзэгтүн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top