Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ШИ ЭНЬ ҮХЭХ ГЯНДАНД ГУРВАН УДАА ХОРИГДОХ Ү СУН,
ФЭЙ ЮНЬ ПҮ ХЭМЭЭХ ХОТЫГ САМУУРУУЛАХ
Өгүүлэх нь, баатар эр Ү Сун зальхай хулгай Жан Мэнь Шэнь-ийг барьж аваад ийн өгүүлрүүн: - чи нь хаанаас ирсэн хүн, уг нутаг чи хаа, энэ Куай Хуо Линь хотыг чи яахин булаан авч суусан, одоо чиний гар дор хичнээн сайн эрс буй. Түүний гадна чиний гэрт хичнээн ам хүн байдаг зэргийг нэгд нэгээр хэлэгтүн, эс хэлбээс чиний нохой мэтийг бүрмөсөн дуусгамуй хэмээн их л занчихад Жан Мэнь Шэнь уг нутгаас урваж гараад, Куай Хуо Линьг түйвээж, гарт авсан энэ хотын сайн эрс бүгдийг эрхэнд хураасныг нэгд нэгнээр тоочин хэлсэнд Ү Сун өгүүлрүүн: - тийм бөгөөс миний хүлээлгэх гурван зүйлийг чи сонс, нэгэн зүйл нь Куай Хуо Линь хотод пүүс нүүж байсан Ши Энь хэмээх цэргийн даргын ямар ямар пүүсийг яахин дээрэмдсэн болбоос түүнийг тоо ёсоор Ши Эньд гарт нь тушааж өгөх, хоёр зүйл нь суух гэрээ, хөрөнгө хогшил, хүн амын хамтаар надад тушаан өгөөд, даруй энэ хотоос гарч, уг нутагтаа буц. Гурван зүйл нь Куай Хуо Линьгийн сайн эрсийг цуглуулж Ши Энь ах дүү бид хоёрын амрыг эрүүлж, мөргөн сөгтгөөн. Эн гурван зүйлийг хүлээвээс одоо чамайг тавих. Үгүй бөгөөс чиний амийг үлдээхгүй хэмээхэд Жан Мэнь Шэнь эдгээр үгийг сонсоод маш айсан боловч арга буюу амь гарахыг бодож цөм хүлээв.
Үүнд Жан Мэнь Шэнь-г дээш босгож өгүүлрүүн: - өчүүхэн нэгэн хорхой мэт амьтан чи аймшиггүй хүний юмыг дээрэмдэж, нэгэн хот эзлэх ёс хаа байж болмуй. Би нь Жин Ян Ган хэмээн уулын барсыг алсан Ү Сун эр хэмээгдээд бас хүн алж ял олоод, энэ газар цөлөгдөн ирж, Ши Энь хэмээх хүнтэй хүж барьсан учирт хүний идэшний орон хашаанд чи эзлэх ёс байна уу, тиймийн тул одоо даруй өгвөөс зохимуй хэмээн хэлэлцэн байтал Ши Энь нэлээд хэдэн хүн дагуулан энэ хоёрын дэргэд ирснийг Жан Мэнь Шэнь үзээд уур нь хүрсэн боловч Ү Сунгийн дэргэд яахин хөдөлж чадмуй. Тэндээс Жан Мэнь Шэнь Ү Сунг Ши Энь нартай дагуулан гэртээ харив. Үүний суух гэр, Ши Энь-ий гэр орон, нөхцсөн эм нь бусад эмийг нь булаасан хэрэг тул эдгээрийг гэртээ аваачаад үзвээс эмийг нь архины хувинд хийсэн нь арайхийн мултран гарч сууж бусад зарц нь зарим нэг нь гарсан боловч цөм согтох өвчин тохиолдож, зарим нэг нь амь алджээ. Үүнийг Жан Мэнь Шэнь, Ү Сун, Ши Энь нар үзээд арга буюу энэ хэргийг урьд Ү Сун тийнхүү үйлдсэн тул инээд нь хүрэв. Жан Мэнь Шэнь тэсэн ядан гар хүрч чадахгүй даруй зарцыг дуудаж, архи бэлтгүүлэн, ширээ засаж, Ү Сун, Ши Энь нар төв дунд суулгаад өөрөө доор сууж архи барьсны хойно Ү Сун Жан Мэнь Шэньд өгүүлрүүн: - одоо чи энэ хотын сайн эрсийг цуглуулан, ах дүү бид хоёрын амар эрүүл, бидэнд захих үг бий хэмээсэнд Жан Мэнь Шэнь даруй хүн илгээж сайн эрсийг уриулав. Үүнийг тэр хотын эрс сонсоод маш баярлан, цөм цугларан ирж, тэр хоёрт амар эрсэнд Ү Сун тэдгээрийг цөм ширээн дээр суулгаж, тал өгөөд өгүүлрүүн: - сайн эрс ах нар та бүхэн надад бүү гомдогтун. Энэ зальхай хулгай Жан Мэнь Шэньгийн хийсэн хэргийг цөм мэдэх тул хэлж яахим.
Үүний биеийг энэ хотоос хөөж арилгаад, та бүхнийг амар түвшинээр суулгах хэмээсэн билээ. Ямар хэмээж Жан Мэнь Шэньг яахин занчсан, Ши Энь-ий орон хашаа яахин авч өгөхийг үл өгүүлэн, өгүүлэх нь: Ү Сунгийн алдрыг сонсоод цөм айж бүхийд Ү Сун өгүүлрүүн: - ах нар та сонс, энэ зальхай Жан Мэнь Шэньг зүй нь Жин Ян Ган уулсын барсыг алсан мэт цохиж алаад, улсын өс хариулбаас зохих билээ. Гэтэл яахим, олон ах нарын сэтгэл харж, үүнийг энэ хотоос хөөн зайлуулъя, энэ хэрвээ явахгүй ба дахин эргэж ах нарыг элэг доор бариваас тэр цагт би мэдье хэмээгээд тэр Ши Энь-ий орон хашааг одоо даруй тоо ёсоор тушаая. Өөрийн хувцас эд бараа одоо энэ ах нарын нүүрийн өмнө нүүж, хотноос гарагтун хэмээхэд тэдгээр цугласан хүн нар, Жан Мэнь Шэньгийн царай хав хар болоод хоёр нүд нь хавдсан бөгөөд бие нь чичрэн дагжиж, үг хэлэн чадахгүйд тэдгээр улс Ү Сунг цөм магталцан архи барьж хүндлэв.
Тэндээс Ши Энь дотроо сэтгэрүүн: - Ү Сун ах үлгэрлэвээс өвс модыг хадаж огтолбоос үндсийг нь бас үлдээмүй. Энэ нь одоо нэгмөсөн үндсийг ухаж гаргав. Жан Мэнь Шэнь үүнээс хойш дахиж ирэх толгой үгүй болов хэмээн сэтгээд даруй өөрийн эд бараа, хөрөнгө хогшил, хашаа байшингаа тооны ёсоор бүртгэн авч, Жан Мэнь Шэнь одоо яв хэмээн хөөв. Үүнд Жан Мэнь Шэнь арга буюу олон хүнээс ичсэн, үг хэлье хэмээвч Ү Сун хүлээхгүй хэмээгээд даруй нэгэн тэрэг бэлтгэж, өөрийн бага сага юмаа цуглуулан авч хотоос хөөгдөв. Тэндээс тэр цугларсан улс Ү Сунтэй нэгэн өдөр шөнө архидан найрлаад тус тус тархав. Үүнд Ши Энь-ий эцэг өвгөн ноён Ү Сунгийн Жан Мэнь Шэньг занчиж хөөн явуулсан, хотоо эгүүлэн авч суусныг сонсоод даруй хүрч ирээд Ү Сунд ихэд ёс ёсолж, хэдэн сайн үг үглэлцээд Мэн Жоу хотноо харив. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь: Энэ Куай Хуо Линь Мэн Жоу хотыг захирсан нэгэн их муж буй. Энэ мужийн тэргүүлэгч сайд нар нь жан тушаал нь маш их, энэ хүн Ү Сунгийн баатар эр сайныг сонсоод хэдэн цэргийн хүн илгээж, морь тэрэг авахуулан очихоор Куай Хуо Линь хотын Ши Энь-ийн гэрийн үүднээ ирэв. Үүнийг Ши Энь-ий зарц үзээд Ү Сун, Ши Энь хоёрт өгүүлрүүн: - манай үүдэнд үл таних цэргийн хэдэн хүн морь тэрэг авч ирээд, Ү Ду Тоу хэмээх нэгэн сайн эр танай гэрт байна уу, манай сайд энэ өдөр эрхбиш энэ хүнийг залж авчрагтун хэмээн илгээв гэнэм хэмээх үгийг Ү Сун архи их ууж согтсон тул үл мэдмүй. Ши Энь учрыг сонсоод ийн сэтгэрүүн: - энэ мужийн сайд миний ах Ү Сунг урих нь ямар учир болов. Ү Сун ах урьд цөлөгдөн ирсэн ялтан бүлгээ.
Нэгд, Куай Хуо Линьг баатраар булаан авсан тул энэ хэргийг сонсов уу, эсвээс өөр хэрэгт зарах буюу. Илгээвээс хэрэг гарах байхаа, эс илгээвээс эцэг хөвгүүн бид хоёрт гэм ирэх хэмээн гайхан байж ах Ү Сун сэргээж өгүүлрүүн: - ах чамайг манай энэ хотыг захирсан сайд Жан овогт уриулж, хэдэн цэргийн хүнээр тэрэг морь авахуулан ирээд баймуй. Та очих буюу, үл очих буюу хэмээсэнд Ү Сун өгүүлрүүн: - би нь энэ хотод цөлөгдөж ирсэн ялтан бөгөөд яахин тэр их сайдыг дуудахад үл очиж болмуй. Тэр намайг уриулсан, би очих хэрэгтэй хэмээн нэлээд хэдэн үг зөвлөөд Ү Сун Ши Эньгийн гэрээс гарч, хэдэн цэргийн хүний хамт морь унан явж, удалгүй Жан амбаны хаалганы гадна ирж, мориноос бууж хүлээв. Тэр хэдэн цэргийн хүн Ү Сун ирсэн учрыг ноёндоо айлтгасанд ноён даруй угтаж гараад Ү Сунгийн гараас барьж, баатар эр дотоод гэрт морилон орогтун хэмээн маш их хүндлэн оруулан тус тус мэндээ мэдэлцээд, архи ногоо бэлтгэж, Ү Сунд барьж ийн өгүүлрүүн: - сонсвоос сайн эрийн баатар нь дэлхий дахинд бадарч, олон амьтны зовлонг арилгаж тусалсан нэгэн их журамтан хэмээн сонслоо. Үүнд гуйх нь хишиг хүртээж, өчүүхэн миний гэрт хавсран тусалж өршөөвөөс ямар. Би нь хэдий нэгэн мужийг захирсан сайд хэмээвч миний гэрт туслах сайн баатар эр олдохгүй тул гийгүүлэн өршөөж, өчүүхэн муу гэрийн чимэг болохыг хүсмүй хэмээн өгүүлэхэд Ү Сун үзвээс энэ ноёны санаа даанч тийм тэрслүү бус, мөн ч үнэнтэй хэмээн сэтгэж, маш баярлан ширээнээс бууж, газар сөгдөн өгүүлрүүн: - орны сайд өчүүхэн ялтан миний биеийг алтан ордны ойр авч тусалъя хэмээсэн нь үлгэрлэвээс хурмастын цэцэг жимст ууланд өчүүхэн сармагчны зулзага хоргодож жимсийг идэх хэмээсэн лүгээ адил. Үүнд ноён юунд өчүүхэн ялтнаа энэ мэт хүндэлмүй. Миний нас биед харштайгаас гадна, заяа буян яахин тэсмүй хэмээн мөргөхөд ноён дээш босгож өгүүлрүүн: - Ү Сун чи бүү зовогтун, миний нэг гарын хэргийг дааж сууваас зохимуй хэмээн Ү Сунд цэвэрхэн байшин, аливаа сайн жимс архи будааг өдөр бүр нарийнаар бэлтгэж суулгасныг бүү өгүүлэн, өгүүлэх нь: энэ Ши Энь-ийг нэгэнтэйгүүр хүн илгээж уриулав. Үүнд Ү Сун дотроо сэтгэрүүн: - энэ мужийн сайд нь надад өдөр бүр ийнхүү будаа ногоо бэлтгэж баярлуулах нь энгийн хэрэг. Чухамхүү нэгэн учир буй байхаа. Юу ч болов дүү Ши Эньтэй нэгэн учирч, энэ учрыг хэлбээс зүгээр билээ хэмээн бодож байтал Жан амбан хүнээр Ү Сунг дуудуулж, ийн өгүүлрүүн: - бид нь нэгэн гэрийн ах дүү тул энэ өдөр үлэмж найрлан архидаж жаргая.
Хоёрт, энэ өдөр найман сарын арван таван, сар тахих сайн өдөр хэмээн нэгэн их ширээ бэлдүүлэн цэргийн хүрээлэнд найр тавихаар, гэрийн хүн, охин, хүүхэд цөм ширээ хавчин, найр тавих хэмээтэл Ү Сун өгүүлрүүн: - сайд та сонс, өчүүхэн боол би нь нэгэн ялтны дээр сайдын энэхүү гэрийн хүн эдний хамт яахин нэгэн ширээн дээр сууж найр тавьж болох буюу хэмээсэнд ноён хэрхэвч болсонгүй Ү Сунг хажууд суулган, найр тавьж, нэгэн дуу дуулах Юй Лань хэмээх охиныг дуудаж, дуу дуулуулан бүжиглэж, маш ихэд архидан Ү Сунд хэдэн их аяга барьсанд Ү Сун их л согтож, өөрийн суух байшиндаа харьсугай хэмээгээд буцах гэтэл Жан амбан өгүүлрүүн: - Ү Сун сайн эр чи түр баахан сууж байгтун, би чамд нэгэн хэдэн үг өгүүлье хэмээгээд Юй Лан охиноор хуруу гаргаж, архи мөрийцөн ууж өгүүлрүүн: - Ү Сун дүү чи одоо нэгэнт миний гэрийн хүн болсон тул би чамд энэ охиныг гэргий болгон өгье. Үүний зүс царай нь үзэсгэлэнтэй дээр басхүү таван өнгийн эд урлах арван хуруутай. Иймийн тул би чамайг энэ охин лугаа дэр нэгтгэх хэмээсэн билээ хэмээхэд Ү Сун өгүүлрүүн: - их сайд та бүү тийнхүү айлд, би болбоос их сайдын гар доор зарагдах ялтан бөгөөд ноён хишиг хайрлаж архи будаа шагнасан нь хүнд. Зүй нь морь нохой адил зүтгэж ноёны сүүдэрт бараа болон явбаас зохих атал ямар аймшиггүй эм авах буюу. Үүнийг үзвэл ноён та хишиг хайрлахыг зогсвоос өчүүхэн би дуртайяа хүлээсүгэй хэмээгээд суух байшиндаа харьж хэвтье хэмээн нэгэн хэсэг бодож байгаад нэгэн шийдэм барьж, ганцаар цэргийн эрдмийг боловсруулл байтал тэр цаг гурван жингийн үе болж, одоо унтах хэмээн байшингийн үүд нээж орох завсар хойд хүрээлэнд нэгэн чимээ гарав.
Тэр чимээг сонсоод Ү Сун айх мэт их дуу гарав хэмээгээд хойд хүрээлэнд орвоос хулгай ирэв хэмээхэд Ү Сун хаа баймуй хэмээн эрвээс огт хулгай үгүй. Эрсээр явтал нэгэн харанхуй сүүдэр тохиолдож, түүний дотор тавьсан нэгэн хөндлөн их ширээг Ү Сун үл харах тул хөлд хөдөлж, чимээ гарсанд олон цэргийн ард ирж Ү Сунг барин авч олсоор хүлээд, чирэн авчирч, ноёны өмнө авчирсанд би хулгай бус, хулгай барихаар явсан Ү Сун хэмээхэд ноён зандран өгүүлрүүн: - зальхай хулгай Ү Сун би чамайг сайныг санаж, ноён болгоё хэмээн санасан билээ. Чи харин миний гэрийг түйвээж, мниий юмыг дээрэмдэх санаатай эр буюу хэмээхэд, Ү Сун би нь хулгай барих хэмээсэн билээ. Юунд ноёны юмыг хулгах буюу хэмээсэнд ноён зандран өгүүлрүүн: - чи нь нэгэнт цөлөгдөж ирсэн хүн бөгөөд бас үзвээс чиний нүд хөмсөг хулгайн шинжтэй дээр сэтгэл нь адгуус адил, хүний толгой зүүснээс бус чи үнэхээр хулгай. Үүний суух байшинг нэгжиж үзэгтүн хэмээн цэрэг албаны хүн гаргаж, Ү Сунгийн суух байшинг нэгжүүлэв. Үүнийг бүү өгүүлэн, өгүүлэх нь: Энэ Ү Сунг Жан амбаны гэрт ирснээс хойш энэ хотын их бага баялагууд сайн эр Ү Сунд бэлэг хүргэсэн мөнгө бодвоос хоёр гурван зуун ланд хүрч, үүнийг Ү Сун юунд зармуй. Гагцхүү авдар дотор агуулж хадгалсныг албаны хүн нэгжиж олоод, ноёны дэргэд дамжлан авчирсанд, ноён үзээд маш хилэнлэн, энэ нь чиний хулгасан эд мөр гэрч бус буюу. Чи нь энэхүү мөнгө хаанаас олмуй хэмээсэнд Ү Сун мөн ч хариу юу хэлэлгүй хүнээс хахуулин авсан мөнгө тул амаа ангалзан дуу үл гарав. Үүнд ноён өгүүлрүүн: - энэ хулгайн эдийг битүүмжлээд хадгалж байгтун. Түүний гадна энэ Ү Сунг гянданд хорьж, хүлээлгэгтүн. Маргааш өдөр Жы фүд бичиг илгээж шүүлгэмүй хэмээн тушаасанд Ү Сунг олон цэрэг барьж авах нь үлгэрлэвээс үнэгний аманд оготно адил агтлан авч гянданд хорив. Хөөрхий сайн эр хилсгүй гэрт орсондоо гомдож, уур нь хүрч гянданд хүлээв.
Тэндээс энэ амбан Ү Сунг хулгай болгох хэмээн доод жы фүд баахан мөнгө бэлэг болгон хүрээд, ял шүүх бичиг бичиж, цэргийн хүнийг нэгэнтэйгүүр зарж, нэгэнтэйгүүр Ү Сунгийн мөнгө дамнуулан хүргэж, Ү Сунг гяндангаас гаргаж, дөнгө өмсгөөд, биед таван зүйлийн төмөр агтыг зүүж, жы фүд хүргүүлсэнд жы фү дээд ноёны тушаалаар бичиг мөнгийг хүлээн аваад, даруй танхим сууж Ү Сунгийн биеийг авчруулан үзвээс үнэхээр нэгэн баатар сайн эр ажгуу. Яахин энэ Жан да рэньтэй өстэй болов. Үүний хулгасан мөнгө бэлхэнээ гэрч, арга буюу үүнийг хэрхэвч ял хүлээлгэхгүй болохгүй хэмээн бодоод зандран өгүүлрүүн: - чи цөлөгдөн ирсэн ялтан худгай бөгөөд хэвийг сахиж, их ноёны хишиг хүртэхгүй басхүү мөнгийг хулгаж, зальхай сэтгэл үүсгэсэн нь үнэхээр төлөв зэхий хулгай. Даруй үнэнээ мэдүүлэгтүн, өчүүхэн төдий худал мэдүүлбээс навширтал занчмуй хэмээхэд Ү Сун мэдүүлрүүн: - Өчүүхэн боол би мөнгө хулгах байтугай хилсгүй хүнийг хорлож алах эр бус. Уг нутгаас цөлөгдөн ирсэн учир болбол ахын төлөө зальхай бэргэн, нөхөр хоёрыг хорлосон учирт цөлөгдөн ирсэн хэрэг. Журамтныг тэтгэмүй, зальхайг арилгамуй. Би нь ер ноёны мөнгө хулгасангүй хэмээгээд мөргөхөд жы фү маш их уурсан, Ү Сун урьдаар гурван зуун банз занчаад, сүүлд эрүү тулган шүүе хэмээх үгийг сонсоод энэ хэрэг бус болж, юу ч болов бие зовсны хэрэг, худал ял хүлээгээд эцэст юу болохыг үзье хэмээгээд банз занчсаны хойно мөнгө үзээд сэтгэл хувилсан үнэн хэмээх зэргээр өчиг мэдүүлэв. Үүнд Ү Сунг гянданд хорьж, биеийг нь агталсныг өгүүлж яахим. Гагцхүү Ү Сунгийн хүж барьсан Ши Энь энэ мэдээг сонсоод өвгөн эцэгтээ хэлж, Ү Сунгийн амь биеийг яахин аврах буюу хэмээн арга зөвлөөд хэдэн зуун лан мөнгө авч Ши Энь гэрээс гараад удалгүй Ү Сунг хорьсон гяндангийн дарга Кан овогтод очиж, Ү Сунгийн биеийг сул болгож, амраар байлгаж болох эсэхийг Кан овогтоос гуйсанд Кан овогт дарга өгүүлрүүн: - эрхэм дүү чи сонс, бид мөнгөтэй мөнгөгүй энгийн хэрэг, гагцхүү Жан Мэнь Шэнь хэмээгч манай дээд ноён Жан да рэнь доор захирагдах жы фү нарт хахууль мөнгө их цутгаж, Ү Сун хэмээгчийг алуулахаар тогтсон хэмээн бусдаас сонслоо. Өчүүхэн ах энэ хэргийг хүлээж чадахгүй, би чамд нэгэн арга зааж өгье. Манай жы фү ноёны шадар нэгэн сайн шообин бичээч бий. Нэр нь Еэ хэмээмүй. Тэр нь хүнийг хилстэй ба хилсгүйг мэдэх дээр сайн эр Ү Сунгийн бие учрыг мэдвээс тэр Ү Сунгийн амийг аварч чадах байхаа. Үгүй бөгөөс Ү Сун хэрхэвч хэлтрэхгүй. Чи түүн лүгээ учирч сэмхэн хэлсүгэй хэмээхэд Ши Энь энэ Кан даргад нэгэн зуун лан мөнгө гаргаж бэлэг болгон бариад гуйхад Кан дарга хүлээн авахгүй. Энэ Ү Сунг би баахан санаа тавин бодож, аятайгаар тэжээж байсугай. Чи түргэн явж Еэ дарга лугаа учирч, замын чулуу шороог арилгаваас зохимуй хэмээхэд Ши Энь энэ учрыг сонсоод Еэ шообинг таних нэгэн сайн гавшгай хүнд хоёр зуун лан мөнгө бариулан мэнд мэдэх хуудас бичиж илгээв. Тэр хүн удсангүй Еэ шообингийн гэрт ирж, захиа бичгээ гаргаж эл учрыг хэлмэгц, Еэ шообин өгүүлрүүн: - сонсвоос энэ Ү Сун баатар эр бөгөөд олонд тустай, хүн лүгээ эвтэй гэнэм. Гагцхүү Жан Мэнь Шэнь хулгайд өс хүргэсэн тул энэ Жан Мэнь Шэнь манай мужийн сайд лугаа хүж барьсан ах дүү тул Жан Мэнь Шэньгийн төлөөнөө жы фү ноёнд их мөнгө хахуулин өгсөн хэрэг тул тэр хэцүү. Юу ч болов ямар ял оноохыг үзэж, би тусалъя. Бийр барьсан хүнийг хорлож чадах, аварч чадах хэмээсэн үг бий. Тиймийн тул би мэдье хэмээхэд тэр хүн маш баярлан, мөнгөө гаргаж Еэ шообинд барьсанд даруй хүлээн авч, хариу хуудас бичиж, Ши Энь, өвгөн ноён хоёрт хүргүүлэв. Маргааш нь Ши Энь нэгэн ширээ будаа архины хамт бэлтгэн авчирч, Кан даргын хамт гянданд сэмхэнээр ороод гурвуул архи будааг идэж, Ү Сун ахын амь гарахаар Еэ шообинд гуйсан учрыг Ү Сунд хэлээд даруй гяндангаас гарч харьсан хойно бас нэгэн хоноод ах Ү Сунд архи будаа авчирч өгөөд, Кан дарга ба доор зарцад баахан мөнгө өгөөд Ү Сунд сэмхэнээр өгүүлрүүн: - ах чиний амийг хорлогч Жан Мэнь Шэнь хулгай, Жан амбантай ах дүү тул тийнхүү хилс хорлохоор жы фүд хахууль өгсөн гэнэм хэмээх үгийг Ү Сун сонсоод гянданг эвдэж, даван гарахаар завдахад дүү Ши Энь өгүүлрүүн: - ах чи бүү яар, эцэст үзэгтүн хэмээхэд Ү Сун Ши Энь-ий сэтгэлийг бодож гянданд суув. Дараа Ши Энь мөн хуучин ёсоор архи будаа бэлтгэж ирээд, Ү Сунд гурван удаа гянданд орж учирсныг Жан амбан сэмхэн сонсоод жы фүд бичиг илгээв. Ү Сунгийн хэргийг даруй түргэн нэгэн тийш болгохоос гадна, чи хахууль авч хэрэг шийтгэх ёсыг даруй алдваас чиний биед халдмуй. Би сонсвоос Ши Энь гянданд Ү Сунтэй гурван удаа учирсан хэмээн сонстмуй. Үүнийг дарга Кангаас нарийвчлан байцаахаас гадна, албаны хүн нар томилж, Ши Энь-ийг гянданд ирэх, байцаалагтун бичиг явуулсан жы фү үзээд маш айж, хүн томилон гянданг сэмхэнээр байцаалгав. Үүнд жы фү яаран Ү Сунгийн биед ял оноох хэмээн тушаасанд Еэ шообин өгүүлрүүн: - тэнгэр мэт та сонс, энэ Ү Сун хэмээгч дөрвөн далайд үгүй үнэхээр баатар билээ. Үүний хийсэн хэрэг цөм зүйтэй. Хүн хорлосон ба дарласан нь чухамхүү ёс. Жан Мэнь Шэнь хэмээгч хэдий Жан сайдад ах дүү боловч Жан Мэнь Шэньгийн Куай Хуо Линь хэмээх зээлийг дээрэмдсэн хэргийг ноён та сонссон уу, тиймийн тул сайн эр Ү Сун замын хулгайг арилгах, зальхай мууг залхаах ийм баатар эр тул Куай Хуо Линь хотын хичнээн ам хүний аминд туслав. Энэ нь гагцхүү Жан Мэнь Шэнь Ү Сунд дарлагдсандаа өшөө өвөрлөж, Жан амбанд холбосны харгайгаар Жан амбан Ү Сунг энэ мэт хислгүй амийг нь хорлож, Жан Мэнь Шэньгийн мөнгийг хахуулин авч, ноён танд мугуйдахаар тушаасан хэрэг. Үзвээс сайн эр Ү Сун нь Жан сайдын зарлигийг дагаж, хөөрхий баатар эрийн амийг хорлох болбол дээд тэнгэр яахин явуулмуй. Тэр ч байтугай хүний амийг хорлогч битгий хэл, хорхойн амь хорловоос хариуг нь төлмүй хэмээдэг билээ. Иймийн тул энэ Ү Сунг хорин банз занчиж, Эн Жоу хотноо цөлөх ял оноовоос мөн ч хилстэй гэвч арга буюу Жан сайдын тушаалыг зөрчиж, ял эс оноовоос үл нийлэлцэх дээр тэр бас хүлээхгүй. Энэ ял оноогоод даруй цөлвөөс тэр яахин эс хүлээмүй хэмээхэд ноён нь тэр мөн хэмээж, даруй ял оноож, дагах бичиг бичиж, Ү Сунг гяндангаас гаргаж хорин банз занчаад, Эн Жоу хотноо цөлөхөөр хоёр цэргийн хүнд тушаав.
Тэндээс Ү Сун хоёр цэргийн хүний хамт хотоос гараад дотроо ийн сэтгэрүүн: - энэ хотын жы фү урьд ийнхүү өршөөлгүй билээ. Энэ өдөр хорин банз занчиж, Эн Жоу хотод цөлөхийг үзвээс Еэ шообинд миний дүү Ши Энь мөнгө бэлэг хүргэсэн гараа буюу. Занчсан банз нь хөнгөн бөгөөд зүүсэн дөнгө нь бага, басхүү хэдэн захисан үг нь товчтой. Гагцхүү миний дүү Ши Энь ер хэдэн өдөр над лугаа учирсангүй, ямар учир болов хэмээн бодоод хэдэн газрын эцэс болтол нэгэн архины пүүс баймуй. Ү Сун үүнийг үзээд хоёр цэргийн хүнд өгүүлрүүн: - эрхэм хоёр авгай бид баахан бие алжааж зүдрэв. Энэ архины пүүсэнд түр бууж, бага архи будаа идээд явбаас болох буюу хэмээн гуйхад тэр хоёр цэрэг даруй болж хэмээгээд архины пүүсэнд орох гэтэл Ши Энь даруй гарч ирээд, ах Ү Сунгийн өмнө очиж амрыг эрэхэд, Ү Сун үзвээс Ши Энь албаны хувцас өмсөж, гартаа бага боодолтой юм барьсан ажгуу.
Үүнд Ү Сун дүү Ши Эньд хариу ёслоод ийн асууруун: - эрхэм дүү чи хэдэн өдөр гянданд үл үзэгдэх бөгөөд энд юу хийж суумуй хэмээхэд Ши Энь өгүүлрүүн: - ах чи сонс, өчүүхэн дүү ах чамд гянданд гурван дараагаар учирч, будаа архи барьсныг Жан амбан сонсоод, дүү намайг албаны хүн гаргаж, цагдан байцаалгасныг та яахин сонсмуй. Иймийн тул дүү учирч чадсангүй байтал Кан дарга надад хэлсэн үг, чиний ах Ү Сунг банз занчаад, Эн Жоу хотод цөлөх ял оноов. Энэ нь Еэ шообин тусалж, хөнгөнөөр ялласан хэрэг хэмээн сонсоод, дүү нь зам тосч ах чам лугаа учирч хэмээн энэ буудалд буув. Дотор орж хэдэн үг хэлэлцсүгэй хэмээгээд бүгдээр тэр пүүсэнд орж архи бэлтгүүлэн, ногоо тавиад, ах Ү Сун хоёр цэргийн хүнд архи бариад, Ши Энь өгүүлрүүн: - анх чамайг гяндангийн дотор байх цагт зальхай хулгай Жан Мэнь Шэнь амбанд мөнгө хахуулин чиний амийг бусниулах ба Жан Мэнь Шэньгээс булаан авсан Куай Хуо Линь хотоо дахин Янь Мэнь шэнь эгүүлэн өгсөн зэргийг хэлээд басхүү ах танд замд хэрэглэх мөнгө, өмсөх дээл зэргийг авчрав хэмээн мөнгө дээлийг гаргаж өгөөд, бас нэгэн их лонх архи, хоёр хэсэг махыг боож чихэнд сэмээр өгүүлрүүн: - ах чи замд хичээгээрэй. Ямар хэрэг гарах магадгүй хэмээн захихуйд Ү Сун даруй хүлээн аваад тэр пүүснээс гарч, Ши Энь, Ү Сун хоёр салах ёслол хийгээд Ши Энь гэртээ харив.
Тэндээс Ү Сун хоёр цэргийн хүний хамт нэлээд газар явж нэгэн газар суугаад тэр архи махыг ганцаар идэв. Үүнд хоёр цэргийн хүн сэмээр ийн тийн хэмээн хэлэлцэхийг Ү Сун дотроо мэдээд маш уурласан боловч юу ч хэлсэнгүй цааш дөрөв таван газар явж байтал замын хажууд хоёр хүн зогсож баймуй. Үүнийг Ү Сун үзвэл тэр хоёр хүн гартаа нэг нэг сэлэм барьсан, бүсэндээ нэг нэг сэлэм хавчуулсан хоёр цэргийн хүн. Үүнд Ү Сун юу хэмээсэнгүй байтал тэр хоёр өгүүлрүүн: - та нь хаанаас яваа хүн, ямар хэргээр хаана очмуй хэмээхэд хоёр цэргийн хүн өгүүлрүүн: - мөнгө хулгасан ялт Ү Сунг Эн Жоу хотод цөлөхөөр яваа хэмээхэд тэр хоёр хүн тийм бөгөөс бид таван хүн хамт явах хэмээн бүгд зам хөөн явж нэгэн чухал газар хүрэв. Тэр газрыг үзвээс нэгэн бага замын хоёр талаар урссан ус нь гүн, түүний төв дунд нэгэн гүүр, тэр гүүрний дээр гурван үсэг бичжээ. Үүнийг Ү Сун үзээд тэд нараас асууруун: - энэ газрын нэр юу гэдэг, энэхүү гүүр дээр бичсэн үсэг ямар учиртай хэмээхэд, тэр хоёр сэлэм хавчуулсан хүн өгүүлрүүн: - чи хоёр нүд сохор бус үл таних буюу хэмээхүйд Ү Сун өгүүлрүүн: - үүнийг хуруугаар зааваас танимуй, нүдээр үзвээс танихгүй хэмээн уурсахад тэр хоёр басхүү уур нь хүрч сэлмээ аван Ү Сунг угтан ирэхүйд Ү Сун даруй гинж дөнгөө мултлан авч тэр хоёрыг нэг нэг хөлөөр эгүүлж, цөм усны дотор унасан нь мөнөө хоёр албаны цэрэг даруй гар хөдөлье хэмээвч Ү Сунгийн хүчтэйг мэдсээр атал яахин зүгээр амиа хорлолтой хэмээн санамуй. Шууд тэр гүүрний доор зугатан орохуйд Ү Сун их дуунаар та хоёр хаа зугтмуй хэмээн хойноос барьж, тэр хоёрыг сэлмээр хатгаж алав.
Тэндээс мөнөө усан дотор урссан хоёр хүнийг үзвээс цөм амьд, нэгнийг нь уснаас гаргаж авчраад толгойг нь аваад, нэгнийг нь амьд авчраад ийн асууруун: - энэ хоёр нь хаанаас зарагдсан ямар хүн, яахин энэ мэт сэлэм авч хүнийг дарламуй, чи үнэнээ хэлэгтүн, эс хэлбээс мөн ч толгойг огтолмуй хэмээхэд тэр хүн Жан амбанаас зарагдсан элч, Ү Сун чиний биеийг алж ирэгтүн хэмээснээс гадна, Жан Мэнь Шэнь болбоос бид хоёрын багш бүлгээ. Аргагүй тэдний үгийг дагаж ирэв. Жан амбан, багш хоёр гэртээ найрлан сууж бид хоёрыг хүлээж баймуй хэмээхэд Ү Сун нь үүр хүрч, түүнийг алаад усанд орхив.
Тэндээс Ү Сун нэлээд бодол бодож, нэгэн хэсэг ганцаар суун ийн сэтгэрүүн: - энэ дөрвөн нохойг энд алж дуусав. Одоо гагцхүү Жан амбан, Жан Мэнь Шэнь эднээс өсөө яахин авъя хэмээн бодоод даруй Мэн Жоу хотын зүг ирэв. Үүнийг бүү өгүүлэн, өгүүлэх нь: Сайн эр Ү Сунгийн уур эс тайтгарваас яахин болмуй. Хэдэн хүний амь нь хөөрхий болох байх, үлгэрлэвээс өдөр наранд үхсэн хүний хүүр үнэр орох, шөнө шатаасан улаан лааны гэрэлд давхар байшингийн туургад цусаар будах хэмээсэн лугаа адил болжээ. Баатар эр Ү Сун уураар явж Мэн Жоу хотноо ирээд ямар хэрэг гаргахыг хойд бүлэгт үзэгтүн.
Сэтгэгдэл ( 3 )
Соёл урлаг гэдэг ард түмний сэтгэл болон оюун санаанд маш нөлөөтэй. Гэтэл өнөөдөр соёл урлаг нь ч хаана байгаа юм бүү мэд? Өнөөдөр сошиалаар, видео тоглоомоор, солонгос хятад киногоор хүмүүжиж хүн болж байна.
Хятадын уран зохиол хэдэн мянган жилээр их олон байдаг байх. Манайд ер нь эртний уран зохиол гэж байдаг болов уу? Сөргүүлээд тавих юм байна? Нууц товчооноос өөр. Мэддэг хүн байна уу?
Уламжлалыг барьсан сайхан найруулга байна. Харин уран дүрслэл, шүлгийн уянгат найруулга, хөг уянгаараа хятад хэл агуу билээ. Тэр талыг баримтлан жаахан уран сайханжуулж, хүмүүст түгээмэл болгох үүднээс зарим нэг уламжлалт үг хэллэгийг орчин үеийн маягаар буулгавал илүү сонин болж магадгүй. Манай Болдбаатар гуайн түрүү үеийн хөрвүүлгүүд их дажгүй байдаг.