Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 31 дүгээр бүлэг

Админ | Zindaa.mn
2021 оны 01 сарын 05

Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

Ү СУН АРХИ УУЖ СОГТООД КҮН ЛЯН ХЭМЭЭХ ХҮНИЙГ ЗАНЧИХ

ТАВАН ӨНГИЙН ЗҮСТЭЙ БАРС ХҮН ЖУРАМ ДАГАЖ СУН ЖЯНГ ТАВИХ

Өгүүлэх нь, Ү Сун сяньшэн хоёр арван хэдэн удаад зөрөлдөн ноцолдоод Ү Сунгийн хүч нь тэнгэрийн хүч, сяньшэнгийн хүч бага, шид эрдэм тул энэ хоёр тийнхүү зөрөлдөж арга буюу Ү Сунгийн баатар үнэхээр их тул сяньшэнг барьж аваад даруй толгойг унагаав. Үүнд Ү Сун их дуунаар өгүүлрүүн: - энэ гэрийн дотор өөр хүн байна уу, гарч ирэгтүн хэмээх үгийг тэр эхнэр сонсож мөн алах буюу хэмээн айвч юуны тус, аргагүй гарч Ү Сунгийн өмнө нь сөгдсөнд Ү Сун өгүүлрүүн: - би чамайг алахгүй, энэ сяньшэнгийн нэр овог нь хэн, чи нь юу хэмээсэнд тэр эм өгүүлрүүн: - энэ сяньшэн чухам ямар газрын хүнийг би сайн мэдэхгүй, манай гэр энэ уулын доор бий. Миний эцгийн нэр Жан тайгүн хэмээдэг. Эх, ах дүү хамт суудаг. Энэ сяньшэн манай гэрт ирээд хоёр гурван сар болов. Үүний эрдэм чадал нь тэнгэр газрыг шинжих, хүний заяа буяныг үзэх, уул усыг тайх тахих, чөтгөр шулмасыг дарах, тийм нэгэн чадалтай хүн хэмээж миний эцэг, эх үүний хамт намайг энэ ууланд суулгав. Энэ өвсөн байшин нь манай өвгөдийн хүүр агуулах газар билээ. Энэ алагдсан хөвгүүн нь сяньшэн хүнээс булаан авчирсан хүн хэмээгээд мөргөхөд Ү Сун өгүүлрүүн: - энэ уулын нэр юу хэмээхэд Вэй Тянь Ү Гүн Ван Дао Рэнь хэмээн сяньшэнг өөрөө цол өгсөн.

Үүнийг орчуулбаас тэнгэр дээр нисэх чигчүүр хорхой хэмээмүй хэмээсэнд Ү Сун бас асууруун: - Чамд одоо өөр ургийн ах, дүү ба түших тулах нөхөр байна уу хэмээсэнд тэр эм өгүүлрүүн: - одоо над энд түших тулах ах, дүү, нөхөр садан үгүй. Гэрт ах дүү буй. Тэд нар цөм ариун шударгаар тариалан тарьж, амь зуудаг хэмээхэд Ү Сун өгүүлрүүн: - чиний энэ байшин дотор хадгалсан нь ямар юм баймуй, алт мөнгө буй юу хэмээсэнд, тэр алт мөнгө ихгүй бага буй хэмээхэд тийн бөгөөс тэдгээр юмаа хурааж аваад, ах дүүдээ буцагтун. Одоо түргэн явагтун. Би энэхүү өвсөн байшинг их бага хоёр хүний хүүрийн хамт гал тавьж үгүй болгомуй хэмээсэнд тэр эм маш баярлаж, газар сөгдөн өгүүлрүүн: - бурханы шавь болсон ариун бодисатва өчүүхэн миний зовлонг арилгаад, бас амь биеийг тусалж, алт мөнгө шагнасан нь юутай их буянтай. Авгай чи баахан архи зооглоод, мах идээд явбаас сайн үгүй үү хэмээсэнд Ү Сун мөн ч баярлаж: - тийм, маш сайн, чи нь хүн хорлох хорт архи мах надад өгөх хэмээсэн санаа үгүй буй за хэмээсэнд тэр эм өгүүлрүүн: - тийм бус, үнэхээр цэвэрхэн архи мах билээ хэмээсэнд Ү Сун даруй байшинд орж тэр архи махаас идээд эхнэрт өгүүлрүүн: - за чи эдүгээ юмаа бэлтгэж явагтун, би одоо бас явмуй хэмээсэнд тэр эм юмаа бэлтгэж аваад тэр уулнаас бууж, гэр зүгээ харив. Ү Сун тэрхүү архи махаас идэж дуусаад тэр хоёр хүүрийг чирч авчраад байшинд агуулж, гаднаас гал тавьж яваад, удалгүй уулаас бууваас, үүр цайж наран ургав.

Тэндээс тэр цаг маш хүйтэн, зам хол тул хот хотыг хэсэж үзвээс Ү Сун хулгайг барьсан хүнд таван зуун лан мөнгө шанамуй хэмээх зэрэг нас байдлыг цөм бичсэн шар цаасыг битүүгээр ажиглаж, хотыг өнгөрөөд Чин Жоу хотын зам орж, арван хэдэн өдөр яваад үзвээс нэгэн их элсэн чулуутай өндөр уул үзэгдэв. Үүнийг арай чармайн явж даваад, тэрийг бууж цааш явсан нэгэн архины пүүс баймуй. Ү Сун үүнийг үзээд тэр дянь пүүсэнд ороод архины пүүснээс хоёр жин архи авч уугаад, бас архи мах мантуу ногоо байна уу хэмээн асуусанд тэр пүүсний тэргүүлэгч өгүүлрүүн: - манай пүүсэнд өөр юм үл худалдмуй хэмээхэд Ү Сун өгүүлрүүн: - архи худалдах газар хоол будаа үгүй хэмээж болох буюу, хурдан мах ногоо авчрагтун, би зоос мөнгийн үлэмжхэн өгвөөс барав хэмээсэнд тэр пүүс нь мах ногоо үгүй. лам хүнд архи уух, мах идэх ёс хаа хэмээн цуугилдан байтал гаднаас нэгэн их өндөр биетэй сайн эр бололтой хүн, гурван зарц дагуулж, тэр дяньд орж ирснийг тэргүүлэгч үзээд, даруй угтаж гараад, дотоод байшиндаа оруулж суулгасанд тэр хүн өгүүлрүүн: - тэргүүлэгч эрт өдөр миний ууж үлдээсэн нэгэн лонхтой архи буй буюу хэмээсэнд тэр тэргүүлэгч буй хэмээгээд нэгэн их лонхтой архийг гаргаж, бөглөөг нь авсанд тэр архины үнэр нь жимсээр нэрсэн архи адил сайн үнэрийг Ү Сун үнслээд гэдэсний хорхойны толгой босч, тэсэн ядан байхад, тэр буудлын тэргүүлэгч, тахиа нугас ногоо бэлтгэж, тэр гийчинд өгөв.

Үүнийг Ү Сун үзээд, тэр гэдэс нь өлссөний дээр уур нь хүрч, буудлын тэргүүлэгчийн дуудаж, ийн өгүүлрүүн: - чи нь юун журамгүй хүн билээ, хуучин үгэнд их зам илжгийг зоостой унах, хоолны пүүсийн архи ногоог мөнгөтэй хүн иддэг ёс буй атал чи хэнд өгмүй, хэнд үл өгмүй хэмээгээд ширээ дэлдэн их дуунаар хараав. Ү Сунгийн уур газраас гарах бус гэдэснээс гарах буюу. Үүнд тэр буудлын тэргүүлэгч өгүүлрүүн: - хуварга чи юун их ууртай хүн, лам хүн уур хилэн дарж, амьтныг туслах хэмээсэн бишүү, чи хуваргын ёс алдаж архи мах идэх хэмээх ньёс бус, энэ хүн өөрийн гэрээс авчирсан архи махаа манай пүүсийг зээлж идэв хэмээхэд Ү Сун нэгд архи ууж согтоод, хоёрт уур нь их хүрсэн тул тэр пүүсний тэргүүлэгчийг нэгэн алга занчсанд тэр хүн газар унав. Үүнийг тэр Ү Эл Лан хэмээх сайн эр үзээд, даруй босон ирж, хараан өгүүлрүүн: - чи нь аль газрын лам, ямар хэргээр, хаа очих, юунд амь тэжээсэн архины дүүсийг түйвээмүй хэмээхэд Ү Сун өгүүлрүүн: - чамд юун хамаа, би архины пүүс лүгээ цуугиж баймуй хэмээхэд Ү Эл Лан өгүүлрүүн: - мунхаг мухар толгойт чи бүү их загна, үлгэрлэвээс өчүүхэн хулгай лам чи над лугаа эсэргүүцвээс тайсуй тэнгэрийн толгой дээрээс шороо хөдөлгөсөн лүгээ адил хэмээхэд Ү Сун маш их уур нь хүрээд, тэр хүний хойноос гарч, байшингийн гадна нэгэн хэсэг ноцолдоод Ү Сун тэр хүнийг нэгэн гараар татаж, газар унаад, хэдэн удаа нударгалж занчаад, тэр айлын үүдний өмнө нэгэн их нуур ус бага хөлдсөн цаг тул Ү Сун тэр хүнийг тэр нуурын усанд хаяв. Үүнийг Ү Эл Ланг дагасан хүн нараас эзнээ нуураас авч, гэртээ харив.

Үүнийг тэр буудлын их бага цөм үзээд, толгой өвдөж, хөл гар нь бадайрч, зүрх нь шимширч, айсан тул Ү Сун дахин гэртээ орж, архи махыг идүүлсэнд Ү Сун маш их согтоод одоо явах хэмээн тэр буудлаас гарч, мөнөө нуурын дэргэд явж байтал гэнэт нэгэн их хүйтэн салхи. Үүнд Ү Сунгийн архи үлэмж дэгдэж, хоёр хөл нь энд тэнд болж, гуйвлан явж чадахгүй байтал нэгэн шар нохой хүрч ирээд Ү Сунгийн зүг хуцахад, Ү Сун энэ нохой намайг үзээд хуцах нь эрхбиш учир буй хэмээгээд явах гэтэл тэр нохой ер явуулахгүй дагаж хуцах тул Ү Сун уур нь хүрч, тэр нохойг алах хэмээн хөөж, тэр нуурын захаар яваад нэгэн сэлмээ чулуудан цохих хэмээсэн билээ. Тэр нохой тохиолдсонгүй явав. Ү Сун сэлмээ авах хэмээн нэгэн хэсэг мөсөн дээр гишгэн тэр нуурт унагав.

Үүнд Ү Сун мөлхөн хөлбөрөн арайхийн гарах хэмээтэл нэлээд хэсэг улс мөнөө архины пүүсэнд тохиолдсон Ү Эл Лан толгойдоо цагаан эсгий малгай, биедээ шар зувцаа дээл өмсөж ирээд өгүүлрүүн: - манай ноёныг занчиж усанд хаясан хүн харин өөрөө усанд орж, санаваас энэ нь чухамхүү өөрийн гэрт үүдний дотор орсон лугаа адил тул Ү Сунг даруй барин аваачаад хашааны дотор оруулж, нэгэн их модноос дээл хувцсыг тайлж дүүжлэв. Үүнд Ү Сун аргагүй архины самуунаар баригдав. Одоо амь гарах бэрх болов хэмээн бодож байтал хэдэн цэрэг гарч ирээд өгүүлрүүн: - хулгай лам чи одоо үнэнээ хэлэгтүн, эс хэлбээс энэ шийдмээр занчиж шүүмүй хэмээгээд занчихад Ү Сун сайн эр тул тэр хэдэн шийдэмд яахин үг хэлмүй. Тэдгээр улс дахин занчих хэмээн зандарч байтал дотроос хоср их биетэй хүн гарч ирээд ийн өгүүлрүүн: - эрхэм шавь нар та ямар хүнийг занчиж баймуй. Энэ яасан хүн буй хэмээхэд, тэдгээр өгүүлрүүн: - хоёр багш өчүүхэн шавь нар энэ өдөр архины пүүсэнд очиж бага архи ууя хэмээснийг энэ хулгай лам түйвээж, архийг уулгах байтугай, ахыг усанд хаяв. Бид арайхийн авчраад, үүнээс өсөө авах хэмээн архины пүүсэнд очихоор явтал энэ лам харин өөрөө усанд унаж баймуй. Тиймийн тул үүнийг баржь авчрав. Үүнийг үзвээс энэ заяаны лам хүн бус, хуурамч лам, нүүрт үс буй. Ургасан үсний уг нь хуучин бус, энэ лав хулгай, үүнийг эс шүүж илтгэвээс хэрхэвч болохгүй. Иймийн тул үүнийг шүүж, өчиг үнэнийг авч, яаманд хүргэж, шагнал хүртмүй хэмээхэд тэр хоёр өгүүлрүүн: - та нар түр байз, энэ хүний бие байдлыг үзвээс үнэхээр нэгэн сайн эр бололтой. Аажмаар бид хоёр асууя хэмээсэнд тэд нь тэр хоёрын шавь тул арга буюу тус тус зайлж нэгэн зүгт байв.

Тэндээс тэр хоёр хүн очиж, Ү ламын биеийг нь илбэж, толгойг нь өргөж үзвээс тэр хоёрын тэнгэрт мөргөсөн ах Ү Сун тул хоёул танив. Энэ нь яахин лам болж энэ газар явж ирэв хэмээгээд Ү Эл Лан өгүүлрүүн: - Ү Сун ахыг лам болсон тул таньсангүй. Нэгд олон жил болж танилцаагүй тул зүс нь нэлээд хувилж, тиймийн тул өчүүхэн дүү нар нүд цэцгийн арилсангүй хэмээн мөргөөд тэдгээр шавь нартаа ийн өгүүлрүүн: - энэ хүнийг даруй түргэн тавигтун. Урьд Жин Ян Ган ууланд барс алсан Ү Сун ах хэмээн бид нь уйлан байдаг нь энэ хэмээхүйд тэдгээр зарц цөм яаран урагш давшиж, Ү Сунд мөргөн буруугаа хүлээн, хүлээсийг нь тайлж тавиад, зэргээр түшиж, дотоод байшиндаа оруулж, дээл хувцсыг нь сольж тайлаад, нүүр угаах ус авчруулж, нүүрийг угаалгаж, ширээн дээр суулган, Ү Сун ах намайг таних буюу хэмээгээд мөргөхөд, Ү Сун тэр цаг архи нь бага сэргэж, чухам хэнийг хэмээн танихгүй байтал тэр хүн өгүүлрүүн: - ах чи урьд Чай да гуан рэнь гэрийн газар бие өвчтэй байсан тэр цагт дүҮ Сун Чингийн хамт гэрийн эм Ван По Элийг алаад гэр орон өвгөн эцгээ орхиж, ялаас айж оргоод, Чай да гуан рэньгийн гэрт нуун сууж, тэнд танилцаад чамайг уг нутаг чинь буцах хэмээхэд би дүҮ Сун Чин лүгээ газрын дунд хүргэж, буудалд буугаад, хүж барьж, тэнгэрт мөргөмөн Сун Жян дүү бус буюу хэмээхэд Ү Сун сая таньж, сайн дүүгийн хүч тэнгэр бурханы ерөөлөөр энд учирч, өчүүхэн ахын амийг аврав хэмээгээд энэ хоёр хүн хэн буй хэмээхүйд Сун Жян өгүүлрүүн: - энэ нь Кун тайгүнгийн их хөвгүүн, Мао Тоу Шин хэмээмүй, бага нь Ду Хуо Шин хэмээмүй. Энэ хоёр цөм нас бага болоод зан догшин тул ахад буруу ял хийв. Эдүгээ Сун Чин дүү гэрт хариад эцгийг сувилж буй. Би энд ирдэг учир болбоос урьд ах бэлхнээ мэдэх тул хэлж яахим. Гагцхүү нийтээр зарлаж барих хэмээхийг сонсоод энд оргон гарч ирэв. Би энэ хоёр хүүхдэд цэргийн сургууль зааж багш болов.

Одоо Чин Фэн Жай хэмээх хотноо очих хэмээн санаж, нэлээд хонов. Сонсвоос баатар ах чи, Чай да рэньгийнхээс яваад Жин Ян Ган хэмээх уулын догшин барсыг алж, олонд тус хийгээд бас Ян Гү Сянь хэмээх хотод цэргийн дарга болж, гавьяа бүтээв гэнэм, бас ах Ү Да Ланг хорт эм өгч алсан эм Пань Жин Лянь, нууц нөхөр Ши Мэнь Чинь, зальхай эм Ван По Ши нарыг алаад, өөр хотод цөлөгдөв хэмээн сонслоо. Эдүгээ яахин гараад, ямар учирт лам болов хэмээхэд Ү Сун дүү чи сонс, Жин Ян Ган уулын барсыг архи ууж алсан, ах Ү Да Ланг хорлосон зальхай хулгай Ши Мэнь Чин, эм Пань Жин Ляньт, эмгэн Ван По Ши нарыг алсан, Ян Гү Сянь хотод гавьяа бүтсэн. Тэднээс гурван хүний амийг хорлосон ялт Мэн Жоу хотод цөлөгдөхөөр явж, Чин Чуань Шань ууланд хүний мах хийсэн мантуу идсэн, хорт эм Сунь Эл Фүгийн хор хольсон архинд хорлогдсон ба тэндээс амь гарч Мэн Жоу хотод хүрч гянданд хоригдсон, албаны хүн нарт ихэд занчигдсанд, Ши Энь хэмээх хар нүдэт бэрхэнд учирч амь гарсан. Бас Мэн Жоугийн Куай Хоу Линь хотын Жан Мэнь Шэньг занчиж хөөсөн, Жан амбаны худал үгэнд амь алдагдах шахсан, цөлөх замд цэргийн дөрвөн хүнийг усанд хийж алсан, тэндээс архидаж, арай хийж ирээд, Жан амбаны арван таван хүний сэлмээр алсан, Жан Чингийн гэрт нуун суусан, тэндээс лам болон зүс буруулсан, өндөр уулын сяньшэнгийн толгой авсан, одоо энд ирж, Кун дүүтэй ноцолдож, усанд хийсэн зэргийг эхнээс адаг хүртэл хэлсэнд, тэдний дотор нь уярч, зүрх нь түгшиж тус тус цочин байв. Үүнд Ү Сунгийн хэргийг цөм сонсоод, эдүгээ ах дүү болох хэмээн Кун тай гүнгийн хоёр хөвгүүн, хөл хөдөлж,өвгөн эцэг Кун тайгүнд хэлэв.

Тэндээс Ү Сун Сун Жян хоёр гурван өдөр, гурван шөнө тус тусын хийсэн хэргүүд хэлэлцэн байтал өвгөн ноён зун тайгүн энэ учрыг сонсоод, даруй гахай нугас, ногоо бэлтгэж, Ү Сун, Сун Жян нарыг ширээн дээр суулгаад, Ү Сунгийн хэргийг цөм сонсож, үнэхээр баатар эр хэмээн магтан магтсаныг бүү өгүүл. Өгүүлэх нь өвгөн Кун тайгүнгийн гэрт нэлээд хэдэн өдөр найрлан суугаад, энэ Сун Жянгийн очих газар болбоос Сү Сюань, Ү Сунгийн очих газар болбоос ууланд байгуулдсан мүд урвасан хоёр баатар. Энэ хоёрын очих газар харилцан нийлэлцэхгүй тул Сун Жян Ү Сунг дагаж ууланд сүмд хамт очих хэмээсэнд Ү Сун өгүүлрүүн: - эрм дүү би нь их хэрэг хийсэн хүн, хэрэв хүн шинжилж барьваас чи нь хөөрхий, Сү Сюань болбоос эндээс ойр. Миний очих газраа бөглүү тул болохгүй дүү бид хоёр хожим учиръя хэмээгээд одоо явах цаг болов хэмээн өвгөн Кунтай ёсолсонд өвгөн Кун тайгүн бас нэгэн хэдэн өдөр биеэ баахан амраагаад явбаас ямар хэмээгээд салж үл ядан байхад Сун Жян, Ү Сун хоёр мөн хэдэн өдөр найрлан өнжөөд одоо явмуй хэмээгээд явах гэтэл өвгөн Кун тайгүн хоёр хөвгүүний хамтаар тэр хоёрт ёслоод, мөнгө тавин лан замын хүнс хэмээн өгсөнд тэр хоёр хүлээн аваад нэгэн хамт зам хөөн өмнө зүг явав. Өвгөн хоёр хүүхдийн хамт үдэж гаргаад гэртээ харив. Тэндээс тэр ах дүү хоёр яваад хэдэн хоног болсны хойно нэгэн хот үзэгдэв. Руй Лун Жэнь хэмээх хот. Үүний ойр очоод энэ хоёр тус тус явах замаа хүнээс сураглаваас баруун зам нь Эл Лун Шань уулын зам, өмнө зам нь Сү Сюань Чин Фэн Жай хотын хэмээн заалгаад Ү Сун өгүүлрүүн: - мэргэн дүү бид хоёр нь маргааш өдөр салмуй.

Энэ өдөр энэ хотын архины пүүсэнд орж, будаа архи уугаад явъя хэмээсэнд Сун Жян өгүүлрүүн: - ах би чамайг баахан хол үдвээс зохимуй хэмээхэд Ү Сун өгүүлрүүн: - дүү чи бүү намайг хол үд. Хуучин үгэнд сайхан нөхрөөс салан ядаад мянган газар үдэвч салах нь үнэн. Тиймийн тул бүү үдэгтүн гагцхүү Жян Ван хэмээх хотод очоод санаа нийлбээс нөхөрлөн, үл санаа нийлэх ахул өөр газар сонгон очиж, аливаа хэрэг хийж, их ноён болбоос гагцхүү хүн болж төрсөн гавьяа бас ч үр хүүхэд дэлгэрч, нэр зэрэг алдраад улам дэгжмүй. Архи битгий уу, хүнтэй бүү хэрэлд хэмээн хэдэн үг захьсанд Сун Жян даруй хүлээн ёслоод архины пүүсэд орж, архи будаа идээд, маргааш нь тэр пүүснээс гарч Эл Лун Шань уулын зам дээр очоод Ү Сунд Сун Жян өгүүлрүүн: - ах чи Эл Лун Шаньгийн ах нар очих хэдий зүй мөн боловч, чиний зүрх их, ам хатуу тул нөхөрлөн чадахгүй. Би яахин мэдмүй. Гагцхүү захих нь архийг бүү уугтун хэмээн захиад, хоёр тийш тус тус бие биеэ эргэн харсаар явж Ү Сун баруун явж, удалгүй Эл Лун Шань ууланд хүрэв. Үүнийг бүү өгүүлэн, өгүүлэх нь Сун Жян Ү Сунгээс салж өмнө зүг яваад, хэдэн өдөр болсон хойно, ах Ү Сунгээ санаж, сэтгэл нь зовсоор явтал, өмнө нь нэгэн их уул. Ургасан модыг үзвээс өндөр богино үгүй, бүдүүн нарийн үгүй, нэгэн тийм жигтэй уул. Үүнийг Сун Жян үзээд дотроо ийн сэтгэрүүн: - энэ уулыг үзвээс үнэхээр өөр янзтай. Эрхбиш учир буй. Яахин арга буюу. Энэ ууланд лав нэгэн их араатан бий хэмээн санаад, шууд тэр уулын дээр гартал хав харанхуй тул зам алдаж, яван чадахгүй төөрөн явсаар, гэнэт хоёр хөл нь торонд ормогц тэр торонд уясан хонх цөм дуу гарсанд олон цэргийн хүн ирж, Сун Жянг барьж авав.

Тэндээс тэдгээр цэргүүд Сун Жянг олс дээсээр дангинатал хүлж, дэнлүү шатааж, тэр уулын орой дээр суух өвсөн байшиндаа аваачсанд, Сун Жян дэнлүүний гэрэлд харваас цөм модон хайстай, төв дунд нь танхим мэт зассан гурван их сандал дээр нь тавьсан гурван барсын арьс, өмнө нь нэгэн их ширээ. Эдгээрийг Сун Жян үзээд ийн сэтгэрүүн: - би нь ер тэнгэрт их ял хийсэнгүй, нэгэн зальхай эмийг алсан билээ. Ер өөр бусдыг зовоож явсан учиргүй байтал яахин энэ мэт газар ирж амь алдах буюу. За яахим, тэнгэр мэдэх байхаа. Үүнийг үзвээс зальхай эм алсан ялаа хүлээж, цааз дагуулан шийтгүүлбээс үхэвч нэртэй асан. Энэ мэт яргачны гарч шулуулах нь нэрд муухай болов хэмээн санаж байтал тэдгээр цэргүүд энэ өдөр тарган мах авчрав, дай ван нарт айлтгагтун хэмээсэнд нэгэн цэргийн хүн өгүүлрүүн: - дай ван нар нойрсож, энэ шөнө дүүжлэн хоноод, маргааш албаас зохимуй. Түүний гадна уушиг зүрх нь цус бүрвээс нэн сайн, дай ван нарт архины зууш хийе. Бид бүгд үлснийг идье. Үнэхээр нэгэн сайн гэдэс цадах болов хэмээлцэхийг маргааш нь дайван нар босч ирээд, танхим сууж цэргүүдэд ийн тушаав. Та нар урьд шөнө ямар үхрийн мах авчрав. Түүнийг одоо авчрагтун хэмээх үгийг Сун Жян хулгайн нүдээр нууж харваас толгойдоо шар эсгий малгай, биендээ улаан дээл улаан бүс, үнэхээр сүрхий хүн тул Сун Жян өчүүхэн төдий ухаан мэдрэлгүй болж байтал тэр дайван өгүүлрүүн: - үүнийг би ганцаар яахим, хоёр дүүг дуудан ирэгтүн, бид гурав хамтаар сууж, уушиг зүрхийг уудалж авъя хэмээгээд мөнөө хоёр дайванг дуудав. Үүний дотор Ван Ин хэмээх нэгэн дайван бий. Энэ хүн угаас тэрэг мориор зам тосч, хүний бие эд барааг зөөж явах хүн. Нэгэн өдөр гэнэт хүний амийг хорлож, юмыг дээрэмдээд, эцэст баригдаж, гянданд хоригдоод, тэндээс гяндангаас оргон гарч, тэр уулын Янь Шүнь хэмээх дайван нартай хавсран суусан хүн. Бие нь богино, барс хөлтэй. Бас нэгэн дайван нь нэр нь Жэн Тянь Шөү. Энэ хүн Су Жоу хотын хүн, мөнгө үйлдэж амь зуух хүн бүлгээ.

Үүнийг тэр хотын хүн цагаан нүүртэй хэн хэмээн нэрийдмүй. Зүс нь цагаан бөгөөд сахал нь гурван салаа бөгөөд тас хар. Толгойдоо хүрэн алчуураар боож, биендээ цагаан дээл өмсөж. Энэ хүн бага цагаас цэргийн сургууль хийж боловсорсон, нэгэн өдөр хийх үйлдвэргүй, зугаацан явж, тэр ууланд хүрвээс Ван Ин тохиолдож, хоёр биеэ үл таних тул Ван Ин барих хэмээн ноцолдвоос дийлсэнгүй байхад тэргүүлэгч дайван үзээд магтаж, гуравдугаар ширээн дээр өргөмжлөв. Түүний дараа нь цэргийн ардад өгүүлрүүн: - хүүхэд мөнөө үхрийг эдүгээ алж, уушиг зүрхийг уудалж, одоо архины зууш бэлтгэгтүн. Бид гурав амталж идсүгэй хэмээхэд цэргийн ард даруй хөдөлж, нэгэн түмпэн хүйтэн ус, нэгэн хурц хутга барьж, Сун Жянгийн дэргэд ирж, толгойг нь хүйтэн усаар угаав. Энэ нь хүний зүорхийг халуун цус бүрсэн учирт толгойг угааж цусыг арилгах хэрэг. Үүнд Сун Жян шүүрэн алдаж, ийн би нь хайран эр Сун Жян хэмээх. Нэр энэ газраа амь алдах цаг болж хэмээн шүүрсэн алдахад үүнийг тэргүүлэгч дайван сонсоод цэргүүдэд ийн өгүүлрүүн: - та түр байз, үүний аман дотор юу хэмээн өгүүлж баймуй. Түүнийг чагнаж ирэгтүн хэмээсэнд Сун Жянгийн шүүрсэн алдаж хэлснийг мэдүүлсэнд, тийм бөгөөс Сун Жян хэмээх хүн энд ирэх учиргүй. Би биеэр очиж учиръя хэмээгээд суусан ширээн дээрээс бууж, Сун Жянгийн дэргэд ирж, ийн өгүүлрүүн: - чи нь аль газрын хүн, ямар хэргээр хаа очих хэмээн сайтар нарийвчланг асуусанд, би нь Ин Жоугийн хүн, Ян Гуо Жы хотын захигааны Сун Ду Тоу нэр нь Сун Жян. Уг хотоос гарсан учир Сун Тай зээлийн дууч эм Янь По Ши лүгээ сэтгэл нэгдэж байсан нь тэр өчүүхэн хүн алт арван лан, захиа нэгэн боодлыг эс өгмөгц, түүнийг алж, мөнгөө аваад оргон гарч, Сү Сюань хотод очиж, амь зуухаар явж энд баригдав хэмээн хэлэхэд тэр дайван даруй тайлуулж буулгаад биеийг нь цэвэрлэж, өөрийн өмссөн улаан дээлийг тайлж, өөрийн суух ширээн дээр төв дунд суулгав. Тэндээс тэр тэргүүлэгч дайван хоёр дүү Ван Ин нарыг ширээнээс буулгаад, их ёсоор ёслоход, Сун Жян босч, ийн өгүүлрүүн: - эрхэм дайван нар өчүүхэн намайг алах хэмээж авчраад, одоо ширээн дээр суулгаад, энэ мэт хүндэлмүй. Би нь нэгэнт та нарын зууш болох хэрэгтэй.

Хэрвээ миний амийг аврах болбоос би ёсолж мөргөвөөс зохих билээ хэмээхэд тэргүүлэгч дайван өгүүлрүүн: - Сун ах би чамайг хэдийнэ сонссон, чи нь дээд сайныг сүслэхгүй, доо мууг дарлахгүй, чухамхүү шударга эр хэмээн дөрвөн далайд алдаршиж, тиймийн тул сайн эрийг хорловоос тэнгэр биднийг яахин ивээмүй. Энэ нь дээд тэнгэр өршөөж, Сун Жян хэмээх хоёр үсгийг танай амнаас гаргаж, үүнийг сонссоор бид тийм журамгүй хэрэг хийхгүй. Одоо дотогш орж морилон сууваас зохимуй хэмээн Сун Жянг дотоод гэртээ залав. Үүнд тэр гурав Сун Жянг архи будаа идүүлэх хэмээн гахай нугасны махыг бэлтгэж, архи халуулан цэргийн ардыг дуудаж ширээ бэлтгээд, ногоо засуулав. Энэ гурван өдөр найралж дуусаад, Сун Жян явах хэмээхэд бас явуулсангүй. Нэгэн өдөр Ван Ай Ху хэмээх дүү Сун Жян тэргүүлэгч дарга нарыг авч, уулнаас бууж зугаалахаар ирэв. Тэр газрын ёс нь арванхоёр сарын хуучдаар үхсэн хүний хүүрийг тайдаг ажгуу. Тэд нар нь зугаалж явтал нэгэн хэдэн хүн дагуулсан нэгэн жууз явмуй. Үүнийг Ван Ай Ху үзээд, маш баярлан өгүүлрүүн: - ах нар энд баахан хүлээгтүн, би очиж энэ жуузанд суусан хүнийг үзье хэмээгээд хоёр цэргийн хүн дагуулан очоод үзвээс нэгэн эм хүн, үүнд Вай Ай Ху угаас эм хүн үзвээс инээд нь хүрэх тийм хүн тул жуузыг дагаж явсаар нэгэн айлд орсныг мэдэж, хойноос дагаж тэнд орсныг хоёр цэргийн хүн буцаж, тэдгээр дайван нарт учрыг хэлсэнд Сун Жян өгүүлрүүн: - энэ Ван Ай Хуг үзвээс сайн эр бөгөөд баатар чадалтай. Энэ мэт зальхай хэрэг хийж, хүн үймүүлж хэрхэн болмуй. Үүнийг баахан хорих хэрэгтэй хэмээсэнд тэргүүлэгч дайван хүн илгээж, Ван Ай Хуг дуудуулсанд Ван Ай Ху хэдийнэ тэр эм лүгээ ийн тийн хэмээн өгүүлэлдэн байтал цэргийн хүн дуудаж ирэв.

Тэндээс Ван Ай Ху хичнээн хүн ирсэн боловч ер очсонгүй тул Сун Жян тэр гурав хойноос нь ирж, тэр эхнэрийн дэргэд хүрч Сун Жян өгүүлрүүн: - чи нь ямар газрын хэний гэргий, юунд энд ганцаар ирэв хэмээн асуухад тэр эхнэр өгүүлрүүн: - өчүүхэн эм би Чин Фэн Жай хотын харъяат хүн бүлгээ. Өвгөдийн хүүрт цаас шатаахаар ирэв хэмээхэд Сун Жян өгүүлрүүн: - чи нь нөхөр буй буюу, үгүй буюу хэмээн асууваас тэр эхнэр өгүүлрүүн: - надад нөхөр буй хэмээхэд Сун Жян чи нөхөртэй болбоос нөхрөө дагуулан ирвээс зохих бүлгээ, гагц биеэр явах нь ямар хэрэг хэмээхэд, тэр эхнэр өгүүлрүүн: - миний нөхөр гэртээ буй. Миний нөхрийн нэр нь Лю Гао хэмээдэг хэмээсэнд Сун Жян өгүүлрүүн: - тийм бөгөөс чиний нөхрийг би танимуй. Мөн танай хотод очихоор яваа хэмээгээд Ван Ай Ху дүүдээ өгүүлрүүн: - дүү дайван чи сонс, би чамд нэгэн учиртай үг өгүүлье, хүнд сайн эр хэмээгээд нэр нь балрахгүй, усанд эх бий болоод адаг мөн бий, чөмгөнд шим буй болоод чадал бас бий. Чи энэ гурван зүйлийг санаж, энэ эхнэр тавьж явуулбаас зохих билээ. Энэ эхнэр нь Чин Фэн Жай хотын нэг их зэрэгтний эм, нөхрийн нэр нь Хуа Рун хэмээх Лю Гао хэмээмүй. Иймийн тул бидний нэгэн үгэнд орж энэ эхнэрийг тавибаас сайн хэмээмүйд Ван Ай Ху дайван өгүүлрүүн: - Сун Жян ах чи сонс, би нь харин багаас энэ ууланд урваж, энэ мэт хэрэг хийсэнгүй бүлгээ.

Хэрэв тачаангуй хөдөлж, эмс хэсэж найрласугай хэмээвээс нэр нь урвасан хулгай хэмээх тул хүн оруулахгүйд аргагүй. Энэ мэтийг булааж нэгэн цагийн галын дөлийг дардаг. Ах чи энэ хэрэгт бүү оролцогтун хэмээхэд Сун Жян өгүүлрүүн: - эрхэм дүү чи энэ удаа миний үгийг дагаж, эрхбиш энэ эхнэрийг тавьж явуулагтун. Бид чамд ёс төр хэлэлцэж, бэлэг инж тогтоож, нэгэн гэргий олж өгсүгэй хэмээсэнд Ван Ай Ху юу ч хэлэлгүй байсан, хоёр дайван ах өгүүлрүүн: - Ван Ай Ху чи энэ Сун Жян ахын хэлснийг дагасан ба эс дагасан энэ үгийг чи нүүр ичихийг бод. Сайн эрийн алдрыг хадгал хэмээх зэрэг ятган хэлсэнд Вай Ай Ху арга барагдаж, нэгэн их бодол бодсон хүн, үүнийг өгүүлж яахин, тэр гурав мөнөө эхнэрт ийн өгүүлрүүн: - эм чиний нөхрийн бид таних тул хожим нүүр сэтгэлийг үзэж үл чадах тул энэ бага дайвныг ийнхүү ятган сургав. Чи одоо даруй жуузанд сууж хариваас зохимуй хэмээхэд тэр эхнэр үүлэн арилж, наран гарсан мэт болж, гурван хүнд мөргөөд, даруй жуузнаа сууж, гэр зүгээ нисэх мэт яван харив. Үүнд Ван Ай Ху нэгд ичсэн бөгөөд хоёрт тэр гурваас айсан тул толгойг нь гудайж, зүсээ улайлган суув. Энэ нь ёсоор хүний сэтгэлийг хүлээх аргаар араатны зүрхийг хуурах хэмээсэн лүгээ адил болжээ. Тэндээс Сун Жян Ван Ай Худ эрхэм баатар дүү чи сэтгэлээ аажим тавь. Ах нь идсэн хоолоо дахин бөөлжихгүй, хэлсэн үгээ эргэж няцахгүй. Эрхбиш дүүдээ нэгэн залуу цэвэрхэн эм авчирч өгмүй хэмээхэд хоёр дайван тэсгэлгүй инээж, алгаа ташсанд Ван Ай Ху Сун Жянд бие сэтгэл хөдөлж хүндлэн ёсолсон боловч тачаангуйгийн гал буураагүй тул олон үг өгүүлсэнгүй бүгдээр ууландаа харив.

Үүнийг бүү өгүүлэн, өгүүлэх нь тэр эхнэр нисэх мэт зам явж байтал түүний нөхөр Хуа Рун хэмээх Лю Гаод хэдэн цэргийн хүн урьд тэр эхнэр булаагдаад, харьж Лю Гаод учраа хэлсэнд Лю Гаогийн уур нь салхи мэт дэгдэж, тэдгээр цэргийн хүн нэлээд зэмлэн хараагаад тус тус банз занчин шийтгэж, дахин дөчин цэрэг буу жад сэлэм бариулан, урвасан уулын хулгай нар лугаа байлдаж, эхнэр авчрагтун, эс авчирваас нохой мэт аминд хүрмүй хэмээх зэрэг чангалан тушааж илгээв. Эдгээр цэргүүд замдаа ийн өгүүлрүүн: - ууланд урвасан гурван их хулгай лугаа бид хэд яахин байлдаж чадмуй. Арга буюу амиа хулгай нарт өгөх цаг тохиолдож хэмээн гаслалцан явтал өмнөөс нь нэгэн жууз тэрэг нисэх мэт давхин орж ирэхийг үзвээс ноён Лю Гаогийн хатан. Энэ яахин алдуулж гарч ирэв хэмээн зам тосон гайхалцаж, бид жууз тэрэг тулгаран ирсэнд тэдгээр цэргүүд цөм сөгдөж, ийн асууруун: - Хатан авгай уулын дайвангаас яахин гарч ирэв хэмээхэд эхнэр өгүүлрүүн: - тэр хулгай нар миний биеийг барьж аваачсан, би Лю Гао ноёны хатан хэмээсэнд тэдгээр дайвангуудын толгой өвдөж, гар хөл нь тогтох газаргүй болж, даруй намайг уулнаас буулгаж ирэв хэмээсэнд тэдгээр цэргүүд мөргөн ийн өгүүлрүүн: - хатан авгай бид чамаас гуйх нь, өчүүхэн бид нарыг уулын хулгай нараас булаан авчрав гэх зэрэг засаж, ноёнд сонсгоход хүсэж мөргөмүй хэмээхэд хатан өгүүлрүүн: - за хэмээн, үгүй би та нарын замыг засаж, чулууг арилгаж өгье хэмээгээд цөм гэртээ нисэх мэт явж харьсан хойно, ноён Лю Гао хатнаас асууруун: - чи тэр гурван дайвангаас хэрхэн мөлтөрч ирэв хэмээн асуусанд эхнэр өгүүлрүүн: - тэр гурван дайван намайг барьж аваачаад алахаар завдмагц би ноён таны алдрыг хэлж, түүний хатан бүлгээ хэмээсэнд тэдгээр гурван дайван энэ үгийг сонсоод, зүрх нь хагарах, бие нь бадайрах зэргээр айж, даруй уулнаас буулгаж ирэв.

Тэндээс тэд нар тосч аваад ирэв хэмээх зэрэг хэлсэнд Лю Гао тэдгээр цэргүүдэд архи будаа бэлтгэж идэгтүн хэмээн далан наян хүнд гахай нугас шагнасныг бүү өгүүл. Өгүүлэх нь: Сун Жян тэр ууланд хэдэн хоног суугаад Хуа Рун хэмээх хүн лүгээ учрах хэмээн яваа учрыг тэд нарт хэлсэнд тэд нар явуулахгүй хэмээвч Сун Жян уг хэрэг нь Чин Фэн Жай хотын Хуа Рун хэмээх хүнтэй учрах. Зориг нь тэр тул тэнд яахин сууж болмуй. Тиймийн тул Сун Жян хэрхэвч очихгүй болохгүй хэмээсэнд тэр гурав аргагүй Сун Жянд архи ногоо бэлтгэж, хүнд ёс ёслоод, алт мөнгө барьсанд Сун Жян яахин авмуй. Хүлээн авсангүй уулнаас дөрвүүлэн бууж, замын хундага барьж өгөөд, Сун Жянд өгүүлрүүн: - ах чи Чин Фэн Жай хотод очоод буцахдаа эрхбиш бидэнд учрах хэрэгтэй хэмээлцээд тус тус салалцан явав. Тэндээс Сун Жян Хуа Рунтай учрах хэмээсэн нь замд гурван дайвантай учрав.

Энэ нь гурван дайван Сун Жянтай үнэн журмыг ах дүү болъё хэмээсэн ахул Сун Жяны араас тэвэрч, үл явуулбаас зохих билээ. Энэ Сун Жян Чин Фэн Жай хотод хүрч, бие нь амьд гарах эсэхийг мэдэхгүй. Үлгэрлэвээс хүн сайн муу явах нь тэнгэрийн хувь зохиол. Салхи дэгдэж, үүл гарах нь хүн яахин чадмуй. Сун Жян учрах хэмээсэн Хуа Жай хотын хүн тохиолдож Хуа Рунг эрж яваад, ямар хүн тохиолдохыг хойд бүлэгт үзэгтүн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top