Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ШҮН ЯН ЖАНЬ МӨРӨНД СҮН ЖЯН УРВААХ ШҮЛЭГ ЗОХИОВ
ЛЯН ШАНЬ ПҮ УУЛАНД ДАЙ ЖҮН ХУУРАМЧ БИЧИГ ИЛГЭЭВ
Өгүүлэх нь, Ли Гүй энэ эмийн ухархайг чичиж газар унагасанд тэр архины пүүсний олон хүмүүн үзээд эдгээр Сүн Жян тэргүүтэй бүгд дөрвөн хүмүүнийг яг байшиндаа хорьж мөнөө эмийг архи манаж ус цардаж биеийг нь тэнхрүүлж сэхээ оруулж дээш босгон байтал энэ эмийн эцэг эх нь сонсоод даруй эх нь хүрч ирээд үзвээс хүүхэн нь арайн чармайн босож амьдын төдий байхад арга буюу Ли Гүй-ээс айх тул юу ч хэлсэнгүй амьтай нь их хувь заяа хэмээн уйлан байтал Сүн Жян өгүүлрүүн: -Эмгэн Чи дэмий их л уйлж яахим. Хүүхэн чинь одоо нэгэнт амь гарсан тул хэн хүмүүнд хэлгүй сайн болов. Хүүхнээ нүүр гарыг угааж үс зүсийг нь засаж, зүүлт чимгийг хатгаж засагтун хэмээн архины пүүсний зардасыг дуудаж ус авчруулан өгөв. Үүнд Сүн Жян өгүүлрүүн: - Эмгэн чи нэр овог хэн хаана суудаг гэртээ бүгд хэдэн хүмүүн хэмээсэнд эмгэн өгүүлрүүн: - Бидний овог Сүн, миний хүүхний нэр Юй Лянь, эр үгүй бөгөөд үүнийг эцэг Сүн овогт бид нь Дунжинь хотын хүмүүн билээ. Энэ хүүхний эцэг нь бага цагт Пи Бэ Тин хэмээх архины пүүсэнд өдөр бүр илгээж олон зочдод дуу бүжиглэж хөгжим өргүүлгэж зоос олж амь зуудаг билээ. гэтэл энэ өдөр эрхэм ноёдод хөгжим өргөхөөр ирээд та бүхний таалалд эс тохирмогц үүнийг занчиж шархалсанд өчүүхэн хүмүүн ер гомдох зүйл үгүй хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Эмгэн чи нь үнэхээр ёс журмыг мэдэх хүмүүн байнам. Гагцхүү энэ хүүхний минь энэ дүү Ли Гүй занчиж шархалсан нь зүйд үл нийлэлцэх тул үүнийг бид өөр сургая.
Түүнээс гадна таны охин бидэнд хөгжим өргөсөн нь үнэхээр маш сайн тул би мөнгө хорин лан шагнал болгон өгье. Намайг хүмүүн дагуулан илгээж миний суух газар очиж авсугай. Бас чиний хөгшин өвгөн эмгэн хоёр үүнээс хойш хэдий чинээ наслах аж. Ганц хүүхнээ олон хүмүүнд бүү элэглүүл. Шударга журмыг дагаж сайн эрд өг. Бүү дууч эмсийн хүрээлэнд суулгагтун хэмээсэнд тэр эмгэн маш баярлан Сүн Жян-д мөргөн ёслоход Дай Жүн хажуугаас өгүүлрүүн: - Энэ нь гагцхүү Ли Гүй чи хийсэн хэрэг. Зүгээр байсан хүмүүнийг занчиж шархлаад басхүү энэ ах Сүн Жян-ы мөнгө хорин лангийн гарз болгов хэмээсэнд Ли Гүй өгүүлрүүн: - Би ямар энэ охиныг занчсан бус гагцхүү нэгэн хуруугаар үүний толгой илэвч орхисонд тэр өөрөө газар унав. Үүнийг занчсан учир үгүй хэрэв охин нударга шагнаваас энэ үхэхээс бус амьд гарах ёс байна уу.
Тиймийн тул би нэгэн хуруугаар илж наадсан хэрэг хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм дүү нар үүнд юу хэмээн цуугимуй. Энэ нь нэгэнт өнгөрч гагцхүү архины пүүсний архи ба ногоо жимс тэргүүтнийг хэрэглэсэн үнийн зоос ба ба байшингийн хөлс зүйлийг бодож одоо өгөөд хотдоо харьсугай хэмээхэд Жан Шүнь өгүүлрүүн: - Эрхэм Сүн Я Шань ах лугаа энэ өдөр учирсан нь үүл тархаж наран гарсан адил болов. Энэ өдрийн бүгд хэрэглэсэн архи ногооны үнийг би ганцаар төлөхөөс гадна, басхүү Сүн Жян, Дай Жүн, Ли Гүй та гуравт бас нэгэн ширээ засаж бэлэг болгон өргөе хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Мэргэн дүү Жан Шүнь эдүгээ гүйцэв. Хожим болсугай одоо бид бүгдээр хотод оръё хэмээгээд Пи Бэ Тин хэмээх архины пүүснээс гараад хотдоо харив.
Тэндээс Сүн Жян хотод орж өөрийн суух гэртээ орж мөнгө хорин ланг авч Фан Лү Эр хэмээх эмгэнд өгч явуулав. Жан Шүнь-ийг дуудаж түүний гэрийн газраас ах Жан Хан-ын өгсөн захиа нэгэн боодлыг тушаан өгөв. Бас Ли Гүй-г дуудаж мөнгө арван таван лан өгч өгүүлрүүн: - Чи үүнээс хойш пай бүү наадагтун. Хүмүүнийг бүү жанч. Энэ мөнгөөр тэр тагнуулсан юм авч үнэ олоод худадагтун хэмээсэнд Ли Гүй даруй хүлээн авч явав. Бас Дай Жүн-д бэлэг хүргэх хэмээн их л бодож байтал Дай Жүн Сүн Жян хоёр нэгэн хамт ойр тул энэ удаа чадсангүй, хожим болъё хэмээсэнд Дай Жүн тэр нь гайгүй хэмээн Сүн Жян-д ёслоод мөн гэртээ харив. Тэндээс Сүн Жян ганцаар байшиндаа хоцроод Пи Бэ Тян-аас авчирсан хоёр загасыг нэгийг цэргийн ноёнд бэлэг болгон хүргээд нэгийг өөрийн бие их төлөв идэж дуусаад тэр шөнө бүхэл шөнө гэдэс нь өвдөж өтгөн шингэнээ цувруулан хоноод маргааш нь гянданы ялтан энэ Сүн Жян-ы гэдэс өвдсөнийг мэдэж хүмүүн бүр ээлжлэн ирж будаа чанах эм буцалгах зэргээр өргөн хүндэлж байтал Жан Шүнь, Сүн Жян-д ах Жан Хан-ы захиаг хүргэж ирсний хариуд ёслол хийж бас хоёр Ли Юй хэмээх загас авчирч өгсөнд Сүн Жян яахин идэж чадмуй. Тиймийн тул цэргийн дарга Жан овогтод нэгийг өгч, нэгийг Жоу даргад өгч тус тус тараагаад Сүн Жян-д тайфу залж эмчлүүлэх хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм дүүгээс өвчинд тайфу хэрэг үгүй гагцхүү нэгэн гоёо авч нааваас сайн хэмээсэнд Жан Шүнь явж нэгэн гоёо авчирч өгөв. Тэндээс Жан Шүнь даруй буцаж явав. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь маргааш нь Дай Жүн Ли Гүй хоёр бас архи ногоо бэлтгэн Сүн Жян-ы дэргэд авчирч цөм найрлах хэмээсэнд Сүн Жян яахин босож чадмуй, хэвтэж өгүүлрүүн: - Эрхэм хоёр дүү тэндээ зооглогтун. Өчүүхэн ах чинь хоёр өдөр гэдэс өвдөж ер идэж уух юм үл дурлах дээр бас эм ууж гоёо наасан хэмээн өгүүлсэнд Дай Жүн, Ли Гүй хоёр аргагүй нэгэнт авчирсан тул буцаан авч юу хиймүй. Мөн эндээ идэж ууж бараад буцсугай хэмээж цөмийг тэр хоёр нэгэн өдөр дотор дуусгаад буцав. Үүнийг мөн бүү өгүүлэн өгүүлэх нь, энэ Сүн Жян гяндан дотор нэгэн тусгай байшинд байх хүмүүн тул тэр өдөр үүний гэдэс нь эдгэж зүгээр болсонд одоо Дай Жүн дүүтэй учрах билээ хэмээн байшингийн үүдийг цоожилж хэдэн лан мөнгө өвөрлөж гяндангаас гарч явав.
Тэндээс энэ Дай жүн-ийг цөм хаана суух гэр орныг хүмүүнээс сураглаж явбаас энгийн хүмүүн өгүүлрүүн: - Энэ Дай Жүн-д угаас байгуулсан орон гэр огт үгүй гагцхүү эрлэгийн сүмийн дэргэд нэгэн байшин бий тэнд суудаг хэмээсэнд очиж үзвээс Дай Жүн үгүй гэрээс гарч үүдийг цоожилж явжээ. Үүнд Сүн Жян бас Ли Гүй-ийн лүгээ учрах хэмээн эрэн сураглаж явбаас тэр хэрмийн доторх хүмүүн өгүүлрүүн: - Энэ Ли Гүй угаас манай нутгийн хүмүүн бус дээр үүнд ер жинхэнэ оршсон газар үгүй энд тэнд хэд хонож өдөр өнгөрүүлэн явах хүмүүн тул одоо гянданы дэргэд нэгэн муу байшинд буй хэмээн сонслоо хэмээсэнд Сүн Жян мөн очиж үзвээс үгүй тул Жан Шүнь-ийг эрж учрах хэмээн бас сураглан явж хотын хүмүүнээс асууваас тэр Жан Шүнь хэмээгч Шүнь ян Жань хэмээх мөрнөөс загас шүүрдэж яваад олбоос манай хотод ирж худалдаад ямагт хүмүүнийг дээрэмдэн явах хүмүүн билээ. тэр угаас манай нутгийн хүмүүн бус учирт чухам хаана буй мэдэхгүй хэмээсэнд Сүн Жян аргагүй ганцаар хэрмээс гарч явж, удсангүй мөрний захад ганцаар хүрч үзвээс үнэхээр сайн газар ийш тийш гарч үзвээс нэгэн архины пүүс тэр пүүсний үүд дээр нэгэн хар дарцаг тэр дарцагийн дээр Шүнь Ян Жэнь Гү хэмээх таван үсэг тавьж үүнийг тайлбаас Шүнь Ян Жань мөрний жинхэнэ сангийн газар хэмээмүй. Бас тэр пүүсний байшингийн үүдэнд нэгэн их модон пайз буй. Тэр пайз нь урьд Сүн Дүн Пү хэмээх хүмүүн бичсан Шүнь Ян Лоу хэмээх гурван үсэг баймуй. Үүнийг Сүн Жян үзээд ийн сэтгэрүүн: Би урьд Мэн Жоу-д байх цагтаа сонссон билээ. энэ Жань Жоу-ын Шүнь Ян Жань хэмээх мөрөнд Шүнь Ян Лоу хэмээх нэгэн их архины пүүс буй хэмээн сонслоо. Эдүгээ би үүний дэргэд нэгэнт ирсэн хойно энэ архины пүүсэнд үл орох аваас хожим яахин орж чадмуй. Одоо орж үзсүгэй хэмээж шууд явж тэр пүүсний өндөр давхарлаг дээр гарч элдэв сонин юм үзэж ийш тийш явж байтал тэр архины пүүсээс олон хүмүүн гарч ирэв.
Тэндээс Сүн Жян тэр байшин бүгдийг үзсээр явтал нэгэн цэвэрхэн байшин тэр байшингийн багана бүхий нь улаан шунхаар будаж, гагцхүү хоёр цагаан багана дээр таван үсэг буй. Ши Жань Ү Би Гоу хэмээх нэгэн баганы үсэг үүний тайлбар ертөнцөд манай пүүсний архи лугаа адил архи үгүй хэмээмүй. Нэгийн дээр бичсэн нь Тянь Ша Ю Минь Лоу хэмээмүй. Үүний төлбөр дэлхий дахинд нэр алдаршсан тагт хэмээжээ. Үүнд Сүн Жянийш тийш үзэж байваас үнэхээр үзэсгэлэн маш сайн өндөр тагт хэмээн сэтгэж байтал тэр пүүсийн зардас ирж өгүүлрүүн: - Эрхэм гийчин чи ямар хэргээр ирсэн буй, архи уух хэмээмү. Эс бөгөөс зочид залах буюу хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Би нь Юн Чан Жан хотод байсан Мэн Жоуын хүмүүн энд ирсээр нэлээд өдөр болов. Гагцхүү таны архины пүүсийг эрт урьд сонслоо. Одоо хармн эрэн олж ирэв. Би хоёр зочид залж архи барих хэмээсэн билээ. тэр хоёр эдүгээ хүртэл ирэхгүй тул би ганцаар хэдэн хундага архийг урьдаар ууж байя. Чи архи ба мах ногоо зүйлийг цөм сайн бэлтгэж авчрагтун хэмээсэнд тэр пүүсний зардас сайн архи шинэ мах жимс ногоо зэргийг элдэв сайхан тавагт агуулж авчирсанд Сүн Жян үзээд энэ нь хоёр баганын дээр бичиг арван үсгийн лүгээ нийлэв. Үнэхээр дэлхий дахинд үгүй тагт хэмээн магтан байж архи уун дотроо ийн сэтгэрүүн: - Би нь угаас хэдий зальхай эмийг алж хэрэг халдсан хэмээвч одоо гурван жилийн эцэс болов. Миний хийсэн ял урьд насанд хишиг тархаах зарлигт учирсан атал Юн Чэн Жань-ий ноён яахин намайг дахин энэ газар яллаж цөлөх буюу. Би нь гагцхүү журам бодсон нь одоо илрэв. Үгүй бөгөөс над лугаа ах дүү болсон сайн эрс лүүгээ санаа нийлж урвах болбоос тэр Юн Чэн Жань хот байтугай дэлхий бүхний муж яахин дасмуй. Тиймийн тул би эдүгээ харин тэд нараас хариугаа авбаас сайн асан. Бас уг нутагт эцэг эх дүү нар яахин аж төрж байхыг эдүгээ мэдэхгүй аргагүйгээр үл барам амьд цагт дахин учрах нь түмэн бэрх болов. Үүнийг үзэхүл эртхэнээс энэ мэт зовлонг юунд үзэв хэмээн маш гомдож дотор нь шимшрэн сууж ганцаар нүдний нулимс цувруулан гарч үзвээс тэр байшинийн хавиргад нэлээд хэдэн үсэг бичсэн баймуй. Үүнийг Сүн Жян үзээд даруй архины пүүсний зардасыг дуудаж ийн өгүүлрүүн: - Чи над нэгэн бийр янтай бэх авч ирэгтүн. Би энэ байшингийн хавирганы дэргэд бичсэн бичгийн хажууд би баахан хэдэн бичиг бичиж тавьсугай хэмээсэнд тэр зардас бийр янтай авчирч өгөв. Үүнд Сүн Жян юу хэмээн бичих бөлгөө хэмээн ийн сэтгэрүүн энэ хавирганд урьд хэдэн бичиг бичсэний хойно хүмүүн үзэж магтаад бас миний нэр дээш гармуй. Тэр тухайд хүмүүн намайг өргөмжилж зэрэг жинс шагнамуй. Тэр зэрэг жинсээ олж зүүсэн хойно дахин бас нэгэн шүлэг зохион бичсүгэй хэмээн сэтгэж бичив. Тэр бичгийн үг нь бага цагаас бичиг сурч бийр бэхийг зурж наалдуулан чадав. Их болсны хойно эрхийг барьж олонд хүндлэгдээд сул их ууланд зоригоор хэвтсэн барс адил болъё хэмээн саналаа. Тэнгэрээс өршөөл үгүй болод нүүрийн тус ялт хэмээх үсэг шивж хадав. Бас Юн Чэнь Жань-аас хилс ялд холбогдож Жань Жоу энэ хотод цөлөгдөж ирэв. Хэрвээ нэгэн цагт өстнөөс хариугаа авах цагт энэ Шүнь Ян Жань мөрөнд энэхүү мөрөн лүгээ адил цусан далай урсгамуй хэмээн бичээд үүнээ үзэж маш баярлан инээж бас дахин хэдэн хундага архи ууж бас бийрээ аван босож мөн түүний хажууд дөрвөн хэсэг үг зохион бичив. Бичгийн үг нь мунхаг миний санаа Шаньдун муж билээ. төрсөн бие нь түмний хол хүмүүний газар буй. Усны дээр хөвж урсгасаар эрхгүй нэгэн газар хүрмүй. Хэрвээ миний санасан санаа өөрийн сэтгэлийг эс гүйцэтгэвээс Хуань Чу хэмээх сайн эр лүгээ адил бус хэмээн саная. Энэ бичгийг бичээд сүүлд бас таван үсэг тавив. Тэр үг нь Юн Чэн Сүн Жян Шуань хэмээн бичив. Үүний тайлбар нь Юн Чэн Жань-ий захиргааны Сүн Жян хэмээх хүмүүн бичив хэмээжээ. Үүнийг бичиж маш инээн баярлаад даруй хэдэн хундага архи ууж согтоод хүндлэн үл чадах болов.
Тэндээс Сүн Жян тэр архины пүүсний зардасыг дуудаж уусан архи идсэн мах ногооны үнийг бодуулж нэгэн хэсэг мөнгө гаргаж өгөөд энэ мөнгийг чи аваачиж дэнслээд илүү гарваас чи авагтун, дутуу нь болбоос чи төлөгтүн хэмээсэнд тэр зардас авч дэнсэлж үзээд мөн ч хэдэн лан цэн пүн мөнгө илүү гарав. Үүнд Сүн Жян маш их согтсон хүмүүн тул тэр Шүнь Ян Лоу хэмээх архины пүүснээс гуйвалзан дайвалзан явж арайхийн хотдоо ирж өөрийн суух байшиндаа орж нэгэн шөнө унтаж үүр цайсан хойно сэргэж бодвоос Шүнь Ян Лоу Тянь-ий архины пүүсний байшингийн хавирганд бичсэн бичиг шүлгээ цөм мартаж цээжинд нэг ч үгүй тул даруй босох хэмээсэнд нь архины тэнхэл дэгдэж биеийн чадал нь буурч босож чадсангүй хэвтэв. Үүнийг бүү өгүүлэн өгүүлэх нь энэ Шүнь Ян Жань мөрний хойд этгээдэд нэгэн зэрлэг цэргийн хүрээлэн буй. Үүний нэр нь Фэй Жюнь хэмээмүй. Дотор нь нэгэн хүмүүн буй тэр нь нэр Хуань Фэнь Бань хэмээдэг. Энэ хүмүүн угаас бичгийн хүмүүн санааны муу энэ хүмүүн нэгэн өдөр ийн сэтгэрүүн: Би нь урьд гэм хийж хотоос хөөгдөөд эдүгээ хорь шахам он болж цэргийн хүрээлэнд суув. Эдүгээ сонсвоос Жань Жоу-ын Жи Фү ноён Шай Гоу хэмээдэг. Энэ ноён эзэн хааны багш Шай Ша Фү-ийн хөвгүүн гэнэм. Үүнд мөрөн гаталж очоод хуучин зэрэг хэргэмээ гуйн айлтгаваас эрхбиш над дахин шагнах байх нь хэмээн бодож Жань Жоу-д ирэхээр завдав.
Тэндээс одоо цаг Сүн Жян-ы хийморь цог жавхлан буурсан тул аргагүй иймийн тул тэр Хуань Фэнь Бань нэгэн өдөр гэртээ сууж гэнэт уйтгар сэргэх хэмээн санаж бага бэлэг авч Жань Жоу-ын Шай Гоу Жи Фү-д учрах хэмээн даруй хоёр зардас дагуулж мөрний захад ирээд даруй нэгэн онгоц хөлсөлж мөрний захаас гарч Жань Жоу-д хүрч ирээд Жи Фү яамны үүдэнд ирж Шай Дай Жань-ийг асууваас тэд өгүүлрүүн: - Манай ноён энэ өдөр зочид зочилж баймуй, чөлөө үгүй хэмээсэнд Хуань Фэнь Бань аргагүй хойш буцаж мөрний захад Шүнь Ян Лоу хэмээх архины пүүсэнд энгийн зугаалахаар орж өндөр тагт дээр гарч байшин бүгдийг хэсэж үзвээс үнэхээр сайхан үүнд нэгэн улаан шунхаар будсан байшинд орж харваас хавирганд нэлээд олон үсэг бичжээ. Үүнийг Хуань Фэнь Бань үзсээр Сүн Жян-ы зохиосон шүлгийг үзвээс урвасан хулгайн үг басхүү Шүнь Ян Жань мөрөнд цусан далай урсгамуй хэмээсэн нь энэ хүмүүнийг хэрхэвч хүлээж үл болмуй. Энэхүү зохиоон шүлэг нь эрхгүй нэгэн их баатар эр бөгөөд бас Хуань Чу лугаа адил хэмээхийг үзэхүл чухам тэнгэрийн доор дэлхийн дээр Хуань Чу-тай үлгэрлэх хүмүүн хаана баймуй. Хуань Чу болбоос нэгэн өдөр шударгаар дөчин найман түмэн хүмүүн алсан жинхэнэ тэнгэрийн хувилгаан баатар билээ. үүн лүгээ тэнцэхийг үзэхүл бидний энэхүү бага мужийн хүйс тэмтрэх байтугай дэлхий дахинд халдах хэрэг болно хэмээн маш сэжиглэн байж тэр бичгийн хагас хувийг хуулж аваад өвөртөө хийж архины пүүсний тэргүүлэгчийг дуудаж ийн өгүүлрүүн: - Энэ бичгийг ямар хүмүүн бичсэн буюу чи үнэнийг хэлэгтүн хэмээсэнд тэр Шүнь Ян Лоу-ын тэргүүлэгч өгүүлрүүн: - Өчигдөр нэгэн хүмүүн ирж манай пүүсэнд нэгэн лонх архи ууж байгаад бичсэн бичиг хэмээсэнд Хуань Фэнь Бань өгүүлрүүн: - Тэр хүмүүн нэр овог нь хэн бие байдал нь ямар хэмээсэнд архины тэргүүлэгч өгүүлрүүн: - Энэ хүмүүн Шаньдун мужийн хур оруулагч Сүн Тай Гүн хэмээх Сүн Жянь уг нутаг Юн Чэн Жань хотод гэнэ. Хэрэг хийж энд цөлөгдөн ирсэн хэмээмүй. Энэ хүмүүний бие байдал хав хар нүүртэй, бие нь богино хэмээсэнд Хуань Фэнь Бань өгүүлрүүн: - Эдүгээ энэ хүмүүн хаана баймуй хэмээсэнд архины пүүсний тэргүүлэгч өгүүлрүүн: - Эдүгээ гянданд буй байх нь хэмээн өгүүлсэнд Хуань Фэнь Бань тийм бөгөөс чи энэ бичгийг намайг хуулж авав хэмээн хүмүүнд ер бүү хэлэгтүн хэмээгээд шууд гарч Жань Жоу хотод Шай Гоу Жи Фү-д учрах хэмээн ирэв.
Тэндээс удсангүй яамны үүдэнд ирж албаны цэргээр учрах явдлыг уламжлан мэдүүлсэнд Шай Гоу энэ Хуань Фэнь Бань-ийг хоёрдугаар хаалганы угтаж байв. Тэндээс Хуань Фэнь Бань даруй яаманд орж Шай Гоу-д учраад ёс ёсолсонд Хуань Фэнь Бань-д Шай Гоу мөн хариу ёсолж хамт дээд гэрт оров. Тэндээс Шай Гоу өгүүлрүүн: -Эрхэм ноён таны албан хэрэг нам тайван. Элдэв хэрэг зүйл цөм төвшин найртай болов уу хэмээсэнд Шай Гоу бүгд сайн хэмээсэнд Хуань Фэнь Бань өгүүлрүүн: - Мэргэн дүүгийн дээд Дунжинь хотоос гэрийн захиа ирдэг буюу хэмээсэнд Шай Гоу өгүүлрүүн: - Ойр хэдэн өдөр ер ирээгүй нэлээд эрт нэгэн захиа ирэв. Тэр захианы үг нь тэнгэрийг сүслэх яамнаас олон муж мужийн сайдад газар орны түшмэдэд бичиг тархаав. Тэр бичгийн учир нь тэнгэрийн муу одоо бүхэн дэлхий дахинд нэлээд хэд буув. Аливаа газар муу сэжигтэй хүмүүн байваас түүнийг барьж аваад гянданд хорьж байгтун хэмээх зэрэг бичиг ирсний дээр басхүү Дунжинь хотод дөрвөн бага хүүхэд муу ёрын үг өгүүлж гэнэм. Тэр үгийг бас бичиж ирсэн тэр бичгийн үг нь Хао Куа Ин Жань Шай Ду Бань Тянь Шүй Гүн, Чүн Хан Шань Ши Лю, Фань Луань Шай Шань Дүн, хэмээх ийм үсэг бичив. Үүний тайлбарыг би тухайт мэдэгдье. Гагцхүү газар орноо ариун чанд цагдан байцааж байгтун хэмээсэн бөлгөө хэмээсэнд Хуань Фэнь Бань өгүүлрүүн: - Эрхэм дүү ноён энэ нь үнэн болж чи сонс. Өчигдөр эрхэм дүүд бараалхах хэмээн ирсэнд та зочид зочилж байв. Үүнд өчүүхэн ах чинь явж Шүнь Ян Лоу хэмээх архины пүүсэнд орж бага зугаалахаар байтал тэр пүүсний байшингийн хавирганд нэлээд үсэг шүлэг зохион бичжээ. Түүнийг үзвээс тэр бичгийн үг үнэхээр жигтэй чи үзэгтүн хэмээж тэр мөнөө хуулан авсан бичгээ гаргаж үзүүлээд өгүүлрүүн: - Энэ бичиг бичсэн хүмүүний санаа ямар хэмээсэнд Шай Гоу ноён өгүүлрүүн: - Энэ бичгийн үг үнэхээр урвах санаагаар үл барам хөл хөдлөх хүмүүнийг хорлох хэмээсэн санаа илэрхий үүнийг ямар хүмүүн бичив хэмээсэнд Хуань Фэнь Бань өгүүлрүүн: - Мэргэн ноён ямар хүмүүн бичив хэмээн надаас асуух хэрэг юу. Энэ бичиг дээр бэлхэнээ түүний нэр байсаар атал та юунд үл үзмүй хэмээсэнд Шай Гоу даруй үзвээс Сүн Жян хэмээх нэр гарсанд Шай Гоу даруй үзвээс энэ хүмүүн сая манай хотод цөлөгдөж ирээд гянданд хориулсан билээ хэмээсэнд Хуань Фэнь Бань өгүүлрүүн: - Тийм бөгөөс энэ яахин гарч Шүн Ян Лоу-д очсоныг өөрийн биеийг дуудаж асууваас зохимуй хэмээсэнд Шай Гоу хүмүүн илгээж Сүн Жян-ыг гяндангаас гаргаж авч ирэхийг бүү өгүүлэн өгүүлэх нь, энэ Хуань Фэнь Бань өгүүлрүүн: - Таны тэр Дунжинь-ээс ирсэн захианы бичгийн дотор дөрвөн хүүхдийн ёр ёрлон хэлсэн хэдэн үсгийн тайлбар нь Хао Гуань Ин Жань Шайхэмээх дөрвөн үсэг нь Сүн овог, Ду Бань Тянь Шүй хэмээх дөрвөн үсэг нь Жан хэмээх үг, энэ хүмүүн нь овог Сүн нэр Жан холбовоос Сүн Жян бус буюу. Харин энэ хотын түмэн хүмүүний заяа буян нь их болоод хараахан аминд хүрээгүй аж. Энэ хүмүүн одоо урваваас хэрхмүй хэмээсэнд Шай Гоу өгүүлрүүн: - Чүнь Хан Шань Ши Лю хэмээх дөрвөн үсэг нь юу хэмээн тайлмуй. Бас Фань Луань Шань Дүн хэмээх дөрөв мөн юу хэмээн тайлмуй хэмээсэнд тэргүүн дөрвөн үсэг үгүй бөгөөс зургаан зургаа гучин зургаан жил, үгүй бөгөөс зургаан зургаа гучин зургаан цаг, сүүлийн дөрвөн үсэг нь Юн Чэн Жань хэмээх хотын Сүн Жян хэмээсэн билээ. Тэр болбоос Шань Дүн мужийн захиргааны хот иймийн тул энэ хэдэн үсэг тохиолдуулан ёрлож хэлэв хэмээсэнд Шай Гоу маш их цочиж даруй Сүн Жян-ыг авчруулахаар нэгэн пяо бичиг бичиж, Дай Жүн Жи Жань хэдэн жаа нар лугаа хавсруулан илгээв. Үүнд удсангүй Сүн Жян-ыг барих газар очоод үзвээс Сүн Жян даруй өөрийн суух гэрт үгүй үүнийг түр бүү өгүүлье өгүүлэх нь энэ Хуань Фэнь Бань Шай Гоу-д өгүүлрүүн: - Сүн Жян хэмээгч хүмүүнийг дэмий сул явуулж үл болмуй. Энэ хүмүүн урвах санаагаа илэрхийлэн олон хүмүүн цуглах архины пүүсэнд шүлэг холбосон нь маш сэжигтэй тул чандлан авч батлан сахиулж байваас зохимуй хэмээсэнд Шай Гоу зөв хэмээв.
Тэндээс Сүн Жян-ыг эрхгүй олж авчрагтун хэмээн дахин илгээсэндд тэр завсар Сүн Жян түр гадагш гаран харьж ирээд байтал Дай Жүн гэнэт орж ирэв. Үүнд Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм дүү чи ер үзэгдэхгүй яав хэмээсэнд Дай Жүн өгүүлрүүн: -Өчүүхэн дүү өчигдөр дээд Жи Фү Шай Гоу-ын яаманд очиж нэгэн өдөр хэрэг шүүж байв. Гагцхүү эрхэм ахын тухай нэгэн муу үг сонсгохоор үл барам чиний биеийг хүлээн баталж даруй түргэн авчрагтун хэмээн маш чанд тушаав. Ах чи өчигдөр гадагш гарсан уу хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Гарсан Ли Гүй-ийн хамт эрж ер олсонгүй тул Шүнь Ян Лоу хэмээх нэгэн сайхан архины пүүсэнд орж согттол архи уугаад одоо хүртэл бие хүнд хэмээсэнд Дай Жүн өгүүлрүүн: - Ах чи Шүнь Ян Лоу пүүсийн байшинд ямар бичиг бичиж наасан хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Чухам юу хэмээн галзуурарн бичсэнийг сайн мэдэхгүй бичиг бичсэн нь үнэн, миний санаанд баймуй хэмээсэнд Дай Жүн өгүүлрүүн: - Ах чиний бичсэн бичгийг Хуань Фэнь Бань хэмээх хүмүүн олж үзээд хуулж Жи Фү-д өгөв. Тэр бичгийн үг үнэхээр урвасан дээр цусан далай урсгах ба, Хуань Чу лугаа адил болох хэмээх зэрэг олон бичиг бичжээ хэмээсэнд Сүн Жян энэ үгийг сонсоод бүхий бие нь загатнаж өгүүлрүүн: - Миний юу хэмээн архи ууж галзууран бичсэнийг хэн баталмуй хэмээхэд Дай Жүн өгүүлрүүн: -Тийм бөгөөс үг өгүүлж үл болмуй. Гагцхүү амь сугарахыг бодвоос зохимуй. Энэ хэрэг амар хялбар үгүй болов. Би чамд нэгэн арга зааж өгье. Одоо олон цэргийн дарга нар ирж яваа тэд нарг ирэхээс өмнө үсээ задалж чарман нүцгэн газар хөлбөрөн шээх ба баасыг гаргаж тэр дээр өмөөрөн элдэв үг хэлж хүмүүн бүрийг харааж хэвтэгтүн. Би чамайг галзуу өвчин тохиолдож хэмээн хуурч хэдэн хоног арга зөвлөж амь гарахыг бодъё хэмээсэнд Сүн Жян даруй зөвшөөрч энэ арга мөн хэмээгээд хоёул салж Дай Жүн гяндангаас гарч эрлэгийн сүмийн дэргэд очиж тэдгээр их бага дарга цэргийн хамт гянданд орж ирэв. Үүнд Дай Жүн их дарга тул худлаар ийн өгүүлрүүн: - Энэ гянданд Юн Чэн Жан-аас шинэ цөлөгдөн ирсэн Сүн Жян хэмээх ялтан хаана баймуй хэмээсэнд олон ялтан өгүүлрүүн: - Тэр шээс баас лугаа холилдсон хүмүүн хэмээсэнд тэдгээр олон цэрэг дарга түүнийг барьж авъя хэмээн урагш давшин орж нэг нэгээр нударгалан занчих хараах нь маш хэцүү тул тэдгээр дарга цэргүүд хэлж чадсангүй нэгэн газар цугларан байв. Үүнд Сүн Жян өгүүлрүүн: - Би нь хан хурмастын хүргэн над таван түмэн цэрэг өгч Жань Жоу-г байлдаж хүмүүнийг алагтун хэмээн тушаасан. Бас миний хойноос таван их жанжин таван түмэн цэрэгтэй ирж яваа эд лүгээ эрлэг ч эсэргүүцэн чадахгүй хэмээн маш дүрсгүй авирласанд тэдгээр дарга цэргүүд энэ ялт галзуурсан хүмүүн баймуй. Үүний хэлж байгаа үг ааш авир нь зүгээр хүмүүн бус бид барьж чадахгүй хэмээсэнд Дай Жүн өгүүлрүүн: - Ийм хүмүүнийг хэн аймшиггүй хэлж баримуй. Бид цөм амьдаа хайртай бид даруй хүргэж ноёнд энэ учрыг мэдүүлье хэмээгээд гяндагаас гарч Шай Гоу-ын яамнаа ирээд үзвээс Шай Гоу хэдийн танхим сууж Сүн Жян-ыг хүргэж ирэхийг хүлээн байтал тэдгээр дарга цэргүүд орж зэргээр сөгдөн мэдүүлрүүн: Шинэ цөлөгдөж ирсэн Сүн Жян-ыг хүмүүн хэлж барих байтугай тэр өөрийн шээс баасанд бүхий биеэ хутгаж басхүү ойр очсон хүмүүнийг занчих ба хараах бас амандаа хан хурмастын хүргэн хэмээх өдий төдий олон жанжинтай хэмээх зэрэг солиг саармаг үг өгүүлэх нь үнэхээр галзуу өвчинтэй болж хэмээн мэдүүлсэнд Жи Фү Шай Гоу тийм бөгөөс арга буюу хэмээн гайхан байтал гайхал Хуань Фэнь Бань хажуугаас тосож аваад Шай Гоу-д өгүүлрүүн: - Ноён та энэ үгийг үнэн хэмээн санаму уу. Энэ нь даруй худал үг өчигдөр бэлхэнээ эрүүл саруул Шүнь Ян Лоу-д очиж архи уугаад шүлэг зохион бичиж өөрийн нэрийг тавьсны дээр тэр бичгийн үг галзуу хүмүүний үсэг бичиг үг тийм байх буюу хэмээсэнд Шай Гоу үнэхээр тийм энэ нь гэмтэй эрхгүй учир буй. Зүй нь Дай Жүн даамлыг хахууль дагуулан занчиж шийтгэвээс зохимуй. Гэвч яам нэгэн удаа өнгөрүүлье. Одоо түргэн явж Сүн Жян хэмээх ялтыг эрхбиш авчрагтун. Явж үл чадах бөгөөс дамнаж авчрагтун хэмээсэнд аргагүй яамнаас гарч бүгдээр гянданд ирэв. Үүнд Дай Жүн хурдан явж Сүн Жян-ы дэргэд ирж өгүүлрүүн: - Ах энэ хэрэг одоо хэрхэвч тусгүй болов. Бидний мэдүүлснийг ноён үнэмшсэн боловч дэргэд нь чоно мэт Хуань Фэнь Бань хэмээх эрлэг болохгүй, та эрхгүй очиж учраа олох хэрэгтэй хэмээгээд нэгэн их хунз авчирч Сүн Жян-ыг хийж дамнаад Шай Гоу-ын яамнаа ирэв. Үүнд Сүн Жян-ыг дамнаж танхимын өмнө хунзнаас гаргаж сөгтгөсөнд Сүн Жян хоёр нүдийг галт цахилгаан мэт хувилгаж ийн өгүүлрүүн: - Чи ямар хүмүүн юунд намайг дуудав. Би нь хурмаст ханы хүргэн намайг Жань Жоу-д хүмүүн алахаар томилж над эрлэгийн дайван баатар эр тэнгэрийн одон жанжин тав цэрэг арван түмэн өгч илгээснийг чи мэдсээр бөгөөтөл намайг дуудаж юу хиймүй. Чи одоо хол байгтун. Амь чинь сөнөмүй. Эдүгээ над найман зуун жингээс илүү хүнд алтан тамга над шагнаж илгээсэн хэмээхэд Шай Гоу маш айж Сүн Жян-ы царай өнгийг үзвээс үнэхээр галзуурчээ.
Үүнд арга барагдаж дуу гарсангүй сууж байтал Хуань Фэнь Бань өгүүлрүүн: - Ноён эдүгээ үүнээс үг асууж яахим. Гагцхүү янданы их бага дарга цэргүүдээс нарийвчлан сайн шүүж асуугтун. Энэ Сүн Жян чухам хэдийд ийнхүү галзуу өвчин тохиолдсон өдөр удсан болбоос юунд хэн Шай Гоу-д мэдүүлсэн, эс бөгөөс энэ өдөр олсон галзуу буюу хэмээх зэрэг нэгд нэгнээр дараалан байцааваас, учир нь лав илэрхий болмуй хэмээсэнд Шай Гоу үнэхээр тийм хэмээж гянданы дарга нарыг байцаав. Үүнд тэр дарга нар мэдүүлрүүн: Энэ ялтан анхан гянданд орох цагт, өчүүхэн ч өвчин үгүй сая өвчин олоод хоёр гурав хонов хэмээсэнд, Шай Гоу уур нь хүрч энэ хэргийн дотор эрхбиш гэмтэй болов хэмээн этгээд юу ч болов ялт Сүн Жян-ыг тавин цавчуурга занчваас, энэ үнэн өвчтэй худал өвчтэй нь мэдэгдмүй хэмээгээд Сүн Жян-ыг даруй чирчиж авчраад тавин цавчуурга занчсанд Сүн Жян угаас тийнхүү ялд шийтгүүлж явсангүй тул түүний махбод нь хэврэг зөөлөн болоод даруй шалбарч, цус нь цуварч гарав.
Тэндээс Шай Гоу үнэнээ мэдүүлэгтүн. Мэдүүлбээс дахин яс маханд хүрмүй хэмээхэд, Сүн Жян аргагүй бие зовохоос айж, үнэнээ тоочин ийн өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүн урьд өдөр архины пүүс эрж бага архи ууя хэмээн, Шүнь Ян Лоу хэмээх пүүсэнд ганцаар очиж бага архи уугаад, согтож юу хэмээн хэлж бичсэнээ мэдэхгүй, гагцхүү санаа урвах хэмээсэн нь надад үнэнээс өөр үгүй хэмээгээд мөргөхөд, Шай Гоу өгүүлрүүн: - Үүнийг эдүгээ занчиж яахим. Бичсэн бичгийн үг өөрийн одоо мэдүүлж байгаа өчиг учрыг сийрүүлэн бичиж авагтун. Үүний биед хорин таван жингийн төмөр Шай Гоу Жи Фү ноён танхим сууж бараад гэрт орж Хуань Фэнь Бань-д ийн өгүүлрүүн: - Эрхэм ах үгүй бөгөөс энэ хэрэг битүүлэг өнгөрч түмэн зүйл зовлон болох шахав. Энэ нь тэнгэр дээрээс толилж өршөөсөн тул таныг далдуур илгээсэн ажгуу. Эдүгээ учрыг мэдэв хэмээсэнд, Хуань Фэнь Бань өгүүлрүүн: - Эрхэм мэргэн дүү энэ хэргийг хойш тавьж удаашруулж үл болмуй. Эдүгээ даруй энэ хэргийн учрыг илтгэн гаргаж ялт Сүн Жян-ыг урвасан хэмээн бичсэн бичиг өөрийн ам хэлээр хэлсэн өчиг мэдүүлгийг сийрүүлэн бичээд басхүү түүний хажууд ялт Сүн Жян-ыг Дунжинь-д хүргүүлэх эс бөгөөс энд алж толгойг огтлохыг гуйж айлтгахаас гадна хэрвээ Сүн Жян-ыг Дунжинь-д хүргэх болохул замд оргуулах ба хүмүүн алах хэрэг гарваас нэн хэцүү учрыг нэгд нэгнээр бичиж нэгэнтээгүүр эзэн хаанаа айлтгах соёрхол, нэгэнтээгүүр эрхэм дүүгийн эцэг Шанй Фү Жүн Чэн шадар багшид бичиг илгээж алиныг сургах зарлиг гуйваас зохимуй хэмээсэнд Шай Гоу маш баярлан Хуань Фэнь Бань-д өгүүлрүүн: - Мэргэн ахын үг маш зөв, би бас чамайг ийнхүү ов ухаан зааж өгснийг давхар батлан айлтгаж зэрэг гавъяа олгоё хэмээсэнд Хуань Фэнь Бань маш баярлан Жи Фү ноён өчүүхэн над хишиг баталж айлтгах нь энэ нас байтугай нас нөгчсөний хойно адгуус боловч ач хариулъя хэмээгээд мөргөв.
Тэндээс Жи Фү Шай Гоу Хуань Фэнь Бан-ы үгэнд орж даруй бичиг бичиж тамга дарж илгээхээр завдав. Үүнд чухам сайн явах хүмүүн ер үгүй бодвоос Жей Ги хэмээх гянданы их дарга Дай Жүн хэмээх хүмүүн хувилгаан явдалтай нэгэн өдөр сайн явбаас найман зууны газар явмуй. Иймийн тул энэ хүмүүнийг илгээсүгэй хэмээж зөвлөөд тэр өдөр Хуань Фэнь Бань-д Шай Гоу нүүр тал өгч нэгэн ширээ засаж архи ууж энгийн үг хэлэлцэн нэгэн шөнө хоноод маргааш нь Хуань Фэнь Бань өөрийн гэртээ харив. Тэндээс тэр өглөө Шай Гоу, Дай Жүн-ийг дуудаж авчраад ийнхүү тушаав. Би нь чамайг шилж Дунжинь-д илгээх нэгэн чухал хэрэг буй билээ. Чи энэ захиа бичгийг авч миний эцэг Шай Фү-ийн гэрт энэхүү боосон бэлгийн хамт албаны бичгийг баригтун. Замд удаж болохгүй бушуу түргэн явж ирэгтүн. Ирсний хойно чамд маш их хүнд шагнал шагнаж зэрэг нэммүй хэмээсэнд Дай Жүн аргагүй дагж захиа бичиг боодолтой алт мөнгийг албаны бичгийг хүлээн аваад Шай Гоу-д ёслон мөргөж салах мэнд мэдээд даруй яамнаас гарч явав. Удалгүй өөрийн суух гэртээ ирж бичиг захиа алт мөнгөө тавиад Сүн Жян-ы дэргэд ирж ийн өгүүлрүүн: - Эрхэм ах чи одоо бүү зовогтун. Сэтгэлээ аажим тавьж байгтун. Энэ өдөр манай Жи Фү Шай Гоу миний биеийг зарж Дунжинь хотод түүний эцэгт хүргүүлэх захиа нэгэн боодол албаны тамгатай бичиг нэг, алт мөнгө нэгэн боодлыг тушааж таван хоногийн хугацаа өгөв. Одоо түүний энэ зүйлийг хүргэхэд одоо явбаас маргааш эрт эргэж ирмүй. Тиймийн тул ахыг өргөхөд Ли Гүй буй. Би түүнд сайтар захиж явъя хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Мэргэн дүү мунхаг ахын амийг аврахыг бүү саатуул. Өөр захих юу хэмээсэнд Дай Жүн өгүүлрүүн: - Ахын төлөө амь эс тавиваас журам яахин гүйцэтгэж чадмуй. Ах бүү сэтгэл зовогтун хэрхэвч бүтээж ирсүгэй хэмээгээд Ли Гүй-г дуудаж Сүн Жян-ы дэргэд өгүүлрүүн: - Эрхэм дүү Ли Гүй чи ахын нарийн учрыг цөм сонссон тул чамд дахин хэлж яахим. Эдүгээ би Жи Фүийн тушаалаар Дунжинь-д очмуй. Тэр завсар чи Сүн Жян ахаа сайн сайхнаар харгалзан өргөж байгтун. Архийг бүү уу, айл бүү хэсэгтүн хэмээсэнд Ли Гүй өгүүлрүүн: - Энэ хотын ноён урваж энэ мэт болбоос бид урваж энэ муу ноёныг би барьсан хоёр их алман сүхээ далайваас гарах газар хаана баймуй хэмээн мөн анхны тэнэг зангаа гаргасанд Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм дүү тийм хэрэг хийж болохгүй. Гагцхүү Дай Жүн-ийг ирэхийг хүлээе хэмээсэнд Ли Гүй дагаж өдөр шөнө өчүүхэн ч Сүн Жян-аас холдсонгүй архийг нэгэн хундага ч уусангүй маш сайхан өргөн хүндэлснийг үл өгүүлэн өгүүлэх нь, Дай Жүн эдгээрийг захиа ах дүү хоёр гянданд орж захиад гяндангаас гарч гэртээ хариад маш зовон сэтгэрүүн: Эдүгээ Сүн Жян ахын амийг хэрхвээс авах болов хэмээн ихэд бодлого бодож гэрээс гараад Дунжинь хот зүг явав. Тэндээс удсангүй таван зуун газар явж тэр цаг маш халуун үүнд Дай Жүн бас нэгэн зуун газраа очвоос нар үд өнгөрч ойр нь нэгэн архины пүүс баймуй.
Тэнд бууж ороод архи будаа бэлтгүүлж идээд явсугай хэмээн бодож тэр пүүсний зардасыг дуудаж сайн архи будаа мах бэлтгэж авчрагтун хэмээсэнд тэр архины пүүс цөм бэлтгэж авчирсанд Дай Жүн архи ууж будаа идсээр байтал нар орой болсонд тэр пүүсэнд хонож маргааш өглөө эрт босоод архи махны зоосыг бодож өгөөд явав. Тэндээс удсангүй гурван зуун газар явж нар гарваас могой цаг болж үүнд Дай Жүн-ий хоёр чих нь шуугих салхи мэт болж хоёр хөл нь газар хүрэхгүй нисэх мэт улам тэнхэл оров. Үүнд бас гурван зуун илүү газар яваад нэгэн модны дэргэд очиж үзвээс нар халуун болоод зургаан зуун газар явсан тул бүхий биеэс хөлс цуварч байв. Нэгд ам нь цангаж хоёрт гэдэс нь өлсөж яван чадахгүй байтал арга буюу ойр буух дянь үгүй тул тэндээс явж нэгэн зуун илүү газар явж үзвээс нэгэн ой цэцэрлэгт маш сайхан дянь пүүс харагдав.
Тэндээс тэр дэнд буух хэмээн очиж ороод үзвээс үнэхээр сайхан архины пүүс үүнд байшинд нь орж суугаад архины пүүсний зардасыг дуудаж надад нэгэн шаазан цай хийж авчрагтун. Бас махгүй будаа хэдэн шаазан хийж ирэгтүн хэмээсэнд тэр пүүсний зардас даруй хэдэн шаазан дүүпүүний шөл хийж нэгэн лонх архи авчраад өгсөнд Дай Жүн түүнийг ууж идээд толгой нь эргэж дотор нь балтарч газар ширээний доор ухаангүй унав. Үүнд тэр архины пүүсний зардас энэ хүмүүн өвчин олов хэмээн бархирав. Тэр архины пүүс нь Лян Шань Пү уулын Жүй Гүй-ийн архины пүүс бөлгөө. Үүнд тэр зардасын бархирахыг Жү Гүй сонсоод даруй гарч ирэж түүнийг үзвээс нэгэн боодолтой хүнд юмыг дамнасан ажгуу. Түүнийг аваад зардасаар Дай Жүний биеийн хувцсыг тайлуулж нэгжүүлсэнд Дай Жүн-ий авч явсан захиа нэгэн боодол албаны тамгатай бичиг нэг дугтуй гарав. Тэндээс энэ Дай Жүн-ийг хүмүүний мах шулах байшинд хийв. Тэр захиаг Жү Гүй үзвээс нүүр дээрээ Инь Фү хэмээх гэрийн хотлоорын мэнд мэдэх захиа, өчүүхэн хөвгүүн Шай Да Ги хэмээн бичжээ. Түүнийг задалж эхнээс адаг хүртэл үзсэнд энэ захианы үг нь өчүүхэн хөвгүүн Шай Да Ги би дээдэд эзэн хааны сүлд доордод ачит эцэг эхийн ач буянаар албаны газар тушаалд хүрч ирснээс хойш ер өчүүхэн харшлах зүйл үгүй гагцхүү энэ жилд Шаньдун мужийн захиргааны Юн Чэн Хань хотоос цөлөгдөж ирсэн ялт Сүн Жян хэмээх хүмүүнийг манай хотод цөлсөн тул арга буюу хүлээн авч гянданд хорьж байтал тэр урган гарч Шүнь Ян Жань хэмээх мөрний захад байгуулсан Шүн Ян Лоу хэмээх архины пүүсэнд очиж архи уугаад тэр пүүсийн байшингийн хавирганд урвасан санааг бас Хуань Чу лугаа хэдэн түмэн хүмүүн алж цусан далай урсгах хэмээх бичсэнийг Хуань Фэнь Бань олж хуулан авчирсанд ялт Сүн Жян-ыг шүүж өчиг авсан ба бас эзэнд айлтгаж толгойг энд авах эс бөгөөс тэнд авах зэргийг соёрхол айлтгаж тамгатай бичиг бас Хуань Фэнь Бань-д хөхүүлэх шагнал зэрэг олгох хэмээн бичсэн захиаг Жү Гүй үзээд маш цочиж гар доорх зардаст өгүүлрүүн: - Үүнийг өөрт бас авч яваа юм байна уу хэмээсэнд зардас өгүүлрүүн: - Өөр юм үгүй үүнийг бүсэлж явсан нэгэн улаан бүс баймуй. Тэр бүс дээр хэдэн бичиг байнам хэмээсэнд Жү Гүй өгүүлрүүн: - Тэр бүсийг авчрагтун хэмээсэнд тэр зардас очиж даруй авчраад Жү Гүй-д өгсөн Жү Гүй тэр бүсний бичгийг үзвээс үг нь Жань Жоу хот их бага хоёр гянданы тэргүүлэн даагч тэргүүн дарга хэмээн бичжээ. Үүнд Жү Гүй өгүүлрүүн: - Та нар тэр хүмүүний гэдсийг хагалсангүй буй за хэмээсэнд тэдгээр зардас үгүй хэмээсэнд Жү Гүй хагалж болохгүй, түүнийг амь оруулж асуух хэрэг буй хэмээж даруй архинд эм хольж чихэнд цутгасан Дай Жүн удалгүй амь орж дээш босоод тэр байшингаас гарч дээд байшинд орвоос Жү Гүй, Дай Жүн-ий авч явсан захиаг задалж үзэж баймуй. Үүнд Дай Жүн өгүүлрүүн: - Ямар хүмүүн яахин миний авч яваа захиаг зоримогоор задлан үэзв. Ийм ёс бас буй буюу хэмээхэд Жү Гүй өгүүлрүүн: - Эрхэм би чамайг танимуй. Хэдийн хүмүүнээс сонслоо. Жань Жоу хотод хувилгаан явдалт гянданы дарга Жей Ги хэмээх хүмүүн нэгэн өдөр найман зуун газар явмуй хэмээмүй. Энэ нь чухам дээд эрдэм гагцхүү эрхэм дүүгийн явсан хэрэг юу чи учраа над хэлбээс чамайг тавих хэмээсэнд Дай Жүн өгүүлрүүн: - Би нь харъяат ноёны тушаалаар Дунжинь хотод очих чухал хэргээр яваа намайг бүү саатуул хэмээсэнд Жү Гүй өгүүлрүүн: - Өчүүхэн чи над бүү их үг хэлэгтүн. Би нь эртний үеэс авч эдүгээ их нэр олж дэлхий мужид хэн надаас үл аймуй. Эсэргүүцэн ирсэн бүгд миний гарт сөнөмүй хэмээсэнд Дай Жүн үзвээс үнэхээр нэгэн баатар эр тул энэ үгийг сонсоод ийн өгүүлрүүн: - Эрхэм ахын өндөр алдар хэн гэдэг хэмээсэнд Жү Гүй өгүүлрүүн: - Би нь Лян Шань Пү уулын Чоу Кэй-ийн төрлийн хүмүүн овог Жү нэр Гүй хэмээдэг хэмээсэнд Дай Жүн өгүүлрүүн: - Тийм бөгөөс ах та энэ Лян Шань Пү ууланд суух Ү Сюай Гоу-г таних буюу хэмээсэнд тэр нь манай Лян Шань Пү уулын цэргийн даамал бичгийн Жюнь Ши хэмээхэд Дай Жүн өгүүлрүүн: - Тэр нь миний хүж барьсан ах хэмээн хэлсэнд Жү Гүй өгүүлрүүн: - Би харин чиний хувилгаан явдалт Жей Ги дарга Жань Жоу-д буй хэмээхийг Ү Сюай Гоу ахаас сонссон яахин сонсов хэмээвээс энэ бичгийн доторх цөлөгдөн ирсэн Сүн Жян нь манай Лян Шань Пү уулын гучин хэдэн сайн эрсийн тэргүүн ахмад хүмүүн гагцхүү тэнгэрийн журам дагаж эцэг эхийн элбэрэл ах дүүгийн дүүчлэл гүйцэтгэн явмуй хэмээн бид лүгээ ер санаа нийлэхгүй үүнд бид ах Сүн Жян-ыг Жань Жоу-д цөлөгдөж ирэв хэмээн сонсоод зам тосож булаан авч ууландаа харьсугай хэмээсэнд тэр ах Сүн Жян ер болсонгүйд бид хэрхэн гуйвч болсонгүй хууль дагуулан Жань Жоу-д ирмүй хэмээн явах тухайд манай Жюнь Шай Ү Сюай Гоу чамд захиа илгээж байсан тиймийн тул чамайг танив. Харин чи эдүгээ Сүн Жян ахыг элбэрвээс зохих билээ. Юунд түүнийг алах захиа бичиг хүргэж яваа буй хэмээсэнд Дай Жүн өгүүлрүүн: - Эрхэм ах чи сонс. Манай Сүн Жян ах нь Жан Жоу-д ирснээс хойш түүнийг журамт хүмүүн хэмээн хэн үл хүндлэв. Гагцхүү нэгэн өдөр Шүнь Жан Лоу хэмээх архины пүүсэнд очиж архины омгоор байшингийн хавирганд урвах ба Хуань Чу лугаа адил хэдэн түмэн хүмүүн алж цусан далай урсгах зэрэг шүлэг холбож биеэ магтаж бичсэнийг Хуань Фэнь Бань хэмээх нэгэн бичгийн хүмүүн үзээд манай ноён Жи Фү Шай Гоу-д хэлсэнд манай ноён урвах хэмээсэн сонсож маш уур нь хүрч түүнийг алах ял унагаж гянданд хориод өчүүхэн миний биеийг Дунжинь-д илгээж таван хоногт буцаж ирэгтүн хэмээв. Энэ нь Сүн Жян ахын өөрийн хийсэн хэрэг бид нь хүж барьсан дүү нар боловч эдүгээ түүний амийг яахин аргацааж чадмуй. Гагцхүү Дунжинь-д очсоны хойно дээд ихэст бэлгэ хүргэж амийг сугалан авч болох эсэхийг мэдэхгүй маш их зовон явж баймуй хэмээсэнд Жү Гүй өгүүлрүүн: - Тийм бөгөөс бид ах Сүн Жян-ы амийг авралгүй болохгүй. Чи ганцаар Дунжинь-д очиж яахин түүний амийг тусалж чадах буюу. Бид хоёр эдүгээ явж Лян Шань Пү ууланд очиж ах дүү бид олноор зөвлөн тэргүүн ах Сүн Жян-ы амийг хэрхэвч авмуй хэмээгээд зардасаа дуудаж даруй нэгэн ширээ бэлтгэж архи ногоо засуулж идээд нэгэн мэдээ хүргэх сумыг зэгс модны шугуйд харвасанд тэр дотроос нэлээд цэрэг нэгэн салхи мэт хурдан онгоц авчрав. Үүнд Жү Гүй Дай Жүн хоёр архи будаагаа идэж дуусгаад даруй бичиг захиа тэргүүтнийг авч Жинь Сань Тан хэмээх мөрөнд онгоц тавьж удалгүй усны тэртээ гарч явав.
Тэндээс удалгүй явж Лян Шань Пү уулын дэргэд хүрвээс Ү Сюай ГоҮ Сүн Жян-ы ял баригдсаныг сонсож, бас Жү Гүй, Дай Жүн хоёрыг гэртээ залж оруулаад учрыг нарийвчлан асууж бүгд сонсоод эдүгээ бид уулын дээр гарч Чоу Кэй тэргүүлэн олон дарга нарт хэлж бүгдээр зөвлөн хэлэлцсүгэй хэмээн Ү Сюай Гоу-ын гэрээс гарч уулын дээр явав. Үүнд Чоу Кэй мөн энэ хэргийг хэдийн сонссон бөгөөд, эд нарыг ирэхэд угтаж яаран учрыг асуусанд Дай Жүн өгүүлрүүн: - Сүн Жян ах Юн Чэн Жань хотоос хэрэг халдаж Жань Жоу-д цөлөгдсөн нь энэ тухай бас гайгүй дээр бид бүгд басхүү тэнхрүүлэн тэтгэх хэмээн санаж гяндангаас сул зоригоор явуулдаг билээ. Гагцхүү нэгэн өдөр Сүн Жян ах ганцаар явж Шүнь Ян Лоу хэмээх архины пүүсэнд очиж архи уугаад согтож тэдний пүүсний байшингийн хавирганд санаа урвасан ба, Шүнь Ян Жань мөрөнд цусан далай урсгах, бас Хуань Чу лугаа адил хэдэн түмэн хүмүүн алах хэмээх зэрэг бичиг шүлэг зохион бичсэнийг Хуань Фэнь Бань хэмээх хүмүүн тэр бичгийг үзээд хуулан авч Жань Жоу-ын Шай Гоу ноёнд учрыг хэлсэнд Шай Гоу ноён түүний үгийг итгэж алах ял унагаад эдүгээ өчүүхэн дүү намайг ноён Дунжинь-д очиж Шай Гоу-ын эцэгт учирч тэдний гэрийн захиа ба, албаны бичиг хүргүүлэн алт мөнгийг өчүүхэн намайг хурдан явагч хувилгаан хэмээн таван өдрийн хугацаа хугацаж илгээв. Үүнд өчүүхэн би бас Сүн Жян ахын амийг аврах хэмээн санаж Дунжинь-д очих хэмээн яваа хэмээсэнд Чоу Кэй өгүүлрүүн: - Энэ нь тусгүй хэрэг гагцхүү бид олон жанжин цэргээ авч цэрэглэн очиж Жань Жоу-г эвдэж Сүн Жян ахыг булаан авбаас зохих билээ хэмээсэнд Жү Гүй, Ү Сюай Гоу хоёр өгүүлрүүн: - Чоу Кэй тийнхүү цэрэглэж үл болмуй. Цэрэг хөдөлгөх нь чимээ дуу их үүнд энэхүү захиа бичгийг сольж илгээгээд хууран гаргаж авах болбоос болох аяс буй мэт. Түүнээс бус цэрэг хөдөлгөх нь хэрэв бүтвээс маш сайн эс бүтвээс өвсийг хөдөлгөж могойг үргээх хэмээсэн лүгээ адил болмуй хэмээсэнд Чоу Кэй өгүүлрүүн: - Тийм бөгөөс Дунжинь-д нэгэнтээгүүр энэ захиаг өөр хүмүүнээр аажим илгээж урьд Жань Жоу-ын Шай Гоу-д хуурамч захиа бичгийг бичүүлж илгээвээс зохимуй. Гагцхүү Шай Шань Фү-ийн гарын үсэг лүгээ ав адил бичих хүмүүн маш цөөн хэмээсэнд Ү Сюай Гоу өгүүлрүүн: - Энэ бичиг бичих хүмүүн үлдмүй. Эдүгээ Дунжинь-д хэрвээ хэл ам дамжиж хүрвээс муу хэрэг болмуй. Түүний гадна Шань Гоуын хотод нэгэн гавшгай хүмүүн илгээж тагнуулж байя. Бас миний танил нэгэн шусай хүмүүн бий. Нэр нь Шү Са хэмээмүй. Энэ хүмүүн Ги Жоу хотод суумуй. Дэлхий дахины дөрвөн их алдаршсан бичгийн Сянь Шу Дүн Пү Хуань Лоу, Ги Май, Юань Жан энэ дөрвийн бичиг үсгийг дуурайн бичих чадалтай жинхэнэ номын багш хэмээмүй. Үүнийг авчирч Шай Шань Фүийн Жань Жоу-д Шай Гоу хөвгүүндээ өгсөн хариу захиаг үүгээр бичүүлье хэмээсэнд Чоу Кэй өгүүлрүүн: - Энэ нь хэдий зөв боловч өдөр удаашраад Дунжинь-ээс хариу хүлээгээд үл ирэхэд Сүн Жян ахыг хариу ирэх инару Дунжинь-д хүргүүлбээс бид тэр цагт хожимдох болой хэмээсэнд Ү Сюай Гоу өгүүлрүүн: - Хожимдохгүй хэрвээ Жань Жоу-оос Сүн Жян-ыг Дунжинь-д хүргэх болбоос эрхбиш энэ замаар явмуй. Тэр цагт бид булаан авбаас барав хэмээсэнд Чоу Кэй өгүүлрүүн: - Энэ замаар явбаас нэн сайн өөр замаар өнгөрвөөс үнэхээр бидний осол цалгай болмуй хэмээв. Үүнд Ү Сюай Гоу өгүүлрүүн: - Гайгүй хожимдохгүй хэрхэвч журганы хариу ба эцгийн гарын үсгийн захиа хүлээмүй хэмээсэнд Чоу Кэй тийм бөгөөс энэ Шусай хэмээх Шү Жань-ийг яахин авчирмуй хэмээсэнд Ү Сюай Гоу өгүүлрүүн: - Урьд Шү Жань-ий гэрийн газар мөнгө тавин лан хүргүүлж Ү Сюай Гоу Жюнь Гиийн байгуулсан Ү Ли Ша хэмээх сүмийн бадрын бичиг бичүүлэх хэмээн урин залж ирсний хойно сэмхэн цэргийн хүмүүн илгээгээд тэдний гэрийн хотлоор их бага эр эм бүгдэд Ү Ли Ша хэмээх сүмд Шү Жань, Гань Да Ги нар халуун өвчин тохиолдов. Очиж авагтун хэмээвээс тэд үл очиж авах ёс байх буюу. Тэд нарыг нааш тэр сүмд ирсэн хойно очиж эм хүүхнийг булаан авч жууз суулган ууландаа авчраад түүний сүүлд Шүшай Шү Жа-г дагуулан авчирч нэгэн дүрэм үзүүлж бичгийг бичүүлээд авбаас тэр нь уран арга үгүй бөгөөс тэр энэ бичгийг бичиж өгөхгүй хэмээсэнд Чоуй Кэй өгүүлрүүн: - Энэ Шү Жа-г тийнхүү авчирч болно. Журганы хариу бичиг дээр тамга тэмдэг яахин дармуй хэмээсэнд Ү Сюай Гоу өгүүлрүүн: - Мөн миний таних тус хотын дотор овог Жинь нэр Да Ги хэмээх нэгэн хас чулууны сийлбэрчин бий. Түүнийг энэ Шү Жа-тай адил гарын тэмдэг сийлүүлэх хэмээн хууран авчирч бас түүнийг гэрийн хотлоорыг барьж ууландаа авчирваас тэр тамга сийлж үл өгөх ёс хаана баймуй хэмээсэнд Чоу Кэй маш баярлан үнэхээр уран арга мөн хэмээхэд Ү Сюай Гоу өгүүлрүүн: - Тийм бөгөөс Дай Жүн хувилгаан явдалтыг илгээвээс түргэн хэмээсэнд Чоу Кэй ширээ засаж Дай Жүн-ийг нэгэн шөнө зочилж энэ үгийг хэлсэнд Дай Жүн маш баярлан би очоод ирсүгэй хэмээсэнд Чоу хэдэн хундага архи барьж өргөмжлөөд маргааш нь Дай Жүн хэдэн зуун лөн мөнгө аваад Лян Шань Пү уулнаас буугаад нэгэн онгоц дуудан сууж Ги Жоу хотод хүрэв. Удсангүй хотын зах орж номын багш Шүшай хэмээх Шү Жа бичээчийн гэр хаана хэмээсэнд тэр хотын хүмүүн энэ Ги Жоу яамны өмнө этгээд нэгэн сүм тэр сүмд саатуул хэмээхэд Дай Жүн даруй хүрч тэр сүмийн дэргэд очоод Шү Жа Шүшай байна уу хэмээсэнд Шүшай даруй сүмээс гарч ирээд Дай Жүн-ийг хоёр нүдээр ширтэж үзтэл Дай Жүн өгүүлрүүн: - Эрхэм Сянь Шан намайг юунд ийнхүү ажигламуй хэмээсэнд Шүшай Шү Жа өгүүлрүүн: - Эрхэм ахын нутаг хаана нэр овог хэн хэмээсэнд Дай Жүн өгүүлрүүн: - Нутаг Дай Жоу хотод нэр Дай Жүн хэмээсэнд тэр Шү Жа өгүүлрүүн: - Эрхэм ах тийм хол газраас өчүүхэн миний гэрт ямар хэргээр ирэв хэмээсэнд Дай Жүн өгүүлрүүн: - Өчүүхэн бид уул нутагтаа нэгэн сүм байгуулж оршинж сууж амь бие тэжээдэг билээ. Гэтэл ойрын хэдэн онд уул сүм суварга хуучирч өглөгийн эзэд зоос мөнгөний бадар үл өгөх тул эрхэм Сянь Шан-ыг залж бадрын бичиг бичүүлэх хэмээн ирэв. Үүнд манай багшаас хоосон бусын төдий гарын бэлэг мөнгө тавин лан барив хэмээсэнд үүнийг үзээд Шү Жа маш баярлан даруй очиж эх бичгийг бичиж өгсүгэй. Сийрүүлэхийг өөр хүмүүнээр сийрүүлэн бичүүлэгтүн хэмээсэнд Дай Жүн өгүүлрүүн: - Би бас нэгэн сийлбэрчин залуу хэрэгтэй. Түүний нэр нь Жинь Да Ги гэнэм. Үүнийг гэр орон хаана бас түүнд очиж гарын бэлэг барьж нэгэн хатан үсгийг хас чулууны дээр сийлүүлж гарын тэмдэг болгох билээ. Харин Шү Жа та түүнийг хамт очиж болох буюу хэмээсэнд Шү Жа маш баярлан харин бид хоёр хамт очвоос нэн сайн хэмээж Жинь Да Ги-ийн гэрт ирэв.
Тэндээс Жинь Да Ги-д Дай Жүн мөн энэ учрыг хэлээд мөнгө тавин ланг гаргаж барьсанд Жинь Да Ги маш баярлан хүлээн авч Дай Жүн-ийг нэгэн архины пүүсэнд залж аваачив. Үүнд Дай Жүн-д энэ хоёр тус тус хундага барьж нэлээд архидсаны хойно Дай Жүн өгүүлрүүн: - Эрхэм хоёр Сянь Шан эдүгээ явах цаг болов хэмээсэнд Шү Жа өгүүлрүүн: - Өдий орой болсон цаг яахин явж болмуй. Маргааш өглөө үүр цайсан хойно явсугай хэмээсэнд Жинь Да Ги маргааш өглөө явах нь зөв хэмээсэнд Дай Жүн тийм бөгөөс маргааш эрт явсугай хэмээн зөвлөөд маргааш эрт босож үүр цаймагц явав. Энэ гурав нэлээд хэдэн газар явсны хойно Дай Жүн өгүүлрүүн: - Эрхэм хоёр нөхөр аажмаар явж сүмд хүрэгдэн өчүүхэн хүмүүн би урьд явж олон хүмүүнд сонсгож баяр хүргэсүгэй хэмээгээд нисэх мэт явав. Тэр хоёр аажмаар явж Лян Шань уулын ойр хүрмэгц гэнэт нэгэн их харанга дуу гарч нэгэн хэсэг цэрэг гарч ирэв. Үүнд тэр цэргийн дотор Фан Фэй хэмээх богино хөлт барс ирэв. Үүнд тэр хоёр маш айсан боловч арга буюу даруй нүүр тулж учрав. Тэндээс Фан Фэй Ху хэмээх богино хөлт барс өгүүлрүүн: - Олон цэрэг урагш давхиж энэ хоёр зөөлөн хуурга махыг барьж авчрагтун. Урьдаар уушги зүрхийг сугалж хожим махыг шулж идье хэмээсэнд Шү Жа, Жинь Да Ги хоёр маш айсан боловч бас уур нь хүрэв. Үүнд гар хөдөлье хэмээвч Фан Фэй Ху-г үзвээс үнэхээр их чадалтай дээр бас олон зэвсэг барьсан цэрэгтэй тул яахин гар хөдөлмүй. Үүнд арга буюу өөрийн биест авч яваа бийр бэх цаас, чулууны сийлбэрийн хэрэглэл зэргийг авч гараад дээл хувцасыг тайлж үзүүлсэнд Фан Фэй Ху үүгээр юу хиймүй хэмээгээд шууд тэр хоёрыг тэмцэн ороход тэр хоёр хариуцан нэлээд ноцолдсонд Фан Фэй Ху хууран зугтаж явсанд тэр хоёр хойноос хөөж явтал гэнэт хоёр талаас харанга дэлдэж цэрэг гаргав. Зүүн этгээд Сүн Фань, баруун этгээдэд Доу Чянь түүний хойно Жэнь Тянь Шоу, энэ гурав хоёр зам хуваан ирж Шүшай Шү Жа, Жинь Да Ги хоёрыг хавчин ирэв.
Тэндээс Сүн Фэнь тэр хоёрт өгүүлрүүн: - Та хоёрт гэмгүй бүү айгтун. Манай Чоу Кэй вангаас захиатай тул та хоёрыг ууланд залж нөхөр хань болгох хэмээн биднийг илгээв хэмээсэнд тэр хоёр өгүүлрүүн: - Бид хоёр нь хоосон бие хүч чадал нь тахиа алах чадалгүйг хоолны сав бөгөөд бас сурсан эрдэм үгүй тул юунд бид хоёр юу хиймүй хэмээсэнд Доу Чянь өгүүлрүүн: - Манай Чоу Фан та хоёрын эрдмийг сонссон учир буй тул нөхөр болгоё хэмээсэнд байх нь хэрхэвч очилгүй үл болмуй хэмээсэнд Шү Жа, Жинь Да Ги хоёр зүрх нь чичирч бие нь бадгайрч маш их зовон аргагүй тэднийг дагаж Лян Шань уулын өмнө Жү Гүй архины пүүсэнд ирэв. Тэндээс Жү Гүй архи ногоо бэлтгэж маш сайнаар хүндэлж тус тус ширээ тавин суулгаж архи барьсан хойно Сүн Фэнь, Доу Чянь хоёр өгүүлрүүн: - Бид нэгэн намын ах дүү болж танилцав. Эдүгээ бид найрлах юу гагцхүү архиа ууж уулын оройд урьж Чаован лугаа учирсугай хэмээсэнд тэр хоёр аргагүй юу ч хэлсэнгүй архидан байтал Чоу Фан, Ү Сюай Гоу хоёр уулнаас бууж ирэв. Үүнд тэдгээр Сүн Фэнь, Доу Чянь Жэнь Тянь Шоу, Шү Жа, Жинь Да Ги нар тус тус ёсолж бүгдээр ширээн дээр сууж мэндээ мэдсэнд Чоу Фан өгүүлрүүн: - Эрхэм хоёр нөхрийг залсан учир болбоос Дунжинь хотод Шай Ша Фү-д илгээсэн бичгийн хариу бичүүлэх ба басхүү тэмдэг дарах хас сийлэхээр залснаас гадна мөн. Бид лүгээ хамт нөхөр болъё хэмээн тийнхүү цэрэглэж илгээв. Харин эдүгээ ирсэн сайн хэмээхэд Шү Жа, Жинь Да Ги хоёр өгүүлрүүн: - Эрхэм ван ах Ү Сюай ах та хоёр сонс. Өчүүхэн дүү нар нь хэрвээ энэ ууланд ах нарт бараа болон суух ч энгийн хэрэг гагцхүү гэрийн газар үлсэн эр эм өчнөөн хүмүүн хөөрхий дээр бид хоёрыг энд урвав хэмээн Жоу-ын ноён мэдвээс бидний гэрийн хотлоорыг хүйс тэмтэрч алахаас гадна нэрд бас муу хэмээтэл гэнэт харанга цохиж мэдээ хүргэв. Энэ нь Шү Жа, Шүшай-ийн гэрийн эр эм бас Жинь Да Ги гэрийн хотлоорыг авчрав хэмээсэнд мэдээ үүнийг тэр хоёр яахин мэдмүй. Гагцхүү Чоу Фан Ү Сюай Гоу, Доу Чянь, Жэнь Тянь Шоу нар мэдмүй. Иймийн тул Чоу Фан өгүүлрүүн: - Эрхэм дүү нарын гэрийн хотлоор авчирч болно. Бид маргааш арга зөвлөе хэмээн хууран хэлсэнд тэр хоёр үл болмуй хэмээсэнд Ү Сюай Гоу өгүүлрүүн: - Маргааш байтугай одоо уулын дэргэд ирэв хэмээсэнд Шү Жа, Жинь Да Ги хоёр маш сэжиглэн дотроо гаргаж байтал гаднаас нэгэн цэргийн жанжин орж Чоу Фан-д мэдүүлрүүн: Ги Жоу хотоос Шү Жа, Жинь Да Ги хоёрын гэрийн их бага хөгшин залуу цөмийг авчрав. Угтаж гарахгүй буюу хэмээсэнд Шү Жа даруй гарч уулнаас хагас газар бууж эм хүүхэд лүгээ тохиолдвоос цөм цэвэрхэн жуузанд сууж олон цэргийн хүмүүнээр дамнуулж ирэв. Үүнд Шү Жа яахин ирэв хэмээсэнд тэдгээр гэрийн хүмүүн өгүүлрүүн: - Өчигдөр чамайг гэрээс гарсны хойно нэлээд хэдэн хүмүүн очиж чиний биед халуун өвчин тохиолдож амьдын төдий сүмд хэвтмүй, очиж авагтун хэмээн хууран бид бүгдээрийг илгээж явуулсан хойно тэр сүмд ирвээс харин өчнөөн цэрэг цуглаж биднийг та хоёрыг дуудуулав хэмээн жуузанд суулгаж энд авчрав. Арга буюу жуузнаас буух чөлөө өгөх байтугай шээх ч чөлөө өгсөнгүй өдөр шөнөгүй нисэх мэт явж ирэв хэмээсэнд Шү Жа, Жинь Да Ги хоёр арга буюу гэрийн хотлоорыг цөм мэхлэгтүн. Авчирсан тул аргагүй тэдгээр уулын олон дайван нар лугаа ах дүү бололцон сууж Ги Жоу-оос урвав. Тэндээс Ү Сюай Гоу, энэ Шү Жа, Жинь Да Ги хоёрыг дуудаж Сүн Жян-ы учрыг нэгд нэгнээр хэлсэнд Шү Жа өгүүлрүүн: - Энэ Шай Ша Фү-ийн гарын үсгийг би бичиж чадмуй хэмээв. Жинь Да Ги бас өгүүлрүүн: - Шай Ша Фү-ийн гарын хас сийлбэрийг би сийлж өгсөн тул би мэдмүй хэмээгээд тус тус бичиг ба гарын тэмдгийг үйлдэж дуусгаад даруй Дай Жүн-ийг одоо Жань Жоу-д буцаах хэмээн ширээ бэлтгэж нэгэн шөнө найрлаад маргааш нь уулнаас бууж Ү Сюай Гоу нар Дай Жүн-ийг үдэж сайн хичээх явдлыг нэлээд захиад бүгдээр онгоц сууж Жү Гүй-ийн архины пүүсэнд бууж Сүн Жян-ы амь аврахыг Дай Жүн-д чих татан хэлж архи бариад тус тус салаад Дай Жүн Жань Жоу-д явав. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь энэ Ү Сюай Гоу Лян Шань ууландаа харьж ирээд маш их хурим бэлтгэж олноор найрлан байтал Ү Сюай Гоу гэнэт их сүүрс алдаж хөөрхий хөөрхий хэмээн аман дотроо өгүүлсэнд олон дарга Чоу Кэй нар өгүүлрүүн: - Ү Сюай Жюнь юунд ийнхүү шүүрс алдаад хөөрхий хэмээх дуу гаргав. Энэ учир юу хэмээсэнд Ү Сюай Гоу өгүүлрүүн: - Та нар мэдэхгүй Дай Жүн Сүн Жян хоёрын амийг би хорлов хэмээсэнд Чоу Кэй нар өгүүлрүүн: - Жюнь Ги энэ бичиг дээр осолдов уу эс бөгөөс өөр учир байна уу хэмээсэнд Ү Сюай Гоу өгүүлрүүн: - Би нэгэн цэгийн хэрэг хийхэд урагшлах зам засав. Хойшлох замыг зассангүй хэмээсэнд тэд өгүүлрүүн: - Бичиг дээр учир буй буюу хэмээсэнд үнэхээр тийм тэр бичиг их бүдүүлэг саармаг болов хэмээсэнд Шү Жа өгүүлрүүн: - Өчүүхэн дүү Шай Фү-д илгээсэн захианы үгийг Шай Ша Фү-ээс хөвгүүн Шай Гоу-д илгээсэн захиаг өчүүхэн төдий солигдуулан самууруулсан учир үгүй. Жюнь Ши аль зүйлийн үэг бүдүүлэг саармаг болов хэмээхэд Жинь Да Ги өгүүлрүүн: - Өчүүхэн би бага цагаас Шай Ша Фү-ийн гарын тэмдэг хасыг би сийлж байсан хүмүүн тул хэв яахин үсэг цөм адилхан үүнд чухам хажуудах газар үгүй хэмээв. Энэ нь бүдүүлэг саармаг үсэг бий нь хожим учир буй. Жань Жоу хотод сайн эрс уймж цагаан лусын сүмд цугларав. Олон нум сумаар харвалцан байхад түүний дотроос амь сугаран гарах нь үнэхээр гайхамшиг. Жад сэлэм шугууй модноос хур буун ирэхэд сайн эрс аван зугтах нь харцага шувуу болжморыг шүүрэн авч явах лугаа адил болжээ. Ү Сюай Гоу Жань Жоу-ын элдэв хас сийлбэрийг сийлсэн атал юунд буруу баймуй хэмээсэнд Ү Жюнь өгүүлрүүн: - Тэр бичиг үсэгт гэм үгүй. Гагцхүү эцэг нь хөвгүүндээ захиа өгөхөд өөрийн алдар нэр овог цолоо бичсэн хас тэмдэг дарж өгөх ёс хаана баймуй. Үүнд Шай Гоу Жи Фү маш сэжиглэж Дай Жүн-ийг нарийвчлан байцааж шүүвээс тэр мах тэсэхгүй дээр эрүү хөдөлгөвөөс юуг нуун дарж чадмуй. Тиймийн тул энэ хэрэг цөм илрэх болмуй хэмээсэнд Чоу Кэй өгүүлрүүн: - Тийм бөгөөс Дай Жүн-ий хойноос хүмүүн гавшгайлан явуулж эгүүлэн ирүүлээд дахин сольж бичвээс үл болох юу хэмээсэнд Ү Сюай Гоу өгүүлрүүн: - Энэ Дай Жүн хэмээгч угаас цолтой хүмүүн нэгэн өдөр найман зуун газар явах хувилгаан явдалт хэмээн алдаршсан эдүгээ тэр одоо газрын дунд орж түүнийг хэрхэвч гүйцэх нь түмэн бэрх болов. Одоо арга буюҮ Сүн Жян Дай Жүн хоёрыг би хорлов. Үүнд эрхэм дүү нар өөр арга ер үгүй алах ял унагаад тухайд толгойг цавчих газар очиж булаан авах арга зөвлөхөөс өөр тус үгүй хэмээсэнд Чоу Кэй өгүүлрүүн: - Тийм бөгөөс эртхэн зөвлөе хэмээсэнд Ү Сюай Гоу Чоу Кэй чихэнд хүмүүнээс нууж ийн тийн хүмүүн хэмээн сургаж хэдэн сайн эрийг сонгож цэргийн шилдэг зэвсэг биед нэгэн адил хувцас толгойд нэгэн өнгийн алчуур ороож уулнаас буулгаж Жань Жоу хотын зам хөөв. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь Дай Жүн, Жү Гүй, Ү Сюай Гоу нараас салж удсангүй уг нутаг хотдоо орж харъяат ноён Шай Гоу-д бараалхаж бичиг захиагаа барьж мөргөсөнд Шай Гоу тосож босоод ийн өгүүлрүүн: - Дай Жүн чи замд сайн явав уу. Миний гэрийн хотлоор мэнд сайн уу. Эцэг Шай Ша Фү-тэй учрав уу хэмээсэнд Дай Жүн өгүүлрүүн: - Өчүүхэн дарга өдөр шөнөгүй довтлон явж Дунжинь-д шөнө хүрэв.
Тэндээс агь ноён таны өргөөнд бараалхаж захиа барьсанд ноён таны гэрт үгүй албаны газар буй тул аргагүй хоногийн хугацаатай яваа учраа хэлж уламжлан хүмүүнээр дамжуулан өргөсөнд Дай Шай Да Жа-аас хариу захиа өгмөгц түүнийг хүлээн авч мөн тэр шөнө эгэж ирэхийг бодоод яаран нэгэн хоол идэж гараад таван өдрийн эцэс ирэв хэмээсэнд Шай Гоу маш баярлан Дай Жүн-д гурван хундага архи өгч мөнгө хорин таван лан шагнав. Тэндээс Шай Гоу эцгээс ирсэн захиа нээж үзвээс үг нь Жань Жоу хотыг захирсан Жи Фү Шай Гоу хөвгүүний мэнд сайныг асуухаас гадна урьд ирсэн захиаг эл учрыг үзвээс миний хөвгүүн маш их гавъяа бүтээж муу хулгай нар урвасныг нь илтхэн гаргаж бариад гянданд хорьж ял гуйсан нь үнэхээр маш тунгалаг ухаан иймийн тул ялт Сүн Жян-ыг Дунжинь хотод өдөр шөнөгүй довтлон олон цэрэг жагсуулж сайнаар мануулж цагдан харгалзаж хүргэн ирэгтүн.
Түүний гадна Хуань Фэнь Бань ялтын урвасан бичгийг нэгжиж олсон нь бас гавъяатай тул хөвгүүн эзэнд айлтгах бичигт бичсэний дээр эцэг би бас давхар айлтгаж зэрэг хүртээе хэмээх зэрэг хүргэн ирснийг үзээд маш их баярлав. Үүнд Сүн Жян-д өгүүлрүүн: - За Сүн Жян-ыг одоо даруй Дунжинь-д явуулмуй. Та нарын дотроос маш гавшгай сайн сэргэлэн ухаантай дарга хэд бас сайн шилдэг цэрэг олныг сонгож бэлтгэж байгтун хэмээсэнд Дай Жүн даруй шагнал мөнгөө аваад мөргөж яамнаас гарч гэртээ хариад архи ногоо бэлтгэж Сүн Жян-ы дэргэд ирснийг бүү өгүүлэн өгүүлэх нь Шай Гоу ноён Сүн Жян-ыг Дунжинь хотод хүргэхэд нэгэн бэх бат тэрэг хийлгэх хэмээн төмрийн дарханд тушааж байтал гаднаас хаалгын дарга орж мэдүүлрүүн: Гадна Хуань Фэн Бань ирж ноён танд учрах гэнэм хэмээсэнд Шай Гоу угтаж гараад ёсолж оруулаад өгүүлрүүн: - Эрхэм ахыг морилон ирэхийг мэдсэнгүй тул хол унтахыг алдав хэмээсэнд Хуань Фэнь Бань өгүүлрүүн: - Эрхэм мэргэн дүү өчүүхэн намайг юунд ийнхүү хүндэлмүй хэмээгээд хоёул нэгэн ширээ хавчин сууж Шай Гоу өгүүлрүүн: - Эрхэм ах их болов. Урвасан ялт Сүн Жян-ыг Дунжинь-д хүргэж ирэгтүн. Учрыг мэдэж ялтны бичсэн бичгийг ховхлон авсан Хуань Фэнь Бань-д эзэнд айлтгаж өглөө маргааш зэрэг шагнуулъя хэмээх зэрэг ирэв хэмээсэнд Хуань Фэнь Бань өгүүлрүүн: - Энэ яахин ийм хурдан явж ирэв. Дунжинь хэмээх хот энэ Жань-аас алсалсан хол нь арван хэдэн өдөр бөгөөтөл таван хоног дотор ирэх нь жигтэй хэмээнд Шай Гоу өгүүлрүүн: - Энэ Дай Жүн хэмээгч угаас алдартай нэгэн өдөр явахад найман зуун газар явах хувилгаан явдалт хэмээн цол олгожээ. Тиймийн тул би явах тухайд таван өдрийн хугацаа тавьж явуулсан энэ нь худал байж болохгүй. Чи миний гэрийн газраас ирсэн захиаг үзэгтүн хэмээн захиаг гаргаж Хуань Фэнь Бань-д өгсөн Хуань Фэнь Бань авч эхнээс адаг хүртэл үзээд гагцхүү дугтуйг үзвээс тэр дугтуй дээр эцгийн нэр алдар овог гарын тэмдэг зэргийг бичсэн тул үүнийг Хуань Фэнь Бань үзээд толгой сэгсрэн өгүүлрүүн: - Үнэхээр жигтэй хэрэг бас ийм захиа байдаг ажгуу.
Хүмүүн эцэг эх хөвгүүндээ гэрийн захиа өгөхөд бас гарын тэмдэг нэр овог бичих ёс үгүй бөлгөө. Эрхэм Шай Жи Фү намайг сэжиглэхгүй бөгөөс би нэгэн хэдэн үг хэлье хэмээсэнд Шай Гоу өгүүлрүүн: - Хуань ахын хэлэхийг юу хэмээн сэжиглэмүй хэмээсэнд тийм бөгөөс энэ захиа худал бичиг урьд чиний эцгээс ирсэн захианд энэ гарын тэмдэг дарж өгсөн үү хэмээсэнд үгүй хэмээв. Үүнд Хуань Фань Бань өгүүлрүүн: - Тийм болбоос энэ захиа бичиг огт худал хэрэг энэ бичгийн дээр дарах гарын тэмдгийг Ү Сюай Мэй Шай хэмээх дөрвөн нэр алдаршсан бичгийн сайд буй. Түүний бичсэн сийлсэн нь дэлхий дахинд Жинь-ий бичсэн лүгээ адил бичиж чадмуй. Тиймийн тул эрхэм Жи Фү Дунжинь-д ямар хүмүүн илгээсэн бөгөөс ттүүнийг дуудаж гэрийн газар очих тухайд аль газраар дайран явсан замд ямар аль айлд бууж цай хоол идэж явсан хүрсэн хойно аль зээлээр явж хэдэн өрх айлын дэргэд ямар нэртэй зээлд Шай Ша Фү суусан гэрийн газар Шай Ша Фү үгүй болбоос чухам хэн нэртэй хүмүүнд захиаг гардан тушаасан бас гэрийн дотор ямар янзын хүмүүн бүгд хэдэн хүмүүн зэргийг сайтар нарийвчлан асууж чангалан шүүж тодорхойлбоос үүний эх адаг нь хэрхэвч илэрхий болмуй.
Ноён та миний үгийг үнэмших ахул тэр хүмүүнийг сайн нягтлан байцааваас сэжиг гармуй хэмээсэнд Шай Гоу Жи Фү энэ үгийг сонсоод үнэхээр тийм энэ хэрэг зовох юу хэмээгээд хэдэн цэргийн хүмүүн илгээж Дай Жүн-ийг зарлан авчрахаар яамнаас гаргав. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь, энэ Дай Жүн Жи Фү ноёны тушаалаар явж Дунжинь хотноо очсон хэмээсэн нь юунд очмуй. Харин Лян Шань Пү уулнаа очиж хуурамч бичиг захиа авчирч Шай Гоу Жи Фү-д өгөөд хорин таван лан мөнгөөр шагнуулсан зэрэг учрыг гянданд орж Сүн Жян-тай хэдэн өдөр архи ууж хэлэлцэн байтал гэнэт гянданы хаалга дуу гарсны хэдэн цэргийн хүмүүн хүрч ирэв. Үүнд Дай Жүн яаран угтаж өгүүлрүүн: - Эрхэм дүү нар ямар хэргээр гянданд ирэв хэмээсэнд Дай Жүн дарга таныг ноён дуудаж авчир хэмээснийг Дай Жүн даруй дагаж яаманд ирэв. Үүнд Шай Гоу Жи Фү танхим сууж Дай Жүн-ийг авчирч сөгтгөөд ийн өгүүлрүүн: - Дай Жүн чамайг би нь тэргүүн шилдэг сайн хэмээн Дунжинь-д илгээсэнд эдүгээ би чамд шагналын мөнгө ба, бас чамаас асуух хэдэн үгийг цөм алмайдан мартжээ. Чи Дунжинь-д очих цаг чухам аль хаалгаар оров. Бас ямар нэртэй зээлээр явж манай гэрт хүрэв. Манай гэрийн дотор чухам хичнээн ам хүмүүн буй.
Бас аваачсан захиаг ямар овгийн хүмүүнд тушаав хэмээх зэрэг асууанд Дай Жүн мэдүүлрүүн: Өчүүхэн хүмүүн өдөр шөнөгүй довтлон явж хоногийн хугацаанд хожимдохоос айж Дунжинь-д хоёр жингийн цаг болсон хэрд хүрэв. Тэр шөнө саргүй хав харанхуй тул чухам аль хаалгаар орсныг лавлан мэдсэнгүй. Гагцхүү жим худалдан явах хүмүүнээс Шай Ша Да Жа-ын өргөө хаана буй хэмээн асуусанд мөн энэ зээлд буй, одоо ойр болжээ хэмээсэнд бага нааш явж олж очоод үдийг тогшиж нээсэнд нэгэн хүмүүн гарч ирэв. Түүнд эл учраа хэлэнд тэр дотогш орж уламжлан тайтай нарт сонсгоод өчүүхэн намайг будаа гэрт оруулмагц би боодолтой алт мөнгө захиа бичиг тэргүүтнийг өгч эдүгээ буцах хариугаа хүрэх учрыг хэлж бага будаа идэж байтал даруй хариу захиа бууж ирсэнд өчүүхэн хүмүүн хүлээн авч тэр шөнө буцаж хотоос гарав. Чухам рхэм ноёны гэрт хичнээн хүмүүн байсан ямар нэрт хүмүүнд захиаг өгсөн зэргийг лавлан асуусангүй хэмээсэнд ноён өгүүлрүүн: - Чи эрхбиш захиа өгсөн хүмүүнээ лав таних буй за хэмээсэнд би үзсэн хэмээв. Үүнд ноён өгүүлрүүн: - Тэр захиа хүлээн авсан хүмүүн настай буюу залуу буюу хэмээсэнд Дай Жүн өгүүлрүүн: - Бага сахалтай тийм их насжсан хүмүүн бус нуруу нь өндөр ч үгүй богино ч үгүй хэмээсэнд ноён маш сэжиглэж өгүүлрүүн: - Чи бүү худал хэлэгтүн. Манай гэрт урьд нэгэн ван овогтой настай хүмүүн байсан. Эдүгээ ер настай хүмүүн үгүй цөм залуус атал чи юунд худал өгүүлмүй. Үүнийг урьдаар жанчигтун хэмээсэнд Я И дарга нар Дай Жүн-ийг авч танхимын өмнө хэвтүүлэн нэлээд бас занчсанд Дай Жүн ийн мэдүүлрүүн: Өчүүхэн хүмүүн эдүгээ нуух газар үгүй болов, ноёноо мэдүүлье хэмээгээд ийн мэдүүлрүүн: Өчүүхэн хүмүүн эндээс гарч зам явж байтал газрын дунд хэртэй нэгэн хэсэг дээрэмчин нар гарч ирээд өчүүхэн хүмүүний авч явсан алт мөнгө захиа бичиг тэргүүтнийг дээрэмдэн аваачсанд аргагүй өөр хүмүүнийг гуйж нэгэн захиа бичүүлэв хэмээн мэдүүлсэнд Шай Гоу нэн их сэжиг төрж даруй үнэнээ мэдүүл эс мэдүүлбээс чиний яс маханд хүрмүй хэмээсэнд ширээгээ дэлдэн бас хэдэн бас занчсэнд тэдгээр Я И дарга нар цөм Дай Жүн хөөрхий хэмээн санаж хөнгөнөөр занчивч тоо нь олон тул тун ч болсонгүй мах нь шалбарч цус нь урсав.
Үүнд ноён өгүүлрүүн: - Дай Жүн чи одоо үнэнээ үл мэдүүлэх буюу хэмээсэнд Дай Жүн аргагүй мах тэсвэрлэн чадахгүй тул ийн мэдүүлрүүн: Өчүүхэн хүмүүн Дун Жинь-д очих цагт Лян Шань Пү-ийн зам явсан билээ. гэтэл хэдэн жанжин цэргийн хамт ирж миний авч явсан боодол ба захиа бичгийг аваад миний биеийг аглан хүлж Лян Шань Пү-д авч алаад уушги зүрхийг авч архины зууш хиймүй хэмээн хэлэлцэхийг өчүүхэн хүмүүн сонсож маш их айн байтал өчүүхэн миний биеийг аваачиж эл учрыг асуусанд би цөм нуулгүй хэлэв. Үүнд би аргагүй амь аврахыг гуйн мөргөсөнд тэдгээр олон жанжин нар намайг суллан тавьж одоо цаг даруй энэ захиаг авч хариад ноёндоо баригтун. Хэрэв эс бариад Сүн Жян-ыг үл гаргах болбоос эцэст амь гарах нь бэрх хэмээн бичиг захиа бичиж гарын тэмдэг дарсан нь цөм тэдний санаа билээ хэмээн мэдүүлсэнд ноён өгүүлрүүн: - Энэ үг худал чи мөн гэдсэндээ хэдийн санасан учир хийсэн хэргээ бас үл мэдүүлэх буюу хэмээгээд бас нэлээд занчсанд Дай Жүн ер Лян Шань Пү-ийн сайн эрс лүгээ нам нийлж санаа нэгдсэн учрыг огт хүлээсэнгүй шүд зууж гаргаад сөгтгөсөнд ноён өгүүлрүүн: - Эдүгээ чи Лян Шань Пү-ийн хулгай нартай нам нийлснээ үл хүлээв. Одоо чамайг шүүж яам, хожим болъё хэмээн нэгэн их дөнгө зүүж гянданд хорив. Өчүүхэн хүмүүн, тэндээс Хуань Фэнь Бань өгүүлрүүн: - Эдүгээ эх нь гарав. Өчүүхэн хүмүүний хэлсэн үнэн үү би биеэ үл мэдмүй. Энэ хэрэгт эрхгүй нам нийлэн учир буй үүнийг эс илтгэвээс үл болмуй. Бас эдүгээ даруй эдний үндсийг эс арилгаваас хожим их зовлон ирмүй хэмээх зэрэг мэдүүлсэнд Шай Гоу ноён өгүүлрүүн: - Дай Жүн-ий биеийг хэдэн удаа хүнд эрүү тулган шүүвч ер нам нийлсэн учир үл хүлээхэд үндсийг арилгаж яахин болмуй.
Нам нийлсэн үнэн өчиг буй аваас урьд эдний толгойг огтолж хожим эзэнд мэдүүлбээс зохих билээ хэмээсэнд Хуань Фэнь Бань мөн мөн хэмээн зөвлөж түдэв. Тэндээс Хуань Фэнь Бань энэ учрыг зөвлөөд гэртээ харив. Үүнд маргааш нь Шай Гоу Жи Фү ноён даруй танхим сууж Дай Жүний Лян Шань Пү уулын хулгай нар лугаа нам нийлсэн эссэнийг дахин шүүж бас маш олон занчсанд Дай Жүн аргагүй нам нийлсэн учраа бүрнээ мэдүүлсэнд даруй шообингоор түүний өчиг гарын зургийг авч, Сүн Жян-ы өчгийг дахин тогтоож, энэ хоёрыг эдүгээ маргааш толгойг нь авмуй хэмээн танхим дээр тушаан зарлав. Үүнд олон дарга нар цэргүүд Сүн Жян-ыг Дай Жүн хоёр хилс болов. Энэ нь гагцхүү Сүн Жян-ыг архи ууж согтсон учраа ийм болжээ. Одоо яахин энэ хоёрын амийг авах буюу хэмээн Шай Гоу ноёноос бус цөм дээр доор цөм арга зөвлөн ийн өгүүлэлдрүүн: Эдүгээ бид энэ хоёрыг маргааш алахыг алгуурлаж түр хоёр гурван өдөр саатуулж бага сэтгэлийн чигийг тайлан хэлэлцэж үхвээс сайн эсэн хэмээн зөвлөхөд Хуан овогт нэгэн шууван өгүүлрүүн: - Бид бүгдээр олон санаа нийлж ноёнд айлтгая. Маргааш буян гэгээний хийсэн сайн өдөр хүмүүн алж үл болмуй. Нөгөөдөр нь долоон сарын арван таван дүйцэн өдөр, арван зургаан нь эзэн хааны ширээнд залсан өдөр эдгээр гурван өдөр ер хүмүүн алах байтугай эрүү хөдөлгөж хүмүүн занчихад нүгэл болохоос гадна бурхан тэнгэр ивээхгүй хэмээн зөвлөөд ноёнд айлтгасанд ноён даруй тийм болбоос гурван өдрийн эцэс болгоё. Эд нарыг сайнаар хадгалж байгтун.
Гурван өдрийн могой цагт толгой авмуй. Би биеэр очмуй. Одоо тэр гурван өдөр дотор гадагш түмэн цэргийн жагсаалга, гянданг таван мянган цэргээр харгалзуулагтун хэмээн тушаасныг Хуан овогт шууван тэр яамны танхим дээр Сүн Жян, Дай Жүн хоёрыг долоон сарын арван долооны өдөр могой цагт толгойг нь авмуй. Олон дарга цэрэг тэр өдөр нэг ч дутагдал үгүй бэлдэж байгтун хэмээн бичиг наав. Тэндээс арван долооны өдөр болов. Тэр өдөр гянданы олон дарга нар Сүн Жян, Дай Жүн хоёрын гэзэг үсийг самнаж засаад үсний дээр нь улаан цэцэг хатгаж урт насны будаа бэлтгэж хожим учрахгүй хэмээн архи шаазанд ёслон байтал тэр өдрийн могой цагийн гурван мөчийг хүлээн байтал жинхэнэ туулай цаг болж одоо гянданаас тэр хоёрыг таван мянган цэрэг бүсэлж хүмүүн алах газар бүхий бие олсоор баглаж ар биед хэдэн үсэг бичсэн пайз модыг хатгаж даруй авч явсныг тэр хотын их бага хэдэн түмэн хүмүүн үзээд цөм дотор нь уярч хөөрхий хилс цаазаар үхэв хэмээн хэлэлцэж яахин алахыг очиж үзсүгэй хэмээн цөм дагаж явав. Удалгүй хүмүүн алах газар очоод таван мянган цэрэг бүсэлж хүмүүнд яахин үзэгдмүй. Сүн Жян, Дай Жүн хоёр бие биесийг дэмий харж энэ хөөрхий би хөөрхий хэмээн нүднээс нулимс гаргаж нэгэн сандал дээр сууж ноён ирэх цагийг хүлээн байтал зүүн зүгээс нэгэн хэсэг гуйланчин хүмүүн могой барин наадаж энэ алах хүмүүн нарыг үзмүй хэмээн бүсэлсэн цэргүүд лүгээ хэрэлдэн цуугив.
Бас баруун зүгээс нэгэн хэсэг сэлэм жад эргүүлэх гоёо худалдах хүмүүн нар ирж мөн алах хүмүүнийг үзмүй хэмээн цуугив. Бас өмнө зүгээс олон хүмүүн тус тус юм дамнасан хүмүүн нар ирж алах хүмүүнийг үзмүй хэмээн хэрэлдэн цуугилдмуй. Бас хойд зүгээс нэгэн дугуйт тэрэг түрсэн хүмүүн ирж алах хүмүүнийг үзмүй хэмээн цуугив. Цөм дөрвөн зүгээс дөрвөн янзын хүмүүн ирж тус тус орж үзмүй хэмээн хэрэлдэн цуугиж байтал, ноён нь хүрч ирээд могой цагийн гурван мөч болсонд тэрэг түрсэн хүмүүн өөрөөс нэгэн бага харанга гаргаж цуугисанд өндөр байшингаас нэгэн хав хар нүүртэй чармай нүцгэн хоёр гартаа балт сүх барьсан хүмүүн аянга мэт бархиран орж ирээд хүмүүн алагч сэлэм барьсан хоёр хүмүүний толгойг цавчиж үгүй болгов.
Тэндээс тэр хүмүүн даруй явж Шай Гоу Жи Фү ноёны ойр хүрч ирсэнд Шай Гоу ноён яаран зугтаж аминаас гарав. Тэндээс зүүн зүгийн могой баригсад биеэс сэлэм гаргаж олон цэрэг лүгээ наадан байлдсаар дотогш нэвтрэн орж ирэв. Баруун зүгийн сэлэм жад эргүүлэгч мөн цэргүүд лүгээ наадам болгож байлдан дотогш нэвтрэн орж ирэв. Өмнө зүгийн дамнуур дамнагсад дамнуураар олон цэрэгтэй занчилдсаар нэвтрэн орж ирэв. Хойд этгээд тэрэг түрэгсэд нум сумаа гаргаж хоёр тэргийн хамт байлдан орж ирэв. Үүнд тэдгээр ож Сүн Жян-ыг нэгэн тэрэгт суулгаж бас Дай Жүн-ийг нэгэн тэрэгт суулгаж гарах хэмээсэнд хэдэн зүгээс нум сум жад сэлэм баригчид маш олон тул ноцолдсоор авч гаран явав.
Тэндээс тэр дөрвөн зүгээс ирэгсэд нь чухам хаанаас ирсэн ба хэн нэртэй улс яахин энэ мэт түйвээж Сүн Жян Дай Жүн хоёрыг авав хэмээвээс тэдгээр нь Лян Шань Пү уулын Чоу Кэй, Хуань Жүн, Хуан Хан, Люй Фан, Кү Шан, сэлэм эргүүлэгч баруун зүгийн хэн буй хэмээвээс Ян Сюн, Лоу Тан, Доу Чянь Суа Фэнь өмнө зүгийн дамнуурч хэн буй хэмээвээс Жү Гүй, Фан АЙ Ху, Жэнь Тянь Шоу, Ши Ён, зүүн зүгээс ирсэн гуйланчин могой баригчид хэн буй хэмээвээс Жуань Хяо Эр, Жуань Хяо Ү Жуань Хяо Чи, Бай Шан нар болой. Энэ нь Лян Шань Пү уулын арван долоон тэргүүлэгч нэртэй их баатар дөрвөн зүгээс алахаар орж ирэв.
Үүнд дагасан цэрэг зуу илүү эд нар орсныг Сүн Жян, Дай Жүн хоёрыг авч гаргахын завсар Чоу Кэй үзвээс нэгэн хав хар нүүртэй хоёр гартаа балт сүх барьсан хүмүүн маш улайн байлдаж алсан хүмүүн өдий төдий байхад Чоу Кэй дотроо маш баясан ийн сэтгэрүүн: Урьд Дай Жүн-ийн хэлэх үгэнд Сүн Жян-ы дэргэд Ли Гүй хэмээх төмөр үхэр буй хэмээн хэлж байсан нь энэ хүмүүн болов хэмээгээд их дуугаар өгүүлрүүн: - Энэ хар нүүртэй хүмүүн Ли Гүй хэмээх хүмүүн мөн буюу хэмээсэнд Ли Гүй хүмүүн алж цусанд хордож улангассан үхэр лүгээ адил болж, юу ч мэдэхгүй хүмүүнийг алахаас өөр үгүй тул үүнд Чоу Кэй өгүүлрүүн: - Та одоо энэ Сүн Жян, Дай Жүн хоёроо авч хол гадагш гарагтун. Бид эд лүгээ үзэлцэх хэмээсэнд Ли Гүй зам удирдаж олон цэргийг алсаар нэвтрэн хол аглаг газар очиж сая ухаан орж Лян Шань Пү уулаас Чоу Кэй ирснийг мэдэв.
Тэндээс тэр арван долоон сайн эрс Жань Жоу-ын цэргийн иргэнийг алсан нь уул мэт овоолж цусан далай урсгаж дуусгав. Харвасан нум сум нь хур орох лугаа адил газрын тоос хөдөлсөн нь бие биесийг үл таних болжээ. Үүнд Жань Жоу-ын олон хүмүүн хоёр урвасан хулгайн толгой авахыг үзэх хэмээсэн билээ. нүд нь харах ба амь нь гарах аргагүй энд тэнд хавчуулан шургаж зугтан хулгана мэт явж гэртээ харив. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь, тэдгээр арван долоон сайн эрс Сүн Жян Дай Жүн хоёрыг булаан авч гаргаад басхүү үлсэн хэдэн түм цэргүүдийг хядаж дуусгаад эдүгээ гэм хийсэн хүмүүн үгүй тул хотын дотор орж яам, одоо явсугай бид хэмээн нисэх мэт явж Шүнь Ян Жань мөрний захад ирсэнд Ли Гүй хүмүүн тохиолдвоос алахаас өөр үгүй тул Чоу Кэй өгүүлрүүн: - Эрхэм баатар дүү чи зүгээр хүмүүнийг бүү хорлогтун хэмээсэнд Ли Гүй харж үзвээс үл таних хүмүүн тул Чоу Кэй-г халдан ирсэнд Чоу Кэй айж зугтан явж байтал, тэр мөрний захад нэгэн сүм баймуй. Тэр сүмийн дэргэд нууж байж Ли Гүй-г харваас Ли Гүй барьсан сүхээр тэр сүмийн үүдийг нэгэн удаа цохьсонд хаалга нь хэмхэрч унав. Үүнд Сүн Жян, Дай Жүн хоёр, Хуань Жүн, Хуан Хан, Доу Чянь Сүн Фэнь нарын зэрэг жанжин нар тэр хоёрын хойноос хөөн ирж Сүн Жян, Дай Жүн хоёр Ли Гүй-г барьж өгүүлрүүн: - Эрхэм дүү уур хилэнгээ бага тайтгаруулан намхруулагтун. Эдүгээ бид энэ сүмд орж бага сууж Жань Жоу-оос яахин гарч ирснээр бид хоёр энэ хэдэн жанжнаас асууя хэмээж байтал Чоу Кэй орж ирэв.
Үүнд Ли Гүй-ийн хоёр нүд нь гал мэт ув улаан ам нь барын ам мэт цагаан хөөс нь цуварч гармуй. Бүхий хар бие нь улаан цус, үүнд Чоу Кэй маш их айсан боловч эдүгээ Сүн Жян, Дай Жүн хоёрын дүү Ли Гүй хэмээн сонсоод сая сэтгэл нь амарч ийн асууруун: Ах Сүн Жян чамайг анхан энд ирэх цагт бид олноор бүү очигтун хэмээн хориглосон боловч чи өөрөө болсонгүй ирээд эдүгээ ийм хэрэг болжээ хэмээх завсар энэ хав хар нүүртэй хүмүүн хэн гэгч буюу хэмээн асуусанд Сүн Жян, Дай Жүн хоёр өгүүлрүүн: - Энэ хүмүүн болбоос бид хоёр хүж барьсан Ли Гүй хэмээх гянданы бага дарга үүний зан нь түргэн, ааш нь тэнэг, төмөр үхэр хэмээх цолтой хэмээсэнд Чоу Кэй үнэхээр баярлаж түүнд ёслох хэмээсэнд Дай Жүн тосож өгүүлрүүн: - Эрхэм чи үүнд ёслох учиргүй. Харин энэ ёсолбоос зохимуй хэмээсэнд Ли Гүй даруй барьсан балт сүхээ газар тавьж хоёр өвдгөөр газар сөгдөн ийн өгүүлрүүн: - Эрхэм ах лугаа хэдий зүс үзэж танилцаагүй боловч алдрыг сонссон энэ өдөр үл танихын эрхээр ийнхүү буруу ял болжээ. Зүй нь маш хүндлэн архи бариваас зохих билээ. гагцхүү хөл хөдөлж дууссан хойно архи барья. Мунхаг дүүгээ түүхий ширмээр хийсэн хөндий мах хэмээн бүү санагтун хэмээсэнд олон жанжин бүгдээр гайхалдан баатар эр хэмээн магтав.
Тэндээс Хуань Сүн тэргүүлэн олон жанжин нарт ёслоод Ли Гүй даруй гарч тэр сүмийн байшин орон бүгдийг нэгжсэнд Дай Жүн өгүүлрүүн: - Ли Гүй чи юу эрэв хэмээнд Ли Гүй өгүүлрүүн: - Би энэ сүмийг сахих эздийг эрж хүй тэмтрэн алах хэмээсэн билээ. харин өдөр наранд чөтгөр үзсэн адил зугтан явжээ хэмээсэнд Дай Жүн өгүүлрүүн: - Чи нь яахин ийм мунхаг эд ямар гэм хор хийсэн бус гагцхүү Жань Жоу-ын их бага бүгд бид хоёрыг урвасанд их л гомдож байх буй за яамуй хэмээсэнд Ли Гүй өгүүлрүүн: - Нэгэнт урвасан хойно одоо яамуй. Би очиж Шай Гоу-ын толгойг авч буцаж ирсүгэй хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм дүү үл болмуй. Энэ хотод одоо басхүү долоо найман түмэн цэрэг буй. Чи ганцаар яахин чадмуй бүү очигтун хэмээсэнд Ли Гүй сая дарагдаж очихыг байв.
Тэндээс Хуан Жүн өгүүлрүүн: - Би энэ мөрний хажууд очиж тэр зэгсний тэр нэгэн онгоц буй түүнийг булаан авчирч та бүхнийг мөрний хойд захад гаргая хэмээн усны хажуугаар явтал мөрний эхнээс гурван их онгоц ирэв. Үүнийг Хуан Сүн үзээд даруй буцаж түүнийг булаан авсугай хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Ямар янзын онгоц тэргүүнд ямар хүмүүн явмуй хэмээсэнд Хуань Жүн өгүүлрүүн: - Тэргүүн онгоцны толгой дээр цагаан дээл өмссөн гурван салаатай жад барьсан хүмүүн арван хэдэн цэргийн хүмүүн зэвсэг барьсан хэмээсэнд Сүн Жян дотроо сэтгэрүүн: - Энэ нь лав Жан Шүнь, Жан Хан ах дүү нар болов хэмээн даруй сүмээс гарч мөрний захад очоод үзвээс даруй Жан Шүнь мөн тул түүнийг гараар даллаж дуудсанд Жан Шүнь Сүн Жян ахаа таньж салхи мэт онгоцоо эргүүлэн ирж Сүн Жян-д ёсолсонд Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм дүү олон үг өгүүлж яам, бушуу түргэн амь аврагтун хэмээсэнд дараах нэгэн онгоц хүрч ирэв.
Түүнийг үзвээс Жан Хан, Мү Хуан, Мү Чүнь, Сюай Ён энэ гурав энэ онгоц дээр арван хэдэн цэрэгтэй сүүлийн онгоцод Ли Жюнь, Ли Гүй, Дүн Вэй, Дүн Мэнь нар мөн арван хэдэн цэрэгтэй усан захад цөм хүрч ирэв. Тэндээс Жан Шүнь, Сүн Жян-тай учирсан нь тэнгэрийн хишиг өдрийн од мэт болж хоёр өвдгөөр сөгдөн уйлан өгүүлрүүн: - Өчүүхэн дүү эрт өдөр учраад салж мөн хэдэн өдөр ах та лугаа учиръя хэмээн санавч гянданд очиж орох аргагүй Ли Гүй ахыг эрэн сураглаваас энд тэнд явах хэмээх тул учирч чадсангүй ахын амийг яахин авах билээ хэмээн уг хотдоо буцаж Мү Хуан, Жан Хан, Мү Чүнь, Сюай Ён, Ли Жюнь, Ли Люй, Дүн Вэй, Дүн Мэнь нарт учирч таны энэ зовлонг хэлж бид бүгдээр очиж Жань Жоу-д хүрч гянданг эвдэж Сүн Жян ахаа авъя хэмээн зөвлөн байтал басхүү Дай Жүн ах та хоёрыг алах ял унагаж хэмээн дам сонсоод сууж зогсох газар олдохгүй болж өдөр шөнөгүй довтолгон ирэв.
Эдүгээ тэр зовлонгоос яахин гарав. Энэ олон баатар жанжин нь хаанаас ирэв. Барьсан дарцаг нь тэнгэрийг халхалж барьсан сэлэм жад нь шугуй мод адил болоод наранд гялбалзаж харж үл болмуй хэмээсэнд бас нэгэн цэргийн хүмүүн ирж өгүүлрүүн: - Энэ ирж яваа цэрэг бидний байгч Жань Бай Лүн Ша хэмээх цагаан лусын сүмд зам салж ирэв. Тэргүүн нь цөм морьтой цэрэг хойно нь цөм явган цэрэг тоолох аргагүй хэмээсэнд Ли Гүй энэ үгийг сонсоод маш уур нь хүрч би тэдний өмнөөс очиж алалцъя хэмээхэд Чоу Кэй хориглон өгүүлрүүн: - Дүү байз, тэд нэгэнт цэрэглэн ирсэн болбоос одоо бидэнд хайрлах юу нэгэнт тул ирвээс буцах ёс хаана зүгээр сууваас хэл амыг хөдөлгөх ёс хаана иймийн тул бид бүгдээр угтаж цэрэг лүгээ байлдаж бүрэлгээд Жань Жоу-г дарж дуусгаад Лян Шань Пү ууландаа хариваас нэртэй хэмээсэнд олон жанжин ба шинэ ирсэн Жан Шүнь нарын зэрэг бүгд гучин хэдэн баатар эрс цөм маш баярлан тус тус бахаж ба сүмээс гарч мөрний захад хүлээв. Энэ үг ялгавартай, хүмүүнийг алсны хүүрийг овоолсон нь уул мэт, урссан цус нь Шүн Ян Жань мөрөн лүгээ холилдон дурсгах, мөрөн сахисан ганц рид хувилгаант луу цусан амьсгалд хордох, уулын их барс нэгэн их дуу гарваас тэнгэрээс их салхи дэгдэх лүгээ адил хэмээжээ. Тэндээс Чоу Кэй хэмээх Чоу Тянь ван, Сүн Жян, Дай Жүн, Ли Гүй нарын зэрэг гучин хэдэн эрс яахин байлдаж дийлэх эсэхийг хойд бүлэгт үзэгтэн.
Сэтгэгдэл ( 0 )