Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 40 дүгээр бүлэг

Админ | Zindaa.mn
2021 оны 01 сарын 25

Хятадын дөрвөн их сонгодог зохиoлын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

СҮН ЖЯН АРГА ХЭРЭГЛЭЖ Ү ВЭЙ ЖЮНИЙ ЦЭРГИЙГ ОРУУЛАН АВАХ

ЖАН ШҮНЬ ЦАГААН БИЕТ ЗАГАС ХУАНЬ ФЭНЬ БАНЬ-ИЙГ АМЬД БАРИХ

Өгүүлэх нь, тэндээс Жань Жоу хотоос ирсэн цэрэг Шүнь Ян Жань мөрний захад ирсэнд Бай Лүн Мяо хэмээх сүмээс Ли Гүй урьд гарч тэд лүгээ эсэргүүцэн байлдах хэмээн хоёр гартаа балт сүхээ барин авч чарман нүцгэн ирэв. Түүний хойноос Хуань Жүн, Хуан Син хоёр дагаж очив. Түүний хойно онгоц дээр Чоу Кэй, Ү Сюай Гоу тэргүүлэн сууж тэдгээр Жан Жоу-аас ирсэн цэргийг үзвээс биедээ цөм улаан өнгийн хуяг дуулга барьсан дарцаг нь цөлм улаан, тэдгээр цэргүүд толгойгоо хар бөсөөр ороож бүгд морьтой цэрэг долоо найман мянга, явган цэрэг нь бас хэдэн мянга, цөм гартаа жад сэлэм, нум сум барьжээ. Үүнд Ли Гүй яаран давшин ороход Хуань Жүн дотроо сэтгэрүүн: Ли Гүй ганцаар яахин өчнөөн мянган хүмүүнд эсэргүүцэн чадмуй. Би урьд нэгэн сум харваж тэргүүлэгч жанжныг алаад сүүлд нь цэргийг үнсэн товрог болгох хэмээн нум сумаа авч төв дунд явсан цэргийн жанжны зүг нэгэн сум харвасанд тэр жанжин мориноос унаж үхэв. Үүнд олон цэрэг бүгдээр цочиж жанжныг үзвээс хэдийн толгой хүзүү хоёрын хооронд амин газар харважээ. Иймийн тул арга буюу Хуань Жүн-ий нэгэн сумаас айж Жань Жоу-ын хэдэн мянган цэрэг цөм хотын зүгээ зугтахад морьтой цэрэг явганаа дайран унагаж ухаан мэдрэл үгүй болж харин бусад лугаа эсэргүүцэх билээ. харин өөр өөрийн цэргийг мориор дайруулан алах ба, зарим нь мөлхөж, зарим нэгэн нь хэвтэж байв. Тэдгээр морьтой цэрэг хотдоо зугтан буцаж үүд хаалгаа ягшуулж хаасныг бүү өгүүлэн өгүүлэх нь, Ли Гүй орж алалцах хэмээсэнд Хуань Жүн өгүүлрүүн: - Эрхэм дүү байг бүү хөдөл. Өөр өөрсдийг алж сөнөөхийг чи үл үзэв үү. Миний ганц сумд ийнхүү шантарч амь нь тэмцэх бөгөөтөл бид бүгд гучин хэдэн хүмүүн ирвээс цаг мөч хүргэх ёс байна уу. Бүү энэ муу ядуус лугаа наадам хийгтүн. Бид сүмдээ очиж зөвлөн явъя хэмээгээд сүмдээ ирж бүгдээр зөвлөн байтал Сүн Жян өгүүлрүүн: - Нэгэн сумд айх ийм хулгана мэт амьтнаар оролдож яахим. Бид эдүгээ Мү Тай Гүн өвгөнийд очсугай хэмээн гурван их онгоц дээр сууж мөрөн гаталж Мү Тай Гүн-ийд ирэв.

Тэндээс Мү Тай Гүн тэд нарын өмнөөс ирж угтан бүгдээрийн мэндийг мэдэж гэртээ оруулсанд тэр өдөр наран орой болж үдэш болсон бөгөөд үүнд өвгөн Тай Гүн ганцаар хэдэн зардас лугаа гэртээ үлсний дээр бас тэдгээр олон сайн эрсийг гэрт яахин ирмүй хэмээн санамуй. Харин гэнэт хүрч ирсэнд өвгөн Тай Гүн бачимдаж юу ч бэлтгэн засаж чадсангүй тул аргагүй архи барьж тэр шөнө нам гүм унтаж маргааш нь өвгөн Тай Гүн-ий хөвгүүн Мү Хан, Мү Чүнь хоёр тэр шөнөө унтсангүй. Нэгэн үхэр, хонь арван хэд, тахиа хорин хэд, гахай арван хэд, нугас хорин хэдийг алж бас нарийн ногоо бэлтгэснийг өгүүлж яахим. Маргааш нь хорин хэдэн ширээ засаж гучин хэдэн сайн эрс ба бас дагасан цэргийн ард цөм ширээн дээр сууж архи ууж найрлан байтал өвгөн Тай Гүн архи барих хэмээн ирж Сүн Жян-д өгүүлрүүн: - Мэргэн дүүг тэндээс явсны хойно ер мэдээ чимээ сонссонгүй. Харин саяхан сонсвоос алах алаар үхэх гэнэм хэмээн сонсов хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Өвгөн аав чи сонс. Мунхаг дүү Сүн овогт би Шүнь Ян Лоу хэмээх архины пүүсэнд ганцаар архи ууж согтоод архины омгоор хэдэн үсэг шүлэг холбосон хэрэгт алах ял унагав. Бас энэ Тай Жүн хэмээх гянданы их дарга мунхаг дүүгийн төлөөнөө явж мөн урвасан нэр олж бас толгой авах ялд орж өчигдөр могой цагийн гурван мөч толгой авах хэмээн хэдэн мянган цэрэг бүсэлж хүмүүн алах газар бэлтгэн байтал тэнгэр өршөөж харин миний сайхан нөхөрлөсөн Лян Шань уулын энэ Чоу Кэй тэргүүлэн бүгд арван долоон хүмүүн зуу шахам цэрэгтэй ирж тэр хүмүүн алах газар очиж дөрвөн зүгээс довтлон орж өчүүхэн хөвгүүн миний амь, энэ Тай Жүн дарга бид хоёрыг үхэх ялаас булаан авч амь гаргав хэмээсэнд Ли Гүй тосож аваад өгүүлрүүн: - Би урьд орж энэ хоёрыг алах хэмээж дэргэд зарлигийн сэлэм барьсан хоёр эрүү баригчийг алаад бас олон цэргийг алах хэмээн давшлан байтал эд нар оров хэмээсэнд тэдгээр бүгдээр алгаа ташин маш их инээлцсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Эдүгээ тэнгэрийн өршөөлөөр олон сайн ах дүүгийн хүчээр амь гарчээ хэмээгээд өвгөн Тай Гүн-д хариу архи бариад мөргөсөнд өвгөн дээш босож өгүүлрүүн: - За эдүгээ буян тэгш ерөөлөөр учирч журамтай ах дүү аж хэмээн ерөөл тавин гарч гэртээ оров.

Тэндээс Сүн Жян, Дай Жүн хоёр босож тэдгээр олон Чоу Кэй тэргүүлэн бүгдээрт амь аварсан ач хэмээн тус тус нэгэн хундага архи барьж өгүүлрүүн: - Гагцхүү тэнгэр мэт дүү нарын хүчээр цаазаа хэлтрэв. Энэ нь эртийн хийсэн буян билээ. Одоо бид хоёр ер өөр зүйлд ер санаа татгалзахгүй. Мөн энэ Жань Жоу хотын захиргааны Хуань Фэнь Бан хэмээх нэгэн цэргийн дарга байж тушаал агсарсан хүмүүн тэр нь миний бичсэн бичгийг олж үзээд ховхлон авч Шай Гоу-д хүргэв. Тэр бичгийг Шай Гоу үзээд санаа урвах улсыг эвдэх хулгай хэмээн Дунжинь-д бичиг мэдүүлж алах ял олгосон нь гагцхүү түүний санаа тул энэ зальхай Хуань Фэнь Бань-ийг яахин алж өсөө авах, бас Ү Вэй Жюнь хэмээх их цэргийг яахин оруулан авахыг эрхэм дүү нар толилж мэдэгтүн.

Би нь эдгээрийг эгэн бүтээвээс өчүүхэн мунхаг ахын гэдэсний дотор хоол идэх байтугай өвчин болох нь лав. Хэрвээ эднийг барьж алах ба оруулан авах болбоос мунхаг ах Сүн Жян Дай Жүн бид хоёр дотор нь Шүнь Ян мөрөн далай лугаа адил цэвэрхэн болмуй хэмээсэнд Чоу Кэй өгүүлрүүн: - Энэ хэргийг эдүгээ хийж үл болмуй. Учир юу хэмээвээс эдүгээ хотын хаалга хаасан бүгд газар газар цэрэг нуун бүслүүлж байгаа болов уу. Бид ууландаа харьж бусад үлсэн жанжин цэргээ авч их цэрэглэж ирээд бүрмөсөн байлдваас зохимуй хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм мэргэн дүүгийн бодлого маш их ташаарав. Бид нэгэнт чонын үүрийг уудалбаас түүнийг бүрмөсөн эс арилгаваас хожим дахин арилгаж яахин болмуй. Иймийн тул одоо энэ самуурсан дээр орж эс завдваас хожим уулнаас дахин ирэх хэмээх нь бус хэрэг.

Тэр ч байтугай Жань Жоу хотын ноён Шай Гоу эзэн хаанд бидний энэ урвасан учрыг гаргаж мэдүүлээд Жань Жоу-д боомт байгуулан харуул тавьж их цэрэг хөдөлгөж хүрээлүүлэн суулгамуй. Тэр цагт бид үүнээс илүү зовох болно хэмээсэнд Хуань Жүн, Хуан Син хоёр Сүн Жян ахын хэлэх зөв мөн хэмээн даруй жагсаал жагсаж байлдъя хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Энэ Хуань Фэнь Бань-ий байх газар нь чухам хаана байдаг ямар хэрэмд суудгийг тодорхой мэдэхгүй тул шууд байлдан орж болохгүй. Урьдаар тагнуулч явуулж үзүүлээд мэдээг нь сайн авч байлдваас болмуй хэмээсэнд Сюэ Юнь өгүүлрүүн: - Би урьд энэ газар олон явж байсан бас ч Ү Фэй Жюньийн цэргийн хүмүүнийг маш олон танимуй. Тэд намайг тагнуулч хэмээн огт зүүдлэх газар үгүй би очиж тэдгээрийн янз байдлыг үзэхээс гадна, басхүү Хуань Фэнь Бань-ий бие чухам хаана суудаг тэр цэргийн орох гарах ба зам хаалга үүд бас буруулан зугтах газар зэргийг сайтар үзэж ирсүгэй хэмээн даруй Мүй Тай өвгөний гэрээс гарч явав. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь, Чоу Кэй, Ү Сюай Гоу, Сүн Жян нар эдүгээ байлдахаар тогтсон тул цэргийн зэвсгийг засан сэлбэжж шилдэг хурцыг сонгон авч сургуулийг боловсруулан хэрхэн байлдах хэдийд аль замаар орж аль замаар гарах хэдэн цаг байлдах ямар чимээ хүргэх зэргийг олон жанжин лугаа зөвлөн байтал Сюай Ён хоёр гурав хоног явж ирэв.

Үүнд Сюай Ён-ы танил нэгэн хүмүүн дагуулан ирсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Энэ юун хүмүүн хэмээсэнд Сюай Ён өгүүлрүүн: - Энэ хүмүүний нутаг Хуан Дү Хянь-ий захиргаа мөн тэнд нутагламуй. Нэр нь Хао Жань хэмээмүй. Энэ хүмүүн юм оёх уран сайн. Үүнийг олон хүмүүнд олсон цол нь Түн Бэй Фэнь Ху хэмээмүй. Үүнийг тайлбаас маш уран гарт сониу сармагчин хэмээн өргөжээ. Бас цэргийн эрдэм их сурсан хэмээсэнд Сүн Жян маш баярлан өгүүлрүүн: - Энэ нэн сайн гагцхүү Хуань Фэнь Бань хаана зэргийг асуусанд Сюай ён өгүүлрүүн: - Биднийг ер хэлэлцэх хүмүүн үгүй цөм нам гүм баймуй. Хуань Фэнь Бань цэргийн хүрээнд гэнэ. Гагцхүү Жань Жоу хэрмийн хаалга хааж өдөр гурван цаг нээж өглөө үдэш цөм хааж хаалга бүрд хэдэн зуун цэрэг харгалзан суумуй. Бас энэ учрыг нээж бичээд эзэнд бичиг мэдүүлэхээр завдаж буй гэнэ хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Үүнээс өөр учир бас сонсов уу хэмээхэд Сюай Ён өгүүлрүүн: - Нарийн учрыг чухам гүйцэж мэдсэнгүй. Миний энэ танил болбоос урьд надад жамд сэлмийн эрдэм заалгаж байсан тул багш шавь хэмээн дуудмуй. Тиймийн тул үүнийг авчирч нарийн учрыг бид бүгдээр асууя хэмээн авчрав хэмээсэнд Хао Жань өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүн бага цагаас нутаг газраас гарч энд ирж он удав. Урьд энэ Ү хэмээх багшаар жад сэлмийн эрдэм шидийг заалгаж байсан хожим нь Жань Жоу хотод хүмүүний хувцас оёж амь зууж аж төрөв.

Тэндээс эдүгээ Хуань Фэнь Бань-ий гэрт ирж хоёр жил үйлдвэр үйлдэж тэдний гэрийн хотлоорын хувцас хийж суун байтал энэ өдөр миний багш тохиолдож надаас сэмхэн Хуань Фэнь Бань-ий хаана буй ба бас Ү Фэй Жюнь цэрэг хөдлөх чимээ байна уу хэмээх зэрэг заншлаар асуухад арга буюу тэнгэрийн ёс багш шавийн журам хүнд тул би яахин нууж чадмуй. Тиймийн тул хүмүүн үгүй газар хэлэлцэхээр явж энд ирэв. Харин эдүгээ эрхэм ахын алдрыг би хэдийн сонсов. Гагцхүү учрах хувь үгүй тул арга барагдаж дотроо гомдон байтал харин заяагаар учрав хэмээгээд Сүн Жян-д сөгдөн мөргөсөнд Сүн Жян дээш босгож ийн өгүүлрүүн: - Эрхэм дүү бүү их ёслогтун. Эдүгээ бид нэгэнт учирсан тул гомдох гзар үгүй хэмээсэнд тэр Хао Жань өгүүлрүүн: - Эдүгээ би тэр Хуань Фэнь Бань-ий гэрт одоо очихгүй мөн ах нартай хүж барьж та бүхнийг бараадан дагаж явмуй хэмээгээд ийн өгүүлрүүн: - Сүн Жян ахыг гянданд орохоос эхлэн одоо алах хүртэл Жань Жоу-ын их бага баялаг ба хоосон цэрэг ба, эрхэм цөм дотночлон хайрлаж үл хөөрхий хэмээх хүмүүн нэг ч үгүй гагцхүү энэ хэргийн үүсвэрийг хийсэн хүмүүн Хуань Фэнь Бань энэ хүмүүний төрсөн ах Хуань Фэнь Сюй хэмээмүй.

Энэ хүмүүн төрөлхийн шударга чигч томоотой бөгөөд бас хоосон ядууд өглөг өгөхөд үл хайрлах дээдийг нүүрчлэн зусарлахгүй баялгуудыг дарлахгүй бурхан тэнгэрийг тахих газар дэлхийд тахил өргөх зэрэг маш их буянтай хүмүүн. Гагцхүү энэ Хуань Фэнь Бань хэмээх чоно дотортой дүү нь төрөлхийн муу санаатай дээр ямагт хүмүүнийг алах хорлох дээд доордод халдах хавших тэргүүтэн маш их сүртэй тул үүнд Ү Фэй Жюнь хэмээх олон цэрэг цөм цол өгчээ. Өгсөн цол нь Хуань Фэнь Шань хэмээмүй. Үүнийг тайлбаас адгуу ба хүмүүнийг хатгах шар хэдгэнэ зөгий хэмээсэн үг. Үүнийг ах Хуань Фэнь Юй нь мөн цолтой түүний цол нь Хуань Мянь Фү хэмээмүй. Үүний тайлбар нь шар нүүрт бодьсадва хэмээмүй.

Бас энэ Хуань Фэнь Бань Жань Жоу-ын Шай Гоу Жи Фү-г зусарлаж нүүр олоод зэрэг хэргэмээ дэгдүүлэх хэмээж Сүн Жян Дай Жүн хоёрыг ийнхүү тийнхүү хэмээн шүүлж үнэн өчгийг илтгэн гаргасан бас өвсний үндэс байваас дахин ургамуй. Одоо эс ухаж авбаас үл болох учирт Сүн Жян, Дай Жүн хоёрыг одоо даруй алаад хожим эзэнд мэдүүлэх зэрэг элдэв ов ухаан зааж өгснөө түүний ах Хуань Фэнь Юй-д хэлсэнд Хуань Фэнь Юй маш хилэгнэж өгүүлсэн нь чи ямар хүмүүн чамд юун хамаа, яахин хэдэн хүмүүний амийг хилс хорлов. Эдүгээ чи зэрэг хэргэм олж ноён суухыг эрхлэвч эцэст эрлэг тамын ёроолд унах. Одоо цагт мал адгуусаас юуны өөр чи учир үл мэдэх мангуу мал, юу санамуй. Тэнгэрт хүмүүнийг алах чадал буй хүмүүнд хүмүүнийг хорлох чадал хаана. Чи эдүгээ тэр хоёрыг хорловч тэнгэр чамайг явуулах зам үгүй. Түүний гадна нүгэл хийвээс нүдний ирмэгт үзэгдмүй.

Буян хийвээс далдуур тусалмуй хэмээдэг чи үхэр мэт болоод ийм хэрэг хийх билээ. эдүгээ чамд явах зам гарах газар хаана баймуй. Чи урьд шөнө Шай Гоу Жи Фү-тэй юу хэлэлуэв. Одоо нэгэнт Лян Шань уулын сайн эрс булаан аваачсан нь та нарын амь түгшүүртэй цаг болжээ. Арга буюу амийг амиар төлөх, ачийг ачаар хариулах хэмээн тэнгэрийн тогтоосон ёс дээдийн үлсэн журам чи хөдлөх газар үгүй цагаа хүлээгтүн хэмээн маш их уурсав хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Мэргэн дүү энэ Хуань Фэнь Юй хэмээх шар нүүрт бодьсадва чухамхүү хаана суумуй. Түүний дүү Хуань Фэнь Бань чухам хаана суумуй. Энэ Хуань Фэнь Бань-ий гэрийн дотор чухам хичнээн хүмүүн ам байдаг хэмээсэнд Хао Жань өгүүлрүүн: - Энэ Хуань Фэнь Бань Хуань Фэнь Юй хоёр нэгэн хүрээлэнд хүрээлэнгийн дундуур хөндлөн хэрэм байгуулсан тэр хэрмийн хойно Хуань Фэнь Бань-ий гэрийн хотлоор бүгд тавин илүү ам хүмүүн хойд хэрмийн яг ёроол газар үүний ах Хуань Фэнь Юй шар нүүрт бодьсадва байгуулсан хөндлөн хэрмийн гадна яг аман дээр тус тус суумуй хэмээсэнд Сүн Жян эдгээр үгийг сонсоод маш их баярлан өгүүлрүүн: - Эдүгээ та бүгд миний үгийг сонс. Дагаваас үнэхээр журмын ах дүү хэмээн итгэж саная.

Эс дагаваас намайг мэхэлж ах дүү болов хэмээн саная. Одоо нэгэнт миний өст хүмүүн Хуань Фэнь Бань-ий судас шөрмөсийг нэгд нэгнээр олсон тул түүний ах Хуань Фэнь Юй-г алж үл болмуй. Түүний гадна Ү Фэй Жюнь цэргээс нэг ч хорлож болохгүй. Гагцхүү Хуань Фэнь Бань-ий байгаа газрыг эрэн очиж амьдаар баримуй. Түүний хэрэмд орох ба, очиж замд цөм тус тус хэмжээ тогтоож мэдээ авалцмуй хэмээсэнд Чоу Кэй тэргүүлэн олон жанжин хэн Сүн Жян-ы үгнээс давмуй. Бид цөм ахын өстнийг алж ач хариулах ёстой. Үхэвч амьдравч хамт хэмээн бүгдээр бархиралцан хэлэхэд тийм бөгөөс одоо даруй тавь жаран шуудай зэгсний цэцэг хийж бэлтгэ. Таван их онгоц авчрагтун хэмээсэнд Ү Тай Гүн өвгөн хөвгүүн Мү Хан нар тавь жаран шуудай байтугай таван зуун шуудай авав хэмээгээд уулын зэгсний цэцгийг олон цэргээр түүлгэж даруй шуудайд хийж таван онгоц дээр хуваан тавив. Энэ таван онгоц бэлтгэж бас Жан Хюн, Ли Жюнь хоёр бага онгоцны дээр явагтун. Таван их онгоцонд Жан Хан Жуань Хяо Эр Жүн Хяо Ү, Жуань Хяо Чи Түн Фэй нар тэргүүлж бас усан эрдэмтэй цэргүүд авч явагтун. Хуань Фэнь Бань-ий хэрэмд нуун ороход Хао Жань, Сюай Ён, Бай Шан нар орж нуун суув.

Тэндээс Ү Сюай Гоу нар онгоц тавин Ү Фэй Жюнь цэргийн хүрээлэнгийн зүг ирэв. Үүнд Сүн Жян өгүүлрүүн: - Бид маргааш гурван жингийн цагт бүгдээр нийлэх нэгэн бага хонх цохих тэр цагт хэрмийн дотор орсон Хао Жань, Бай Шан, Сюай Ён нар нууж аваачсан цагаан дарцгийг Хуань Фэн Бань-ий буй газрын дэргэд авч дээш барьж мэдээ өг. Бас Ши Ён, Доу Чянь нар гуйранч дүрээр явж үүд хаалганы дэргэд очиж унтаад хэрмийн үүдийг боож манасан цэргийг бүү гадагш гаргагтун. Бас хотод бүхий цэргийг аливаа газраар зугтан гарваас даруй барьж алагтун. Үл зугтсаныг бүү гар хөдөл хэмээн тус тус сургаж цөм Ү Фэй Жюнь хэмээх цэргийн хүрээнд ойр ирэв. Үлсэн Жү Гүй, Сүн Фэнь, Мү Тай Гүн-ийг хотод байж Жань Жоу хотын цэргийн чимээ тагнаж байгтун хэмээв. Бас нэгэн галт онгоц гавшгайлан явж Дүн Мэнь-ий зам үзүүлэхээр явуулав. Энэ Дүн Мэнь удалгүй зам үзэж ирээд өгүүлрүүн: - Энэ Ү Фэй Жюнь хэмээх цэргийн хүрээнд ер огт мэдээ чимээ үгүй үхсэн адил үгширтэл унтжээ хэмээсэнд тэр цаг нь жинхэнэ гурван жингийн цаг тул Сүн Жян онгоц бүгдийг нэгэн их ихэс шугуйд нууж Жан Хан, Жуань Хяо Ү, Жуа Шяо Эр, Жуань Хяо Чай, Дүн Фэй, Дүн Мэнь нарын зэрэг жанжин нарыг үлдээж энд биднийг хүлээж онгоцыг зам тосгож мөрний захад хүргэж хэмээгээд мөнөө ачсан зэгсний цэцэг агуулсан шуудайг онгоцноос цэргийн ардаар зөөлгөж Ү Фэй Жюнь цэргийн хэрэм дээр бэлтгэн тавиулаад Сүн Жян өөрөө сэмхэн хүрээлэнгийн дээр зогсож бага хонхоо дуу гаргасанд Ху Жань Жан Хюн, Сюай Ён нар мэдээд даруй Жан Хюн ирж Сүн Жян лугаа учирсанд Сүн Жян өгүүлрүүн: - Эдүгээ Хуань Фэнь Бань хаана. Бас өөр мэдээ чимээ байна уу хэмээсэнд Жан Хюн өгүүлрүүн: - Ху Жань, Сюай Ён хоёр Хуань Фэнь Бань-ий гэрийн өмнө хөндлөн харгацаж буй хэмээн өгүүлсэнд Сүн Жян хонхоо бас нэгэн дуу гаргасанд Ху Жань, Сюай Ён хоёр цагаан дарцгаа босгож мэдээ өгөв.

Үүнд хаалганы гадна харгалзсан хэдэн гуйранч жанжин нар цөм мэдэв. Бусад жанжин нар цөм хэрмийн дээр гарч ирэв. Үүнд Сүн Жян дахин дотогш орж Ху Жань-д өгүүлрүүн: - Эрхэм дүү чи мэдэх хүмүүн энэ хөндлөн хэрмийн үүдийг нээгтүн хэмээн нээлгээд олон цэргийн хүмүүнээр тэр шуудайтай зэгсийг хөндлөн хэрмийн дотор Хуань Фэнь Бань-ий үүдний ойр сэмхэн зөөлгөж Ху Жань-д өгүүлрүүн: - Эрхэм чи энэ шуудатай зэгсний цэцгийг шатмагц Хуань Фэнь Бань-ий гал гарч түймэр шатав. Эдүгээ бушуу түргэн босож гэрийн дотор буй бүхий юмаа гадагш зөөж гаргаваас зохимуй хэмээн их дуугаар бархирч Хуань Фэнь Бань-ий үүднийг дэлдэгтүн хэмээсэнд тэр Хао Жань за хэмээн хүлээж авав. Бас Сюай Ён-д өгүүлрүүн: - Чи хэзээ хонх цохих цагт тэр зэгсийг шатааж түймэр тавигтун хэмээн захив. Тэдгээр олон цэрэг цөм хэрмийн гадна бүслэв. Олон жанжин нар дотор орж Хуань Фэнь Бань-ий гэрийн дөрвөн зүгт дуугүй байв. Үүнд Сүн Жян даруй мэдээ өгөх хонхоо нэгэн удаа дуу гаргасанд Сюай Ён даруй тэр зэгсээ ноцоов. Тэндээс Хао Жань их дуунаар Хуань Фэнь Бань-ий гэрийн үүдийг дэлдэж ийн өгүүлрүүн: - Та Суань Жүн манай гэрийн өмнө гал бадарч түймэр шатав. Даруй түргэн босож гэрийн доторх юмаа гадагш зөөж гаргагтун хэмээн бархирсанд Хуань Фэнь Бань-ий гэрийн их бага цөм босож үзвээс үнэхээр их гал дэгджээ. Үүнд Сүн Жян тэдгээр одоо алагтун хэмээн бархирахад дөрвөн зүгийн олон жанжин хүрч ирээд алахаар орсон нь Хуань Фэнь Баньий гэрийн хүмүүсийг цөм их багыг хядаж дуусгав.

Тэндээс Хуань Фэнь Бань ер үгүй үүнд ийш тийш эрж байтал, тэр хэрмийн доторх олон цэрэг ирж түймрийн галыг сөнөөх хэмээн тус тусад хувин ус авчрахад Чоу Кэй, Сүн Жян нар өгүүлрүүн: - Та нар энд бүү ирэгтүн. Хэрвээ амиа үл хайрлах аваас ирэгтүн. Үгүй бөгөөс цөм хядаж бүрэлгэмүй. Та нар биднийг таних буюу бид Лян Шань Пү уулаас бууж ирээд Сүн Жян Дай Жүн хоёрыг хүмүүн алах газраас булаан аваад эдүгээ Хуань Фэнь Бань хулгайгаас энэ хоёрын өс авч түүнийг гэрийн хотлоор хүй тэмтэрмүй. Тар нар бүү энэ хэрэгт хамаарагтун хэмээсэнд олон цэрэг цөм зүрх нь түгшиж толгой нь өвдөж зугтав.

Тэндээс Хуань Фэнь Бань-ийг хэрхэн эрэвч ер үгүй оргон явж гэтэл аль газраар гарах буюу зам үгүй гэрт буй хэмээвээс ер олдохгүй тул аргагүй Хуань Фэнь Бан-ий гэрийн их бага олон хүмүүнийг алаад түүний алт мөнгө эдлэл зүйлийг цөм хураан авч авдарт агуулж хэрмээс гаргаад онгоцны дээр зөөж овоолоод Мү Тай Гүн өвгөний гэрийн зүг ирэв. Үүнийг бүү өгүүлэн үл өгүүлэх нь, Ү Фэй Жюнь хэмээх цэргийн хороонд гал бадарч түймэр гаргав хэмээн Жань Жоу хотын ноён дараалан цөм сонсоод яаран гарч хэрэм дээр гарваас үнэхээр гал бадарч огторгуй тулжээ. Үүнд Хуань Фэнь Бань тэр шөнө гэртээ байсангүй нь Жань Жу хот Шай Гоу Жи Фү-тэй албаны хэрэг зөвлөж хоносон тул тэр Хуань Фэн Бань яаран Шай Гоу-д өгүүлж гэртээ гэртээ очих хэмээн нэгэн хүмүүн дагуулан мөрний захад ирж нэгэн онгоц сууж мөрөнд явтал дээрээс нэгэн алхи мэт бага онгоц нисэх мэт ирэв. Үүнд Хуань Фэнь Бань-ийг дагасан хүмүүн өгүүлрүүн: - Чи ямар хүмүүн харанхуй шөнө мөрөнд онгоц тавьж довтлон явмуй. Хол явагтун энд ноён морилж явна хэмээсэнд тэр онгоцны хүмүүн өгүүлрүүн: - Би нь мөн Жань Жоу-ын хүмүүн бөлгөө. Ү Фэй Жюнь цэргийн хүрээлэнд гал бадарсан тул түүнийг сөнөөх хэмээн яваа хэмээгээд овог нэрээ худал хэлсэнд Хуань Фэнь Бань өгүүлрүүн: - Тийм бөгөөс бид хамт мөрөн гаръя чи нааш ирэгтүн хэмээсэнд тэр хүмүүн нааш ирэв. Үүнийг Хуань Фэнь Бань үзвээс хоёр гартаа төмөр дэгээ барьсан нэгэн сайн эр баймуй хэмээн дотроо сэжиглэн явтал тэр хүмүүн нэгэнт учрыг мэдэж Хуань Фэнь Бань-ийг таньсан тул чухамхүү өөшин дотор орсон загас адил болжээ. Тэр нь Лянь Шань-ий жанжнаас нэг их эр ирж нэр нь хэн болохыг дараа үзэгтүн.

Тэндээс онгоц зэрэгцэн мөрөн дээр явж төв дунд орсон хойно төмөр дэгээгээ яаран өргөж Хуань Фэнь Бань-ийг дэгээдэн авч өөрийн онгоц дээр гаргах хэмээтэл Хуань Фэнь Бань өөрийн үхлээр үхэх хэмээн усанд унасанд уснаас Жан Шүнь гарч Хуань Фэнь Бань-ийг дээш татан авч онгоцны дээр баглан тавиад шууд салхи мэт нисэн Мү Тай Гүн-ий гэрийн зүг ирэв. Энэ дэгээ баригч хүмүүн нь Хуан Жан Лүн хэмээх Ли Жюнь болой. Энэ хоёр Хуань Фэнь Бань-ийг амьдаар барьж онгоц дээр тавьж хоёр их уул хавчсан мэт хавсран авч ирээд Мү Тай Гүн-ий ойр хүрч ирсэнд Сүн Жян энэ чимээг сонсоод маш баярлан ийн сэтгэрүүн: Энэ зальхай хулгай Хуань Фэнь Бань гэгч ямар хүмүүн ер үзсэнгүй нүүр царай нь ямар өнгө нуруу байдал нь өндөр богино хэмээн сэтгэж байтал Жан Шүнь, Ли Жюнь хоёр яаран онгоцноос бууж Хуань Фэнь Бань-ийг онгоцноос буулгаж Мү Тай Гүнгийн гэрт аваачихаар зам явахыг түр өгүүлэхийг байя. Өгүүлэх нь Хуань Фэнь Баньий сууж явсан онгоцны хүмүүн Жан Шүнь, Ли Жюнь хоёрт мөргөн гуйж амь аврах болов уу хэмээсэнд Жан Шүнь өгүүлрүүн: - Өчүүхэн чиний амийг хорлож бид юу хиймүй. Гагцхүү хэрэгтэй олзоо олж авсан нь эдүгээ гүйцэв. Чи одоо буцаж Жань Жоу-даа хариад Шай Гоу хэмээх илжигний толгойд ноёндоо ийнхүү хэлэгтүн хэмээн өгүүлрүүн: - Лянь Шань-ий сайн эрс Хуань Фэнь Бань-ийг булаан аваад явав. Илжгэн толгойд Шай Гоу чи эдүгээ нэгэн хэр амь гарч сугарсан нь их л завшаан алс нь амь гарах үл гарах нь гагцхүү бидний гарт чи сайхнаар биеэ асран хадгалж аятай авч байгтун хэмээн хэлэгтүн хэмээсэнд тэр онгоцны хүмүүн за за хэмээн дахин дахин мөргөж есөн сүв нь бөглөрөх мэт болж чичрэн дагжин явав. Тэндээс Жан Шүнь, Ли Жань хоёр Хуань Фэнь Бань хүлж Мү Тай Гүнгийн гэрт авчирсанд Чоу Кэй, Сүн Жян, Дай Жүн тэргүүлэн олон жанжин бүгдээр баярлаж даруй Хуань Фэнь Бань-ий дээл хувцсыг тайлж нэгэн их улиас модноос хүлж орхив. Үүнд Сүн Жянирж харваас үнэхээр муу санаатай хүмүүн царай нь барзгар, нүд нь гурвалжин, сахал нь сарвагар иймийн тул дотор нь их л гомдож гэртээ ороод архи авчруулж Сүн Жян өөрөө нэгэн хундага бариад Чоу Кэй-ээс эхлэн, Бай Шан хүртэл гучин хэдэн сайн эрст дэс дараалан Хуань Фэнь Баньийг барьсан ба түүний хэрмийг эвдсэн бас гэрийн хотлоорыг хүй тэмтэрсэн зэрэг олон учрыг хэлж нэг нэгэн хундага архи барьсанд тэдгээр цөм хүлээн авч уусны хойно Сүн Жян-д ёслон өгүүлрүүн: - Ахын өстнийг барьж нэгнт хариулав. Одоо өчүүхэн дүү нарт өөр тушаах хэрэг буй буюу хэмээсэнд үгүй хэмээн өгүүлэв.

Тэндээс Сүн Жян Хуань Фэнь Бань-ийг тайлж авчраад ийн өгүүлрүүн: - Хуань Фэнь Бань чи нь над ямар өстэй би чиний эцэг эхийг алав уу эс бөгөөс чамд гэм хор хийв үү чи яахин зүгээр өөрийн эрхээр цөлөгдөн ирсэн намайг ийнхүү тийнхүү хэмээн Шай Гоу Жи Фү-д ховлон элдэв үг өгүүлэв. Гагцхүү нэгэн удаа бус чи гурван удаа ховлож Тай Жүн-ийг басхүү хилс алахад хүрэв. Эдүгээ бид хоёрын амь гарах учиртай тул чамд хорлогдсонгүй хэмээхэд Хуань Фэнь Бань өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүн тэр цаг үнэхээр мунхаг балрын харанхуй тохиолдож нарийн учрыг ухсангүй санамсаргүй Шай Гоу-д ийн тийн хэмээн хэлсэн нь маш их буруу болов хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Чи угаас эцэст гэмшил олохыг мэдсэн аваас юунд аймшиггүйгээр их хэрэг үүсгэмүй. Дүү нар та алин нь урьдаар гар хөдөлмүй хэмээсэнд Лий Гүй урагш ирж өгүүлрүүн: - Үүнийг дүү тэргүүлэн үйлдсүгэй. Үүнийг үзвээс мөн ч махлаг бөгөөд үүний махнаас хэсэг хэсэг огтолж аваад шарж архины зууш болгон идсүгэй хэмээхэд Чоу Кэй энэ зөв хэмээв. Үүнд Ли Гүй нэгэн хувинтай гал авчирч өмнө нь тавьж Хуань Фэнь Бань-ий дээл хувцсыг тайлж нүцгэнээр нэгэн модонд батлан хүлээж Ли Гүй хурц хутгыг гартаа барьж өмнө нь ирээд өгүүлрүүн: - Хуань Фэнь Бин чи Шай Гоу Жи Фү-ийн яаманд хэрэг үүсгэж манайг ховлон мэдүүлсэнд хариуг одоо чамд ачлах цаг болов. Чи түргэн үхье гэвч би мөн чамайг баахан тарчлуулж алсугай хэмээн гуяны махнаас амьдаар нэгэн хэсэг огтолж аваад галд шарж бүгдээр архины зууш болгон идэцгээж Хуань Фэнь Бин-гийн биеийн махыг бүрнээ огтчиж аваад шарж идэж дуусав. Энэ хэр Хуань Фэнь Бин дөнгөж амьдын төдий баймуй. Дараа нь гэдсийг хагалж зүрх элэг уушгийг сугалан авч шөл хийж ууцгаав.

Тэндээс Хуань Фэнь Бин-ий биеийг алж дүүрсний хойно, Лян Шань Пүийн олон сайн эрс цөм танхимын өмнө сөгдөж Сүн Жян-д өшөөт хүмүүнийг арилгасан ёсоор баяр хийж мөргөсөнд Сүн Жян олон нөхдийн өмнөөс сөгдөж өгүүлрүүн: - Олон ах дүү нар та бүхэн юунд өчүүхэн над ийнхүү хүнд ёсолмуй за үг буй болбоос даруй гаргаж хэлбээс зохих бөлгөө. Урьд би Жань Жоу хотноо цөлөгдөж явах замд та бүхэн нэгэн удаа амийг аварч бас дараа барсын үүрт оронд мөн арга үүсгэж амийг гаргаж авчрав. Би угаас та бүхэн лүгээ нөхөрлөх санаа буй боловч ер хамтарч чадсангүй байсан билээ. эдүгээ бодвоос миний амийг хэдэн удаа аварсан ачид Сүн Жян би огт хоёрлох санаа үгүй дагахыг хичээмүй. Гагцхүү төрөлхийн эрдэм чадал үгүй их хэргийг хүлээн авч адахгүй тул дэлхий дахины эрдэмтэн хүмүүн нар элэглэх болов уу хэмээмүй. Хэдий тийм боловч манай учрыг хянаваас эрхбиш тэнгэр тогтоосон хувь зохиол буй аж. Санаваас бид нар хоёр хотын цэрэг иргэнийг ихэд түйвээн хүнд хэрэг үүсгэсэн учир эзэнд айлтгаж эрхбиш цэрэг гаргаж маныг арилгах хэрэг болмуй. Миний санаа болбоос бүгдээрт Лян Шань ууланд эртхэн очвоос сайн мэт хэмээсэнд Ли Гүй энэ үгийг сонсож их дуунаар өгүүлрүүн: - Ахын үг маш зөв. Манай үүсгэсэн хэрэг багагүй хэн хүмүүн Лян Шань Пү-д эс очвоос миний үгнээс хэлтрэхгүй болгомуй хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Ли Гүй чи юунд өөрийн зоригоор өгүүлмүй. Очих ба үл очих нь олон ах дүү нарын өөрийн дураар болох хэрэг, эрхгүй албадаж болох буюу хэмээсэнд олон хүмүүн нар зэргээр өгүүлрүүн: - Бид нар цөм ахад нөхөр болон Лян Шань ууланд очмуй. Үхэв амьдравч нэгэн хамтаар явах болой хэмээн зэргээр өгүүлэлдэж, Жү Гүй, Сүнь Фан хоёр уулын зүг мэдээ хүргэхээр урьтаж очоод дараагаар Сүн Жян, Чоу Кэй нар таван анги тасарч өмнө хойноо орж Лян Шань уулнаа буцав. Тэнд хүрч Хуань Фэнь Бин-ий гэрээс талж авчирсан алт мөнгө зүйлээс дуртай зүйлийг авч цэрэг болж орших хүмүүнийг авч, дургүйг нь мөнгө зоос өгч явуулав.

Тэндээс нэгэн өдөр зам явж байтал замын хажуу Хуань Мэнь Шань хэмээх нэгэн их уул буй. Сүн Жян тэр уулыг үзээд Чоу Кэй-д өгүүлрүүн: - Ах чи энэ уулыг үзэгтүн. Юутай бэрх сүрхий уул буй үүнд эрхбиш оршсон муу хулгай нар буй. Бид нар тэргүүлж явахыг байя цөм нэгэн хамт цугларан явсугай хэмээн сүүлд явах хүмүүн нарыг хүлээн байтал үзсээр тэр уулын доорос харанга дэлдэж нэгэн хэсэг цэрэг ирж зам хөндөлдөв. Үзвээс дөрвөн таван зуугаад хэртэй цэрэг гарч дөрвөн сайн эрс урагш довтлон ирж хашхиран өгүүлрүүн: - Та нар Жань Жоу хотыг үймүүлж тэндэх сайн хүмүүн нарыг бүрэлгэн бас Ү Фэй Жюнь-ий цэргийг хохируулж одоо харин Лян Шань Пү ууланд буцах буюу. Зүгээр манай үгийг сонсвоос энэ Сүн Жян-ыг манайд тавьж өгвөөс барав хэмээн өгүүлэхэд Хуань Жүн нум сум барьж, Дай Жүн, Чоу Кэй нар сэлэм, Ли Гүй балт сүхээ барьж Сүн Жян-ыг хумран хааж байтал Сүн Жян энэ үгийг сонсож олны зэрэгцэн гарч тэдгээр дөрвөн сайн эрсийн өмнө сөгдөж өгүүлрүүн: - Сүн Жян би ер ах дүү нарт хорлолтой үйл үүсгэсэн зүйл үгүй.

Эдгээр нөхөд цөм сайн сэтгэлээр намайг хамгаалан явах нь болой. Ах нар та бүхэн өчүүхэн Сүн Жян миний хорхой мэт амийг уучлан хайрламу хэмээн гуйхад тэрхүү дөрвөн сайн эрс энэ байдлыг үзээд цөм зэвсгээ тавьж мөрнөөс бууж Сүн Жян-ы өмнөөс сөгдөж мөргөн өгүүлрүүн: - Бид эрхэм ах таныг Шаньдун мужид нэр гарсан журмын сайн эр Сүн Гүн Минь хэмээн хэдийн сонсож хэзээ нэгэн цагт олж учрах болов хэмээн хүсэж байтал хожим сонсвоос Жан Жоу хотод хэрэг халдаж гянданд хоригдож буй хэмээн сонсоод манай ах дүү дөрвүүл очиж тэр хотын гянданг эвдэж ах таны амь аваръя хэмээн санаж чухам нарийн учир олж мэдье хэмээн тагнуулчин хүмүүн илгээж сураглаваас харин Лян Шань Пү уулын олон баатар эрс очиж таныг авран гаргаж өшөөт хүмүүнийг дарж бүгдээр нийлж гарав хэмээснийг сонсоод чухам аль замаар явахыг мэдэхгүй. Зарим хүмүүний хэлэлцэх нь Ү Фэй Жюнь-ий цэргийг алж Хуань Фэнь Бин-ий гэрийг талж гарав хэмээхэд хэрхэвч энэ замаар явах буй за хэмээн санаж мөн бишийг мэдэхгүй ийнхүү дүрэм үзүүлж цэрэглэн ирсэн билээ. Үнэндээ айлган хорлоё хэмээсэн санаа огт үгүй эрхэм ах өршөөн санаваас манай түрэмгийлэн явсныг уучилму хэмээн зэргээр гуйсанд Сүн Жян эдгээр үгсийг сонсож дотроо их л баясаж даруй урагш давшин тэднийг тушааж босгоод хариу ёслон өгүүлрүүн: - Сүн Жян би дүү нарын хайртай сэтгэлийг мэдэв.

Гагцхүү эрхэм овог нэр хэн болов, сонсохыг хүсмүй хэмээсэнд нэгэн нь өгүүлрүүн: - Миний овог Ү нэр Шан Хуан Жоу хотын хүмүүн угаас мөрний захын цэрэгт явсан билээ. харъяат захирсан ноёноо гэмтүүлснээр тэндээс зайлж ирсэн миний цол Мэнь Тянь Кин Чи хэмээмүй. Энэ нь алтан далавчаар тэнгэрийг ширвэгч хэмээсэн нь. Хоёрдугаар сайн эрийн овог Жань нэр Жин төрсөн нутаг Тан Жоу-ын хүмүүн угаас бичгийн сургуульд явж дараа мөн цэргийн эрдэм боловсорч сампин бодох нь маш шалгарсан тул Шан Суанпан хэмээн цол өгч энэ нь хувилгаан бодлогот хэмээх үг болой. Гуравдугаар сайн эрийн овог нэр Линь Кинь, Линь газрын хүмүүн, угаас лимбэ үлээж чадах цэргийн чадал сурсан мөн зуугаад хүмүүн эсэргүүцэн чадахгүй үүний цол Тянь Тай Жань хэмээмүй. Энэ нь төмөр лимбэт хэмээсэн болой. Дөрөвдүгээр сайн эрийн овог Тао нэр Жүн Фэнь Хуан Жоу хотын хүмүүн, тариалангийн хүмүүн төмөр хүрзээр хүмүүн лүгээ дийлэлдэн чадмуй. Хүчин тэнхээ онц сайн үүний цол Гоу Фэй Гүй энэ нь есөн хөлт магнай хэмээсэн үг.

Энэ дөрвөн сайн эрс Сүн Жян-ыг зогсоож тэр дөрвөн сайн эрс нэгэн багвар сайн зууш нэгэн их хуу архи гаргаж Чоу Кэй, Сүн Жян хоёр тэргүүлэн хундага барьж дараагаар Ли Гүй, Дай Жүн, Хуань Жүн нарт өгч байтал тэдний сүүлд явсан хоёрдугаар ангид явсан хүмүүн нар гүйцэж ирэв. Эднийг цугларсан хойно дөрвөн сайн эрс бүгдийг залж уулан дээр аваачаад үхэр хонь алж найрлан бас цэргийн хүмүүн нарыг мордуулж Сүн Жян нарын сүүлд явсан гурван ангийн хүмүүн нарыг бүгд тосож илгээгээд оройн цагт Лянь Шань-ий олон сайн эрс жич цэргүүд цөм Хуань Мэнь Шань уулнаа нэг ч дутсангүй бүрдэж ирцгээв. Тэр цагт уулын дээрх их харшид сууж бүгдээр нийлэлдэн найрлаж сууж бүхийд Сүн Жян өөрөө нэгэнт Чоу Кэй лүгээ ах дүү барилцсан тул мөн Лян Шань ууланд оршихоор тогтож олон нөхөддөө өгүүлрүүн: - Энэ дөрвөн сайн эрсийг дагуулан манай уулнаа хамт авч бүгдээр сууцгааваас сайн билээ.

Гагцхүү дөрвөн сайн эрс маныг дагах үл дагахыг мэдэхгүй хэмээсэнд тэд өгүүлрүүн: - Эрхэм ах нар маныг эрдэмгүй ядуу хэмээн эс голбоос морь дагаж явахыг хүсмүй хэмээсэнд бүгдээр их баярлав. Үүнд Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм дүү нар энэ хэрэгт юунд тийнхүү их баярлаж аж. Гагцхүү эрдэм чадалгүй ах чинь эртний сайн журмаар явж өдий олон сайн эрс лүгээ ханилж ах дүү бололцсон нь урьдын хийсэн ерөөл эдүгээ эрхэм дүү нар та нарт басхүү тэнгэрийн журмаар дагаж ах дүү болов. Одоо энэ Хуань Мэнь Шань уулнаас бууж Лян Шань ууланд очих хэрэгтэй хэмээсэнд тэдгээр дөрвөн сайн эрс маш баярлан уулнаас буухыг завдаж буй бүхий хөрөнгө ба алт мөнгөө тэрэгт ачиж уулын гэр орныг гал тавьж дуусгаад шууд уулнаас бууж Сүн Жян Чоу Кэй нарыг дөрвөн сайн эрс дагаж яваад удсангүй Жү Гүйийн архины пүүсэнд ирэв.

Тэндээс Сүн Жян, Чоу Кэй-д ийн өгүүлрүүн: - Өчүүхэн мунхаг ах нь олон хүмүүнд ер ийн тийн хэмээн хэлэгдэж явсангүй. Гагцхүү журмыг хадгалж явсаар хэдэн удаа амь алдахад хүрэв. Эдүгээ эрхэм дүү нар лугаа учирч мөнөө Лян Шань ууланд очиж дүү чиний суртаалыг дагаж явах цаг одоо болж хэмээн Жү Гүй-ийн архины пүүсэнд ирж тэндээс Жү Гүй-ийн архины пүүснээс онгоц дуудан мөрнөөс гаталж шууд Лян Шань ууланд хүрч ирэв. Үүнд Лян Шань уулаас Чоу Кэй, Сүн Жян нарыг ирэх чимээг Ү Сюай Гоу тэргүүлэн бүгдээр сонсож цөм их бага бүгдээр уулнаас бууж тэд нарыг угтаж ёслоод ах дүү нар цөм баярлалдан ууландаа очиоод Сүн Жян-ыг маш өргөмжлөн ах хэмээн дуудсаны дээр басхүү одоо Сүн Жян-ыг тэргүүлэгч хан ширээнд суулгах хэмээн бүгдээр зөвлөлдөн Сүн Жян-д өгүүлсэн билээ. Үүнд Сүн Жян хариу өгүүлрүүн: - Эрхэм дүү нар өчүүхэн миний биеийг тэргүүлэгч ширээнд суулгах хэмээсэн нь яахин болох буюу. Энэ нь өчүүхэн мунхаг хүмүүн өчнөөн олон хүмүүний ноён яахин хүлээж дээд ширээнд сууж олныг захирах буюу. Надад тийм чадал байж болохгүй түүний оронд харин Чоу Кэй дүү тэргүүлэгч ширээнд суугаад дараа нь Ү Сюай Гоу, түүний дараа Дай Жүн нарыг дэс дараалан суулгаж олон жанжныг захируулбаас зохих хэрэг миний бие ширээнд суулгах хэргийг тэргүүллэе хэмээвээс өчүүхэн би үхэхээс өөр зүйл үгүй хэмээсэнд Чоу Кэй тэргүүлэн олон жанжин цөм үл хүлээхэд Сүн Жян бас өгүүлрүүн: - Эрхэм дүү нар бүү намайг өргөмжилж ширээн дээр суулгах хэмэн өчүүхэн миний нүүрийг ичээж сэтгэлийг зовоогтун. Харин гагцхүү Жань Жоу хотод амь алдах хэмээж байтал сайн эрс та бүхэн долоон хүмүүн очиж аварсан нь тэнгэрээс илүү ач хүргэв.

Энэ нь бага хэрэг бус иймийн тул энэ ширээнд тэргүүлэн суух нь Чоу Кэй дүү бөлгөө. Би нь хоёрдугаарт сууя хэмээсэнд Чоу Кэй нар аргагүй цөм ширээ засаж зөв талд суусан өөрийн хуучин жанжин нар баруун этгээдэд шинэ ирсэн жанжин нар бүгд дөчин хүмүүн Чоу Кэй Сүн Жян хоёры дээш суулган хоёр талаар жагсаж ширээ тавин найрлаад цөм баяр бололцон Сүн Жян ахыг тэргүүлэгч хан болговоос зохимуй хэмээсэнд Сүн Жян хүлээсэнгүй өөрийн урьд явсан ба одоо Жань Жоу-д цөлөгдөж ирсэн зэргийг цөм хэлсэнд бүгдээр магтаж өгүүлсэнд Ли Гүй босож ийн өгүүлрүүн: - Эрхэм ах та бүгдээр сонс. Миний санаа болбоос Чоу Кэй ахыг ширээн дээр тэргүүлэгч хан суулгаад түүний дараа хоёрдугаар хаан хэмээх цол өргөж Сүн Жян ахыг тавьж, түүний гуравдугаар ширээнд Ү Сюай Гоу-г чинсан өргөмжилж дөрөвдүгээр ширээнд Гүн Жүн Шэн-ийг улсын багш болгож бид бүхэн дараа дараагаар ах захаар их бага жанжин болж олон цэргээ дагуулан уулнаас бууж Дунжинь хотыг аваад цөм тэр хотод сууж цэнгэлдэн жаргаваас сайн үгүй буюу хэмээсэнд Дай Жүн босож ирээд Ли Гүй-г зандран өгүүлрүүн: - Өчүүхэн тэнэг чи бүү энэ мэт үг хэлэгтүн. Үүнээс хойш ийнхүү үг хэлбээс чиний хоёр чихийг огтлохоос гадна, энэ мэт гүрэнд халдах санаа санаваас чиний толгойг авмуй.

Жань Жоу хот болбоос угаас бага Жи Фү тушаалын газар Дунжинь хэмээгч улсын цаазыг барьж эзэн хааныг өргөх жинхэнэ их хот олон мужийн Жоу Хянь Жи Фү-г захирах бөлгөө. Энэ мэт үг хэлж яахин болмуй хэмээсэнд Ли Гүй маш их уурлаж өчүүхэн миний толгой чихийг огтлох болбоос энэ Лян Шань ууланд урваж ах та нарыг дагаж юунд ирэв хэмээсэнд олон жанжин бүгдээр инээлцэн Ли Гүй-г шоодворлож ийн магталцав. Ли мэргэн дүүгийн хэлэх үг хэдий зөв боловч бид бүгд дөчин хүмүүн цэргийн ард бас ч хэдэн зуу иймийн тул энэ хэрэг хийж болохгүй учир юу хэмээвээс дэлхий дахины сайн эрс хэдэн түм, цэрэг иргэн тоогүй бид хэд яахин тэнгэрийг халдаж дэлхийг самууруулж болох буюу хэмээсэнд Ли Гүй мөн мөн хэмээн архинаас ууж хэдэн өдөр ширээ тавин найрласныг үл өгүүлэн өгүүлэх нь, Чоу Кэй боож өгүүлрүүн: - Эрхэм олон жанжин та бүхэнд би нэгэн үг хэлье.

Энэ Лян Шань уулын оройд байгуулсан байшин цөөн, жанжин цэрэг олон тул бас дөрвөн зүгт тус тус дөчин хэдэн байшин барьж олон цэргийн сэлэм жадны сургууль хийж байваас зохимуй хэмээсэнд Сүн Жян босож тэр зөв биш үү бэлтгэж засагтун. Өчүүхэн би энэ завсар өөр газар очих нэгэн эрхэм чухал хэрэг буй. Миний гуйсныг та олноор хүлээвээс би хэлэх хэмээсэнд Чоу Кэй тэр үгийг нарийвчлан асууя хэмээсэнд Сүн Жян бага сэтгэл нь зовж үл хэлэв. Энэ нь сэлэм жадны ирт мэснээс шугуй модонд нууж амь гарах, уулын хажууд мянган жил хадгалсан түүх номыг олж авах лугаа адил. Энэ Сүн Гүн Минь хэмээх Сүн Жян Чоу Кэй нараас чөлөө авч чухам ямар газар очих яахин хэрэг дэгдээхийг хойд бүлэгт үзэгтүн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top