“Аппрентис”-ын оролцогч О.Амарболдтой ярилцлаа. Тэрбээр Ард Лайф ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байгаа юм.
-"Аппрентис"-ын оролцогч Амарболд гэдгээр нь хүмүүс мэддэг болсон. Тэгвэл энэ удаад илүү хувь хүн талаас нь сонирхмоор байна. Хүмүүсийн мэдэхгүй Амарболдын талаар яриач гэвэл юуг хэлэх вэ?
-Хүмүүсийн мэдэхгүй Амарболд бол Дамбадаржаа, 100 айл орчимд тэвэг, хөл бөмбөг тоглож, худгийн усанд оочирлож өссөн энгийн нэг айлын том хүү. Багаасаа нийгмийн идэвхтэй, бусадтай эв түнжинтэй, аав ээжийгээ хараад хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрч өссөн. Айлын том болохоор тэр үү аав ээж, эмээ өвөө, бүдүүн аав ээж, хамаатны ах эгч нарынхаа хайрыг харамгүй хүртсээр өнөөдрийг хүрсэн, эргээд хариуцлага гэдгийг ухамсарласан, хэлсэндээ байх, түүндээ хүрэхийг хичээдэг, за ер нь “хүрдэг” ийм л хүн байгаа. (инээв) Ам бүл 5, эхнэр, 2 охин, 1 хүүгийн хамтаар амьдардаг. Professional CEO буюу Мэргэжлийн гүйцэтгэх удирдлага болохоор өөрийгөө өдрөөс өдөрт бэлдэж, менторынхоо үгийг сонсож, нийгмийн үйл хэрэгт бодитоор оролцож, өөрчлөх тэмүүлэлтэй, эерэг бодол, эерэг сэтгэлгээтэй, хүүхдүүддээ үлгэр болохыг хичээдэг “аав хүн” байна.
-Аппрентисын үеэр өөрийгөө танилцуулж байгааг сонсоход нилээд ажлын туршлагатай нэгэн шиг санагдсан. Ямар салбарт ямар төрлийн албуудыг гүйцэтгэж байсан бэ?
-Хамгийн анх Жангфу хэмээх Хятад хоолны ресторанд 14 настай байхдаа зуны амралтаараа анх зөөгчийн ажил хийж анхны цалингаа авч байлаа. Гэхдээ аав маань цалинг минь өгч, намайг олон хүмүүстэй харилцаж сургах, гаднынханд үйлчилгээ үзүүлж, хятад, англи хэлийг маань сайжруулах зорилготой байсан юм билээ. Түүнээс хойш зуны амралт бүр жил алгасалгүй ажил хийж 2010 онд их сургуулиа төгсөөд албан ёсны хөдөлмөрийн гараараа эхэлсэн дээ. Анх Оюу толгой ХХК, МРА Групп компанийн Худалдааны менежерээр ажилд ороод Хятад дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч, Төлөөлөгчийн газрын дарга, 22 насандаа залуу насны хүслээ биелүүлж МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн үйлчлэгч буюу Мөнгөн цагаан хөлгийн бүхээгийн ажилтнаар, 2015 онд уул уурхай, эрчим хүчний Жинхуа Группэд Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Үйл Ажиллагаа Хариуцсан Захирал, Тэргүүн дэд захирал тэгээд 26 насандаа Гүйцэтгэх Захирлаар томилогдон 5 жил ажиллаж байгаад өнөөдөр Ард Санхүүгийн Нэгдлийн бүрэлдэхүүн Ард Лайф компанид Үйл Ажиллагаа Хариуцсан Дэд Захирлаар ажиллаж байна.
-Бизнесийн шилдэг нэвтрүүлэг болох Аппрентис шоунд ороход юу нөлөөлсөн бэ?
-Юуны өмнө гэр бүлийн хүн маань надад оролцооч, чи минь чадна, зүгээр л анкетаа өгөөд үзээч, чи заавал оролцох ёстой хүн гэж гол нөлөөлөл болсон. Мөн Ковид-19 бас нөлөөлсөн байх (инээв). Учир нь Ч.Ганхуяг чэйрмэн гадаадад гацаж шоу 2020 оны 04 сард эхлэх байсан төлөвлөгдсөн хугацаанаасаа хойшилсон. Энэ нь миний ажил, бас бусад зүйлсээ зохицуулж амжуулахад дэм болсон. JCI байгууллагын найзууд маань ч гэсэн Амараа чи л оролцох ёстой гээд улам их урам, дэм өгч, тэр эрчиндээ шоу-г зорьж, амжилттай оролцсон. Бас нэг шалтгаан бол санхүүгийн салбарыг маш ихээр сонирхож байсан нь нөлөөлсөн.
-Өөрийг тань хасагдахад олон нийтийн сүлжээнд нилээд яриа үүсэж, сайн оролцогчоо хаслаа даа гэсэн шүүмж багагүй тархсан. Тэгвэл тэндээс өөртөө юуг нэмж олж авч чадсан бэ?
-Миний хувьд шоуг удаан үргэлжлүүлээгүй. Ачааг үүрч, багаа ахалж, ахлаад амжилт авчирч чадаагүй бол хариуцлагаа үүрч бусдад үлгэрлэхийг хүссэн. Харин үзэгчид маань маш олон сайхан үгс бэлэглэж, олон хүнээс - ах, эгч нар, үеийнхэн, дүү хүмүүсээс ч гэсэн урмын олон үгс ирүүлсэн. Тэр үгс илүү том үйлийг хийж бүтээх итгэлийг минь бадраасан. Аппрентис Монгол шоунд хамгийн шилдэг залуус оролцсон. Юун түрүүнд гайхалтай насан туршид мартагдахааргүй залуу насны дурсамжийг олж авсан. Мөн Аппрентис гэр бүл, нөхөрлөл, цаашлаад нөхдөөсөө Барууны бизнес сэтгэлгээ болон Дорнын бизнес сэтгэлгээ, бизнесийн арга барилын ялгааг харж, олж мэдсэн. Мөн том жижиг ямар ч бизнесийг хийхэд мэдлэг, хандлага, зүтгэл чухал гэдгийг дахин бататгаж ойлгож авсан.
-Өөрт тань томоохон газраас ажлын санал ирсэн талаар цахим хуудастаа хуваалцсан байсан шүү дээ. Ямар учраас Азийн Хөгжлийн Банкийг биш Ард Лайфыг сонгов? Тэтгэврийн хуримтлалын сэдэв бол өөрийн тань хасагдсан даалгавар шүү дээ. Хүмүүст сонирхолтой байгаа байх?
-2019 оны 11 сард Хонгконг дахь Азийн Хөгжлийн Банк, Ханжоу дахь Алибаба Группын төв оффис, Шенжень дэхь Тэнсэнт Группын төв оффисуудад ажилд орох хүсэлтүүдийг явуулж, ковид-19 өвчин дэлгэрэхээс өмнө 2 удаагийн биечилсэн ярилцлагад очиж оролцон. 2 удаагийн цахим гээд нийт 4 удаагийн ажлын ярилцлагаар Хонгконг дахь Азийн Хөгжлийн Банкинд тэнцэж, 2021 оны 3 сарын сүүлээр Ази, Номхон далайн бүсийн Эрчим хүчний хөрөнгө оруулалт хариуцсан зохицуулагчаар 3 жилийн хугацаатай Хонгконгод суурьшиж ажиллах урилга ирсэн. Магадгүй өмнө хийж байсан үндэсний болон олон улсын хэмжээний эрчим хүч, дэд бүтцийн төслүүдтэй маань холбоотой байсан байх. Мөн тэр мөчид миний хүү хорвоод мэндэлж, давхар давхар баярт үйл явдлууд миний амьдралд ирсэн үе байсан. Тухайн үед ковид-19 эд дэлхий нийтийг донсолгож, Монгол улс гарах, орох гарцаа хааж, БНХАУ-ын тусгай засаг захиргааны бүс Хонгконг ч мөн адил гарцуудаа хаасан. Ингээд Хонгконг руу очиж болохгүй байсан тул Монгол улсын засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрүүдийг хэд хэдэн удаа орчуулан илгээж, Азийн Хөгжлийн Банк хүндэтгэх шалтгааныг минь хүлээн авч, 2020 оныг дуустал хүлээхээр болсон. Энэ хугацаанд Аппрентис Монгол шоунд оролцож, таны хэлснээр 3 дахь дугаар буюу тэтгэврийн хуримтлалын сэдэвтэй даалгаварт багаа ахлан, баг маань ялагдсан учир хариуцлагаа хүлээж нэвтрүүлгээ орхисон. Багаа өөрийн хүслээр ахалсан маань ч учиртай байсан.
-Цаашид юунд зорьж, тэмүүлж байгаа вэ?
-Өнөөдөр Монгол улсын хэмжээнд тэтгэврийн насны хөгшчүүлийн дийлэнх нь хэд орчим төгрөгний тэтгэвэр авдгийг хүн бүр надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Ажил, хөдөлмөр эрхэлж байгаад Гавьяаныхаа амралтад гарсан хүмүүс Гавъяагаа мэдэрч амрах ёстой, амралтаа мэдэрч, үр хүүхэд, ач зээ нартайгаа хамтдаа аз жаргалаар дүүрэн байх ёстой. Гэтэл Монголд өнөөдөр эсрэгээрээ байна. Тэтгэвэртээ гарахаар орлого нь 3 дахин буурч, нийгмийн оролцоогоо хэд дахин багасгаж, аялах зугаалах, амрах байтугай суурь хэрэглээгээ ч хангаж чадахгүй орлоготой байгаа нь бодит үнэн. Миний өвөө Монгол улсын хүндэт төмөр замчин, насаараа УБТЗ-д машинист хийсэн, гавьяат хүн байсан. Тэтгэвэр нь мөн л хүрэлцээгүй байсныг би сүүлд ойлгосон. Бүдүүн өвөө маань олон жил улсын үйлдвэрт ажиллаж, сүүлд хувиараа хөдөлмөр эрхэлсэн. Гэвч өнөөдөр тэтгэвэр нь мөн л амьдралд нь хүрэлцэхгүй байна. Аав ээжүүд маань мөн адил хэдхэн жилийн дараа тэтгэвэрт гарах бөгөөд ийм л зүйл хүлээж байна гэдэг нь өөрөө нийгмийн том асуудал юм. Төрийн албан хаагч байна уу, хувийн хэвшил, бизнесийн байгууллагын ажилтан байна уу, лангуу түрээсэлж бичил бизнес эрхэлдэг эгч байна уу, эсвэл бүр малчин ах байна уу хамаагүй. Хэн юу хийх нь чухал бус, хэрхэн яаж хөдөлмөрлөж, тэр нь хэрхэн бодитоор үнэлэгдэж байх нь чухал. Таны хөдөлмөрлөсөн хөлсний дусал бүр жаахан ч гэсэн хуримтлагдаж байх ёстой, ирээдүйд таныг хөлсөө дуслуулах боломжгүй болсон үед дуслыг хураасаар далай мэт өгөөжөө өгч байх ёстой. Харин миний зорьж, тэмүүлж байгаа зүйл бол тэтгэврийн тогтолцооны шинэчлэлд гар бие оролцох. Аав ээж нарынхаа үеийнхний ирээдүйг томоохон хэмжээнд өөрчилж чадахгүй байсан ч өөрийнхөө үеийнхэн, 30,40 настай залуучуудынхаа, цаашлаад үр хүүхдийнхээ ирээдүйг өөрчлөх их үйлийг хийж бүтээхээр тэмүүлж байна. Барилгын салбарынхан барьж, босгосон барилгаараа, замын салбарынхан бүтээн бий болгосон замаараа бахархдаг бол Монгол улсын тэтгэврийн шинэчлэлд гар бие оролцож, хуримтлалтай өвөө эмээ, аав ээжийн насан туршийнх нь хөдөлмөрийн үр шим үр хүүхдүүд, ач зээ нарт нь өвлөгдөн очих тэр нийгмийг бий болгохын төлөө зорьж байна.
-Энэхүү зорилго тань танд болон бусдад ямар үр нөлөө үзүүлнэ гэж харж байна вэ?
-Би энэ жил 31 нас хүрнэ. Залуучууд ирээдүйдээ ерөөсөө санаа зовдоггүй, миний үеийн сэхээтэн залуу ажил голж, ажил хийхгүй аав ээжтэйгээ хамтдаа амьдарч байна. Энэ маш буруу гэж би дотроо боддог. Өнөөдөр 30 настай бүх зүйл сайхан мэт боловч нэг л мэдэхэд бид 50, 60, 70 нас хүрнэ. Бид тэтгэвэрт гарах нь үнэн. Тэр үеийг бид одооноос өөрсдөө өнөөдрийн амьдралдаа ачаалал үүсгэхгүйгээр бэлтгэх хэрэгтэй. Өөрийнхөө ирээдүйн төлөө өөрөө санаа зовох хэрэгтэй. Ийм сэтгэлгээ тэтгэврийн шинэчлэл, тэтгэврийн хуримтлалаас урт хугацаанд залууст үр нөлөө үзүүлнэ гэж харж байгаа. Учир нь залуучууд 10-хан жилийн дараа хэн илүү хөдөлмөрлөсөн нь хэрхэн өөртөө сайхан ирээдүйг бий болгож чаддагийг харах болно. Залуучууд хөдөлмөрлөдөг болно. Өндөр бүтээмжтэй, өндөр туршлагатай, өндөр орлоготой болно. 20 наснаасаа эхэлж хөдөлмөрлөсөн залуу 60 настайдаа хөдөлмөрийнхөө үр шимийг хүртээд хагас тэрбум гаруй төгрөг бүхий өөрийн гэсэн хуримтлалтай, сар бүр 5,000,000 гаруй төгрөгийн тэтгэвэр авч, Голланд, Сингапур өвөө эмээ нар шиг үр ач нараа тойруулан инээмсэглэж суух болно. Эцэстээ хуримтлуулсан, насан туршдаа хөдөлмөрлөсөн хөлсний дуслуудаа, түүнийхээ өгөөжийг үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээж, Амарболдыг гавьяаны амралтдаа гарахтай зэрэгцэн Монгол улсын иргэд дундаж давхаргаас дээш давхарга руу орсон байх нөлөө үзүүлнэ гэж харж байгаа.
-Цахим орчинд гэр бүлийнхнээрээ их бахархдаг тухайгаа бичсэнийг тань олж уншсан. Уншигчдадаа гэр бүлээ танилцуулаач.
-Тэгэлгүй яахав. Дуртайяа. (инээв) Гэр бүл бол миний үнэт зүйл. Бүхнээс түрүүнд гэр бүл гэж миний - өөртөө хэлдэг зарчим байдаг. Миний аавыг Отгонбаяр, Ээжийг маань Батням гэдэг. Аав ээж 2 маань залуугаасаа цэцгийн аж ахуй, хүлэмжийн аж ахуй, хүнсний ногоо тариалалт, нарийн болон навчит ногооны чиглэлээр экспортыг орлож, эко хүнсээр ард иргэдээ хангаж ажиллаж ирсэн эгэл баатрууд, нийслэлийн тэргүүний өрх, үлгэр жишээ гэр бүл, Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтнууд. Аав маань нийслэл хотын их түүхэн дэх Улаанбаатар хотоос төрсөн анхны бөгөөд цорын ганц УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ, мөн удаа дараа нийслэлийн болон дүүргийн аваргаар тодорч байсан, дүүргийн “Хүндэт иргэн”. Би эхээс хоёулаа. Миний дүүг О.Амарсайхан гэдэг. МИАТ ХК-д агаарын хөлгийн үйлчлэгчээр ажиллаж байгаад одоо НҮБ-ийн ИКАО-ийн тэтгэлгээр Катар улсын Доха хотод Катарын Нисэхийн Академид нисгэгч мэргэжлээр Qatar airways авиа компанид ажиллах зорилго тавин дэлхийн олон орны залуучуудтай мөр зэрэгцэн суралцаж байгаа анхны Монгол оюутан.
Харин миний түшиг тулгуур, гэргийг минь О.Уянга гэдэг. Гурван сайхан үрээ Хүнлэг, Хичээнгүй, Хөдөлмөрч хүн болгохоор хамтдаа хичээж яваа 17 наснаасаа хойш хамтдаа байгаа сайхан бүсгүй бий. Бид Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Оюутны холбоонд анх танилцаж байсан юм. Би дээд курсийнх нь ах. Миний хань төслийн болон чанарын удирдлагаар дагнасан Монгол улсын мэргэшсэн төсөвчин, NCCS /National Construction consulting Service/ компанийн төсөл, чанарын удирдлагын албаны даргаар ажилладаг. Их сургуулийн оюутан болохоос эхлүүлээд Сургуулиа төгсөөд анхны ажлын гараагаа эхлэх, гэр бүл зохиож, анхны үрээ өлгийдөн авах, лизингээр өөрсдийн гэсэн байраа аваад баярлаж суухаас эхлээд сайн, муу бүх л үед, нэгэн зорилгын төлөө амьдралаа хамтдаа босгож яваа гайхамшигтай бүсгүй байдаг. Харин 3 хүүхдүүдийг маань А.Хүслэн, А.Энхлэн, А.Тэнүүн гэдэг. А.Хүслэн охин минь Дойчэ шулле Герман сургуульд 1-р ангид суралцдаг, А.Энхлэн охин минь нийслэлийн 68-р цэцэрлэгт, харин бага хүү, атаман А.Тэнүүн тун удахгүй 1 нас хүрнэ.
-Монгол бол залуусын орон. Хүн амын дийлэнх хувийг залуус эзэлдэг. Тэгэхээр тэд амжилттай, идэвхтэй байвал нийгэм тэр хэрээр өнгөлөг байна гэж боддог. Үеийн залуустаа хандаж юу хэлж уриалах вэ?
-Амжилт гэдэг өөрөө маш олон хэлбэртэй гэж би боддог. Хүн бүрийн зорилго өөр өөр. Хүрэх хүсэл, тэмүүлэл ч өөр. Харин хүн бүр өөрийн хүсэл тэмүүлэлдээ хүрэхээр зүтгэлтэй байх хэрэгтэй гэж боддог. Зарим үед чухал, чухал бус зүйлийг ангилж, дэс дарааг зөв эрэмбэлж, түүнийхээ төлөө цагаа зарцуулан хичээх, түүндээ төлөвлөсөн хугацаандаа хүрэх нь амжилт гэж боддог. Хүн бүр захирал байх албагүй, хүн бүр эрдэмтэн байх ч албагүй, харин залуучууд ирээдүйд угтан авах нийгэмд л өөрийгөө бэлтгэх хэрэгтэй. Зөв, хүнлэг хүн байх, сайн аав ээж байх, сайн хүү, охин байх, хариуцлагаа ухамсарласан нийгмийн идэвхтэй иргэн байх хэрэгтэй. Би дэлхийн 31 орноор аялж, заримд нь хэсэг хугацаанд ажиллаж байсан. Тухайн орны залуучуудтай харьцуулахад Монгол залуучууд ачаалал даах, сэтгэн бодох, хөрвөх чадвар маш сайтай. Мэдээж аль ч улсад давуу болон дутагдалтай тал бий. Түүнийг хэрхэн ашиглах нь харин биднээс шалтгаалдаг гэж хардаг. Өнөөдөр аж үйлдвэрийн IV хувьсгал, технологийн эрин үе ирж байна гэдгийг бид үргэлж санах хэрэгтэй. Өөрийн сонгосон тойргийн залуусаас үргэлж тухайн орчны мэдээлэлд ойр, нэг алхам урд алхахын төлөө хичээх хэрэгтэй. Боломжийг бий болгож, нийгэмдээ бодит нөлөөлөл үзүүлэхийг хичээх хэрэгтэй, эцэст нь тухлаг бүсээс гарч, дахин цаашаа алхах хэрэгтэй.
-Хүн амжилттай, аз жаргалтай амьдрахад юу хамгийн их нөлөөлдөг гэж боддог вэ?
-Хандлага, Зорилго, Талархал. Энэ 3 бол аз жаргалтай, амжилттай байхын нэгдэл гэж боддог. Хандлага бол бүхний эхлэл. Зөв хандлага - Гарааг зөв болгоно. Харин гараа сайн бол бариа сайн. Зорилго бол урам зориг. Өдөр бүр зорилгынхоо төлөө хөдөлж байгаа цагт хүн үргэлж аз жаргалаар дүүрэн амьдардаг. Зорилгодоо хүрэх тэр өдөр бус зорилгоо биелүүлэхийн төлөөх алхам бүр өөрөө аз жаргал байдаг. Талархал бол харин илэрхийлэл. Сайхан зүйлсийг сайхан байна гэж заавал хэлэх хэрэгтэй. Түүнийг үг болгон гаргаж илэрхийлэх нь харилцаанд их чухал гэж боддог. Харин таалагдаагүй бол дуугүй өнгөрөхөд нэг их бурууддаггүй болов уу. Нэг ёсондоо сайн үгээр амьдралаа, аз жаргалаа, эргэн тойрны хүмүүсээ чимэх дуртай гэж ойлгоход болно.
-"Дэмжлэг" гэдэг зүйлийн талаар асууя. Хамгийн том дэмжлэг юу вэ?
-Би бол өөртөө их итгэлтэй, амбицтай хүн. Намайг зорьсондоо хүрч чадна гэж итгэдэг хүмүүс олон байдаг болохоор би өөртөө хүчтэй итгэдэг. Аав ээж минь намайг энэ итгэлээр хэзээ ч тасалж байгаагүй болов уу. Аав минь эрэгтэй хүүхдүүдтэй учир гаднаа хатуу хүн. Их ажилсаг хүн учир багадаа хийсэн болгон таалагдахгүй бухимдуулах нь их байж. Гэтэл одоо эргээд харахад намайг аливаад зориход манай аав үргэлж тэргүүн эгнээнд дэмжээд байж байдаг байсан. Аавынхаа мөнгийг авч гараад бизнес хийдэг хүн болж, алдаад ороод ирж байсан ч удаатай. Хоолны давс дутаахад ахиухан загнадаг аав минь хэдэн сая төгрөгийг үрэн таран хийгээд ороод ирэхэд мөрийг минь алгадаад “ямар зугаалж яваад, архи дарс уугаад үрсэн биш дээ” гээд ёстой л нэг аавын урам хайрлаж билээ. Ийм хүн ард минь уул шиг түшээд байж байхад бараг юунаас ч айхгүй зориглоод хийж үзэхийг хүссэн бүхнээ хийж явна даа. Яг тэгээд ааваасаа үлгэрлээд хүүхдүүдийнхээ уул нь байх гэж хичээдэг. Эхнэр бид 2 ч бие биенээ үргэлж дэмжиж урам өгч байдаг. Намайг шоунд оролцоход хамгийн их түлхэж, чи заавал ор гэж зүтгэсэн хүн нь миний эхнэр байсан. Харин би эхнэрээ олон хүүхэд гаргаад гэртээ хадагдаж зэврэхийг хүсээгүй бас л дэмжиж ажлаа хийж, нийгмийн идэвхтэй байхыг нь дэмжсэн. Сая төрөөд хэдхэн сарын дараа л ажилд нь оруулах жишээтэй. Бид хүүхдүүддээ заахыг хүссэнээ өөрсдөөрөө үлгэрлэх аргаар сургадаг. Тийм болохоор хүүхдүүдээ ямар хүн болоосой гэж бодно, өөрсдөө яг тэр хүн нь байх юмсан гэж хичээдэг дээ.
Сэтгэгдэл ( 30 )
Amarbold mundag. Vogand duutei yariltsaad yavsan. Uhaalag daruuhan zaluu bnle. Bodol zuv, ug zuv, uildel zuv l baidag umshuu. Hicheegeerei duu
Mundag zaluu bnlee. Setgeleesee ajlaa hiideg, gol n setgeltei. Ard life tetgevrin hurimtlalaar uulzaj blaa
ene zaluug anivchaad bhig harsan, yariltslagiig n unshlaa, ard aihtar umaa l gj bodogdov.
uneheer mundag. heleh ug alga. uhaalag um, zutgeltei um. bas ardiin huu umdaa chi. bayar hurgey, say l unshlaa. gaihaltai.
saihan uariltslaga bn. gadaadruu bus eh nutag, mongoldoo ajiillaj ihiig hiine shu.. bidend setgel chadvar zorilgotoi humuus tsuuhen bn. dandaa niigmiig haraar hardag, stresseer duuren, muu sanaa ni dendsen humuus l bn. ta nar l uurchilnu. amjilt
Энэ нэвтрүүлэг 2020 онд болсон гэдэг нь худлаа санагдаад байгаа, магадгүй 19 онд болсон байх, 20 онд бүгд масктайгаа байсан, бүх дугаар дээр маск зүүсэн хүн байгаагүй. Бас дугаар бүрийн шүүлтэн дээр ижил хувцастай, хүүхнүүдийн маникур хүртэл хэвээрээ байгаад бсан жоохон худлаа санагдсөөн, Сорри би жижигхэн дэтайл бүрийг харчихаад байдаг юмаа
Амараатай өмнө нь хамтран ажиллаж байсан. 20хон настай жаахан хүүхэд сургуулиа дөнгөж төгсөөд ирж байлаа. Миний Удирдалага дор ажилласан хамгийн жаахан, хамгийн хурдтай, шаламгай, бас айхтар хүүхэд байсан. Удаагүй дэвшээд явсан даа. ах нь хамтран ажиллаж байх хугацаандаа үргэл захидаг байсан. яг хэвээрээ л байна. амжилт дүү..
Хуурамч хужаа комданийн СЕО хийж байсан гар бүлт шааж байнаа
Ухаалаг мундаг залуу шүү. Улам их амжилт хүсэе.Гэр бүлд нь аз жаргал \n эрүүл энхийг хүсэе
Үнэхээр мундаг хөдөлмөрч залуу шүү. Бахархаж байнаа андаараа. Хэсэг хугацаанд хамт нэг газар нэг зүйлийг босгох гэж ажиллаж байхдаа гаргаж байсан зан характер тэмүүлэл цаашдын зорилго нь нүдэнд нь харагдаад нүд нь гэрэлтээд яриад сууж байхад чинь найз нь үнэндээ өөрөөсөө ичсэн дээ. Харин надад зориулж хандаж хэлсэн урмын үг чинь маш том гэрэл нэмсээн андаа. Хичээнээ мань. Андадаа цаашдын ажил амьдралд нь илүү их амжилт сайн сайхныг хүсье.
Аавын ухаан мундаг бнаа. Хоолны давсыг ихдуулэх, хийсэн зуйл нь сэтгэлд нийцэхгуй байхад ууралдаг аав бизнес хийх гараагаа дээр шатаад ирэхэд гаргасан сэтгэл урагш тэмуулэхэд, эрэгцуулэн бодож туршлагжихад мундаг тулхуур болжээ. Аавууд ийм л бж хуухэд телевшиж хэрсуужнэ. Тэрнээс енеедрийн унах прусс барих утсыг егсенеер хуухдийг идэвхигуй бэлэнчлэх эхний дэвсгэр болно.
Би энэ ах шиг мундаг залуу болохыг хичээнэ ээ эр хүний ноён нуруу гэж мундаг аавыг хэлдэг байхдаа Амжилт хүсье ах минь урагшаа
Сайхан урам зориг бадраасан ярилцлага уншлаа хийж бүтээх зүйл нь ард олны амьдралд дэмжлэг болно гэж хичээн зүтгэж буй ажилд нь улам их амжилт хүсье шоунд оролцож буй залуус үнэхээр бахархам байсан шүү сайхан гэр бүлийн түшиг тулгуур уул шиг аав д дахин дахин баяр хүргэж байна баярлалаа
Зорилготой зоригтой юмыг олон талаас нь эрэлхиисэн эрч хүчиэй залууд болон аав ээж хайртай гэргийнд нь аз жаргал сайн сайхныг хүсэе
хандлага зорилго талархал энэ 3 үг л нээрээ чухал шүү.үнэхээр зорилготой тэмүүлэлтэй залуу бн.амжилт хүсье
Gaihaltai uhaalag huu yumaa. Zaluu ue iim bhad ireedui gereltei bn
Aztai zaluu yum. Ard ni saihan ger bul demjeed bdag yum bn. Haraad bhad 30 dunguj hurch yavaa zaluus ert amjilt uzuulehed ger buliin ussun orchin aav eej ih nuluulj bn. Manai nuhur ch gesen ih amjilttai yavahaar hun getel neg l toiruu zamaar mahruu yavaad bdag yum ene buhen sain ger buld usuuguih l yum. Demjleg bhgui. Gehdee chadnaa geed zutgeed bdag. Mongold sain zaluus olon bgaad bayartai bn. Amjilt husie sain saihniig husie
Ухаалаг ёстой мундаг залуу байнаа. Амжилт хүсэе! Бас эрүүл мэндээ бодоорой.
Шинэ үeийн үлгэр жишээ залуу юм байна. Үлгэрлэнэ гэдэг хамгийн чухал. Баярлалаа
Амжилт хүсье! Бархас шиг мундаг залуугийн найз, хамтрагч гэж бодохоор мундаг л хүн байж таарлаа гэж бодсон шүү!
Мундаг залуу байнаа. Бахархаж байна. Эх орондоо ихийг хийж бүтээн бусдад сайн үлгэр дуурайлал болж яваарай! Та нар шиг залуус байгаа болохоор Монголын минь ирээдүй гэрэлтэй харагдаж байна шүү
31 nas hurne gher odoo 30nasta um bnshd... eoo nadaas duu um bnoo. gehde hajuugaar maani garaad l yavchihaj dee. amjilt husey ee, suraltsay daa. bas hicheey
dajgui ,mundag zaluu bna,buu schantar amjilt chusei
dajgui ,mundag zaluu bna,buu schantar amjilt chusei
dajgui ,mundag zaluu bna,buu schantar amjilt chusei
Harvaas hytadiin erliiz l bna daa.tiim bolohooroo iim aihtar bgaa um daa.
Mash mundag huu bnaa,, aav eej iig ni taninaa, avarga tarialanch hudulmurch saihan ger bul bii,, bugdend ni Amjt husie
АМЖИЛТ ХҮСЬЕ. МУНДАГ ЗАЛУУС ИХ БАЙНА ДАА.
Бахархаж байна. Амжилт.
Woow... Estoi goe yariltslaga bn shuu. iim l engiin, ardiin huu ardad orjee.. bayar hurgey.. saihan temulel, husel bn. Barkhasiig shuud Amarbold gd songohod pooh gd l bodoj blaa...