Тэсрэх бодисын бүрэн автомат үйлдвэр ашиглалтад орно

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 25

Эрдэнэт үйлдвэрийн 2020 оны хөрөнгө оруулалтаар Ил уурхайд Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр шинээр баригдаж байна. Одоогоор барилга угсралтын ажил 60, инженерийн шугам сүлжээний ажил 80, тоног төхөөрөмжийн захиалга, үйлдвэрлэл 60, төслийн нийт гүйцэтгэл 50 гаруй хувьтай явна. 

1993 онд Монголд анх удаа Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг Эрдэнэтэд барьсан түүхтэй бөгөөд 10 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай энэхүү үйлдвэрийн барилга байгууламжууд хэт хуучирснаас аюулгүй ажиллагаа талаасаа эрсдэл дагуулж болзошгүй болсон. Иймээс үйлдвэрийн газрын удирдлагууд шинэ үйлдвэр барихаар шийдвэрлэсэн юм. Бүтээн байгуулалтын энэхүү төслийг Монголиан инвестмент корпорэйшн ХХК түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гүйцэтгэж байна. Шинэ үйлдвэрийг төлөвлөгөө ёсоор ирэх тавдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх ёстой боловч цар тахлын нөхцөл байдлын нөлөөгөөр ажил нэг сар гаруй хугацааны хоцрогдолтой явна гэж Ил уурхайн Үйлдвэр техникийн албаны дарга Ц.Шинэдорж мэдээллээ. Эмульсийн тэсрэх бодисын бүрэн автомат үйлдвэр ашиглалтад орсноор хүчин чадал 15 мянган тоннд хүрч, жилээс жилд өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах нөхцөл бүрдэхээс гадна хүний хүчин зүйлээс үүсэх эрсдэл буурах юм.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top