Хийн хоолойн ТЭЗҮ-г III улиралд багтаан боловсруулахаар болжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 11

Монгол Улсын Шадар сайд,  Байгалийн хийн хоолойн төслийн Ажлын хэсгийн ахлагч С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркeлов тэргүүтэй төлөөлөгчидтэй хийсэн албан уулзалт амжилттай өндөрлөж, талууд хамтарсан Ажлын  хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталжээ.  

Төлөвлөгөөний хүрээнд: 

Хийн хоолойн төслийн нарийвчилсан ТЭЗҮ-г энэ оны гуравдугаар  улиралд багтаан боловсруулж дуусгах, үүний тулд Тусгай зориулалтын компанийн үйл ажиллагааг эхлүүлж, жигдрүүлэхээр боллоо.

Төлөвлөгөө батлагдсанаар талуудын үүрэг, чиглэл тодорхой болж, Байгалийн хийн хоолойн төслийн үйл явц шинэ шатанд гарах боломж бүрдэж байгаа юм.

Монгол Улсын хувьд газар зүйн байршлын давуу талаа ашиглан хөрш хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гүүр болох замаар эдийн засгаа хурдацтай хөгжүүлэх боломжтой учраас Байгалийн хийн хоолойн төсөлд ихээхэн ач холбогдол өгч, идэвх санаачилгатай ажиллахаа Шадар сайд илэрхийллээ.

Уулзалтыг халдвар хамгааллын чанд дэглэмийн дагуу Улаан, Ногоон бүсэд тусгай горимоор зохион байгуулсан гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top